Saturday, October 11, 2008

Эхийн дууль (Эхийн хайр)

Нар шингэтэл зуслангийн найзуудтайгаа баахан бужигнаадНамайг ортол ээж минь тэнэлээ гэж хэд ороолгож билээ
Нус нулимстай амьтан холоо очин уйлж суухад минь
Нэгэн настан хажууд минь суугаад энэ т
үүхийг ярьж билээ


Ээжийгээ битгий гомдоож бай
Эх хүн шиг ариухан зүйл хорвоод байдаггүй юм
Нулимсаа арчаад дөхөөд суу өвөөгийнхөө хэлэхийг сонс
Намайг багад манай нутагт энэ явдал болсон юм

Харзны ус харлан урсаж
Хавар цаг эртлэн ирэхэд
Хүн бүрийн сэтгэл тэнийсэн
Хайр жаргалтай тэр нэгэн өдөр

Хайртай ханиа албанд нь эргэхээр
Хөхүүл үрээ элгэндээ тэвэрч
Хамаг бүхнээ баглан богцолж
Хөөрхий эх замд гарчээ

Хаврын тэнгэрийн ааш нь хувирч

Хайрласан бүхнээ үргээн хөөж
Жаргалтай байсан тэр л талд
Жавар өвгөн буцаж ирлээ

Х
үйтэн салхиар улин үлээж
Хөр цасаар дэмжлэг хийж
Амьтай бүхний амийг авахаар
Аймшигт хүйтэн ахин нөмөрлөө

Х
өөрхий эх үрээ тэвэрч
Хөр цасанд унан бүдэрч
Харанхуй хүйтэнд дааран зовов ч
Хайртай үрээ элгэндээ тэвэрсээр л

Амьтай бүхний амийг авмаар
Аймшигт хүйтэн тал нутгийг нөмөрхөд
Хөөрхий эх үрээ тэвэрсээр л
Харанхуй хүйтэнд дөрвөлж мөлхсөөр л

Х
өөрхий эхийн мөлхөхийг хараад
Хүйтэн жавар хөмхий зуун
Чимээтэй бүхний амийг таслах
Чөмөг царцам хүйтнийг илгээлээ

Тасхийм хүйтэн ард өнгөрч
Тал нутагт өглөө ирлээ
Өглөөний наран илчээ түгээхэд
Өт шиг амьтан өвөрт нь багтлаа

Өвдөг толгойгоороо газар хороосон
Өт шиг болсон хөөрхий эхэд
Нойтон талын хаврын урь шиг
Нохойн дуу чихэнд нь сонсогдлоо

Хүйтэнийг давсан малчин эр
Хаврын өглөөтөй эртэн золгоход
Хөр цасан дунд нэгэн зүйл
Харлан бараантан түүнд харагдав

Хүрч очин зөөлөн эргүүлэхэд
Хүүхэн хүний царай гэрэлтлээ
Хөшиж хөлдсөн гарийг нь тавиулахад
Хүүхдийн уйлах нь зөөлхөн сонсогдлоо

Дух нь хөл нь язран хөлдсөн ч
Дулаахан харц нь хараатайгаа байлаа
Амь нь тасарч бие нь хөрсөн ч
Ариухан сүү нь бүлээхэн байлаа

Эх хүний ариухан хайр нь
Эрэвгэр үрээ аварсан юм
Эх үрийн хүйн холбоо нь
Эгнэгт хэзээ ч тасраагүй юм

Олон жилийн дараа хурандаа цолтой
Өнчин хүү нь эргэж ирээд
Олон хоног чулуу эвлүүлж
Өндөр овоо босгосон юм даа зайлуул

Тэр цагаас хойш манай нутгийнхан
Тэр довийг Эхийн дов гэж нэрлэдэг болсон юм
Үрээ хайрласан тэр эхийн ариун хайр
Үүрд нутгийнхаа чулуунд шингэсэн юм гэж

Ухаант буурлын ярьсан яриа
Олон олон жилийг үдсэн ч
Уулзаад саяхан ярьсан юм шиг
Ой тойнд минь тодхон үлдэж дээ



Энэ хорвоогийн т
үмэн хайрын дундаас
Эхийн хайрыг би дув дулаахан гэрэл гэж бодном


Лос Анжелес. 2008 он Chimediin Davaadorj