Showing posts with label Шүлэг. Show all posts
Showing posts with label Шүлэг. Show all posts

Thursday, August 11, 2011

Яг над шиг бүсгүйд -2

Болорхон
Яльгүй гэнэн харцтай хонгор бүсгүй
Яагаад надтай адилхан харагдана
Чиний уруул, тас хархан нүд
Чилтэл хэн нэгнийг хүлээдэг чинь надтай адил юм
Сайхан хар гэзэг, хаш цагаан шүд
Санаа алдах чинь, инээх чинь хүртэл би өөрийгөө харах шиг
Үзэсгэлэн гоо, залуу нас, бардам зангаараа гоёсон
Үе тэнгийн чамайг бурхан надтай
Үйлийн үргүй адилхан зурж дээ
Үзтэл бидний ялгаа юу вэ?
Миний нүдээр чи хорвоог харж чадах уу?
Мөнгө, өнгө, амьдралыг ялгаж таних уу?
Миний зүрхээр чи бусдыг хайрлаж бас уучилж чадах уу?
Маргаашийг, өнөөдөр бас өчигдөртэй нь ялгаж харах уу?
Үзэсгэлэн гоогийн цаана өр өвдөх сэтгэл байна уу?
Өрөөлийн төлөө өөрийгөө мартчих минийхтэй адил "тэнэглэл" байна уу?
Хамаг орчлонг гэрэлтүүлэх хэрэг гарваас
Хайран залуу насаа өргөчихөөд холоо одчих
Хатан зориг чамд байна уу?
Чиний ялдам харцаар хорвоог би харж чадаагүй ээ
Чи бид хоёр дэндүү өөр юм билээ
Үзэсгэлэн гоогийн ард нуусан зүрх
Үнэндээ бидний ялгаа юм билээ
Зүрх өвдөлт, зөөлхөн мэгшилт
Цөхрөл, цөхрөлийн дундах инээмсэглэл
Болжморыг хайрлах сэтгэл бас энэрэл
Өөрт минь байгаа нигүүсэл байхгүй чамтай
Үнэндээ би огтхон ч адилгүй ээ...


Sunday, June 5, 2011

Хязгаар эцэсгүй урт зам биш дээ
Хаяанд байгаа энүүхэн амьдралын төгсгөл хүртэл
Хань болж гарыг чинь хөтлөн алхах гэсийм
Хайранд согтсон хатан байж үзэх гэсийм

Элгэнээс чинь алдуурахгүй аргамжих гэсийм өөрийгөө
Эргүүлээд зүрхээ чөдөрлөх гэсийм хайраар чинь
Эрхэлж чиний л амраг байх гэсийм
Эр биеийн чинь эзэн нь болох гэсийм

Харцандаа гуниг нууж биш жаргал гэрэлтүүлсэн
Хайрандаа "хар" тээж биш халамж нэмсэн
Ханийн түшиг, үрийн заяа элбэгдүүхэн эдэлсэн
Хамгийн жаргалтай эхнэр байх гэсийм

Наргүй бүрхэг жиндүү өдөр олоон
Нар болж сэтгэлийг чинь дулаацуулах гэсийм
Саргүй түнэр харанхуй шөнө тохиолдноо
Сар байж итгэлийн чинь гэрлийг асаах гэсийм

Санаа алдахдаа бусдаар биш чамаар л дүүрэх гэсийм
Санчиганд хяруу унасан ч чамаар л нөмөрлөх гэсийм
Нууцхан дурлалын шаналалд зүрхээ хагаслах гээгүй юм
Нулимсыг чинь үзэж нүгэлтэн болохыг хүсээгүй юм аа
Bolorhon 2011

Friday, April 1, 2011

Have A Nice Day

Хөх цэнхэр тунгалаг хадган дээр
Хувь заяагаа би урлан зурмаар …
Хvсэл хайрын гэгээхэн шувуухайг
Хээ болгон дээр нь шагламаар …
Алд алдханаар асгаран урсах
Алтан элс шиг амьдрал минь ээ
Аз жаргалын өр нэхэлгvй
Агшин бvрийг чинь vнсэж амьдрахсаан…

Амьдрал богино юм

Эргэж хараад инээмсэглэж амжихгүй байж мэднэ
Амьдрал богино юм
Ээдрээсэн үгээ засаж чадалгүй холдож мэднэ
Одоо л хэлий
Өнөөдрийн үнэн маргааш худлаа
Хувирахын дунд
Өнгө дүрсний дунд төөрсөн
Хүний энэ заяанд

Өөрийгөө олоогүй яваа
Бүдэгхэн цагийн аашаар
Бусдын зүрхэн дундуур хэчнээн ч туучиж
Буцааж болохгүй буруу мөр тарисныг
Бүгдийг минь уучил хүмүүсээ

