Wednesday, August 26, 2009

Blueberries for Health


Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг.

Эрүүл мэндийн ач холбогдлоор хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж. Хойд Америк Европ Азид нэлээд тархан ургадаг төдийгүй сүүлийн зуунд (ХХ) нэрсийг ихээхэн тарималжуулжээ. Америк нутгийн уугуул ард түмнүүдийн хүнсний үндсэн хэрэгцээ болж байжээ. Зэрлэгээр ургадаг нэрс уулархаг модтой бүс нутгаар элбэг ургах төдийгүй Канад, АНУ-д нэрсийг сүүлийн хагас зуун жилд их хэмжээгээр тарималжуулан ашигладаг болсон. Нэрсний фармерын, аж ахуйнууд олноороо өрсөлдөн үүнийг даган нэрсний зарим нэг шинэ сорт хүртэл гаргаж авах болжээ. Европод зэрлэгээр ургадаг нэрс жимс нь ховор боловч маш ихээр тарималжуулсан аж. Австрали тивд нэрс хамгийн залууд тооцогддог ба таримал нэрсийг хүнсэндээ харьцангуйгаар хамгийн сүүлд хэрэглэдэг болсон ажээ.


Тэжээлийн агууламж:
Нэрс флавнойд их хэмжээгээр агуулсан байдаг. “Антоцианидин” хамгийн их хэмжээгээр агуулагддаг ба энэ антиоксидант нь хүний биед маш хэрэгтэй чухал бодис. Бодисын солилцооны явцад хүний биед буруу эсэлдэлт үүсдэг. Эдгээр буруу эсэлдэлт нь хүний бие организмд хортойгоор нөлөөлдөг. Эдгээр буруу эсэлдэлтүүдийг саарамагжуулах үйлчилгээтэй бодисыг антиоксидант хэмээн нэрлэдэг. Хэдийчинээ хэмжээгээр биед үүссэн буруу эсэлдэлтийг багасгаж чадна, төдий хэмжээгээр бид бие махбодио хорт бодисоос хамгаалж, эрүүл чийрэг байж чадна.

Нэрс гүн хар хөх туяатай байх тусамаа антиоксидант их байдаг. Түүнчлэн витамин С маш баялаг бөгөөд эслэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.
100 гр нэрсэнд (хагас аяга жаахан илүү):
  • 57 - ккал
  • 0.7 г -протен
  • 0.3 г - өөх тос
  • 14.5 г - нүүрс ус
  • 2.4 г - эслэг
  • 9.9 г - чихэр /фруктоз глюкоз/ байдаг.
Анагаах чанар:
Гол анагаагч нь антиоционидин хэмээх бодис юм. Үүнийг бас хамгийн өндөр үйлчилгээтэй антиоксидант ч гэдэг. Хүнсэнд хэрэглэгдэх олон төрлийн жимснүүдээс нэрс нь хамгийн өндөр үйлчлэл бүхий антиоксидант агуулдагийг АНУ-ын Tufts University-ийн эрдэмтэд лабораторит нарийн судалгаагаар тогтоожээ. Мөн Alzheimer’s өвчин /оюун ухаан самуурах/ болон сэтгэл санааны дарамтаас үүдэлтэй хорт исэлдэлтийн урвалаас тархины эд эсийг хамгаалах чадвар өндөр байгааг эрдэмтэд баталжээ. Хархан дээр хийсэн эрдэмтдийн туршилтаар бүтэн сарын туршид өдөрт нэг аяга орчим нэрс идэж байсан хархны тархины эсийн үйл ажиллагаа нь огт нэрс хэрэглээгүй хархны тархины эсийн үйл ажиллагаанаас хол давуу байгааг тогтоожээ. Одоогийн байдлаар нэрсийг хүний нүдний харааг хамгаалах, харах чадварыг дээшлүүлэх зорилгоор анагаах ухаанд хэрэглэж байна. Тэрчлэн дэлхийн хоёрдугаар дайны үед Английн хатан хааны цэргийн нисэх хүчнийхэн шөнийн нислэгт явах нисэгч нартаа нэрс өгдөг байсан сонирхолтой түүх байдаг. Чихрийн шинжин өвчинтэй холбоотойгоор хараа муудах (Diаbetic retinopathy), Mucular degeneration, катаракт, glauсoma болон судас бүдүүрэх өвчин, шулуун гэдэсний цус алдалт, бүдүүн гэдэсний шархлаа зэрэг өвчин эмгэгүүдийг анагаахад тустай байгааг шинжлэх ухааны судалгаа нотолсоор байна. Европын зарим орнуудын ардын эмнэлэгт /Folk meolicike/ шингэн алдаж суулгах болон өтгөн хатах эмгэгүүдийн аль алинд нь ч хэрэглэдгийг дурьдсан байдаг. Учир нь нэрсний найрлагад аргаах чанартай эслэг, шингэн алдалтыг зогсоох чанартай бодис агуулагддагтай холбоотой аж. Эртний Аюурведийн анагаах ухааны толь бичигт элэгний тамир сайжруулах, цус төлжүүлэх, шөнийн цагт ихээр шээх, амьтанд хазуулсан шарх хурдан эдгээхэд хэрэглэдэг. Мөн бэлгийн чадвар сайжруулдаг хэмээн дурьджээ. Түүнчлэн нэрс нь шээс бэлгийн замын халдварыг анагаах чадвартай. Давсаг, шээсний сүвийн үрэвсэлт өвчнүүд, гэдэсний савханцарын халдвар зэргийг анагаах үйлчилгээтэйг шинжлэх ухаан баталжээ.
Хадгалах:
Манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар элбэг ургадаг. Түүж бэлтгэсэн муудаагүй нэрсийг гялгар уутанд хийгээд хөлдөөж хадгалах нь хамгийн зөв хадгалалт болно. Мөн түүнчлэн чанамал байдлаар бэлтгэж хадгалахад чанараа алддаггүй.
Хэрэглэх:
Өдөр тутмын жимсний зутандаа хагас аяга орчим хийж хэрэглэх.
Үүнийг бэлтгэхдээ 2 ш гадил, 2 ширхэг алим, 1 аяга тараг, хагас аяга нэрс, 3 аяга ус буюу алимны шүүсийг жимс нухагч машиндаа хийж хутгаад дөрвөн хүний хэрэглээ болно. Мөн 4-5 ширхэг мөс, 1-2 халбага бурам, элсэн чихэр нэмж болно.
Жор:
  • Нэг аяга шинэхэн таргандаа 2-3 амны халбага нэрс хутгаж хэрэглэх.
  • Хөлдүү нэрснээсээ 3-4 амны халбагыг өглөө хэрэглэдэг бэлэн хоолондоо хийж хэрэглэх (cereal)
  • Өдөрт 1-2 халбага нэрсний чанамалыг буцалсан бүлээн усанд хийж уух.
Уншигч таньд эрүүл энхийг хүсье.
Г.ЦЭНД-АЮУШ (Эмч)