Tuesday, April 28, 2009

Бүлээн

Нутгийн чулуу


Бодохийн төдийд л уярааж
Бороо болон орж сэтгэл дэвтээсэн эх орон минь
Будант саарал өдрүүдийн цаанаас
Сэмлэж гийсэн эх орон минь

Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад анирдахад
Нуурын эрэгт буух хунгийн дэвэлт сонсогддог
Нутгийнхаа бор чулууг атгаж байгаад дэлгэхэд
Нулимсаа арчиж үлдсэн эхийн минь харц харагддаг


Гуниг минь түрүүлж сэрдэг





Ирэх шувуудийн ганганаад
Гуниг минь түрүүлж сэрдэг
Ирэхүй одохуйн дунд би
Өөрийгөө гээж суудаг

Хайлсан цасны шар ус
Эмтэрсэн сэтгэлийг эмжин урсaхад
Энэ л хаврыг би хэн нэгэнд бэлэглчихээд
Эргэж харалгүй яваад л өгмөөр...

Хаврын бүлээн салхинд илбүүлэн суухдаа
Хаашаа ч юм бэ? би яардаг aa
Хайр дуудах зэргэлээт өдрүүдйиг ганцаараа үдэхдээ
Хоосортолоо би санаа алддаг аа

Үгүйлэн санана - Д.Нарантуяа. Чикаго (Найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг)

Энэхүү нэвтрүүлгийг үзээд үнэхээр сэтгэл зүрхны утас хөндөгдөж ёстой сэтгэлийн цангаагаа олж мэдрэв үг бүхэн нь утгатай ухаарал бишрэл төрүүлсэн сайхан Монгол эхийн энэ нэвтрүүлэг маш олон залууст амьдрал үйлс бүтээлд сэтгэлээрээ нандин дуурайл болсон эгэл жирийн хийгээд эгэл даруухан Монгол эхийн нэвтрүүлэгийг үзэхийг санал болгож байна.
Нарантуяа гуай болоод энэ сайхан нэвтрүүлгийн уран бүтээлч Найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нэвтрүүлгийг бүтээгчдэд талархал илэрхийлье.Онцлоход хөтлөгч үнэхээр сайхан хөтөлжээ.

