Friday, January 30, 2009

Монгол хүний үнэлэмж

Гомбосүрэнгийн Галбадрах.

-"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна.




Монголын боловсролын салбрын шинэчлэлд
зориулсан цуврал нийтлэл-1
... Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархана. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт нийгмийн мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, "чандмань эрдэнэ" гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан билчээр, хашаа саравч, худаг усбэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан магтаж, бас мандуулж байв даа. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө хүртэл босгож алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УЙХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбүм төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.
... Монгол орны хөрсөн доор байгаа алт, зэс, нүүрс, ураны баялаг , нөөцүүд нь монгол орны хөгжлийг хурдасган, үсрэн дэвхцүүлж, ард иргэдийг баян чинээлэг болгож, сайхан амьдруулна хэмээн үнэнээсээ хэлээд байгаа, эсвэл тоглож тохуурхаад байгаа алин болоход эргэлзмээр. Улс орны хөгжлийг ухаантай, мэдлэг чадвартай иргэд нь хурдасгадаг болохоос уул уурхай. мал сүрэг тэгтлээ хөгжүүлдэггүй гэдгийг эрхэм төр баригчид гадарламаар юм. Өдөр шөнө, өглөө үдэшгүй уул уурхай, ашигт малтмал гэж маань мэгзэм шиг унших төрийн түшээд, тэдний үгэнд итгэн, өөрсдийгөө ч умартан, өмнө зүг рүү нүдээ чилтэл харуулдах ард иргэд эгээл уулын буга үзэсгэлэнт сайхан эврийг минь авчирч өгөхгүй юм болов уу хэмээн санаашран тэмээний үлгэр адил. Энэ л хугацаанд эрүүл биегүй, эрдэм номгүй, идэх хоолгүй, өмсөх гоёлгүй олон монголчууд уур хилэн, бухимдал гутралдаа "шатаж" байна даа. Монгол хүн хөрсөн доорхи баялгаасаа хямдхан болоо юу даа.
...Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж. цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, "орох орон оочих аягагүй" мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч л явна.
Эх орондоо байгаа зарим нь эгээ л айлын тогоо өнгийн суух хоноц шиг царай алдан амь зууна.Эрхэмсэг зарим нь эрх мэдэл, өнгө мөнгөөр хагартлаа баяжиж, шунал тачаалдаа шулам болох дөхнө. Монгол хүн ингэтлээ үнэ хүндгүй болоо юу даа.
Хүн хэрэв байхгүй бол мал сүрэг эд баялаг гэж юу байхсан билээ. Хууль дүрмээ сахиж, хөдөлмөрлөж баялгийг бүтээж, бүтээсэн баялгаараа өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжүүлж байдаг хүн л улс орны хөгжлийн үндэс нь байдаг билээ. Иргэд нь мунхаг болвоос эд баялаг, мал сүрэг дорхноо үрэгдэж дуусна. Иргэд нь ухаантай болвоос эд баялаг, мал сүрэг нь улам улмаар өсөн үржинэ. Өдгөө цаг дор монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж арай л хэт унаад байна уу даа. Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л:
-Өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Хэлгүй малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийг тлгоод байгаа үнэхээр будилаад байгааг ялгаж салгахад бэрхтэй. Өдгөө монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.
-"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байнаа. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй байна.
- Монгол оронд төрсөн, иргэн бүртээ "нийгмийн халамжийн дугаар" олгож. хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чддаг тогтолцоотой болмоор. Энэ л "нийгмийн халамжийн дугаар"-aaр хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчиллалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгааг ч , эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.
Монгол хүний үнэ цэнэ.
Монголчууд бид бие биеэ сайн муугаар хэлж, "тамын тогооны үлгэр' байн байн дурсаж байвч бусад олон үндэстэнүүдтэй адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрнүүдэд зорчиж, "юм үзэж, нүд тайлж" яваа "хуучин Монгол хүү" дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн алхах "шинэ Монгол хүү" болох цаг ойрхон байна. Монголчууд бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанаруудаа бүгдээрээ хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Энэ л үейин үед бусдаас ялгарах бидний үнэ цэнэ юм шүү дээ.
-Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэгийн түвшин арай илүү мэдрэгдэнэ. Харин мэддэг ч юм шиг , мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэгтэй бас авьяастай хүмүүс.
-Монгол хүн хаа ч дасан зохицох чадвартай. Өнө эртний цагаас, өвсний соргог, усны тунгалагийг шилэн нүүдэллэж, ээлжлэх 4 улиралдаа зохицон амьдардаг , нүүдэлчин удмын цусны сайн чанар мэдрэгддэг. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хэнээс ч дутахгүй хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрчхатүү бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгдэнэ.
-Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, өөрийн амьдрах орон гэрээ буулган ачааллаж, буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдыг гайхуулдаг байсан. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ? гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх аргаа олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна.
-Монголчууд их элгэмсэг. Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ах дүүстээ найрсаг, ахмад хүний үгийг сонсож, хүндэлдэг уламжлал, харилцаатай. Ажил хийж олсон мөнгөө амин хувьдаа зарцуулахаас илүү, аав ээж, ар гэр үр хүүхэддээ зарцуулдаггүй монгол хүн гэж бий билүү. Аль болохоор тэднийгээ ачлаж бас баярлуулахыг хичээдэг.Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг юм даа.
-Монголчууд их тэмүүлэлтэй. Монголчууд өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл монголчууд зөв өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажилалж амьдарч байгаа монголчууд бусдаас сутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдэгээрээ бусдаас ялгардаг.
Шинэ монгол хүний үнэлэмж.
Аль ч улс орон ирээдүйдээ яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаарна.
Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг. Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. ИЙм нөхцөлд төр "захиалагч", боловсролын салбрын бүх шатны сургуулиуд "гүйцэтгэгч" байх учиртай.
Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг "захиалах" боломжтой вэ?
1. Түүх-хүүль эрх зүйн боловсрол:
-Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдсэн, тэдгээрийг бахархан хэндэлдэг байх.
-Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.
2.Гоо-сайхны боловсрол:
-Сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг сонсож, харж уншиж ойлгодог байх төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн байх.
-Сайн муу. сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.
3. Хэл-харилцааны боловсрол:
-Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг байх.
-бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар эзэмших.
-Хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.
4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол:
-Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших.
-Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.
-Компьютерийн программуд болон интернет ашиглах чадвар.
-Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.
5.Техник-технологийн боловсрол:
-Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох.
-Ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угааж хатаагч, шарах шүүгээ, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух гэх мэт./
-Техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай байх.
-Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.
6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол:
-Хүний биейин бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголт.
-Биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хадалгааний эвсэлд суралцах.
7. Байгаль-экө;өгийн боловсрол:
-Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир.
-Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг.
-Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.
8. Гадаад хэлний боловсрол:
-Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах.
-Уг хэлээр яр;даг орнуудын түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.
9.Гэр бүл-бэлгийн боловсрол:
-Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах.
-Хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох.
-Бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.
Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, зөв бие хүн болон төлөвших учиртай. Бүх хүүхдүүд эрдэмтэн. бас мундаг хэн нэгэн болох албагүй, харин бүгд гэр бүл болж энэ нийгэмд бие даан амьдрах учиртай гэдгийг л бид мартах учиргүй. Харин хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно.
Үүний тулд монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг "сургаж-хүмүүжүүлэх" гэдэг зорилтыг "хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх" гэдэг ойлголтоор солих болж байна даа. Ингэж байж л бид өөрийн үнэлэмжтэй монгол иргэдйиг бий болгож монгол орны ирээдүй өөдрөгөөр харах боломжтой болно.
Төгсгөлийн оронд.
Монгол орныг зөв төлөвшсөн монгол иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигт малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна.
Өдгөө бид өнгө , мөнгөтэй хөөцөлдсөөр мөнгөл хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү? Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар юм. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна.Алийн болгон бид энэ салбрын хөгжилд хойрго хандаж, самбар шохой, цаас будагтай зууралдуулах вэ?
Энэ бол миний, таны бидний хүүхдүүдийн хувь заяа бас монгол орны ирээдүйн хувь заяа. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж амьдрах чадвартай Монгол залуусыг Монгол орондоо бэлтгэхэд анхаарах цаг болжээ. Энэ бол монгол хүний үнэ цэнийг сэргээж, үнэлэмжийг бий болгохын эхлэл.
Алдагдсаар байгаа цаг хугацаа, түүх биднийг хүлээхгүйн адил биднийг уучлахгүй.
/үргэлжлэл бий/

Wednesday, January 28, 2009

Franz Peter Schubert -Шуберт

Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол "Серенада" юм аа. Сонсох тусам яруусаад... цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд... уйлмаар болоод...
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн...
Чим чим... уянгалаг хөндүүр...
Чичирсэн аньсага Серенада дуулна...

Франц Шубертын тухай товчхон

/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж. Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр "Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм" хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ

Saturday, January 24, 2009

Ц.Хулан

Эрх чөлөө


Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай!
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай!
Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай!
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй
Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай!
Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог

Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг хорьдог
Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?



Намрын шөнө

Бүрэнхий шөнөөр шаналан байж сэрлээ
Бүдэг бад
аг зүүднээ хэн намайг дуудав аа?
Бүүр жаахан хүүхэд шиг эхэр татан уйлах юм
Бүүвэйлээд ч нэмэргүй, дахин дахин мэгших юм
Хэн юм бэ чи хэлээд өгөөч,
Хэрэг болгож намайг юунд сэрээснээ яриач
Хардагсан бол нулимсыг чинь арчия,
Мэддэгсэн бол зовлонгий чинь хуваалцая
Харанхуйгаас өөр юу ч алга, хэн ч алга

Харин өглөө босоод харахад
Модны навчис унач
ихаж . . ."

Friday, January 23, 2009

Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл.

Гомбосүрэнгийн Галбадрах.
-Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.


Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. Хотын дээгүүр нүүгэлтэх хар утаа орчныг бохирдуулаад зогсохгүй, энэ хотод амьдран суугаа, монгол орны бараг тал нь шахам иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэнэ.
Сүүлийн үед Улаанбаатар хотын утаа болон агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд нилээд их мөнгө зарцуулах, гадны зээл тусламжийг энэ зорилгод ашиглах талаар багагүй бичигдэж яригдах болжээ. Ямарваа зүйлийг хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлых төлөө бодлого, төлөвлөлт, хяналтгүй хийчихээд үүнийхээ муу үр дагаварыг, их мөнгөөр залруулан засч шийддэг муу зуршил тогтох болж дээ Монгол оронд минь.Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн хачирхмаар үзэгдэл. Хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ шударга бус тогтолцоо л монгол оронд шийдвэр гаргах мэдэл бүхий улстөрийн албан тушаалыг бизнес, авилгал хээл хахуулын уурхай болгож байна бус уу?
Улаанбаатарын утааг ийм хэмжээнд хүргэж байгаа олон шалтагуудыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ босгосон багагүй овоог гадарлаж байна. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, эмх цэгц, замбараагүй олгосон газрын зөвшөөрөл, утаа тортог ихтэй хуучирсан авто машинууд, ядуурлаас үүдэлтэй, түлшний оронд түлж буй хог хаягдлууд энэ бүхэнд багагүй нөлөөлж байгаа гэдэг нь харах нүднээ ил. Ийм байдалд хүргэсний төлөө хэн буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай юунд эс ярилцана вэ?
Улаанбаатар хотыг олон жил удирдаж байхдаа, газрын зөвшөөрлийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулын сүлжээгээр баяжсан хэмээн яригддаг одоогийн засгийн газрын шадар сайд М.Энхбөлд, засгийн газрын гишүүн ХХААҮ-ийн сайд Бадамжунай нарын нүд нь энэ утаанд хорсож, цээж нь давчдахгүй байгаа юм байхдаа. Энэ л нүүгэлтсэн утаан дундаа ард иргэд ч таднийг олж харахгүй байгаа юм байхдаа. Утаанаас үүдэлтэй, эмх замбараагүй, муу үр дагавартай олон зүйлд хариуцлага тооцож эхлэхийн наад захын жишээ энэ. С.Баярын тэргүүлсэн эв нэгдлийн засгийн газраас бид үүнийг хүсээд байгаа юм шүү дээ.
Зөвхөн утаа гэж үү?
Өдгөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бодлого төлөвлөлт , хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас хөгжих нь бүү хэл өөрийн ачааллаа даахаа больж байна. Яг л хуучирч муудсан барилга мэт.
-Өнөө цагийн хөгжлийн цар хүрээ, хурдцыг урьдчилан тооцоогүйгээр тавигдсан авто замууд ачааллаа даахгүйд хүрч, хааш хаашаа 50 км талбайд оршиж буй Улаанбаатар хотод авто замын түгжрэл, аваар осол хэрээс хэтэрч ард иргэдийг бухимдуулах болжээ.
-Хуучнаар төлөвлөж барьж байсан газруудын сул зайнд хууль бусаар олгогдсон газарт баригдсан барилгуудын уршгаар хот төлөвлөлт, эмх цэгц нь алдагдаж замбараагүй овоолго мэт болжээ. Энд орон сууцны цогцолбор хэмээх ойлголт огт үгүй болж хүмүүс 4 хананы дунд амьдрах болсон нь иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна.
-Дэд бүтэц бүхий суурин газрыг бараадах гэсэн их нүүдлийн зохицуулалт үгүйгээс, хөдөөнөөс нүүж ирэгсэд, дуртай газраа буух болсноос эрчим хүч болон ус,нийтийн тээврийн хангамж нь алдагдаж, зохицуул;ах арага үгүй болжээ. Тэр ч бүү хэл зарим айлууд шарилын газар хашаа хатгаж, хүндлэх цээрлэх ёс заншил ч үгүй болох нээ.
-Ийм эмх замбараагүй, бодлого зохицуулалт үгүй тархмал байдлын уршгаар өнөөгийн улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа ТЭЦ-үүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Аль социализмын үейин байгууламжууд болох газар дээрх болон газар доорх хуучирсан шугамуудын гэмтэл, түүнийг засах гэж зам талбайгаа эвдэлж бутаргах нь ард иргэдийн бухимдлын нэг шалтгаан болно.
-Монгол улсын нийт хүн амын тал хувь нь бөөгнөрөн, эмх замбараагүй суурьшсан энэ хотод сургууль. эмнэлэг, цагдаагийн гэх төрийн олон байгууллагууд тэр болгон хүрч чадахгүй бас ачааллаа даахгүйд хүрч энэ нь иргэдийн бухимдлын нэгэн шалтаг болсоор.
Өдрөөс өдөрт, жилээс жилд хуучирч хоцрогдсон барилга, зам, талбайгаа өнгөлөн далдалсан төдий засвар хийж, шинээр баригдаж байгаа барилгууд нь тэр болгон шаардлага хангахгүй байгаагаас нийслэл хотын минь ирээдүй нэг л бүрхэг янзтай.
Нэгэн цагт "Азийн цагаан дагина" гэж өхөөрдүүлж, өдгөө цагт дорно дахины эрээн мяраан маягийн хот болж байгаа Улаанбаатар хот зундаа шороотой, өвөлдөө утаатай, иргэд нь ямагт бухимдалтай ийм хэвээр байгаад байж болно гэж үү?
Ийм л дөр төрхтэй улсын нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний мөнгө зарцуулж өөрчлөн сайжруулах гэж оролдох нь "нүглийн нүдийг гурилаар хуурах" төдийгүй их л үрлэг зарлагын үүд болох янзтай.
Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.
Энэ шинэ зуунд хөгжингүй Монголын шинэ нийслэл Хархорумыг цогцлоох түүхэн боломж бүрдэж буй мэт.
-Хархорум хот дэлхийд танигдсан брэнд. Хүчирхэг Монголын нийслэл, нэгэн цагт дэлхийн харилцааны том төв байсан гэдгээр нь дэлхий нийт сонирхоно.
-Монгол орны газар нутгийн одоогийн байршлаас нь үзэхэд Монгол орны төв цэгийг Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг гэж үздэг. Эн байршлаас баримжаалахад Хархорум хот монгол улсын бүх хязгаараас рөв цэгт байрлалтай байх боломжтой.
-Хархорумын одоогийн нутаг нь төдийлэн хавчигдмал бус зөв цогцлоож, сайн төлөвлөвөөс хааш хаашаа тэлэх уудам талбайтай.
Хуучирч, ачааллаа даахаа больсон одоогийн нийслэл Улаанбаатар хотод асуудлаа шийдэх гэж их мөнгө зарцуулж, өнгөлөн далдлалт төдий өөрчлөлт хийснээс зоримог шийдвэр гарган монгол улсын нийслэлийг Хархорум хотод шилжүүлвээс ирээдүй рүү гээ харсан зөв алхам болноо. Ийм алхам хийх тухай нэгэн цагт АН-аас хөндөж, Ц.Элбэгдөрж нар өөрийн амьдрах байрны шав тавьж байсан нь шоу биш байлтай.
Зоримогоор хиисэн ийм алхамын нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлууд түүнчлэн утаа, агаарын бохирдол аяндаа шийдэгдэж, монголын хүн амын тархалт, дэд бүтцийн хөгжил зөв гольдрилдоо орох боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө мөнгө болон өөр олон шалтаг байж болох хэдий ч нэгэн цагт зоримог шийдвэр гарган улсын нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлэн, богино хугацаанд ухаалаг төвхнөж чадсан Казакстаны туршлага байж байгаа.
-Ойрын үед баригдахаар төлөвлөгдөж байгаа Монголын парламентийн ордон, олон улсын нисэх онгоцны буудал, ТЭЦ-5 зэрэг томоохон байгууламжуудыг Улаанбаатар хотын хаана баривал зохимжтой талаар маргалдаж мэтгэлцэхийн оронд шууд Хархорум хотод барьж эхлэвээс их зөв шийдэл болох бизээ.
-Түүнчлэн Хархорумын хот байсан түүх , зураглалыг сайтар судлан сэргээж, үүн дээр тулгуурлан хот байгуулалтаа төлөвлөж дэлхий дахинд зарлаваас, өдгөө Улаанбаатар хот орчимд газар горилж буй Япон, Солонгос, Хятад, Орос, Герман, Америк загварын хотхонууд өөр өөрсдийн сонголтоор, өөр өөрсдийн хөрөнгөөр сүндэрлэн босох боломж бий.
-Монгол улсын хүн ам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Өмнөгөвь, Хархорум зэрэг томоохон хотуудад тархам суурьшиж энэ хэмжээгээр бөсчилсэн хөгжлийн бодлого бодитой хэрэгжих боломж бүрдэнэ.
-АНУ-аас үзүүлж буй мянганы сорилын сангийн төсөл шиг ийм төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Хархорум хот хүртэл түүнээс цаашлаад баруун чиглэлийн төмөр зам тавигдаж дэд бүтэц хөгжвөөс Монгол орны хөгжил дэх нэгэн том алхам хурдан хугацаанд шийдэгдэх болно.
-Үсрэнгүй хөгжил шинэчлэлийн хүрээндээ Хархорум нийслэлийг анхнаас нь ирээдүйн их хөгжлийг баримжаалж, алсыг харсан, холч ухаанаар бий болгож хөгжүүлэх нь Монгол орны энэ зууны хөгжлийн бодит алхам болно. Ядахнаа л улсынхаа нийслэлийг үйлдвэржилтээс зайтай, жинхэнэ улстөр, соёл , шинжлэх ухааны төв болгон цогцлоох нь хэрэгтэй байна даа.
Алив хийх зүйлд "хүсэл байвал арга нь олддог, хүсэлгүй бол шалтаг нь олддог" үлгэрээр Монгол орны шинэчлэлд хэрэгтэй хийж болох олон боломжууд бидэнд байнаа. Алийн болгон улс орны ирээдүйн сайн сайхны төлөө хийж болох ажлуудаа хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолтой хутган завааруулах билээ. Бид өнөөдөр үүнийг хийхийг хүсэхгүй байвч маргааш үүнийг Монгол орны төлөө заавал хийх цаг үе ирнээ. Монгол орны голомт мандан бадраг.

Wednesday, January 21, 2009

Шүлэг

Б.Ичинхорлоо : Амьдрал
Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

Гэр бүл яагаад салдаг вэ?

