Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдахгүй нь хайран
Дурдан алчуурын үзүүрийг хайраар зангидаж үзэхсэн
Дутуу орхисон шүлгээрээ итгэл шигтгэж орхихсон
Ардын сайхан дуунд бадаг нэмж дуулахсан
Амраг нь болж зүүдэлж нэг үзэхсэн
Энгийн дөлгөөн аашинд нь эгшиг нэмж хайрласан
Энхэр сайхан дүр нь бодол дамжиж налайсан
Уярал учралын гүүр надаас холдож савласан
Ухаан дэндсэн харцанд нь унатлаа нэг алгадуулсан
Эргэж хөрвөх амьдралыг эвлүүлж аргадах гэсэн юм
Элбэг дээлийн энгэрт хайраа нуух гэсэн юм
Дөлгөөн нүдний харцанд сөгдөж уярах гэсэн юм
Дөч гарсан эрд би хайрлуулж нэг үзэх гэсэн юм
Хүрч боломгүй хясалдаа хөтлүүлж холдох гэсэн юм
Хүглэгэр орчлонгоос ухаан гуйх гэсэн юм
Дэндүү зохисон духны үрчлээ бүрт нуугдах гэсэн юм
Дэлхийн чимээ нөмөрт нь хэсэгхээн хором хоргодох гэсэн юм
Уруул давахгүй хайрыг нууж аргадах гэсэн юм
Уймарсан сэтгэлээ сэмлэж үдэж мордуулах гэсэн юм
Насны зөрүүтэй хайранд уярч мэгдэх гэсэн юм
Надаас өөрцгүй зовох сэтгэлд нь туних гэсиймаа
Дөч гарсан эрд дурлаж догдлох сэтгэлийн
Дөрөөн дарсан хайрын чимээ нь даанч холхон
Дөрвөн бэрх орхихдоо шивших мэт нууцалж
Дөрвөн улирлын алинд нь ч үг алдаагүй нь хайран.