Sunday, April 26, 2009

Тэнгэр шиг бай

...Монголчууд эрт дээр үеэс л тэнгэрийг шүтдэг байж. Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан омгорхож явахдаа их эзэн Чингис хаан, өөрийн болон өрөөл бусад гүрний хувь заяаг, хөх тэнгэрээс лавлаж, чин зоригоор алив асуудлыг шийдэхдээ, "Тэнгэрийн тааллаар" хэмээн зарлиглаж асан. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын их хаадууд дэлхийг захирч, эрдэм ухаан, ид хав, сүр хүчээ гайхуулж явсан. Энэ ертөнцийн түмэн олноос гагцхүү монгол үндэстэнг тэнгэр тэтгэж, мөнх тэнгэрийн хөх тамгатай төрүүлдэг гэж өдгөө хүртэл бид итгэцгээдэг.
Өнөө эс гэхэд, маргaaшийн нэгэн өдөр "тэнгэр биднийг ивээнэ" хэмээн их хувь заяандаа битүүхэн сүсэлнэ. "Тэнгэр заяат" гэдэг үгэндээ монголчууд, дотор сэтгэлдээ сэмхэн омогшино. Тэнгэр л бидний хувь заяаг тольддог гэсэн итгэлдээ, "муу явж болохгүй ээ" хэмээн өөрийгөө хурцлан, зоригжуулна.
...Хааяа сэтгэл тавгүйрхэж, бие чилээн алжаах мөчид санаа алдан тэнгэр лугаа ширтэхэд, тэр л амгалан хөх тэнгэр, юу ч болоогүй юм шиг цэнхэртэн ахуйд тайвшралыг олох. Тэр мөчид "нээрээ юу ч ч болоогүй, юу ч өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ" гэж өөрийгөө аргадна. Сэтгэлд хургасан бараан үүлс, яг л тэнгэрийн үүлс чиг яаран сандран нүүж одохуйд, сэтгэл минь тэнгэр шиг цэлмэж, уртаар амьсгаа авна.
Удаан ажихад чилсэн нүднээ чийгтэх нулимс, ширхэг дусал болон хацар норгох нь , бүхнийг ариутган чийглэх борооны цусал мэт. Заримдаа нүргэлэн, цахилан аадар асгаруулан хилэгнэх тэнгэр, аажим аажимдаа намдан, борооны дуслыг хөгжилтэйеэ үсчүүлэн аргадах нь, хүний сэтгэл мэт. Тайвшралыг олон сэргэсэн сэтгэл, борооны дараа тэнгэрт нумран, өнгө үзэмжээрээ гайхуулах солонго мэт.
Тайвшрал.
Монголчууд бид энэ цаг дор их л бухимдалтай болсон мэт. Бие биедээ уцаарлан, бэлэггүй муу үг чулуудалцан, бичсэн, ярьсаныг өөчлөн муучилж, бас маргалдаж, мэтгэлцэнэ. Хорон бүдүүлэг муу үгс, сэтгэл юуг хиртээн гундаах аж. Юунд ингэнэ билээ. Үгээр хүнийг аварч бас алж болдог гэнэм. Өнөө цагт эвийг хичээж, үгээ цэнэн, үйлээ ариусгах нь өөдрөг сайхан байхын эхлэл аж.
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүн гэж
Хашгирч, ерөөж байвч, тэнгэр шиг бай /О.Дашбалбар/
Амьдралд сайн муу олон л зүйл тохиолддог. Харь газар хатуу хэцүүг нуруундаа үүрч, алжааж ядрахдаа, хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт амьдран, амгалан байж чадахгүйдээ хааяа цухалдах. Бүтээгүй дурлал, зүдүүхэн амьдрал, бэрхшээл саад тохиолдоход маргаашийн сайханд итгэл алдарч хааяа гунина. Ямарч цагт итгэл алдрах л хамгаас хэцүү. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй" гэдэгчлэн бүх зүйл өөрчлөгдөн хувирах их заагт, олон сайхан учрал тохиол эргэж ирдэг. Итгэл гэдэг тэр цагийн хүлээлт байдаг аж.
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай /О.Дашбалбар/
Амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй зүтгэлдээ хааяа алжааж чилэх. Худал хуурмагийн өмнө хүчин мөхөсдөхдөө, хэн нэгний итгэл алдсан сэтгэлийн шаналалдаа, хэлж зөвлөх хүнгүй, ухаан дутагдах мөчид сэтгэл харанхуйлж, дотор давчдах үе тохиолддог. Тэр мөчид " би өөрөө өөрийнхөө төлөө амьдарч яваа юм шүү дээ" гэж өөртөө хэлэх нь, тайвшралыг авч ирдэг. Хүн өөрийн хувь заяаныхаа эзэн нь байдаг аж.
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг /О.Дашбалбар/
Энэ ертөнцөд үхэл, өвчин хоёроос хэцүү нь үгүй билээ. Бусад зовлон хэмээн нэрлэх зүйл энэ хоёрын дэргэд юу ч биш. Гэвч зовох нэгэн цаг байхад, жаргах нэгэн цаг ирдэг. Өвдөх нэгэн үе байхад, эдгэх нэгэн үе ирдэг. Уйлж суух нэгэн өдөр байхад, инээж суух нэгэн өдөр ирдэг. Өөдрөг бодол, тэвчээр, эзэндээ тайвшрал, бас аз хийморь авчирдаг гэнэм. Тэвчээр хүнийг ялалтад хүргэдэг аж
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март /О.Дашбалбар/
Ямар ч үед хүн ухаанаа барьж, уужим сэтгэлээр хандаж ахуйд алдаж, зовох нь бага байдаг гэнэм. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө бүх зүйлд хандаж, өөрөө шийдэж байдагт хүн болсны шид нь байдаг. Үүнийхээ төлөө сайн муу үйлээ өөрөө үүрч, өөдрөг сайн явах нь хүн болж төрсний гавьяа хэмээнэ. Энэ сайхан ертөнцөд хүн болж төрөн, цагийг өөдрөг сайнаар элээхээс илүү хувь заяа үгүй аж.
Уур омог, урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай /О.Дашбалбар/
Нэгэн цагт О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай" хэмээх энэ шүлгийг уншиж байхдаа, аугаа сайхныг биширч байсан сан. Бид хааяадаа сайхан шүлгийг уншаад бахдан шагшивч, тэгсгээд мартдаг муу гэмтэй. Сайхан шүлэг, зохиол бүтээлээс ухаарал авч үлдэж байхсан даа. Өнөө цагт бидэнд хэрэгтэй олон сайхан бүтээлүүд байсаар л байна.
Ухаарал.
Өдгөө цагт Монголчууд бидэнд үндэсний бахархал, омогшил, бардамнал үгүйлэгдээд байнаа. Даяаршлийн энэ эринд бид бие биенээсээ төдийлэн ялгарахгүй хэдий ч, өвөг дээдэс нь дэлхийн хөгжилд ухаан залиараа, сүр хүчээрээ, омог бардмаараа гайхуулж, сайнаар нөлөөлж байсан нь тийм олон бий бил үү?
Монголчууд бид бахархан омогших, өөрсдийгөө үнэлж, сэтгэл оюунаа хурцлах тэр л зүйл дутагдаад байна. Хий хоосон цээжээ дэлдэх бус, дотоод сэтгэлдээ "би монгол хүн учраас, тэнгэр биднийг онцлон тэтгэдэг учраас, бидний өвөг дээдсийн цус миний судсаар гүйж байгаа учраас, бий муу явж хэрхэвч болохгүй" гэдэг омгорхол байж гэмээ нь бид өөдрөг сайхан явах ирээдүй буй.
Хүн бүр дотор сэтгэлдээ өөртөө итгэж, өөрийгөө хичээн сайнаар авч явах нь их хэрэгтэй байнаа. Бие биеэ дэмжиж, бие биеэсээ ухаарал авч, өөрт байгаа муу бүхнээ алхам алхмаар гээж, өөдрөг сайхныг өөртөө цогцлоож, өрөөл бусдад сайнаар нөлөөлж явах нь өөдлөн дэвжихийн үндэс болно. Бусдын мууг шоолон гутаалгүй, бусдын сайнд атаархан хорсолгүй, өөрийн өчүүхэн биейиг өөрчлөн сайжруулах нь тийм хэцүү бишээ. Дор бүрнээ хичээж, дотор ухаандаа тунгааж явбал, монголчууд бид өөдлөн дэвжиж, тэнгэр мэт амгалан амьдрах цаг ойрхон билээ.
Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй" гэдэг үгийг олонтаа хэлэх мөртлөө эв эейиг төдийлэн хичээхгүй өдий хүрлээ. Монгол хүн бүр бие биенээ хүндэлж, өөдрөг сайхан үгсийг хэлэлцэж, бурууд хатуу, зөвд зөөлөн хандваас эв нэгдэл буй болноо. Эв нэгдэл гэдэг хууль цаазаар бус, хүмүүний дотоод сэтгэл, хичээл зүтгэлээр бий болдог аж. Тамын тогооны үлгэрээ хүн бүр ярьсаар явбал, мянган жил ч ярих буйз аа. Үүнд өөр хэн ч бус, гагцхүү монголчууд бид л хохирно. Үр удам, хойч үе минь ч хохирно.
Мөнх тэнгэрийн дор эвлэлдэн нэгдэвээс, Монголчууд бид хэнд ч үл дийлдэх хүчтэй, хэнд ч үл автах ухаантай болноо.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээг.

Гомбосүрэнгийн Галбадрах.

Monday, April 20, 2009

WWW.GEGEE.MN сайт та бvхний ємнє vvд хаалгаа нээж байна

Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж эрт дээр цагаас сургаж ирсэн ард тvмэн. Тиймч учраас саар хар бvхнээс 6 мэдрэхvйгээ аль болох хол байлгадаг байж. Мєн аливаа хар бараан зvйлийн тухай ярихдаа хvртэл цээрлэж зєєллєж, эсрэг болоод хvндэтгэлийн vгээр хэлэлцдэг байж.
Єнєєдєр Монголын маань нийгэм тєдийгvй дэлхий тэр аяараа даяарчилагдаж мэдээллийн хурд бєєгнєрєл тоймоо алдсан гэхэд болно. Бидний оюун ухаан сэтгэл зvрх мэдээллийн суманд сийчvvлж эгээтэй л хэрэгтэй хэрэггvй мэдээллийн хогийн сав болж байн уу гэлтэй


Мэдээллийн хэрэгслvvдээр гэмт хэрэг, хямрал, аллага хядлага, садар самуун гээд нуруу хvйт дааж, толгойтой vс босож, чих халууцмаар мэдээллvvд хєвєрсєєр. Хvссэн хvсээгvй хvмvvс бид тvvнийг уншиж сонсож сэтгэлээ чилээн хар энерги цуглуулан бухимдсаар...
Энэ бvхнээс ангид *Зєвхєн Гэгээн!* гэгээн гэсэн уриатай гэгээлэг, ариун, vнэн бvхнийг нийтэлдэг WWW.GEGEE.MN сайт та бvхний ємнє vvд хаалгаа нээж байна. Тавтай морил!