Гомбосүрэнгийн Галбадрах.
хүн гэр бүл болно гэдэг өөрийн эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай болно гэсэн үг ажээ.

...Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн нэгнийг "миний нүдээр хардаг ч болоосой" хэмээн өөдөөс нь гайхна. Бие биетэйгээ уулзахгүй өнгөрөх нэгэн өдөр сар, жил шиг удаан, дууг нь сонсохгүй өнгөрөх нэгэн мөчид энэ ертөнцийн гайхамшигт хөг аялгуу тасалдах мэт. Түүнийхээ дэргэд байхдаа л амьдралын утга учир, гэрэл гэгээг мэдэрч, баяр баясгалангаар бялхаж, жинхэнэ аз жаргалыг амсана.
...Баяр хөөр, наргиан цэнгээн дүүрэн хуримын өдөр. Энэ баярт хүрэлцэн ирсэн бүх зочдын анхаарлын төвд байж, тэдний өхөөрдсөн, талархсан, бяцхан атаархсан харцан дор халуун гараа атгалцан, бие биеэ халуун хайраар талимааран ширтэж, 'насан туршдаа бие биедээ хайртай байж, хэзээ ч салж хагацахгүй, аз жаргалтай сайхан амьдарна" гэж зүрх сэтгэлдээ андгайлах хосууд. Хаа нэгтээ болзон уулзаж, хагацаж ядан асан залуус хүсэл мөрөөдөлдөө хүрч, гар гараасаа чанга атгалцаж, амьдралын хаалгаар, хайр энхрийлэл дүүрэн алхаж орохдоо энэ л амьдралаа мөнхөд ийм сайхан байх юм шиг төсөөлнө. Хүн бүрийн амьдралд энэ л мөчүүд хорвоогийн жаргал, халуун хайрын амтыг ийнхүү нэгэн дор мэдрүүлдэг.
...Шинэхэн хосууд өдөр бүрийг аз жаргалтай угтаж, үднэ. Хааяахандаа зөрөлдөж маргалдавч халуун хайрын илчээрээ зөөллөж, наргиан наадам болгон өнгөрөөх нь бий. Хүүхэдтэй болцгоож, хөөрч баясаж, амьдрал нь илүү утга учиртай, бас хүсэл тэмүүлэлтэй болдог. Ийм үедээ тэд аав ээж байхын жаргал зовлонг амсаж, аав ээжийн ачлал хайр, халамжийг ухаарах аж. Өөрт нь өхөөрдөж хайрлам тэр л бяцхан амьтныг, уярал, ухаарал, хайртай нь хамтад авчирч өгсөн ханиа улам ихээр хайрлан биширнэ. Амьдрал гэгч хичнээн сайхан бас гайхамшигтай болохыг тэд ойлгож, тэр хэрээрээ амьдралыг ч бас хайрлана.
...Цаг хугацаа улиран улирах тусам хоёр биендээ ээнэгшин дасч, ижилдэж, хайраа хүсэл бодлоо харцнаасаа л ойлгох аж. Аяга хоолоо ч ганцаар идэж чадахгүй түүнээ хүлээнэ. Ажил ихтэй үед ч нойр хулжааж, дэр чилээн хүлээнэ. Юунд баярлаж юунд шаналдагийг нь, юунд дурлаж юунд дургүйцдэгийг нь, юуг хүсэн мөрөөдөж тэмүүлдэг, юунд хилэгнэн бухимддагийг нь өөрөөс нь илүү мэдэрч, энэ л мэдрэмжээрээ баярлах гунихийг нь тэнцүүлж, санаа сэтгэлийг нь зална. Нас ахих тусмаа хоёр биендээ аав ээж болж, асран халамжилдаг. Амьдралын цаг хугацааны урсгал дунд адил хамтдаа элээх аж.
Олон гэр бүлүүд сайн сайхнаар цаг хугацааг элээж, үр хүүхдүүд, ойр тойрныхондоо үлгэр жишээ болж, баяр бахархалыг төрүүлнэ. Олон гэр бүлүүд цаг цагийн урсгалд салж сарнин бие биеэсээ холдоно. Ийм сайхнаар эхэлсэн амьдрал минь өнөөдөр яагаад байхгүй болчихвоо гэж гайхах. Нэгэн цагт бялхаж цалгиж асан тэр их хайр энхрийлэл хэдийд хаана асгарч, дундарсаар үгүй болсныг гайхан шаналах.
Өнөөдөр Монгол оронд минь хямраад өөдөлдөггүй төртэй, ядуураад баяждаггүй иргэд, яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж тэвдсэн энэ амьдралд хичнээн гэр бүл салж, хичнээн амьдрал зэрэмдэг болж байна даа? Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг. Хойч үе минь болсон залууст хэн үүнийг хэлж анхааруулах билээ.
Гэр бүл яагаад салдаг вэ?
Гэр бүл болж буй хайртай хосууд, хоёр өөр орчинд төрж, өсөж хүмүүжсэн хоёр өөр ертөнц юм. Тэдний өөр өөр амьдралаас олж авсан хүмүүжил, үзэл бодлын зөрүү нь олон маргааны үндэс нь болж байдаг. Ийм л маргаанд хайртай хосууд яаж хандахаас гэр бүлийн бат бөх байдал ихээхэн хамаарна.
Нэг. Үл хүндлэл-үл ойлголцол.
-Чи хувцсаа эвхээд тавьж бай л даа
-Би тэгж сураагүй юм аа.
-Хаалгаа аяархан хааж бай л даа
- За юун сүртэй юм бэ?
-Чи энэ угаах юмыг угааж тусалбал сайн байна.
-Би амжихгүй ээ
Аядуухан учирлалаар эхэлсэн ийм зөрчлүүд, өдөр хоногоор, сар жилээр, аажим аажмаар өсч "ялаа заан болдог"-ийн үлгэр мэт болдог. Анхандаа "за яахав, жижигхэн юм, алсдаа учир нь олдох биз" хэмээн өнгөрөөх бүрд үл ажиглагдам ан цав, харайж гарахын аргаггүй ангал болон хувирах нь бий. Эхлээд танилцахдаа эмэгтэй нь "нар сар, навч цэцэг" мэтээр хүндлүүлж гуйлгаж, бишрүүлж байсан бол гэрлэсэнээс хэсэг хугацааны дараа байдал эсрэгээрээ эргэж, эрэгтэй нь гуйлгаж, хүндлүүлэх болсон байх нь олонтой. Алив зөрчилдөж буй асуудлуудад анхнаасаа хоёул тэгш эрхтэйгээр илэн далангүй ярилцаж, зөв шийд гаргаж сурахгүй бол хэсэг хугацааны дараа хэн нэг нь зөвхөн өөрийн хүсэл сонирхлоороо байх давуу эрхийг олж авсан байдаг. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр нэг нь нөгөөгийнхээ хүсэл сонирхлыг сохроор аялдан дагалдах нь үл хүндлэл-үл ойлголцлыг бий болгож орхидог. Ийм байдал удаан үргэлжилбэл, хэсэг хугацааны дараа, анх танилцаж дурлаж байхдаа олж харан биширч байсан сайхан чанарууд нүдний өмнө алга болж, ердөө хувиа хичээсэн өчүүхэн амьтан болж хувирахыг харна. Энэ л гэр бүл салахын нэгэн шалтаг болдог. Анх дурлалцаж байхдаа бие биенээсээ олж харан, бишрэн бахархаж байсан тэр сайхан чанаруудаа цаг ямагт хайр урмын үгээр байнга услан ургуулж нөгжүүлж байх нь гэр бүл тань бат бөх байхын үндэс нь болно. Үүний тулд жижиг гэхгүйгээр алив асуудлыг илэн далангүй ярилцаж харилцан ойлголцож, байнга анхаарч сануулж , өөрсдийн хүндлэлээ алдахгүй байх нь хэрэгтэй байдаг юм даа.
Хоёр. Үл итгэлцэл.
Анхны харц, анхны хайр бүхэн бүтэхгүй байх нь олонтой гэж ярилцдаг. Та хоёр бие биедээ дурлалцахаас өмнө хэн нэгэнд сэтгэл алдарч, сонирхож бас дурлалцаж үзсэн байх нь тийм ч "бузар муухай" зүйл бишээ. Хүн болгонд ийм асуудал тохиолдох нь ердийн үзэгдэл шүү дээ. Харин та хоёр бие биенийхээ олон сайхан чанаруудыг олж харан, хүндлэн биширч, бас татагдсан учраас л бие биеэ сонгосон хэрэг. Нэгэнт хамт амьдархаар шийдээд гэрлэсэн л бол өмнөх дурсамжаар бус ирээдүй рүүгээ харж амьдрах хэрэгтэй болдог. Хайртай хосууд бие биеэ хуурч мэхлэхгүй, бие биедээ хайр жаргалыг эдлүүлж байхын тулд бүх зүйлээ илэн далангүй ярьж ойлголцох хэрэгтэй болдог. Тэд бие биенийхээ хийж буй үйлдэл, явж буй алхам бүрийг мэдэхгүй ч "би хайртай хүнээ гомдоохыг хүсэхгүй, хайрт минь ч намайг гомдоохыг хүсэхгүй" гэдэг итгэл л тэднийг бардам. бас аз жаргалтай харагдуулна. Зарим хосууд гэрлэснээсээ хойш бие биенээсээ уйдан өөр нэгэнтэй холбогдон бие биеэ хуурах нь бий. Тохиолдлын маягаар сексийн амьдралд эрт орж, үүндээ татагдсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тийм хүмүүст амьдралын зорилго, утга учир төдийлэн чухал бус харин цэцэг цэцгэнд дамжин бал цуглуулах эрвээхэй лугаа амьдрах нь сонирхолтой байдаг ажээ. Тэд ихэвчлэн залуу насыг цэцэгтэй зүйрлэн, бал түүж амьдрах боловч хожмын амьдрал нь цэцэггүй болдог юм даа.
Хайртай хосууд бие биенээ байнга хардаж сэрдээд, хаа яваа, юу хийж буйг нь цаг хугацаатай нь бүртгэж хянаад, найз нөхөд, хамт олных нь өмнө элэг доог болгоод байх нь энэ амьдралыг "там" болгох эхлэл болно. Ийм хосуудын нүд нь хүртэл "айсан туулай шиг" дүрлэгнэж, бусад руу ч эгц харахаас зүрхшээж, айж цочин тэвдэх нь их болдог. Бие биенээсээ хол байхдаа санаж уйтгарлах биш, эрх чөлөөгөө мэдрэн, "боломжийг ашиглах" хариугаа авах ыг хичээх энэ үзэгдэл гэр бүл салах нэгэн шалтаг болдог. Ийм үедээ л хүн хувийн болон оюуны эрх чөлөөг үгүйлнэ.
Бие биедээ байнга итгэж, итгэлээ дааж, алдсан алдаагаа чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж, бие биеэ уучилж, дахин алдахгүй байх боломжийг хамтдаа олж харж бий болгох нь гэр бүл бат бөх байхын үндэс нь болно.
