Тарж бутарсан бодол сэтгэлийн чинь зүг рүү айлсахаар
Там болсон бурхан шашны үзлийн эсрэг зогсохоор
Тансаг харш тэргүүтэн мөнх бусад оршдогийг мэдрүүлэхээр
Тархины эд эсийг чинь ая будгийн үгсээр цэнэглэхээр
Тайван замаар жингийн цуваа шиг шүлгээ тэрлэсээр
Таны зүг шүлэгчдийн эгнээ сонгодог дайныг хийсээр...
Моцартын симфонид хуурын аялгуу дутуу эгшиглэдгийг сонсгохоор
Монагийн инээмсэглэлд худлын өнгө дутуу зурагдсаныг харуулахаар
Буддын найраглалд бурханы сургаал дутуу шингэснийг ойлгуулахаар
Бушхүүгийн үлгэрт домгийн үнэн дутуу туурвигдсаныг үзүүлэхээр
Шүхэрлэн буух бороон дусал шиг шүлгээ тэрлэсээр
Шүлэгчдийн эгнээ чиний ухамсартай сонгодог дайн хийсээр...
Шүүдрийн дусалд далайн ус бүхэлдээ багтдагийг
Сүүдрийн чанадад гэрлийн ертөнц нуугдан сүүмэлздэгийг
Сүнсний дурлалд чиний хайр оршин тогтнодгийг
Шүлэгчийн сэтгэлд гурав дах нүд анивчин гэрэлтдэгийг мэдрүүлэхээр
Болрын өнгө шиг түмэн янзаар шүлгээ тэрлэсээр
Бодлын сав руу чинь сонгодог дайн хийсээр...
Найрагчийн эгнээ
А.Алтансолонго