Хүсэхийн учигт хөтлүүлээстэй
Өнөөдөр маргаашууд дотроос
Хүн болсон заяаны
Үнэтэй нь юу ?
Өнгө үзэгдэл дүрсгүйд хууртаад
Солонго барихаар гүйх шиг амьдралд
Үлдэх нь юу, олох нь юуг
Бодож нэг үзмээр
Нямсүрэн.Я

Sunday, March 13, 2011

Б.Баттөгс эр хүн та хаана байна

Энэхүү шүлэгийг бичсэн сайхан Монгол эр хүн таньд баярлалаа
Зодгондоо өндийсөн Монгол эр хүнийг
Заяа тавилантай нь тэнгэр минь даатгаж ав
Зүүн барууны соёл нэвт шингэсэн нийгэмд
Зориг зүрхтэй Монгол эр хүнийг үлдээж хайрла


Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот Монгол эр хүн хаана байна?
Цэлмэг тэнгэрт сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт Монгол эр хүн хаана байна

Хазаар даран тэмүүлсэн
Хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын сүлдэн тэнгэр
Халх эр хүн та хаана байна

Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Одод доор хайр шивнэлдсэн
Орон монголын халуун ураг
Омголон зантай эр хүн та хаана байна

Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагийн харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу эр хүн та хаана байна

Saturday, January 29, 2011

Зулсар Буяант гол



Мартаагvй үлдсэн чамд

Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн

Monday, January 17, 2011

Tomorrow


Маргааш би энэ өнгөөрөө байхгvй
Мөнх наран шиг нэг л газраасаа мандахгvй
Маргад эрдэнэ шиг энд тэнд гэрэлтэнэ
Магад тэр өдөр чи л лав намайг олохгvй…

Улаан нимгэн даашинзаа
Энд нь тайчиж орхичхоод
Урт хархан гэзгээ
Цэцгийн баглаа шиг зангидчихаад
Урьд өмнийн өнгөө
Уулын нугад орхичхоод
Урьдаас огт өөр….өөр гэрэлд би хувиpна……

Миний явсан жим дээр
Цэцэгс ургачихсан байна тэгэхэд
Чиний дуулсан эгшиглэн
Чимээгvйн дунд замхарчихсан байна
Чи бид хоёрын дунд
Орон зай л vлдсэн байна
Чилтлээ хайгаад ч
Чи л лав тэндээс намайг олохгvй….

Wednesday, January 5, 2011

Баттөгс- Тангараг

Monday, December 27, 2010

Даашинзны минь өнгө

Урт удаан мэт
Богинохон амьдрана
Өөртөө таалагдсан
Даашинз урлах гэж
Салхин торгыг
Санааны утсаар
Оройжин мэтгэлээ
Урласан гоёлоо
Өмсөөд
Өөрийг чинь өмнүүр
Ихэмсэг алхахад
Чи түүнийг минь олж харахгүй
Уруулаас минь зөгий шиг
Янаглалын бал хайна
Өмсгөлийг минь юу ч үгүй ураад
Нүглийг адаар биетэй учирна
Хэзээ чи
Даашинзны минь өнгө
Цэв цэнхэр болохыг
Хээлсэн утас нь хайр болохыг
Орчлонд би хүн биш
Гэрэлт гуниг болохыг
Ойлгох бол гэж бодоод
Олохгүй л суунаа
Олохгүй ч болов уу даа
Салхи саваагүй болохоор
Би санахаас чинь өмнө
Цэцгэн дэлбээнд шүүдэр болоод
Наранд арилна, цагаа ирэхэд


Я.Нямсүрэн

Saturday, December 25, 2010

Би дуртай

Сүүн зам татуулсан бодлын гэгээн зүг рүү
Шүлгэн хэмнэл мөрлөн сэтгэлээрээ зорчих дуртай
Сүсэг бишрэлдээ найдан үйлээ үнэн болгох гэж
Сүүдрийн хөшгийг хаасан наранд адислах дуртай

Өнөөдрийн хэлсэн үгний үнэ цэнийг мэдрэх гэж
Үнэн худлыг дэнслэх цаг хугацааг хүлээх дуртай
Ашид бэлгэдэх олзыг гадагш гаргахгүй гэхдээ
Алгаан бусдад дэлгэлгүй атгаж явах дуртай

Хайр энэрэл дагуулсан цагаан замын эх рүү
Халуун үгсийг тэрлэн зүрхээрээ аялах дуртай
Хараа хол амьдралд заяа тэгш яваг гэж
Хайнгадуухан аялсан ч гэлээ бүтэн дуулах дуртай