Гурав. Ялалтын ялагдал.
Гэрлэхээсээ өмнө маргалдах бүү хэл бие биерүүгээ муухай ч харж үзээгүй хосууд, гэрлэснээсээ хойш алив асуудлаар зөрөлдөж, маргалдаж эхэлдэг. Аргагүй шүү дээ. Хоёр өөр хүмүүжил хоёр өөр үзэл бодлын зөрөлдөөн илэрч буй хэрэг. Энэхүү маргаанд өөрийн зөвийг батлан, ялалт байгуулах, бие биеэ давж гарах гэсэн оролдлогууд маш олон муу үр дагаварын эхлэлийг авчирдаг. Энэ тухай миний бие өмнө нь "Маргаанд ялагч байдаг уу?" бичлэгтээ дэлгэрэнгүй дурдсан билээ.
Ялалт байгуулан өөрийн зөвийг батлах гэж муу муухай үгээр бие биеэ гомдоож, элдэв муу ааш гаргах ийм маргаанд ялагч байдаггүй юм даа. Ялалт байгуулахын тулд нэг нь хүүхдээ тэврээд төрхөм рүүгээ гүйх, нөгөө нь аль нэгэн цэнгээний газар орон давчидсан амьсгаагаа "галзуу ус"-аар даруулах, эсвэл аль нэгэн найз нөхөддөө очицгоон "тайлангаа тавьж" өөрийн зөв гэдгээ нотлон хамгаалуулах оролдлого хийх нь олонтаа. Ууарндаа савж гарсан тэр л хаалганы савчаа болон хяхтнах муухай дуу таны амьдралд хүйтэн салхи оруулж, та нарын амьдралыг бусдын өмнө дэлгэж, заримдаа эргэж хаагдах аргагүйгээр "гажих" нь бий. Энэ л гажсан хаалга, хайртай хосуудын сэтгэлд "хяхтнаж", ойлголцож засч чадахгүй бол, хэн нэг нь нөгөөгийнхээ дарамтан дор амьдрах эсвэл салж өөрийн замаар явахын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэлтэй хэрүүл маргааны дараа эвлэрч, бие биеэ уучлавч уур омгондоо гаргасан муу муухай бүхэн сэтгэлээс гарч өгөхгүй зовоогоод байдаг юм даа.
Тийм болохоор яаж ч маргалдсан хаалгаа чанга хааж байгаад, тэврэлдэж суугаад ч болов чин сэтгэлээс ярилцаж, бие биеэ уучилж сэтгэл санаагаа цэвэрлэн ариусгаж байх нь хамгаас чухал байдаг. Өнөөдөр таны уур омог, бардам бүдүүлэг үйлдлээр байгуулсан ялалт тань маргааш ялагдал болон хувирч, гэр бүл тань салахад ойрхон байдгийг бүү мартагтун.
Дөрөв. Хадам ээжийн онигоо болон бусдын оролцоо.
Оросууд болон монголчуудын дунд яригддаг их олон онигоонд "хадам ээж" өөрийн ёгт дүртэй. Суудлын тэрэгний урд талын суудлыг хадам ээжид хуваарилж, хадам ээждээ хэрхэн "хортой алим" идүүлэх зөвлөлгөө гэхчилэн олон зүйл ярилцдаг. Хадам ээж болгон муу хүн байдаггүй. Өөрийн хүүхэдээ ямагт зөвтгөн өмөөрч, өрөөл бусдаас хамгаалж, амьдралд нь хэт оролцон зааж зааварладаг эхчүүд зөндөө бий.
Хамаг учир хадам ээжид бус, хайртай хосууд өөрсдийн амьдралдаа гадны хэн нэгнийг оролцуулж, алив тааламжтай бас тааламжгүй шийдвэр гаргуулахгүй байх гэсэн хүсэл байж болох шүү дээ. Тэд амьдралдаа гаргасан аливаа зөв буруу үйлдэл болон шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг өөрсдөө үүрч, бас ухаажиж байх нь илүү хэрэгтэй. Харин алив асуудлаар маргалдах бүрдээ хоорондоо ойлголцож чадахгүйгээс өөрийн зөв гэдгээ нотлон баталгаажуулах гэж бас өөрийгөө зөвт сайн хүн хэмээн гэрчлүүлэх гэжаав ээж, ах дүү, найз нөхөддөө хандаж, өөрсдийн амьдралаа дэлгэж, тэднийг оролцуулах нь гэр бүл салалтын нэгэн шалтаг болдог.
Мэдээж гадны оролцогч нэгэн, шударга үнэний шүүгч биш учраас, өөрт нь хандсан хүнээ өмөөрөн дэмжиж, хамтын хүчээр ялалт байгуулах нь бий. Олон дахин үргэлжилсэн ийм байдлаас уг хосын амьдрал, өөрсдийн хяналтаас гарч өрөөл бусдын хяналтад орох нь цөөнгүй. Өөрсдөө шийдэж чадаагүй амьдралын асуудлыг өрөөл бусад шийднэ гэж хэзээ ч байдаггүй. Эцэстээ нөгөө нэг нь "би хайртай хүнтэйгээ гэрлэсэн билүү, хадмуудтайгаа гэрлэсэн билүү" гэдгээ ялгаж салгаж чадахаа болитлоо будилна. Хоёр хүний өөрсдөө бий болгосон амьдралд гадны оролцоо ихсэх тусам тэдний амьдрал, итгэл, хайрыг төдийчинээ бутаргана. Эцэс сүүлдээ хайр халамжийн ачаар салгасан хэн нэгийгээ өөрсдийн дэргэдээ амьдруулахдаа л ямархан "ухаалаг шийдвэр" гаргаснаа "яс махандаа " мэдэрч ойлгох. Гэр бүл гэдэг хоёр хүний хамтын амьдрал. Энэ амьдралаас урган гарч буй олон асуудлууд тэр хоёр хүнд л хамаатай учраас хамтдаа л шийдэж байх учиртай.
Гэр бүл бол бие даасан вант улс юм.
Гэр бүл бол өрхийн тэргүүнтэй, өөрийн өмч хөрөнгө, эдийн засагтай, аюулгүй байдал болон гадаад дотоод харилцаатай, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн олон асуудлуудтай биеэ даасан вант улс юм. Тэд алив асуудлаар хамтдаа шийдвэр гаргах бөгөөд ардчилсан зарчим үйлчилдэг, гагцхүү төрийн өмнө хариуцлага хүлээдэг. Ийм хариуцлага болон харилцааны хэм хэмжээг бүх улс орнууд даяар "Гэр бүлийн хууль"-иар зохицуулна. Харин тэр гэр бүлийн дотоод асуудал болон аюулгүй байдалд хэн нэгэн дураар оролцон, нөлөөлөөд байх шаардлага болон эрх үгүй.
Өндөр хөгжилтэй орнуудад гэр бүлийг өндөр хэмжээнд хүндэтгэн үздэг бөгөөд, гэр бүлийн гишүүд зөвхөн өөрийн гэр орондоо бусдад саад болохгүйгээр дур зоргоороо байх эрхтэй гэж үздэг. Гэр бүлийг гадны халдлагаас хамгаалах бүх арга хэмжээг авах бөгөөд эхнэр нөхөр болон хүүхдүүд хэн нэгэнд дарамтлуулахгүйгээр, хянаж цагдуулахгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.
Төр маш олон гэр бүлүүдээс бүрддэг болохоор хууль эрх зүйн үүднээс энэ гэр бүлүүдийг хамгаалж байх учиртай. Тийм болоод "Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэг үг гарсан байх. Ямар ч хүн гэр бүл болно гэдэг өөрийн эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай болно гэсэн үг ажээ.
Хариуцлага гэдэг өөртөө маш олон чадварыг агуулж байдаг. Тийм болохоор гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй болдог ажээ.
Өдгөө монголчууд бид гэр бүлийн талаархи олон ойлголтуудаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Ядахнаа л хэн нэгэн хамтдаа архи уух гэж шил архи гэрт нь бариад ирж л байдаг, ууж согтсон хойноо агсам тавьж хамаг зүйлийг нь эвдэлж байхад "байдаг л зүйл" мэтээр ханддаг сэтгэлгээнээс салах болж байна. Өөрийгөө ч авч явах чадваргүй атлаа гэрлэнэ гээд хэн нэгийг дагуулаад аав ээж дээрээ ирж л байдаг, удаж төдөлгүй саллаа гээд хөөгөөд явуулж л байдаг. Алив нэгэн гэр бүлийн маргаан асуудалд аав ээж, ах дүүсээрээ эрээ цээргүй оролцож, өөрсдийн үзэмжээр зохицуулж байдаг. Арай гэж амьдралаа босгох гэж зүтгэж яваа хосуудыг элдвээр өөчлөн муулж хов живэнд хутгаж, хайр сэтгэл юуг нь хиртээн гундааж байдаг. Энэ олон байдаг зүйлдээ арай өөр үнэлэмжээр хандах цаг болж байнаа.
Гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэж, гэр бүл болсон хойноо гэр бүлээ туурга тусгаар гэдгийг ойлгон, хайрлан хамгаалж, хариуцлагаа хамтдаа үүрч сурах нь чухал байна.
Төгсгөл.
Залуус биенээ хайрлаж, хүндлэн биширч, итгэж өөрсдийн амьдралаа цаг ямагт өнгөлөг сайхнаар авч явах боломж, гагцхүү та хоёрт л байдаг. Хайрлаж дурлаж байхдаа дүүрч бялхаж асан тэр л хайр халамж, баяр баясгалан асгарч дундрахгүй дүүрэн байх эсэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л хамаардаг юм шүү.
Амьдрал баян. Миний таны бидний мэдэхгүй, мэдэх ч аргагүй олон асуудлууд байж л байгаа. Залуус амьдралын сайхныг, аз жаргалыг амтлах гэж ухаанаа зарж бас олон асуултын хариуг эрж хайна. Тэд хариугаа амьдралаас бас биднээс хайдаг.
Монгол орны минь ирээдүй болсон олон залуусын амьдрал нь тэгш, гэр бүл нь бат байг. Тэд гэр бүлээ хайрлаж, бас хариуцаж, өөрсдийн амьдралаа хоёр баганаараа тэгш тулан тооноо өргөг. Монгол гэрийн багана нь тэгш, тооно нь гэрэлтэй, бүрээс нь цагаан, бүслүүр нь гоёмсог, тулга нь үргэлж галтай, аз жаргалаар бялхаж байг.