Бид танд хэрэгтэй, мэдлэг болохуйц, vнэн, шуурхай, гэгээлэг мэдээ мэдээллийг мэлмийд тань толилуулж, оюуны тань цангааг тайлахын тєлєє хичээн ажиллах болно.

Эрхэм хэрэглэгч та бидэндтэй хамт байж орчин тойрноо гэрэлтvvлэхийн тєлєє, гэгээлэг дулаан амар амгалан амьдралын тєлєє энэхvv дэнлvvг хамтдаа асаагаарай!

Амьдрал дээр хараасаа цагаан нь тод, муугаасаа сайн нь илvv, муухайгаас ариухан нь олон гэдэгт бид итгэдэг!!!

www.gegee.mn сайтын хамт олон

Wednesday, April 1, 2009

Уламжлалт анагаах ухаан

-Боролзгоны иш, хальс, жимс нь цөс эмэнд орох бөгөөд ханиадыг зогсоон, хямарсан халууныг арилган, уушигны тамирыг сайжруулан, цэрийг ховхлон амьсгал давхцахыг засна.-Ханиаданд хамгийн сайн гэгддэг нь цагаан будааны шүүс юм. Цагаан будааг дутуухан агшаагаад шүүстэй нь хэрэглэх нь нэлээд үр дүнтэй.-Хий бөгшүүлж ханиалгахад азарган цагаан төмсийг сүүнд буцалгаж, 5-7 хоног оройдоо тогтмол уух нь маш сайн.-Ханиалгаад байвал чацарганыг элсэи чихэртэй хольж буцалгаад унтахын өмнө халуунаар нь уух, мөн хонины сүүлийг жижиглэн хөшиглөөд тосийг нь уувал эдгэрдэг. Мөн хөх дэгд, анисны навч буцалгаж уудаг.-Томуу, мөн ханиалганд чонын махны шөл уух, чонын махыг сармистай буцалган хар шөлийг хөлөртлөө уугаад салхи авхуулахгүй байвал нэн сайн.-Нярай, нялх болон бага насны хүүхдийн ханиалганд хиргүй даавуунд шар тос шингээж, халаагаад сэрвээн дээр нь бүлээн жин гурван удаа тавихад эдгэрнэ. Салхи авахуулж болохгүй.-Уушигны үрэвсэл, цэр ховхлох, мөн сэтгэл санааг тайвшруулахад цагаан цээний үндсийг чанан хандлаж хэрэглэх сайн.-Нэг ширхэг улаан лууванг голоор нь нүхлээд дунд бага зэрэг зөгийн бал дүүргэж, гал дээр шараад өдөрт нэгийг халуун бүлээнээр нь идвэл ханиалгыг дардаг.-Үгдэрсэн ханиалгад хөх, цагаан дэгд, царван, цагаан лууванг ижил хэмжээтэйгээр хэрчин чанаж, буцалгаад өдөрт гурван удаа тус бүр дунд зэргийн шаазангаар ууна. Мөн цагаан далийг чанаж уух ба зажилж шүлсээ залгих нь сайн байдаг.-Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалан ханиалгахад чацаргана чанаж, өдөрт гурван удаа уудаг. Мөн янлуйг сүүнд 3-5 ширхэгийг чанаж, халуунаар уух, шингэн гавар буцалгаж буй усанд гурав дусааж уувал элдэв ханиадыг анагаана.-Мэнгэр болон цээжний өвчнийг анагаахын тулд гахайн дотор өөхийг зөөлөн гал дээр хайлуулж, халуун дээр нь унтахын өмнө нэг аягыг тасралтгүй ууна. Эмчилгээний эхний үед өглөө цай уухаас нэг цагийн щуө уувал зохино.-Багтраа ханиадтай хүмүүс долоогоныг бүрж уух нь хамгийн сайн гэнэ.-Архаг ханиаданд луувангийн шүүсийг сүү юмуу, шингэн балтай ижил хэмжээтэй өдөрт зургаан удаа хоолны халбагаар ууна. Мөн хоёр халбага шинэ өрөм буюу цөцгийн тос, шинэ хоёр өндөгний шар, цайны халбага улаан буудайн гурил, хоёр халбага балыг сайтар хольж хутгаад өдөрт 3-4 удаа тогтмол цагаар ууна.-Архаг ханиадтай хүн 10 ширхэг сонгино нэг сармисыг жижиглэн хэрчиж, сүүнд хийгээд сонгино сармисыг зөөлөртөл буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмэхэд гэмгүй. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.-Удаан хугацаагаар үргэлжилсэн архаг ханиадыг анагаахдаа цээжийг хуурай цэмбэн алчуураар сайн арчаад гахайн дотор өөх юм уу хайлуулсан тосыг түрхээд шингэтэл нь илнэ. Бас ургамлын тос бага зэрэг хольж болдог.-Мэнгэр өвчинд нэрс жимсийг түүж аваад тогоонд ус буцалгаж, түүний дотор битүү саванд жимс нэг аягыг хийгээд ёотон чихэр, шар тос гурвыг жигнэж, уураг мэт буцалгаад бүлээнээр нь ууж идээд наранд толгойгоо халаахгүй хэвтвээс эдгэрнэ. Биеэ сайтар халаах нь нэн сайн.-Таана цусыг төлжүүлдэг. Таана нь элдэв хорыг дарахын сацуу цусыг төлжүүлдэг гэнэ. Тэрээр биеийн тамир хүчийг сайжруулж, нөхөн сэлбэх үйлчилгээтэй юм байна.-Монгол амуу ханиадыг эдгээнэ. Амуу шархыг хурдан аниулж, яс чөмгийг хурдан барилдуулах тустай төдийгүй ханиадыг дарна. Гэдэсний нян үрэвслийг арилгаж, биеийн халууныг тараан тамирыг тэтгэнэ.-Халгай ходоодны илчийг сэлбэдэг. Халгай хэдий элбэг ургадаг ч гэлээ арчлаж торддог хүнд бол түүн шиг эм ховор билээ. Түүнийг хийн өвчин болон цусны эргэлтэнд сайн нөлөөтэй мөн чийг, бам өвчнийг дарж, ходоодны илчлэгийг нэмдэг.-Гогод цус тогтоох чадалтай. Гогод хийг дарж цусыг нөхнө. Үндэс навч нь цус тогтоох чадвартайн дээр гадар шарх, цус тогтоох юмуу элдэв хавдарт үндэс навчийг нь няцалж түрхвэл сайн. Гогодын үр гурван цэнг хуурч болгоод бүлээн усаар өдөрт 1-2 удаа уувал зогсихыг зогсооно. Мөн биеийн хүч тамирыг сэлбэн тэнхрүүлдэг.-Зэрлэг сонгино нойргүйдлийг арилгана. Зэрлэг сонгино хийг дарж, хорхойг устган, чийг бам өвчнийг засаж сайжруулах чадалтай төдийгүй дурыг нээж хүчжүүлэх, бадгана хийг арилгах, илчийг сэлбэх, нойр сайжруулах үйлчилгээтэй байдаг гэнэ.-Тэмээн хөх савны халууныг арилгана. Тэмээн хөх шар арилгах, суулгахыг зогсоох, хорыг тайлах, хавдрыг хариулах чадалтай. Гол нь шарын халуун, савны халуун идээт хавдар гэдэсний хатгалгаанд сайн.-Цагаан төмс гэдэс дүүрэхэд сайн. Цагаан төмсийг нунтаглан буцалгаж шүүсийг нь уух, болгож идэх нь гэдэс дүүрэхэд сайн. Ярны хавдрыг татуулахад ч сайн нөлөөтэй.-Лууль халууныг дарна. Лууль нь хөлрөх, халууныг дарахын сацуу загатнахыг зогсоох, шархыг анагаан хорыг тайлах үйлчилгээтэйн дээр соронзонтой найруулж уулгах юмуу шарханд тавибал ясанд орсон сумыг гарган, шархны шар усыг зогсооно.-Мөөг нь цэр ховхолдог. Цагаан мөөг нь элэг ходоодонд шингэж, улаануудыг түргэн тууруулах чадвартай ба хорыг тайлж, ходоодны үйл ажиллагааг сайжруулан, суулгахыг зогсоодог. Мөн цэр ховхлон, элэгний халууныг засаж, цагаан хорхойн өвчнийг багасгахад сайн.-Зээргэнэ шархыг арилгана. Зээргэнэ нь халууныг арилгаж, цусыг зогсоох, бэтгэ эвдэх, шарх арилгах чадалтай. Зээргэнийг балгана мод, даль, цагаан агь, өргөст арцтай нийлүүлж таван рашаан болгон эмчлэх засал хийдэг. Навч мөчир нь буцалган ууваас ханиад дарж хөлөргөх сайн үйлчилгээтэй.
Эх сурвалж:Миний эрүүл мэнд

