Thursday, May 20, 2010

Шүлэг болон цааснаа бууна

Урт урт өдрүүд уйтгар нэмэн зөрж
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь

Шүлэг болон цааснаа бууна

Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтаг гэгээ унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Wednesday, May 5, 2010

Monday, May 3, 2010

ИЛҮҮ ГЭР

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг хүүхэн.Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр. Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа.Нагнай сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инээмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрэээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож, сэтгэлий нь таньсанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж , Тялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийгдөхүүлээд эвхэж ваадагнан илүү гэртээбарааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яав ч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд, Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь нүд од шиг гэрэлтэн сэтгэлий нь өдех шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг сэмхэн хүлээж илүү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй ваагдагнасан дээлий нь бүслээд морджээ... Орой нь ... маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй...Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацры нь үнэрлэв.Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа...Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ.Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод айл айлаар буун золгож явлаа.

Ж.Дашзэгвэ

Saturday, April 24, 2010

Ш.Гүрбазар : Үртэй хүний сэтгэл


Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо

Saturday, April 10, 2010

Baby flu Symptoms


Хүүхдийг ханиадаар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөхцөл бага, харин өвчилсөн хүүхдийг хүндрүүлэхгүй байх арга илүү их байна. Хүүхэд ханиах, халуурах, хоолондоо дургүй болох, уцаар, ороомхой болж уйлагнана. Хамар битүүрч нус гоожих, хоолой хөндүүрлэн өвдөх, амьсгаадах зэрэг шинж гардаг. Ханиадыг эмчийн зааврын дагуу эцэг эх гэрээр эмчилнэ.

- Өвчин хүнд, хөнгөнийг үл харгалзан хүүхэд халуурч байгаа болон халуун буурсны дараах 2-3 хоногт хэвтрийн дэглэм сахиулна.
-
Хүүхдийн амьдарч буй орон байрны дулаан, агааржилт өвчний явцад их нөлөөтэй учраас хүүхдийг дааруулахгүй, бас хэт бэгнэж халууцуулахгүй байх.

- Гэр орноо тогтмол агааржуул. Хүүхдийн өрөөнд тамхи татаж агаар бохирдуулахыг хатуу цээрлэ.

- Ханиадтай хүүхдийг сайн хооллож, зөв асарч гэрээр эмчлэхдээ хөхийг аль болохоор олон удаа хөхүүл.

- Xөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьсгалд чөлөөтэй
болго. Буцалсан ус буюу сулхан давстай ус хамарт нь дусааж цэвэрлээрэй.

- Хоолонд орсон хүүхдэд аль болохоор дуртай хоолыг нь хийж өгч, ойр ойрхон хооллох ба ханиад эдгэрсний дараа 7 хоногийн турш өдөрт нэг удаа нэмэлт хоол өгнө. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг, тэгвэл бөөлжсөний дараа дахин хоолло.

- Ханиадтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдсанаас бие нь суларч өвчин хүндэрдэг учраас шингэн их уулгах, хөхийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлдэг. Ялангуяа хүүхэд халуунтай үедээ ердийнхөөсөө илүү их шингэн зарцуулдаг тул хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимс жимсгэний шүүс, цай зэргийг аль болохоор нэмүү өгвөл сайн.

- Ханиадтай хүүхдэд гич наах, халуун усанд суулгах, ороолт хийх, бумба тавих, хөлийг халуун усанд дүрэх зэрэг займруулах эмчилгээ сайн байдаг.

- Хүүхдэд содтой сүү, аньсны ханд, зөгийн балтай сүү уулгах, хоолойг амидопирин, царвангаар зайлах нь эмчилгээний үр дүн сайтай байдаг.
Харин хүүхдийн халууныг үзэлгүй эм өгч болохгүй. Суганд үзэхэд 38.5 хэмээс доош халуун тийм ч аюултай биш, хүүхдийн биеийн хамгаалах урвал гэдгийг сана. Харин ханиаданд пенициллин, септирин, ампициллин, ампиокс зэрэг антибиотик өгч болохгүй. Антибиотик ханиадны үед хүндрэлээс сэргийлэхгүй, уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг богиносгохгүй учраас та мөнгөө дэмий үрэх, тэгэх тусмаа хүүхдээ хордуулж үрэх хэрэггүй.

Thursday, March 25, 2010

About diabetes

Сүүлийн тавин жилд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо дэлхий нийтэд маш хурдацтай өсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо аль эрт хагас тэрбумд хүрчээ. Дэлхийн улс орнуудад нийт өвчлөгсдийн тоо жил бүр 10-20 хувиар өсч байна. Чихрийн шижин өвчин маш эрт хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг, үхэл өндөртэй өвчии учир нийгмийн талаас их анхаарал шаарддаг.

Чихрийн шижинтэй өвчтөн хоол хүнсэндээ маш их анхаарал тавих хэрэгтэй болдог.


Амьтны гаралтай, өөх тосоор баялаг хоол идэж болохгүй. Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахайн мах, лаазалсан мах, хонины мах, шарсан тахиа, давсалсан загас, загасны болон тахианы хальс орох учир хэрэглэж үл болно.

Тосонд чанасан боорцог, өрөм, шар тос цагаан тос, цөрөм, айргийн тос, айраг, чихэрлэг бүх зүйлийг хориглоно. Бүх төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсний чанамал, хайлмаг, усан үзэм, бананыг хориглоно. Үүнд сүмс, жан, цуу, халуун ногоо орно. Хоолыг заавал шинээр бэлтгэж хэрэглэнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Давс бага хэрэглэнэ. Хоолыг усанд чанах юм уу ууранд чанаж хэрэглэвэл тохиромжтой.