Sunday, January 18, 2009

Хүүхдийн хорт хавдар- Baby cancer foundation






Хэрэв та хавдартай хүүхдүүдэд туслах хүсэлтэй байгаа бол доорхи мэссэжний дугаарууд руу ЗА гэсэн мэссэж илгээгээрэй.
МОБИКОМын хэрэглэгчид:
531124
СКАЙТЕЛын хэрэглэгчид:
155124
ЮНИТЕЛын хэрэглэгчид:
140124
ЖИ-МОБАЙЛын хэрэглэгчид:
363124

2007 оны Эрүүл Мэндийн Яамны Статистик Мэдээллээр, хорт хавдраар өвдсөн 0-9 насны хүүхдийн тоо 850 орчим бөгөөд энэ тоон дээр 10-14 насныхны 400 орчим хүүхдийг нэмвэл энэ тоо нийтдээ 1250 орчим болж байна. Бидэнд анзаарагдахгүйгээр хойч үеийн маань амьдрал, гэрэл ирээдүй улам бүдгэрч байгаатай төр засаг, ОУ-ын байгууллага гэлтгүй Монгол улсын ирэн бүр санаа тавих учиртай юм. Хэнд ч хэлэхээ мэдэхгүй хамгаалалтгүй байгаа хүүхэд, түүнийхээ төлөө бүхнээ зориулсан ч санхүүгийн хувьд хүчин мөхөсдөөд байгаа эцэг эхчүүд, гэр бүлийнхэнд нь итгэл, урам зориг авч ирэх нийгмийн тустай үйлс ховор байгааг хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Бидний ирээдүй – хүүхдэд учраад байгаа олон тулгамдсан асуудлын дотроос хамгийн ноцтой, анхаарал татсан нь болох хүүхдийн хорт хавдрын эмчилгээний асуудал элэг нэгт Монголчууд бидний хувьд багаар ч гэсэн нэгээр ч гэсэн шийдэж болох боломж бидэнд байна.

Tuesday, January 13, 2009

Sunday, January 11, 2009

Гуниг

Үе үехэн санаа алдуулж
Өвөр ард минь ээрэх гунигийг
Өөр хаана ч биш
Дэрэн доороо чулуудчихаад
Үсээ задгайлж өөрийгөө гоёод
Үй олны дунд замхрая
Өнгө нь болж хаа нэгтээ уусая
Гарья гадаа
Ганц хором нь ч үнэтэй амьдралд
Гансарч суухын учир юусан
Гар халуун залуу насыг
Ганцаардуулж хөлхүүлхийн учир ч юусан
Гуниж өнгөрүүлсэн мөч бүр
Гудманд хаясэн эрдэнийн адил аа
Гундааж болохгүй залуу нас минь
Гуйгаад ч мөнхрөхгүй ертөнцийн хүрдээ
Амжиж хайрлая наран жаргахаас өмнө
Амжиж дурлая зүрх минь зогсхоос өмнө
Амжиж бүжье хөгжим өндөрлөхөөс өмнө
Амжиж амтлая амьдрал алдархаас өмнө
Гарья гадаа
Ганц л хүртэх амьдралыг
Жаргалаар цэнэглэг

Энхмаа

Saturday, January 10, 2009

Намайг орхи


Үлгэр өөрөөрөө төгсдөг шиг
Би өөрөөрөө л зовъё
Үлдэх цэг мэт ганцаараа торойгоод
Өөрийнхөөрөө л би элэгдэж амьдръя

Намайг орхи

Зүүдэнд минь ч чи битгий ир
Зүгээр л намайг зөнгөөр минь орхи
Эрх чөлөө мэт цалгих гуниг,гомдлынхоо нууранд
Энгэр норгон унах нулимсаа живүүлье

Намайг орхи

Сарны гэрэлд чамайгаа захичихаад
Салхи эргэх зайгүй өөрлүүгээ л би уусъя
Эрхи мэт битүү гогцоорч нэг нэгээр эргэхдээ би
Элэгдэх мэт сэтгэлээрээ чиний нэрийг тарнидъя

Намайг орхи

Задрах шиг давалгаасан сэтгэлээ
Зүсрэх бороонд цацан асгачихаад
Зүггүй одох чиний тавиланг сэвтээлгүй
Зүгээр л хайр цацсан нэгэн цэцэг болж үлдъе

Хөх- Эгшин яруу найргийн бүлгэм

Энэ миний шөнө байг

Сарны тэмдэгтэй зүрх минь
Санаа алдаж байна
Сарны хишигтэй зурагдсан заяа
Алганы хээнд гэрэлтэж байна
Энэ миний шөнө байг
Энэ миний сар байг

Тэр зүгээс шүлэг урсаг
Тэр миний цагаан тал байг
Тэр зүгээс бороо шиврэг
Тэр миний хайр шингээсэн нулимс байг
Тэр зүгээс салхи сэрвэгнэг
Тэр гэгээнээс үүсэж ургасан зүүд минь байг

Энэ оршихуйгаа энэ шөнө дэлгий
Үүл халхалавч
Гэрэлтэж байг
Сарны гэрэлтэй бодлууд минь
Хайрлах ухаарахын туяа татуулан
Чиний зүрхэнд гийж байг

Тиймээ энэ шөнө
Тэр чигээрээ би байгээ

Хөх- Эгшин яруу найргийн бүлгэм

Monday, January 5, 2009

...Problems in Men

Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаа, бие бод гэсэн уриа нь зүгээр нэг улиг болсон үг төдий биш юм. Ялангуяа эрэгтэй хүний бэлгийн чалхтай холбоотой болоод ирэхээрээ. Статистик мэдээнээс үзвэл секстэй холбоотой ямар нэг асуудалтай тулгарсан арван эрэгтэйгээс ердөө ганц нь л мэргэжлийн эмчид ханддаг байх юм. Ингэхэд шаардлагатай мэдлэг, боломж нь зөвхөн мэргэжлийн эмч нарт буюу андрологич эмч нарт л байдаг.Нас ахины хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой аж.
Бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүн тусч болох ханиад томуутай адил ирэдггүй өвчин юм.

Хэдийгээр шалтгаан нь олон байв ч судасны хатуурал, чихрийн шижин, даралтын өвчин,архи болон тамхийг хэтрүүлэн хэрэглэх, хэт их стресс зэрэг нь тус тусдаа хамссанаар хэвийн хөвчрөх чадварыг алдагдуулдаг.. Эдгээр эмгэгийн үед судсанд өөрчлөлт гарснаар вен, артерийн судасны хана нь уян хатан байдлаа алдаж, хэврэг болдог нь яваандаа бэлгийн сулрал үүсэх үндсэн шалтган болдог.Энэ нь эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн түвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд маш сөргөөр нөлөөлдөг аж.


Friday, January 2, 2009

Why people getting old ...

Амьд бие болгон амьдрах тодорхой хугацаатай байдаг. Тухайлбал: нохой 10 жил, яст мэлхий 150 жил, хулгана 3 жил, хүн 70 илүү насалдаг. Энэ хугацаа нь амьтны бодисын солилцооны хэмжээтэй адил юм. Бодисын солилцоо хэдийчинээ явагдана тэр хэмжээгээр чөлөөт радикал үүснэ. Үүссэн чөлөөт радикал нь хамгийн түрүүнд митохондрийг гэмтээнэ. Митохондри гэмтэхэд чөлөөт радикалын үүсэлт нэмэгдэнэ. Энэ нь цаашлаад хөгшрөл ба насжилтай холбоотой эмгэгүүд үүсэх нөхцөл болдог байна. Калорийг 40 хувь бууруулахад амьдралын хугацаа 40 хувиар уртасна. Чөлөөт радикалуудын довтлох бай эдүүд нь ген, уураг, өөх тос байдаг. Генийн хяналт алдагдсанаас хавдар үүсдэг. Бага нягтралтай өөх тосны улмаас зүрхний өвчин үүснэ. Урт настай амьтнуудын митохондрийн зохион байгуулалт нь өөр байдаг бөгөөд чөлөөт радикалыг үүсэлт бага байдаг онцлогтой.

Дээрх онолуудаас гадна нийгмийн хүчин зүйл мөн хөгшрөлтөд нөлөөлдөг. Насжил бол орчин үеийн шинжлэх ухааны сонирхол татсан сэдэв хэвээр байна. Энэхүү үзэгдлийг ойлгож, тайлбарлахын тулд биологи, био анагаах ухаан, сэтгэц судлал, нийгмийн шинжлэх ухааны үүднээс авч үзэж байсан бол одоо хүн судлал, хүн амзүй, эдийн засаг, тархвар судлал, түүх, урлаг, улс төр зэрэгтэй холбож үзэж байна.