Monday, March 30, 2009

Нэрээр минь дуудсаар

Зүрхэнд цогшсон хайрын дөл чинь
Зүггүй салхинд бөхийхийн цагт
Зангидаж өгсөн итгэлийн торгон алчуур минь
Зуурхан шуурганд алдуурахын цагт
Өвдгийг минь дэрлээд шивнэсэн үг чинь
Өвсний толгойд шүүдэр болон бөнжигнөхийн цагт

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын гашуун амтыг бүү мэдрүүлээрэй

Нүгэлийн тамгаггүй тэгш заяа гэж байдаггүй юм
Намрын гэгээгүй бүлээн харц гэж байдаггүй юм
Цэн цэнгээр гэмширэх нулимсаа
Цээжний нөмөрт минь ирж асгаарай
Уйлахын дайтай гэмшил чамд минь байгаа бол
Уучлахын дайтай уяхан сэтгэл надад байдаг юм
Уулын үзүүрт уяатай бардам харц чинь
Урсах нулимстайгаа хамт хайранд минь багтдаг юм шүү
Гэмшилийн нулимс нүдэнд чинь зохидог болохоор
Уучлашгүй гэм гэж чамд минь үгүй
Гэгээн аялгуу зүрхийг минь аргаддаг болохоор
Марташгүй шарх надад үгүй ээ

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй

Намрын шувуу

Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу

Шүлэг үлдээн алхалсаар ...

Хөсөр унасан хадаг шиг гуниг минь шүлэг нөмрөөд
Хагдрах хорвоогийн өнгөнд гундах сэтгэлийг түшин
Шартах мэт гашуун шаргал амьдрал дундуур
Ширтэх араатан мэт шунал хүсэлээс дайжин алхана

Нарны туяа залгилж цагийн урсгал сөрөн
Нэлхийтэл унах гэгээн мөчүүдэд хайлсаар
Ижилгүй өнчин сэтгэл минь нялхарч
Ирэх гэгээн аялгууг амраг мэт тосно

Сэтгэл гуниг хоёр минь бие бие ээ түшин
Сэрүүн зүүд шиг амьдралын утгыг эрэн
Сүүдэр үгүй гэрлийн зүг
Шүлэг үлдээн алхалсаар ......

Үнэнээр явбал.

Гомбосүрэнгийн Галбадрах.


Үнэн гэдэг маргаашийн сайн сайхны төлөөх тэмцэл юм.


Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. "Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй" хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. "Хүн төрөх, үхэх нь үнэн" гэдэг хэллэгийн дунд "татвар төлөх нь үнэн" гэж хавчуулсан байх жишээтэй. "Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү" гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. "Би шударга үнэний төлөө тэмцэж байна" хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.
Туйлын үнэн гэж байхгүй хэдий ч, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа хүмүүс бидний нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журам, хэм хэмжээг хүн төрөлхтөн зохиож, мөрдөж, мөрдүүлж иржээ. Энд болох, болохгүйн зөвшөөрөл ба хориг, түүнийг зөрчсөний төлөөх муу нөлөө ба хохирлыг хэрхэн шийдэхийг ч заасан байдаг.
Хууль дүрэм, журамгүйгээр хүн болгон өөрийн хүссэн бүхнээ хийж, дур зоргоор авирлаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор " тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна" гэдэг хэллэг гарсан биз.
Түүнчлэн хүн төрөөд, өсч бие хүн болох хүртлээ өөрийн эцэг эх, найз нөхөд, орчин тойрон, шашин, уншиж суралцаж, мэдэж сурсан бүхнээсээ амьдралыг үзэх үзэл болон өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоодог. Энэ итгэл үнэмшлээ "үнэн" гэж тооцож, үүнийгээ хатуу баримтлах нь бас бий.
Ингээд бодохоор үнэн гэдэг олон ойлголтуудаас бүрдэх ажээ. Харин өөрийн "үнэн" гэж бодсон зүйлээ зөрчигдөх болон эсрэг хандлагад хүмүүс наш ихээр дургүйцэн бухимдаж бас шанална.
"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"
...Монголын үндэсний их баяр наадмын сондгой даваануудад хүчит бөхийн цолыг дуудан, ам авсныг зарлахдаа:
Үнэн хүчийг үзэж
Барин авч барилдая гэв ээ хэмээн уянгалуулдаг. Үнэн хүчээ үзэн барилдах гэсэн нэгнийг " За чи энэ даваанд тэр бөхөд унаад өгчих. Чамд их мөнгө өгье. Чамд мөнгө, тэр залууд цол хэрэгтэй" хэмээн дарамтлах. Хэрэв эр зориг гарган татгалзвал " За яахав өөрөө л мэд. Чи бид 2 аль нэгэн даваанд учрах байлгүй" гэж заналхийлнэ.Аргагүйн эрхэн үнэн хүчийг үзэж биш, хууран мэхлэлтийг үзүүлэн худлаа унан жүжиглэнэ. Монгол бөхийн ертөнцөд орж ирэн хөгжсөн энэхүү цолны төлөөх " найраа", "бизнес", бүлэглэсэн дарамтаас залхахдаа, ард түмний хайрлан биширч, хүндэлдэг байсан "аварга" А.Сүхбат барилдахаас татгалзан "зодог тайлжээ".
Үнэн гэдэг заримдаа "мөнгө, хуйвалдааны өмнө" бүдэрдэг ажээ.
...Саяхан Монгол улсын ерөнхийлэгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, зохиолын дууны ертөнцөд орж ирээд удаагүй, хийж бүтээсэн зүйл нь төдий л ихгүй залуу дуучин Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ нарт "Монгол улсын гавьяат жүжигчин" гэдэг эрхэм цолыг олгосон нь багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн бухимдлыг хөөргөж орхисон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнчлэн, Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайтай болж, эх орныхоо нэрийг монголдоо төдийгүй дэлхийд дуурсгаж яваа, олон гайхамшигт дуучидтай харьцуулахад бас ч харамсмаар. Сүүлийн үед "гавьяат", болон "ардын' цолыг үнэн хөдөлмөр, авьяас чадвар, хийж бүтээсэнд бус "нутгийн зөвлөл" гэгчийн лобби, сонгуулийн сурталчилгаа, их мөнгөөр олгодог болжээ гэх хардлага, шагналын нэр хүндийн уналт, хүмүүсийг ихээр бухимдуулж буй.
Үнэн гэдэг заримдаа "хоосон алдар, гавьяагүй шагналын" өмнө бүдэрдэг ажээ.
... Өнгөрсөн жил болж өнгөрсөн УЙХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр, сонгуульд нэр дэвшиж, улс орноо "диваажин" мэт хөгжүүлж, ард иргэдээ "лусын хаан" мэт амьдруулна хэмээн амалж байж сонгогдсон олон эрхмүүдийг бид мэднэ.
Өдрөөс өдөрт ард иргэдийн амьдрал ядуурч, улс орон маань доройтон хямарч байхад, өдгөө тэд, өдрөөс өдөрт өнгө орон гялалзаж, өөрсдөө "лусын хаан" мэт баяжиж, "диваажинд буй" мэт жаргацгаана. Амьдралаа босгохын төлөө, алд биейин алжаалыг умартан, эх орондоо төдийгүй харь оронд ч хатуу хөдөлмөр хийж, хэцүү бэрхийг даван туулж яваа, олон олон залуусын дэргэд тэд " хэн?" билээ. Алд биеэ алжаалгахгүйгээр амар аргаар амьдран, худал хэлж, хууран мэхэлж буй тэд, нэгэн цагт бүдэрч унах "ангал" аа өөрсдийн өмнө ухаж буйгаа анзаарахгүй.
Үнэн гэдэг заримдаа "эрх мэдэл, заль луйврын өмнө" бүдэрдэг ажээ.
..."Хадгаламжийн" нэртэй банкны тооцоог хариуцаж байхдаа, уг банкнаас хууль бусаар 14 тэрбүм төгрөгийг авч БНСУ-ын казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр, өлсөхийн балагаар, арчаа муутайдаа хууль зөрчөөд хоригдож буй олон иргэдтэй адил ял эдэлж буй. Ард иргэдийн хадгаламжийн 14 тэрбүм төгрөгийг, хэн нэгний халаасны 140,000 төгрөгтэй адилтгаж болно гэж үү? Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа, олон зуун сая төгрөг авилгал хахуулаар, авч ашигласан гэх Баатар өнөөдөр ялаа эдэлсэн хэмээн суллагдаад, эрх чөлөөтэй явж байна. Санамсар болгоомжгүйгээс хэрэгт холбогдож, өдгөө зүрх сэтгэлийн шаналал, харамсалдаа "нулимс унаган" ялаа эдэлж суугаа олон залуус Баатараас дор гэж үү? Хууль гууль болж, хуйвалдаан өс хонзонгийн хэрэгслэл болж буй энэ үзэгдэл, "хуулийн өмнө хүн бүр тэгш байх" хуудуугүй зарчмыг хөсөрдүүлж буй.
Үнэн гэдэг заримдаа " худал болсон үнэн, хуулийн хуудууны өмнө" бүдэрдэг ажээ.