Хувиршгүй сэтгэл тээсэн хайртай хүнийхээ зүрхийг
Хуудуу үгсээр хэмлэлгүй дотогшоо залгилах дуртай
Хувь заяа доголонгүй тэнцвэр хөлтэй явах гэж
Хундага дүүргэсэн дарсыг хоёронтоо хөнтрөх дуртай

А.Алтансолонго

Sunday, December 12, 2010

Анхнаасаа миний биш хүний амраг /Ц.Хулан/

Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Алтан бэлзэгний шигтгээ мэт
Анхилхан сувд нулимсаа
Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү
Асгаруулаад байвчиг
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо
Угаасаа миний биш хүний амраг
Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэднэ
Yйлний хайч шиг уран ааш дэлгэж
Зүйлийн торго шиг намираад байвчиг
Зүс буруутай харийн адуу шиг
Өөрийн нутгаадаа сэрвэлзэж хононо
Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ
Сэтгэлийн дураар нисгэж болохгүй
Эхнэртэй харчуул нууц амрагаар гоёдог
Энгэрийн зүүлт шиг хуучраад хаягдаж мэднэ ээ…
Хэдийнээсээ миний биш хүний амрагт
Халуун хайр биш нялуун үг зохино
Хэдийнээсээ миний биш
Хүний амрагийн өвөр дээр
Хээвнэг эрхлэн инээд алдаж суухдаа
Өөрийн янагийн царайг санаж бай.

Monday, November 22, 2010

Х.Тэргэл: : Бүсгүй чамд илгээх захидал 1-2

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .


Намайг уу
члаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бу
сдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай

Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи

Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг хангалуун амьдрал л юм шиг бодогдож
Харах нүд чинь сохорсон мэт болохын цагт
Хаалгаан нээж зүрхээн чагнаж, өөрийгөөн өөрөөсөө олж аваарай

Харамсах халаглах юмгүй амьдар бүсгүй чи
Хачин сайхан сэтгэлээсээн инээмсэглэж яв
Өдөр бүр өөрийгөөн тольдож
Өнгийж сайн харж бай доторх болоод гадна төрхөө

Энэ сайхан хорвоо дээр өчнөөн сайхан зүйл бийд итгэ

Өөрийг тань хайрлах олон хүмүүс
Өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрэн буйд итгээрэй
Хэн нэгний халамжинд найдан
Хэн нэгний төлөө залуу насаа үрлээ гэж балайралгүй

Хүний эхнэр л болчихсон юм чинь яадагийн гэж биеэн хаялгүй
Хонгор жаахан охин үеийнх шигээ
Гангалж бас тольдож, үргэлж гоё яв бүсгүй чи

Өрөөл бусдыг зүхэн доромжлохоосоо өмнө
Өөрийг минь бас хэн нэгэн өргөс харганаар ороолгоод байвал
Өвдөх болов уу яах бол гэж
Өгөөмөр сэтгэлээр бодож яв бүсгүй минь

Өөрөөн чи ингэж чадвал
Өнгөлөг агаад бардамнал дүүрэн
Өчнөөн эрс өлмийд чинь сөгдөн
Өнгө үзэсгэлэн ухаанд чинь татагднаа

Гоё сайхан яв бүсгүй минь чи
Гологдож биш шилэгдэж амьдар
Орчлон хорвоо ийм сайхан болохоор
Одноос ч илүү тод гэрэлтэж яв бүсгүй чи




Thursday, May 20, 2010

Шүлэг болон цааснаа бууна

Урт урт өдрүүд уйтгар нэмэн зөрж
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь

Шүлэг болон цааснаа бууна

Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтаг гэгээ унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Saturday, April 24, 2010

Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл


Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо

Thursday, January 28, 2010

Тун удахгүй хавар ирнэ

Тун удахгүй хавар ирнэ
Тайвширсан сэтгэлийг ташуурдах шиг
Танил үнэр,хуучин дурсамж тээсээр
Тун удахгүй хавар ирнэ

Эхлэл төгсгөлийн утга алдарч
Эрхлэх мэт нялх ногоо цухуйна
Хөрстийн дээр,доорхи түмэн амь
Хөдөлж,үржиж,амьдрах гэж тэмцэлдэнэ

Сүүлчийн биш бороо анхных юм шиг орно
Сүрэг шувууд хуучин жимээр сүүдэр зуран ирнэ
Дурлал хэмээх эртний өвчин
Дуутай хамт зүрхэнд чинь бууна

Тун удахгүй хавар ирнээ

Бүлээн

Friday, September 4, 2009

Эр хүн

Эр хvний нулимсыг бvv vз
"Эр бор харцага"-ын эгшгийг бvv хєнд
Эр хvний нулимс эцгийн ариун хєлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний мэгшихийг бvv хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бvv тасал
Эр хvний нулимс эхийн цагаан сvvтэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ

Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ

Monday, August 24, 2009

Тэр бүсгүйн үгс


Зүсийг нь мэдэхгүй
Тэр бүсгүйн үгс
Зүрхэн дээгүүр
Хачин ойрхон шүргээд

Цээжний мананг
Өөдөсхөн далиараа сэмлэсээр
Цэцэг зуун ирээд
Бодолд унагачихаад буцдаг

Шинэхэн цэцгийн үнэр
Гэгээлэг алсад даллаад
Энэхэн эгшиний догдлолоор
Би гэгээн болоод

Хүний сайхан бүхнийг
Чиний нэрэнд цуглуулж
Хүйтэн шөнийн уртад
Халуу шатан суудаг аа

Monday, August 17, 2009

Нутгийн өглөө



Шөнийн амгаланд адислагдаж
Шүүдрийн ус рашаан болно
Сарны туяаг шимэн зүүрмэглэсэн
Цагаан манан гэгээ болно



Нугын цэцэг дэлбээгээ дэлгэхэд
Нарны гэрэл амьдрал болно
Нуурын мандалд хос хун буухад
Нутгийн минь өглөө шүлэг болно

Цагаан гэрээс утаа суунаглахад
Яруу шүлэг минь зураг болно
Цайны дээжээ тэнгэрт өргөхөд
Цагаахан дусалууд нь хайр болно

Жирийн нэгэн өглөө нутагт минь эхлэх нь
Жангарын туульд гардаг диваажингийн орон шигээ

Бүлээн

Monday, August 3, 2009

Эрхэмсэг залууд дуулгах шүлэг

Эрхэмсэг залуу минь эргэж бүү хар
Элдэв чамин аархал надад зохихгүй
Өнгө тансаг орчлонгийн нүдийг онилохыг хүсээгүй
Өнө эртнийн бодолт хуучинсаг бүсгүйг өршөө
Ялгуун саран намайг холоос ажиглаж хонодог
Ятгын эгшгэнд сэтгэл тайтгарч хөдөөгөөн боддог
Бүүр түүрхэн амьдрал аргалын утаандаа дасчихсан
Бүдэгхэн нэгэн гэрлийг чи битгий олзуурах аа

Тэр чинь
Саалийн үнэртэй ээнэгшчихсэн зэл дагасан тавилан
Салхин зүсэж хурдалдаг дэлт морины эзэн
Борог өвсөн талаасаа шүлэг түүсэн заяа
Бор гэрийнхээ хаяаг ерөөлөөр түшсэн учрал аа
Эрхэмсэг залуу минь эргэж бүү хар
Эндээсээ яг одоо зүгээ таниж алха
Ямба эрхэм байдалд дасаж даанч чадахгүй
Ядмагхан зант намайгаа амар байлгаж хайрлаа.


Д. Оюундэлгэр



Thursday, June 11, 2009

Илчлэх эрхгүй

Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдахгүй нь хайран
Дурдан алчуурын үзүүрийг хайраар зангидаж үзэхсэн
Дутуу орхисон шүлгээрээ итгэл шигтгэж орхихсон
Ардын сайхан дуунд бадаг нэмж дуулахсан
Амраг нь болж зүүдэлж нэг үзэхсэн

Энгийн дөлгөөн аашинд нь эгшиг нэмж хайрласан
Энхэр сайхан дүр нь бодол дамжиж налайсан
Уярал учралын гүүр надаас холдож савласан
Ухаан дэндсэн харцанд нь унатлаа нэг алгадуулсан
Эргэж хөрвөх амьдралыг эвлүүлж аргадах гэсэн юм
Элбэг дээлийн энгэрт хайраа нуух гэсэн юм
Дөлгөөн нүдний харцанд сөгдөж уярах гэсэн юм
Дөч гарсан эрд би хайрлуулж нэг үзэх гэсэн юм
Хүрч боломгүй хясалдаа хөтлүүлж холдох гэсэн юм
Хүглэгэр орчлонгоос ухаан гуйх гэсэн юм
Дэндүү зохисон духны үрчлээ бүрт нуугдах гэсэн юм
Дэлхийн чимээ нөмөрт нь хэсэгхээн хором хоргодох гэсэн юм
Уруул давахгүй хайрыг нууж аргадах гэсэн юм
Уймарсан сэтгэлээ сэмлэж үдэж мордуулах гэсэн юм
Насны зөрүүтэй хайранд уярч мэгдэх гэсэн юм
Надаас өөрцгүй зовох сэтгэлд нь туних гэсиймаа
Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдаагүй нь хайран.