Геронтологийн хамгийн сонирхолтой бөгөөд тайлахад бэрх асуудал бол амьд бие махбод, түүний бүтэц үйл ажиллагааны нэгж болох эс яагаад хөгширч үхдэг вэ гэдэг асуудал юм. Хэдийгээр шинжлэх ухааны олон салбарын эрдэмтдийн сонирхлыг татдаг ч мөн чанар нь бүрэн тайлагдаагүй байгаа бөгөөд олон онол таамаглалыг дэвшүүлж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ эрчимтэй хийгдэж байна. Эдгээр онол таамаглалууд молекулаас эрхтэн тогтолцооны зохицуулгын түвшинд явагдаж буй бүхий л үйл явцуудыг хамарсан байдаг. Хөгшрөлийн тухай онолуудаас хамгийн эртнийх нь Аристотель, Гиппократын үеэс XX зууны 50 он хүртэл баримталж ирсэн амьдралын эрч хүч, энергийн алдагдал, элэгдлийн онол юм. Эрдэмтэд хөгшрөлийг тайлбарлаж буй онолуудыг молекул биологийн болон физиологийн гэж 2 үндсэн бүлэгт ангилж үзэж байна. Хөгшрөлийн молекул биологийн онол нь хөгшрөлийг молекул, эсийн түвшинд судалдаг. Штрелер хөгшрөлийг өтлөлтөөс ялгах 4 шинжийг дурдсан байдаг. Үүнд:

1. Түгээмэл шинжтэй. Настай бүх хүмүүст тохиолддог.

2. Интринсик. Гадаад орчны бүхий л нөлөөллийг арилгасан ч хөгшрөл явагддаг.

3. Даамжрах явцтай. Хөгшрөлийн процесс аажим удаан явагдах ба өөрчлөлтүүд нь даамжран явагддаг.

4. Хор хөнөөлтэй. Энэ үйл явц нь амьдралын хугацааг богиносгодог.

Хөгшрөлийн биохимийн онол

Хөгшрөлийн биохимийн механизмыг тайлбарласан 300 гаруй онолууд шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байдаг. Эдгээр онолуудыг үндсэнд нь 2 бүлэгт ангилж болно. Үүний нэгдүгээрт өөрийгөө устгах генетик программ буюу уургийн химийн бүтцийг алдагдуулах, хоёрдугаарт эсийн бодисын солилцооны идэвхийг бууруулах замаар ДНК-г өөрчлөх.

Хөгшрөлийн программчлалын онол

Энэ онолын үндэс нь генийн экспрессээр хянагддаг геном дахь кодлогдсон үйл явдлын дэс дарааллын үр дүнд хөгшрөл болдог гэж үздэг. Амьд бие болгон тодорхой хэмжээний настай байдаг ба энэ нь тухайн амьд бие болгоны хувьд генд нь программчлагдсан байдаг хэмээн энэ онолоор тайлбарладаг. 1908 онд Америкийн анатомич Ч.С.Минот хөгшрөл бол хөврөлийн үеэс эхлэн үүсдэг биологийн хөгжлийн үргэлжлэл гэсэн нилээд хүлээн зөвшөөрөгдсөн онолыг үндэслэжээ.

Хүний амьдралын аль ч үед үр хөврөлийн үеийнх шиг 1 эсээс миллиард эс, 0 граммаас 4-5 кг хүртэл тийм эрчимтэй өсөлт байдаггүй. Иймээс Ч.С.Минот төрөх цагаас эхлэн хүний өсөлт хөгжлийн хурд удааширч 20 настайд орчим зогсдог нь хөгшрөлийн үйл явцын үр нөлөө гэж үзжээ.

Зарим биогеронтологичид хөгшрөлийн процесс төрөх цагаас эхэлдэггүй, харин үхэх магадлал хамгийн бага байдаг 5-10 наснаас хойш эхэлдэг гэж үздэг. Иймд Ч.С.Минотын онолын орчин үеийн хувилбар нь эсийн ДНХ-д өсөлт, хөгжлийн физиологийн үйлүүд программчлагдсан байдгийн адил эсийн өтлөлтийн механизм ч мөн программчлагдсан байдаг гэсэн үзэл юм.

Химийн санамсаргүй гэмтэл ба мэдээлэл дамжууллын онол

Энэ онол нь ДНК-д боловсорсон мэдээлэл нь эсэд очиж илчлэгдэх явц буюу генетикийн хямрал ба мэдээлэл дамжуулалт хямарсантай холбож тайлбарладаг, өөрөөр хэлбэл ДНК ба эсийн уурагт химийн буюу бүтцийн өөрчлөлт даамжирснаас бодисын солилцоо өөрчлөгдөнө гэсэн онол юм.

Их биеийн эсийн мутацийн онол

Хөгшрөлийн сүүлийн үеийн онолуудад томоохон байр суурийг эзэлж буй онол нь их биеийн эсийн мутацийн онол юм. Энэ онолын үндэс нь их биеийн эсийн дезоксирибонуклейн хүчилд (ДНХ) мутаци өөрчлөлт ороход физиологийн үзүүлэлтүүд буурч хөгшрөл явагдана гэж үздэг. Өөрөөр хэлбэл эсийн дотор гэмтлийн бай нь ДНХ болдог бөгөөд гадаад ба дотоод гэмтээгч хүчин зүйлийн нөлөөгөөр эсийн удмын материал гэмтэж, их биеийн эсүүдийн геномд санамсаргүй мутаци үүсч хуримтлагдснаас эс хөгширнө гэсэн үг юм. Эсийн бөөмийн болон митохондрийн ДНХ-д цэгчилсэн мутаци, делеци үүсснээс өвөрмөц генүүд идэвхжих, эсвэл идэвхгүйжих үйл явц дагалдан улмаар эсийн амьдралын мөчлөг, эсийн хуваагдлын хяналт алдагдана. Ийм мутациуд их хуримтлагдснаас бие махбодид нас ахихад хавдар зэрэг эмгэгүүд үүсэх нь ихэсдэг гэж үзэж байна.

Туршлагаар зарим нэгдлүүд тухайлбал нийлэг аргаар гаргаж авсан тимидина-бром-2-дезоксиуридин (БДУ) нь амьтны генийн аппаратад нь цэгчилсэн мутаци үүсгэж эсийн хөгшрөлийг түргэсгэж байгааг тогтоожээ. Энэ нэгдлийг агуулсан хүнсээр хооллосон амьтад бусад эрүүл хэвийн хооллосон хяналтын бүлгийн амьтадтай харьцуулахад насжилт богинотой байсан бөгөөд амьдрах хугацаа нь дээрх нэгдлийн тунгаас нь хамаарч байжээ. ДНХ-д мутаци үүсгэж нас богиносгох, хөгшрөлийн процессыг хурдасгах үйлчилгээ үзүүлдэг өөр нэг хүчин зүйл нь ионжуулагч туяа юм.

Алдааны онол буюу уургийн нийлэгжил

Энэхүү онолоор хөгшрөлийн биологийг уургийн нийлэгжилтэй холбож үздэг. Уураг нийлэгжих үед ДНК-аас мэдээлэл дамжих явц, транскрипци, трансляцид алдаа гарсны дүнд хөгшрөл явагдана.

ДНХ-ийн метилжилт ба хөгшрөл

Генийн экспрессийн зохицуулгыг өөрчилснөөр хөгшрөлийн явц, түүний хурдад нөлөөлж болдог байна. Жишээ нь генийн экспрессийг хэт түргэсгэснээр эсийн дотор амилоид уураг нийлэгжих, онкогенүүдийн экспресси түргэснэ. Удмын мэдээлэлд шууд өөрчлөлт оруулахгүй ч генийн экспрессид нөлөөлдөг удамшлын хүчин зүйлүүдийн нэг нь дезоксирибонуклейн хүчлийн метилжилт юм. Сүүн тэжээлтэн амьтны ДНХ-ийн нийт цитозины үлдэгдлийн 5 хүртэлх хувь нь 5-метилцитозиныг үүсгэн 5-р байрлалд метилждэг байна. Энэ нь дээд эукариот эсүүдийн ДНХ дахь цорын ганц өөрчлөгдсөн азотлог сууриудын нэг юм. Метилжилт нь ДНХ-ийн хос утаслагийн дагуу тэгш хэмтэйгээр явагддаг ба 5-метилцитозины үлдэгдэл нь 3 төгсгөлийн гуанины үлдэгдэлтэй байнга хамт байрладаг. Метилжсэн ДНХ нь ген идэвхжихэд оролцдог. Уургийн нийлэгжилтийн транскрипцийн түвшин алдагдах нь нуклейн хүчлийн динуклеотидийн метилгүйжих үйл явцтай холбоотой явагдана. Нас ахихад ДНХ-ийн метилийн бүлгээ алдах явдал нэмэгддэг бөгөөд эсийн эмгэг ургалтыг нөхцөлдүүлдэг байж болох юм гэж үзэж байна.

Уургийн гликозиджилт ба ДНХ

Нуклейн хүчил болон уургуудын чөлөөт амин бүлэгт (-NH2) нүүрс усыг холбож өгснөөр уг нуклейн хүчил болон уургийн молекул нь бүтэц болон үйл ажиллагааны өөрчлөлтөнд орно. D-глюкоз, D-галактоз зэрэг моносахаридууд нь бие махбодын дотор явагдаж буй бодисын солилцооны маш олон хувиралтад ордог бөгөөд уургийн молекултай ковалентын холбоогоор холбогдох, хоёр өөр уургийг хооронд нь холбох зэрэг бүтцийн өөрчлөлтийг үүсгэнэ. Жишээ нь холбогч эдийн коллаген уураг нь глюкозыг их хэмжээгээр агуулсан байдаг ба настай болон чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн коллаген уурагт эрүүл хүмүүстэй харьцуулахад глюкозын агууламж өндөр болсон байдаг. Үүнээс болж биеийн нийт уургийн 35 хүртэлх хувийг эзэлдэг коллаген уураг уян чанараа алдаж цусны судасны ханын суурин мембран зузаарахад хүргэдэг. Ингэснээр нас ахих болон чихрийн шижин өвчний үед бөөрний эдэд судасны ханын өөрчлөлт явагдаж судас хатуурч нарийсан, цусны урсгал удааширч, бөөрний үйл ажиллагаа алдагддаг.

