Хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага, харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх арга илүү их байна. Хүүхэд ханиах, халуурах, хоолондоо дургүй болох, уцаар, ороомхой болж уйлагнана. Хамар битүүрч нус гоожих, хоолой хөндүүрлэн өвдөх, амьсгаадах зэрэг шинж гардаг. Ханиадыг эмчийн зааврын дагуу эцэг эх гэрээр эмчилнэ.
- Хүүхдийн амьдарч буй орон байрны дулаан, агааржилт өвчний явцад их нөлөөтэй учраас хүүхдийг дааруулахгүй, бас хэт бэгнэж халууцуулахгүй байх.
- Гэр орноо тогтмол агааржуул. Хүүхдийн өрөөнд тамхи татаж агаар бохирдуулахыг хатуу цээрлэ.
- Ханиадтай хүүхдийг сайн хооллож, зөв асарч гэрээр эмчлэхдээ хөхийг аль болохоор олон удаа хөхүүл.
- Xөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьсгалд чөлөөтэй
болго. Буцалсан ус буюу сулхан давстай ус хамарт нь дусааж цэвэрлээрэй.
- Хоолонд орсон хүүхдэд аль болохоор дуртай хоолыг нь хийж өгч, ойр ойрхон хооллох ба ханиад эдгэрсний дараа 7 хоногийн турш өдөрт нэг удаа нэмэлт хоол өгнө. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг, тэгвэл бөөлжсөний дараа дахин хоолло.
- Ханиадтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдсанаас бие нь суларч өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах, хөхийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлдэг. Ялангуяа хүүхэд халуунтай үедээ ердийнхөөсөө илүү их шингэн зарцуулдаг тул хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимс жимсгэний шүүс, цай зэргийг аль болохоор нэмүү өгвөл сайн.
- Ханиадтай хүүхдэд гич наах, халуун усанд суулгах, ороолт хийх, бумба тавих, хөлийг халуун усанд дүрэх зэрэг займруулах эмчилгээ сайн байдаг.
- Хүүхдэд содтой сүү, аньсны ханд, зөгийн балтай сүү уулгах, хоолойг амидопирин, царвангаар зайлах нь эмчилгээний үр дүн сайтай байдаг.
Харин хүүхдийн халууныг үзэлгүй эм өгч болохгүй. Суганд үзэхэд 38.5 хэмээс доош халуун тийм ч аюултай биш, хүүхдийн биеийн хамгаалах урвал гэдгийг сана. Харин ханиаданд пенициллин, септирин, ампициллин, ампиокс зэрэг антибиотик өгч болохгүй. Антибиотик ханиадны үед хүндрэлээс сэргийлэхгүй, уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг богиносгохгүй учраас та мөнгөө дэмий үрэх, тэгэх тусмаа хүүхдээ хордуулж үрэх хэрэггүй.