..."Миний хүү хичээж сайн суралцаарай. Сайн сурсан эрдэм, эзэн нь болж чадсан мэргэжил гэдэг л сайхан амьдралыг чамд авчирч өгнө" гэсэн ерөөлөөр үр хүүхдээ эрдмийн аянд үднэ. Хичээж сайн сурч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажил олохгүй. Ажил хэрэгч, өндөр чадвар, мэдлэгтэй хүн ажиллах орон тоон дээр нь хэн нэгэн эрх мэдэлтний "татаас" ны нэртэй "толгойгүй " эрхэм суучихаад өөрөө ч хөгждөггүй, улс орноо ч хөгжүүлдэггүй, яг л " зэлтэрийн гацаа" гэдэг шиг л болно. Аргаа барахдаа зарим нь амьдралаа авч явахын тулд "хувийн бизнес" хийж, арчаатай зарим нь гадаад оронд мэргэжлийнхээ ажлыг хийн өөрийгөө хөгжүүлнэ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээ өөрийн эх орондоо зориулж чадаагүйн бяцхан харуусал бий.
Үнэн гэдэг заримдаа "худал дүр эсгэгч, хоосон дагалдагчийн өмнө" бүдэрдэг ажээ.
1960-1970 аад оны үед Монгол орны төр засгийг хослон барьж байсан МАХН, "сэхээтний төөрөгдөл" нэрийн дор олон сайхан залуусыг буруутган, амьдаар нь яллаж, амьдралаар нь тоглосон юм. Тэр үеэс монголчууд айдасаа зүрхэндээ нууж, үнэннийг "шивнэж" ярьдаг болжээ.
-Энэ ч үнэн үгтэй шударга нөхөр юм. Гэхдээ хол явахгүй ээ, хөөрхий
-Уг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ л ...
"Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг" гэдэг гунигтай хэллэг тэр цагт дэлгэрсэн гэдэг. Туулайг гүйцдэг асан үнэний үхэр тэрэг алгуурхан сажилна. Үхэр тэрэгний дугуйн хяхнах дуу, олон олон хүмүүсийн сэтгэлд айдас хургаана.
1990 оны ардчилсан хувьсгал чухамдаа "үнэн" -ий төлөөх тэмцэл байлаа. Үнэн үг, шударга ёс гэдэг бол хүмүүсийн мөрөөдөл байсан юм. Ардчилал ялснаас хойш, зарим тохиолдолд арай хэтрүүлж байсан хэдий ч, хүмүүс алив зүйлд арай л бодитой хандаж, шударга байдал тогтож, үнэнийг ярьж эхэлцгээв.
Үнэний үхэр тэрэг сажлахаа больж цовоо гэгчээр хурдлана. Дугуйны хяхтнах дуу ч гайгүй болоо юу даа. Гэтэл... Яагаад ч юм бэ үнэний үхэр тэрэг бас л "эцэж" эхлэх юм. 2008 оны 07 сарын 01 нээс хойш улам бүр сульдах мэт. Хүмүүсийн сэтгэлд хургасан "уулын чинээ хар" айдас дунд, худал хуурмаг бүхэн үржиж, эцэстээ энэ бүхнийг "байх л зүйл мэт" хүлээж авах орчин бүрдэх нээ. Хүмүүс дахиад л үнэнийг "шивнэн" ярьж эхэллээ. Гэхдээ тэртээ нэгэн цагийнх шиг айдастай бус, бухимдаж, зэвүүцэн ярьж байна.
"Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ"
-Oдоо цагт үнэнээр яваад хэрэг байгаа юм уу?
-Аль зальтай, эрээ цээргүй, ичих булчирхайгүй нь сайхан амьдраад байна шүү дээ?
-Үнэн шударга явж байгаа нь хохирч байна шүү дээ
гэж хүмүүс бие биеэсээ асууцгаана. Хэрэв тэгж бодоцгоож байгаа бол бид бүгдээрээ л худал хуурмаг, муу муухай бүхнийг хийцгээх гэж үү?
Үнэн явдал, шударга үйлс өнөө ч, хэзээ хойно ч заавал ялдаг жамтай. Худал хуурмагаар, заль мэхээр, өнгө мөнгөөр өнөө бөх зүйл бүтэж, сайн сайхан болж буй мэт харагдавч, маргаашийн өдөр энэ бүхэн даан ч өчүүхэн, үнэ цэнэгүй зүйл болон хувирдагийг бид энэ амьдрал олонтаа харцгааж байгаа. Цаг цагийн эргэлтэд, хуучин шинийн харгалдаанд, ухаарч мэдрээгүйн эргэлзээнд өнөөгийн Монгол оронд минь "уулын чинээ хар" нүүрлэж буй нь үнэн. Тэвчээр, ухаарал, зориг тэмцлээр "туулайн чинээ цагаан" гүйцэх цаг ирнээ. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээн, тунгаах цаг болж буй.
...Амар хялбар, аль муу аргаар сайн сайхан амьдралд хүрч байгаа мэт харагдавч алсдаа энэ бүхэн үнс болон хийсч, адаг сүүлд нь сэтгэлийн зовлон шаналалд унан харамсах болдог. Биеэ үнэлж, хулгай хийж, бусдыг залилан луйвардаж өнөө сайхан яваа мэт харагдавч, сэтгэл амар амгалан, тайван амьдарч чадна гэж үү?
Үнэн гэдэг бусдаас, амьдралаас авах ухаарал юм.
...Өөрийн боломж хүч чадлаар бус, өрөөл бусдын татаас дэмжлэгээр өнөө болж буй мэт боловч, маргааш энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болж орхино. Өнөөдөр чамайг ашиглан өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх нэгэн, маргааш чамайг өчүүхэн ч өрөвдөлгүй хаяж одох бөгөөд, нөгөөдөр өөрөө өндрөөс няц унах тавилан буй.
Үнэн гэдэг өөртөө итгэх итгэл, бас найдвар юм.
...Бүх нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм гэгч, бидний хандах зүг, хэм хэмжээ, баримтлах чиглэл маань юм. Дагаж мөрдөөд, сахиж сануулаад тайван амьдрахын оронд зөрчиж, зөрүүдлээд бие болоод сэтгэлээ чилээх хэрэг юун. Хүн бүр л өөрийнхөөрөө тайван амьдрахыг хүсч буй. Үүний баталгаа нь энэ хууль дүрэм юм.
Үнэн гэдэг бие биеэ хүндлэх, дагаж мөрдөх хууль, дүрэм юм.
... Бусдын үйлдэж буй шударга бус явдал, луйвар, хууль бус үйлдэл өнөө эс гэхэд маргааш та бидэнд муугаар нөлөөлөх болдог. Өөрт хамаагүй хэмээн "нүдэн балай, чихэн дүлий" өнгөрөхөд нэгэн цагт таниг бухимдуулах шалтаг болно. Өөрсдөө бид тэвчдэг юм аа гэхэд үр хүүхэд минь бас л энэ "хар үзэгдэл" дунд амьдрах болно. Ганц нэгээрээ бус, атгасан гар шиг нэгдэж, үнэний төлөө тэмцэх цаг ирдэг.
Үнэн гэдэг маргаашийн сайн саихны төлөөх тэмцэл юм.
...Өөртөө бий болгосон таны итгэл үнэмшил, үзэл бодол, хүмүүжил тан; өөрийн тань хувьд "туйлын үнэн" юм. Өөртөө итгэлтэй, хатуу чанга зорилготой байж, өөрийнхөөрөө зөв амьдрах гэдэг юутай сайхан. Энэ "үнэн" тань таныг гэрэлтүүлж, амьдралыг тань утга учиртай, бас баяр баясгалантай болгоно.
Үнэн гэдэг амьдралын эрч хүч, баяр баясгалан юм.
Үнэн гэдэг амьдралын талх юм. Та буруу зүйл хийхгүй, бусдыг баярлуулж, бас сайн сайхнаар нөлөөлж, тэр хэмжээгээрээ бусдаас хариу талархал, сайн энерги авч байдагт л үнэний ид шид оршино.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж, уулын чинээ хар сүүдрийг туулайн чинээ цагаан гүйцэж, амьдралыг яг л нар мэт гэрэлтүүлдэг гэнэм.
Шударга үнэн хэзээд ялах болно.

