Monday, August 3, 2009

Эрхэмсэг залууд дуулгах шүлэг

Эрхэмсэг залуу минь эргэж бүү хар
Элдэв чамин аархал надад зохихгүй
Өнгө тансаг орчлонгийн нүдийг онилохыг хүсээгүй
Өнө эртнийн бодолт хуучинсаг бүсгүйг өршөө
Ялгуун саран намайг холоос ажиглаж хонодог
Ятгын эгшгэнд сэтгэл тайтгарч хөдөөгөөн боддог
Бүүр түүрхэн амьдрал аргалын утаандаа дасчихсан
Бүдэгхэн нэгэн гэрлийг чи битгий олзуурах аа

Тэр чинь
Саалийн үнэртэй ээнэгшчихсэн зэл дагасан тавилан
Салхин зүсэж хурдалдаг дэлт морины эзэн
Борог өвсөн талаасаа шүлэг түүсэн заяа
Бор гэрийнхээ хаяаг ерөөлөөр түшсэн учрал аа
Эрхэмсэг залуу минь эргэж бүү хар
Эндээсээ яг одоо зүгээ таниж алха
Ямба эрхэм байдалд дасаж даанч чадахгүй
Ядмагхан зант намайгаа амар байлгаж хайрлаа.


Д. Оюундэлгэр