Monday, May 31, 2010

Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно

Харьд буй Монгол бүсгүйчүүддээ
Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л ява
а

Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ хад мэт хатууг зөөлрүүл хэмээн ус шиг зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ.

Нээрээ бодох ахул бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог.


Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.


Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.


Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй.


Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг. "Өөдгүй арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг.


"Чи минь мундаг шүү" гэж магтаж байвч, атаархал бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний зүйргүй билээ.


Харьд буй Монгол бүсгүйчүүддээ

Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.


Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан хүнд үйлдвэр, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, хөгшид асрах ажил хийнэ. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна.


Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий. Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.


Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай,

итгэл батиждаг юм.


Г.Галбадрах