Thursday, March 26, 2009

Bill - World Traveler

http://www.mynameisbill.com/

29 years old
SAN FRANCISCO, California
United States

Та бүхэндээ Америк залуугын нүдэээр өнөөдрийн Монгол орныг маш сонирхолтойгоор харуулсан бичлэгүүдыг үзэхийг санал болгож байн Гадны хүний нүдэнд юу нь сонин сонирхолтой содон байдагыг бид бас сайн мэдэхгүй гэхдээ энд Монгол орны өнөөгий хөгжлийн хамгийн хүнд асуудалыг гаргаж чадсан нь миний хувьд үнэхээр сонирхолтой санагдлаа ингээд та ч гэсэн элгэн халуун Эх ороноо Америк залуугын аялалаар сонирхоод нэг үзээрэй





Wednesday, March 25, 2009

Monday, March 23, 2009

Шувуу


Бүлээн

Би гуниг цалгисан нууранд ганцаараа хөвсөн хүн шувуу
Би гэмшил унган нисэхдээ гэрэл хайсан зөнч шувуу
Би итгэлийн халуун галыг эмзэгхэн далавчаараа сэвсэн галч шувуу
Би эргэн эргэн буухдаа элгээрээ илж нуураа аргадсан холын шувуу

Би өглөөний наранд уянга зүүж,учрал билэгдсэн
Би нарны шувуу
Би үдшийн сарны гэгээнд үнэний шигтгээ болж хөвсөн
Би гэрлийн шувуу
Би хайр хүсэн дэвэхдээ халуун насаа шатааж ниссэн
Би цаг хугацааны шувуу
Би хамгийн сүүлчийн удаа хагацал үлдээж нисэхдээ
Халуун үгсээ хань болгон үлдээх

Би шүлэгч шувуу

Friday, March 20, 2009

Хаврын улиралд элэг таны бие махбодийг бүхэлд нь удирддаг

их эмч Г.Цэнд-Аюуш

Хаврын улиралд элэг таны бие махбодийг бүхэлд нь удирддаг

Хүмүүс зүрхээ цохилдогоор нь, уушгиа амьсгалдагаар нь өлссөн үедээ ходоод гэдэсээ хоржигнон дуугарч байгаагаар нь төсөөлөн мэдэрдэг бол нам гүм чимээгүйхэн байдаг элгээ тэр болгон анзаардаггүй. Элэг хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг хамгийн том эрхтэнүүдийн нэг бөгөөд тархинаас ч хэмжээгээрээ томд тооцогддог. Байршлын хувьд хэвлийн баруун дээд хэсэгт хавирганы нумын харалдаа ард байрладаг. Баруун, зүүн гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд баруун нь зүүнээсээ зургаа дахин том, цул эрхтэн. Элэг артерийн судсаараа зүрхнээс хүчилтөрөгчөөр баяжигдсан цусыг, венийн судсаараа ходоод нарийн гэдэснээс хоол тэжээлийн шимт зүйлсийг агуулсан цусыг хүлээн авч “Цусыг агуулах” эрхтэн болдог. Элэгийг хүний биеийн “биохимийн лоборатори” ч гэж нэрлэгддэг.