Хөгшрөлийг удаашруулдаг нилээд үр дүнтэй аргуудын нэг болох хоол хүнсний илчлэг чанарыг бууруулахад хүнсээр авч буй глюкозын агууламж цусанд багасч глюкоз бусад уургуудтай, ялангуяа цусны гемоглобинтой холбогдох нь буурна. Уургийн гликозиджилтын дүнд чөлөөт радикалууд үүсч исэлдүүлэх урвал явагддаг учраас цусан дахь глюкозын концентраци буурснаар уургийн гликозиджилт буурахаас гадна өөхний дээд хүчлүүдийн исэлдэлт буурна. ДНХ болон түүний нуклеотидууд мөн ферментийн бус замаар гликозиджих урвалд ордог учраас ДНХ шууд гэмтэж, түүнийг засварлах репарацийн тогтолцоо идэвхгүй болсноос их биеийн мутаци үүсч эсийн хөгшрөлийг түргэсгэнэ. Сүүлийн үед аминогуанидин зэрэг бодисын нөлөөгөөр уургийн гликозиджилт буурч, суурин мембраны зузааралт арилж атеросклероз, бөөрний эдийн гэмтэл арилдаг болохыг тогтоосон байна.

ДНХ-ийн репараци ба хөгшрөл

Хөгшрөлтэй холбоотой ДНХ-ийн гэмтэл хуримтлагддагийн нэг шалтгаан нь түүнийг засварлах репарацийн тогтолцооны сулрал үүсдэг явдал юм. Зарим судлаачдын судалгаагаар ДНХ-ийн репарацийн тогтолцооны хурд, насжилт хоёр эерэг хамааралтай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ДНХ-ийн репарацийн тогтолцооны хурд хэдийчинээ өндөр байна төдийчинээ насжилт урт байжээ. Жишээ нь зарим бүлгийн амьтдад азотат нэгдлүүдийн нөлөөгөөр гэмтсэн ДНХ-ийн репарацийн тогтолцооны хурд, насжилт 2 эерэг хамааралтай болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл ДНХ-ийн гинжнээс хувирч өөрчлөгдсөн азотот суурь болох О6-метилгуаниныг зайлуулах хурд хархны элэгний эсээс 10 дахин өндөр байдаг. Үүний дүнд хүний эд эсүүд азот агуулсан канцероген нэгдлүүдийн нөлөөнд харьцангуй бага өртдөг байна.

Хэдийгээр репарацийн тогтолцооны хурд өндөр ч ДНХ-ийн бүх гэмтлүүд засварлагддаггүй. Жишээ нь хархны нэг эсэд өдөрт 105 исэлдэлт ДНХ дээр явагддаг гэж үздэг. Хэрэв репарацийн хурд ДНХ-д үүсэх гэмтлийн тоог гүйцэхгүй бол нас ахих тусам ДНХ-ийн мутаци нэмэгдэн, хуримтлагдсаар байх болно.

ДНХ-ийн химийн бүтцийг хамгаалж буй репарацийн тогтолцоог 3 үндсэн хэсэгт хуваадаг. Шууд репарацийн дүнд ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт үүсгэлгүйгээр гэмтэл арилдаг. Экзцизион репараци нь олон ферментийн тогтолцоо бөгөөд түүний бүрдэл хэсгүүд нь репарацийн процессийн янз бүрийн үе шатанд биеэ даасан үүрэгтэйгээр оролцдог. Репликацийн дараах репараци нь үнэн чанартаа гэмтлийн арилгадаггүй харин түүнийг тойрч гардаг. Энэ нь нуклеотидын дарааллын алдагдал буюу мутацитай шууд холбоотой юм.

Гэвч ихэнх судлаачдын үзэж байгаагаар насжилтай холбоотой ДНХ-ийн репарацийн тогтолцооны идэвх сулардаггүй болох нь батлагджээ.

Чөлөөт радикалын онол

Чөлөөт радикалын онолыг Д.Харман (1956), Н.М.Эмануэль (1958) нар бие биеэс үл хамааралгүйгээр нэгэн зэрэг дэвшүүлсэн түүхтэй. Энэ онолоор зөвхөн хөгшрөлийн механизм тайлбарлагдаад зогсохгүй түүнтэй холбоотой бусад эрхтэн тогтолцооны зүгээс гардаг эмгэг үйл явцуудыг тайлбарласан байдаг. Үүнд: зүрх судасны тогтолцооны эмгэг, дархлаа дутмагшил, тархины дисфункци, болрын бүдэгшил, хавдар болон бусад эмгэгүүдийн үед нөлөөтэй нь тогтоогдсон.

. Энэ онолоор эсийн митохондрийн дотор үүсдэг хүчилтөрөгчийн супероксид (O2), устөрөгчийн хэт исэл (Н2О2), гидроксил радикал (ОН), синглет хүчилтөрөгч (mO2)зэрэг нь эсийн макромолекулууд болох уураг, нуклейн хүчил, өөх тос зэргийг гэмтээнэ. Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүд нь эсийн мембраны уургууд, коллаген ширхгүүд, ДНХ, хроматин, бүтцийн уургуудыг гэмтээж бөөмийн болон митохондрийн генүүдийн шууд бус зохицуулгад оролцон ДНХ-г метилжүүлж, эсийн доторх Са2+ ионы тэнцвэрт нөлөөлнө. Энэ гэмтэл нь цааш коллаген, эластин, ДНК, мукополисахарид, липопротейн, уурагт явагдана.

Хүн дунджаар 70 жил наслахад хүний биед ойролцоогоор нэг тонн хүчилтөрөгчийн радикал үүсдэг ба гадна агаараас авч буй хүчилтөрөгчийн дөнгөж 2-5 хувь нь хүчилтөрөгчийн хорт радикалд шилждэг байна. Хархны эс дээр хийсэн судалгаагаар хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэрүүдээр өдөрт 104 тооны ДНХ-ийн гэмтэл үүсдэг ба нийт уургийн 10 хувьд карбонилийн бүлэгт нь өөрчлөлт ордгийг тогтоожээ. Гэхдээ эсэд үүсч буй ихэнх чөлөөт радикалууд нь эсийг гэмтээхээс өмнө бусад нэгдлүүдээр саармагжин хоргүйждэг. Ийм хорт нэгдлүүдийн нэг сая молекулаас дөнгөж арав орчим нь түүнийг саармагжуулагч ферментийн үйлчлэлд өртөлгүй үлдэнэ.

Теломерийн онол

Эсийн хуваагдал бүрт хромосомын төгсгөлийн хэсэг болох теломер богиносож байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Богиноссон теломер нь эсийн хуваагдлаас сэргийлэх механизмыг идэвхжүүлдэг байна. Энэ байдал нь шавиа чөмөг, артерийн судас зэрэг эсийн эрчимтэй хуваагдал зайлшгүй шаардлагатай байдаг эдүүдэд хөгшрөл явагдах чухал хүчин зүйл болдог байж болох юм.

1961 онд Heyflick ба P.S.Moorhead нар ямар ч төгс төгөлдөр тэжээлт орчинд хүний үр хөврөлийн фибробласт эсийг өсгөвөрлөхөд тодорхой тоогоор буюу 50±10 удаа л хуваагдаад цааш хуваагддаггүй болохыг тогтоожээ. Морфологийн хувьд ялгаатай хэд хэдэн үе фибробласт эсийн өсгөврийн ургалтын явцад ялгарах ба төгсгөлд нь хуваагдах чадваргүй болсон байна. Энэ нь олон удаагийн судалгаагаар батлагдсан ба эс ойролцоогоор 50 удаа хуваагдаж байгаа энэ тоог Хейфликийн хязгаар гэж нэрлэжээ.

1971 ионд А.М.Оловников тухайн үед ДНХ-ийн нийлэгжилттэй холбоотой гарч байсан мэдээллүүдэд үндэслэн маргинотомын онол буюу эсийн доторх тоолуур хэрхэн ажилладаг механизмын тухай таамаглал дэвшүүлсэн. ДНХ-ийн полинуклеотидуудын нийлдэгжилтийн явцад ДНХ-полимераза бүрэн хуулбарлаж чаддаггүй, шинээр үүсэн гинж нь заавал эхэн хэсэгтээ богино байдаг учраас эсийн хуваагдал бүрийн үед ДНХ богиносон эсийн хуваагдах чадвар аажим буурдаг байна.

1985 онд теломераза ферментийг нээснээр Оловниковын таамаглалд их түлхэц болсон. Олон эрдэмтдийн судалгаа шинжилгээгээр дараах нээлтүүдийг олж илрүүлсэн байна. Үүнд:

1. ДНХ-ийн 3 төгсгөлд теломер гэж нэрлэгдэх тодорхой нуклеотидын дараалал байх ба энэ дараалал нь РНХ-ийн өвөрмөц фермент болох теломеразын тусламжтай нийлэгжинэ.

2. Шугаман хромосом агуулдаг эукариот болон биеийн эсүүд теломеразын идэвхгүй байна. Ийм эсэд онтогенез хөгжил болон хөгшрөлийн үед теломер нь богиносож байдаг.

3. Бэлгийн болон хавдрын эсүүд нь теломеразын идэвх маш өндөр байдаг учраас хуваагдах чадвар өндөртэй бараг үхдэггүй байна.

4. Эгэл биетний теломерүүд хоорондоо ихээхэн ялгаатай байдаг бол сээр нуруутан амьтдад тэдгээр нь (TTAGGG)n гэсэн ижил бүтэцтэй дараалалтай байдаг.

Солбицон холбогдох онол

Усыг эс тооцвол эсэд олон тооны полисахарид, липидтэй холбогдсон уургууд агуулагдаж байдаг. Ийм нэгдлүүд нь эсийг хооронд нь холбож эд үүсгэн, тэр нь цаашид эрхтэнг үүсгэнэ. Үе, холбоос, шөрмөс, яс, мөгөөрсний эдэд голчлон тохиолддог уургуудын нэг бол коллаген юм. Бие махбодын нийт уургийн 1/3 хувийг коллаген эзэлнэ.

Коллаген ширхгийн бүтцийн үндсэн нэгж нь тропоколлаген бөгөөд 3 полипептидийн гинжээс тогтсон байдаг. Гинж тус бүр 1000 аминхүчлийн үлдэгдлээс тогтох ба аминхүчлийн найрлагын 1/3-ийг глицин эзэлнэ. Гурван полипептидийн гинж өөр хоорондоо устөрөгчийн холбоогоор, гурвалсан тропоколлаген өөр хоорондоо устөрөгчийн болон вандервальсын хүчээр татагдан холбогдсон байна.

