Monday, February 2, 2009

Эцэг

Түүнийг гэртээ ядарч, сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа, та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр “Энэ чамд хамаагүй” гэж уцаарлан хэллээ. Хүү нь “Гэхдээ ааваа, үнэхээр мэдмээр байна” гэж шалав. “За яахав, 20 доллар олдог” хэмээн хариуллаа.


Гэтэл хүү нь “Та тэгвэл надад 10 доллар өгөөч” гэх нь тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом, янз бүрийн зүйлд зориулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод, хаалгаа хаа” гэжээ.

Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод, хаалгаа хаав. Аав ч ууртайгаар “Энэ хүүхэд яаж ийм зүйлийг зоригтой асууж байна аа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь үгүй гэж хариулахад “Май энэ 10 долларыг ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай, өнөөдөр их хүнд өдөр байлаа” гэжээ.

Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон доороосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцгаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ? Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй” гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг хамт баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.