Элэг таны бие мах бодид ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?
-Бүх бие мах бодийг хоргүйжүүлнэ.
-Уургийн солилцоонд оролцоно.
-Нүүрс, усны солилцоонд оролцоно.
-Витамин эрдэс бодисын солилцоонд оролцож, витамин А, Д, төмөр, зэс, В-ийн төрлийн витаминууд болон ялангуяа В-12- ийн синтезэд идэвхитэй оролцож тэдгээрийг нөөцөлж авдаг.
-Булчингийн үйл ажиллагаанд оролцоно. Булчинлаг, шөрмөслөг харагдах нь таны элэгний үйл ажиллагаа сайн байгаагийн шинж.
-Бэлгийн гормоны үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.
-Бидний хэрэглэсэн эмийн бодисыг биед шингээх үйл ажиллагаанд оролцоно.
-Бидний оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэснээс биед илүүдэл хэмжээний аммиак хуримтлагдахад хүрч, энэ нь оюун ухааны чадварыг бууруулж амархан мартамхай болгодог байна.
-Арьсны өнгийг хэвийн байлгаж,уян хатан чанарыг нь хадгалж байдаг.Таны арьс хэдий чинээ өнгөлөг сайхан харагдана элэг тань төдий чинээ эрүүл байна гэсэн үг.
Эртний Монгол-Түвдийн анагаах ухааны сударт “Элэг хаврын эхэн сарын шинийн нэгнээс далан хоёр хоногийн турш бие махбодийг удирдах ба дараах арван найман хоногт дэлүү удирдана” хэмээн бичсэн байдаг. Энэ нь хаврын гурван сарын турш элэг дэлүүний үйл ажиллагаа идэвхижиж ачаалал нь ихэсдэг гэж дурджээ. Мөн элэг, нүд хоёрын үйл ажиллагаа харилцан холбоотой хэмээн онцолсон байдаг. Тухайлбал элэгний “Цэцэг эрхтэн нь нүд” хэмээсэн байх бөгөөд элэгний өвчин, зовиурыг оношлохдоо нүдийг сайтар шинжих хэрэгтэй гэсэн байна. Нүд улайх, шарлах нь элэгний өвчнүүдийн үед гарах онцлог шинж тэмдэг бөгөөд нүдний хараа хүртэл мууддаг. Элэгний тухай энэ мэт Монгол-Түвдийн уламжлалт эмнэлэгийн онол нь эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг ба ялангуяа эмийн эмчилгээ нь гайхалтай үр дүн үзүүлж буйг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа баталсаар байгаа билээ. Хуучны мэргэд ,өвгөд дээдэс маань оточ эмч хүний өөрийн нүдээрээ “Ойн зин хийсэн”-Танин барьж өөрийн гараар хийсэн эм нь авралын рашаан болох нь мадаггүй хэмээн хэлцэн ярилцдаг байсан аж.Элэгийг ачаалал ихтэй ажиллах хаврын улиралд зөв тэжээллэг хоол унд хэрэглэж, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, амьдрал ахуйн дэглэмээ зөв зохицуулах нь элгэндээ тус болж, эрүүл мэндээ хайрлаж буй сайн хэрэг юм.Элэгний үйл ажиллагаа хямарч, өвчлөх нь хаврын улиралд элбэгшдэг.
Хэрвээ танд доорхи шинжүүд илэрвэл эмчид ззавал хандах хэрэгтэй. Үүнд:
-Биеийн жин хэт нэмэгдэх
-Гэдэс хэвлий дүүрэх
-Хоолны шингэц муудах
-Амархан ядрах
-Толгой байнга өвдөх
-Зан ааш өөрчлөгдөх
-Амнаас эвгүй үнэр гарах
-Хэлэнд цайвар,зузаан өнгөр тогтох
-Өтгөн байнга хатах
-Бие шарлах
-Биеийн дулаан өөрчлөгдөж ,хэт даарамхай эсвэл халуурах
-Холестрол ихдэх
-Цөс өвдөх
-Элэг өөхлөх
-Цусны даралт ихдэх
-Харшимтгай болох
-Бага хэмжээний архинд амархан согтох
-Огцом турах

Элэгний өвчний үед гарах онцлог шинжүүд:
-Амархан ядрах
-Баруун талын хавирганы нуман доогуур өвдөх
-Халуурах
-Томуу төст шинж тэмдгүүд илэрч-үе мөчөөр өвдөж хоолонд дургүй болох
-Бөөлжис цутгаж, арьс загатнах, арьс, нүд шарлах, улайх, толгой өвдөх
-Гэнэт ихээр турах
-Зан ааш өөрчлөгдөн уур уцаартай болох
-Гэдэс дүүрч, цардайх

АНУ-ын элэгний өвчин судлалын холбооноос гаргасан элэгний өвчнөөс сэргийлэх 12 шалгарсан зөвлөмж:
-Өөрийн биеэ чагна
-Өдөрт 8-10 аяга буцалсан ус байнга ууж бай.
-Гэнэт ихээр идэхгүй,сахар бага хэрэглэх
-Хүнсний зүйлсийн калорийг тооцож сурах
-Харшил өгдөг хүнсний зүйлээс татгалзах
-Ариун цэврийг сайн сахих
-Стресст орохоос сэргийлэх
-Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн “Органик” хоол тэжээлийг хэрэглэх
-Уургийг зөвхөн мах ,сүүнээс авахыг чухалчлалгүй ургамлын гаралтай уураглаг хүнс хэрэглэх
-Чанартай зөв хадгалсан буюу аль болох шинэ ургацын ногоо хүнсэндээ хэрэглэх
-Өтгөн хаталтаас үргэлж сэргийлэх
-Өөх тослог зүйлээс аль болох татгалзахМөн бохир заваан байх нь элэг өвчлөх шалтгаан болдог. Архи тамхи элэгний дайсан. Бэлгийн замбараагүй хавьталд орохоос сэрэмжлэх, хэрэв бэлгийн хамтрагч тань элэгний өвчтэйг мэдсэн бол даруй шинжилгээ хийлгэ. Эмийн бодисыг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэхээс татгалз, ялангуяа синтетик витаминууд. Янз бүрийн тураах бэлдмэлүүд, бэлгийн чадавхи сайжруулдаг эмүүд элэгний үйл ажиллагаанд хортой гаж нөлөө үзүүлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бнлаазалсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалз. Буруу хадгалсан, хугацаа дууссан хүнсний зүйл хэргэлэхгүй байх. Шарсан хуурсан зүйл бага хэрэглэ.Элэгний үйл ажиллагаанд сайн хүнсний бүтээгдэхүүнүүд:
Загас, тахиа, үхрийн мах
Сүү тараг, ямааны сүү, гүүний шинэхэн саам, шар буурцагны сүү (soy milk)
Шинэхэн хүнсний ногоо
Цагаан, хүрэн цэцгэн, далайн байцаа, сонгино, сармис, лууван, улаан, ногоон, шар чинжүү
Мөөг, өргөст хэмх, бүх төрлийн төмс
Бүх төрлийн будаанууд - цагаан, бор, хөц, шар гурвалжин
Вандуй болон бүх төрлийн шошнууд (бөөрөн,буурцган г.м)Хэрэв та элэгний өвчнөөр өвдвөл эмчийн хяналтанд орж эмчилгээний хоолны дэглэм барих нь чухал.Эцэст нь элэгээ хэрхэн зөв эрүүл байлгах нь танаас шалтгаална гэдгийг үргэлж санах хэрэгтэй

Monday, March 16, 2009

Sunday, March 15, 2009