Залуу байхад энэ холбоосууд нь эмх цэгцтэй цөөн байдаг бол нас ахих тусам хоорондоо солбицон олон тооны холбоос гарч ирдэг. Иймээс хүний арьс залуу насанд уян, зөөлөн байдаг бол нас ахихад уян, зөөлөн чанараа алдаж хөгшрөх болно.

Нөхөн үржихүйн эсийн цагиргийн онол

Нөхөн үржихүйн даавар нь амьдралын эхэн үед нөхөн үржихүйг хангахын тулд эсийн цагираг дохиогоор өсөлт хөгжилтийг хариуцаж байдаг бол амьдралын сүүл үед нөхөн үржихүйг хариуцаж чадахгүй, зохицуулга нь алдагдаж хөгшрөлд хүргэдэг байна.

Бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүн хуримтлагдах онол

Бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнүүд хуримтлагдах нь бодисын солилцоог саатуулдаг гэсэн хөгшрөлийн биологийн онол юм.

Аутоиммунный онол

Ауто эсрэг биеүдийн тоо олширч биеийн эдүүдийн эсрэг тэмцсний дүнд хөгшрөл явагдана гэсэн онол. Хөгшрөлийн үед тохиолдох маш олон өвчнүүд тухайлбал: атрофический гастрит, Хашимотогийн тиреодит зэрэг өвчнүүд нь аутоиммунный энэ механизмаар үүсдэг.

Митохормезис

1930 оны үеэс шаардлагатай шим тэжээлээр ханган, калорийг хязгаарлах нь хөгшрөлтөөс сэргийлнэ гэж үзэж байсан. Харин сүүлийн үед Майкл Ристоу энэхүү хөгшрөлийг удаашруулж буй шалтгаан нь митохондрид чөлөөт радикал ихээр үүссэнээс хоёрдогчоор антиоксидант хамгаалах чадвар нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэх болжээ.

Энтропийн онол

Хөгшрөлийн цорын ганц шалтгаан болсон энтропиг илэрхий бууруулахын тулд эсийн репеаринг механизмыг идэвхжүүлэх хэрэгтэй гэж Португалийн телевизийн нэвтрүүлгээр зөвлөжээ. Биомолекулын тусгай бүрдлийн тусламжтайгаар дулааны юм уу, исэлдэх стресст орсон эсүүдийг ч хүртэл үхүүлэхгүй байх боломжтой юм байна.

Антагонист плейотропи

Уильям (1957) антагонист плейотропи гэдэг өөрийн онолоо гаргасан. Плейотропи гэдэг нь 1 ген фенотипт 2 ба түүнээс дээш нөлөөг үзүүлдэг гэсэн үг юм. Антагонист плейотропи гэдэг нь нэг нөлөө нь үр өгөөжтэй байдаг бол нөгөө нь хор хөнөөлтэй байх чанар юм. Гол утга санаа нь эхэн үедээ үр дүнтэй байсан нөлөө нь хожим муугаар нөлөөлөх гэсэн үг. Биологийн туршилтын судлаачид хөгшрөлд нөлөөлдөг генийг тодорхойлохоор эрэлхийлж байсан бөгөөд 1990 оны үеэс тэдгээрийг тогтоох үр дүнтэй технологийг нээсэн. Тэдгээр хөгшрөлийн олонх генүүд нь амьдралын эхэн үед үр өгөөжтэй сайн нөлөөтэй байсан нь тогтоогдсон боловч заримд нь тийм нөлөө илрээгүй байна.

Disposable soma theory Онол

1977 онд Томас Кирквүд бие нь хэрэгцээтэй энергиэр хангагдах ёстой гэсэн онолыг дэвшүүлсэн. Бие нь бодисын солилцоо, нөхөн үржихүй, нөхөн шинэчлэгдэх, хэвийн байдлаа хангах зэрэгт шаардлагатай энергийг хоолоор авдаг. Хүн энергийнхээ 40 хувийг тархины үйл ажиллагаанд, 30 хувийг трансмембраны потенциал болон биеийн температурыг хэвийн барихад зарцуулдаг байна. Хязгаарлагдмал хэмжээний хоол хүнс хэрэглэвэл бие доройтох ба дээрх бүхий л үйл ажиллагаанууд хэвийн хэмжээнд явагдаж чадахгүй. Энэхүү нөхөн шинэчлэх үүргийг гүйцэтгэх энергийн хангалтгүй байдал нь нас ахихад аажмаар хөгшрөлийг үүсгэх шалтгаан болдог гэж үздэг. Энэ онол нь хэдийгээр их сайн онол боловч зөрчилдөх зүйлс бас байдаг. Энэ онолоор хоол хүнс бага хэрэглэх нь олон төрлийн хямралыг бий болгон гэж үзэж байгаа ч 1930 оноос хойш хийгдэж байгаа олон туршилт судалгаанд бага хооллосон амьтад илүү удаан амьдарч байсан. Энэ нь калорийн хязгаарлагдалтай холбоотой.

Хөгшрөл ба насжилтай холбоотой эмгэгүүд

Насжилтай холбоотой болрын бүдэгшил, үений үрэвсэл, склеродерми, ясны сийрэгжил, атеросклероз, тархины харвалт зэрэг олон төрлийн эмгэгүүд үүсдэг. Настангуудын 85 хувь нь атеросклероз, даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, Алцгеймерийн өвчин, хавдар, эсэргүүцэл суларснаас халдвараар өвчлөх гэсэн 7 эмгэгийн аль нэгээр өвчилсөн байдаг. Мөн хөгшрөлийг хурдасгаж, амьдралыг богиносгодог олон тооны удамшлын өвчнүүд байдаг. Насжилтай холбоотой эмгэгүүд нь генетикийн гаралтай, үүсэх ерөнхий механизмтай байдаг учраас генийг илрүүлэн, ерөнхий механизмыг олж мэдснээр нэг ба хэд хэдэн өвчнийг зэрэг эмчлэх үр дүнтэй арга зам, эмийг гаргаж болох юм. AGENE судалгааны институт хувь хүний хөгшрөл ба эсийн хөгшрөлийг судалж байна. Судалгааны үр дүнд насжилтай холбоотой үүсэх эмгэгүүдийн механизмыг тодорхойлж, хөгшрөлийн генийг тогтоох юм.

Хөгшрөл ба хоолны хязгаарлал

Хоол хүнсийг хязгаарлахад дагалдан үүсдэг чөлөөт радикалын эсрэг идэвхтэй тэмцэгч нь супероксид десмутаз, глутатион пероксидаз юм. Элэг, бөөр зэрэг эрхтнүүдэд каталаза ферментийн идэвх буурах нь хөгшрөлийн нэг шалтгаан болдог. Хоол хүнсийг хязгаарлахад Weindruch Walford нарынхаар каталаза ферментийн идэвх 50 хувиар сайжирдаг байна. Хоол хүнсийг хязгаарлах нь чөлөөт радикалын эсрэг биеийн тэмцэх чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой.

Витамин Е-ийн дутагдал нь цусны улаан эсийн цагаас эрт хөгшрөлийг нөхцөлдүүлнэ. Мөн хөгшрөлийг ерөнхийд нь түргэсгэнэ. Витамин Е-ээр хангах нь липофусцины хуримтлалыг багасгадаг.

Витамин С, Е, коэнзим Q10 нь хүчтэй антиоксидантууд бөгөөд эдгээрийн дутагдал хугацаанаас эрт хөгшрөлийг нөхцөлдүүлдэг.

Селениумын дутагдал нь глутатион пероксидазыг багасгадаг болохыг БНХАУ-д хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Антиоксидантыг хэрэглэх нь хүний амьдралыг уртасгахад нөлөөтэй эсэх нь тогтоогдоогүй ч Алцгеймерийн өвчин зэрэг насжилтай холбоотой өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байна.

Мөн магнийн дутагдал нь хөгшрөлтөд нөлөөлнө, ялангуяа мэдрэл булчин, зүрх судас, бөөрний шинж тэмдгүүдийн үед магнийн дутагдал үүсдэг.

Хөгшрөл ба мелатонин

Мелатонин нь боргоцой булчирхайнаас ялгардаг бөгөөд нөхөн үржихүй, нойр, биеийн биохэмнэл зэрэг олон үйл ажиллагааг зохицуулж, чөлөөт радикалыг устгагч антиоксидант юм. Мелатонин нь геномын шууд үйлчлэлтэй ба дааврын түвшнийг өөрчилж генийн экспресст нөлөөлөх чадвартай. Нас ахихад мелатонины хэмжээ буурдаг нь оксидант стресс үүсэх шалтгаан болдог. Энэ нь цааш эсийн гэмтэлд хүргэж, хөгшрөлийг нөхцөлдүүлэн, насжилтай холбоотой эмгэгүүдийг бий болгодог. Мелатонин нь насжилтай холбоотой үүсдэг Паркинсонизм, Алцгеймерийн өвчин зэрэг мэдрэлийг сөнөрөөх өвчнүүдийн үед нейроны гэмтлээс сэргийлдэг. Энэ байдал нь насжилтын процесст мелатонины гүйцэтгэх үүрэгтэйг баталж байгаа юм. Сүүлийн хэдэн жилийн судалгаагаар мелатонин нь цэвэршилтийн дараах хам шинжийн үед тухайлбал: сэтгэл санаа хямрах, нүүр халуу оргих, ясны сийрэгжил, нойргүйдэх зэрэгт сайн нөлөөтэй нь тогтоогджээ. Ихэнх антиоксидант амин дэм, тэжээлийн бодисууд нь мелатонины адил эсэд амархан нэвтэрч чаддаггүй, мелатонин эсийн аль ч хэсэгт амархан нэвтэрч чаддаг онцлогтой.

Хөгшрөл ба DHEA (дегидроэпиандростерон)

Энэхүү бодисыг бидний бие өөрт хэрэгтэй эстроген, тестостерон, прогестрон, кортикостерон болгон хувиргадаг. Судалгаагаар дегидроэпиандростерон нь Алцгеймерийн өвчин, хавдар (ялангуяа хөхний), зүрхний өвчин, таргалалт, түрүү булчирхайн эмгэг зэрэгт сайн нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ.

Эх сурвалж:
www.nchd.mn