Ислэг ихтэй хоолыг өргөн хэрэглэнэ. Хоол хүнсний дотор агуулагдаж буй удаан боловсрогдох хэсэг буюу ургамлын ширхэгүүдийг ислэг гэнэ. Ийм төрлийн хоолонд хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, өргөст хэмх, янз бүрийн байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил, хөх тарианы талх ордог ажээ. Булчин махаар хийсэн хоолыг бас идэж болдог байна. Сахар орлуулагчийг зөв хэрэглэнэ. Бидний хоолонд уураг, нүүрс ус, өөх тос янз бүрийн харьцаатай ордог бөгөөд цусны сахар зөвхөн нүүрс усны нөлөөгөөр ихэсдэг.

Гэвч энэ нь сахарыг хэвийн болгоход нүүрс усыг хоолноос бүрэн хасна гэсэн үг биш юм.

Харин ч эсрэгээрээ шүү. Чихрийн шижинтэй өвчтөнд зориулсан тусгай шоколад жигнэмэг, өрмөнцөр, жимсний чанамал байдаг. Эдгээр зүйлийг хэрэглэж занших хэрэгтэй.

Чихрийн шижингээр өвчлөгсөд зүрх судасны өвчинд өртөмтгий байдаг.
Сохролт, бөөрний дутагдлаар нас барах зэргийн ихэнх шалтгаан нь чихрийн шижин байдаг.

Доод мөчний тайруулах мэс засал хийлгэсэн хүмүүсийн 40 гаруй хувь нь энэ өвчнөөс шалтгаалсан байдаг. Чихрийн шижин өвчин эрүүлийг хамгаалах салбарын хүнд ачаа болж байна. 1990-ээд оны байдлаар АНУ-ын эрүүлийг хамгаалах салбарын зардлын 14.6 хувийг чихрийн шижин өвчний зардал эзэлж байжээ.

Мэдээж энэ тоо өнөөдөр өссөн. Тэр үед АНУ-д чихрийн шижингийн бус нэг өвчтөнд нэг жилд зарцуулсан зардал 2604 ам.доллар байхад чихрийн шижинтэй нэг өвчтөнд жилд 9493 доллар, хүндэрсэн үед 11157 доллар зарцуулсан байдаг. Эндээс чихрийн шижин өвчин нийгэм, эдийн засгийн анхаараал шаардсан чухал асуудал гэдэг нь харагдаж байна.

Сахар бууруулах идэвхтэй эмчилгээ нь зүрхний шигдээсээр өвчлөх өвчлөлийг 16 хүртэлх хувиар бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Чихрийн шижин өвчнийг эмчлэх үндсэн зорилго бол өвчтөнийг удаан хугацаанд хүндрэлгүй явуулах явдал. Гэхлээ анагаах ухаан хөгжиж чихрийн шижинг бүрэн төгс эмчлэх арга олно гэдэгт найдъя.

Tuesday, March 9, 2010

Гологдмол эрчүүд

Гомбосүрэнгийн Галбадрах


Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг.
Энэ цаг үед монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байна. Архичин, арчаагүй, залхуу хэмээн адалж цоллоод яах вэ?
Мөнгө хэдий хэрэгтэй ч мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны олон үнэт зүйлс байдгийг төсөөлж мэддэггүйгээрээ тэд бусдад гологдож байдаг.



Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий үзэгдэл" гэмээр энэ мэдээлэлд, монголд хүйсний харьцаа алдагдаж байгаа тухай, монгол эрчүүд архичин, залхуу, арчаагүй гэсэн доромж маягийн бичлэгүүд байв. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монгол эрчүүдийн тухай таагүй бичлэгүүд үзэгдэх болсон. Харь эрчүүдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүд, монгол эрчүүдийн тухай мөнөөх л архичин, залхуу, арчаагүй гэсэн тодорхойлолтоо л давтана. Миний таних , өрх толгойлж, амьдралаа авч яваа нэг бус бүсгүйчүүд ч энэ шалтгаандаа дээрхи тодорхойлолтуудыг нэрлэхийг ч сонсож байсан.
"Уужуу ухаантай, уул шиг түшигтэй", " Гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр", " монгол эрийн жавхаа, сүлд хийморь " гэхчилэн, хуурай нойтон олон магтаалын цаана, өдгөө бүсгүйчүүддээ гологдоод байгаа мөнөөх шалтгаанууд нуугдаж л байгаа. Эрчүүд бүгдээрээ биш ч, тодорхой хэсэг нь өнөө цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч, хоцрогдож, энэ нь монгол эрчүүдийн нэр хүнд үнэлэмжинд муугаар нөлөөлж байгаа нь гашуун боловч үнэн. Түүгээр ч үл барам энэ байдал нь Монголын үндэсний аюулгүй байдал, нийгмийн харилцаанд муугаар нөлөөлж болзошгүйд хүрч байгааг бид мэдэрсээр хэрнээ дуугүй байсаар.
Монгол эрчүүдийн энэ хоцрогдол нь бие биенээ доромжлох, заналхийлэх, эрлийз хурлийз болон яс үндсээр цоллон доромжлох, эв нэгдэлгүй бүдүүлэг, замбараагүй байдлаар илэрсээр л байгаа. Хүчирхийллээр бус, ухамсар ухаарал, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр бүх зүйл шийдэгдэх болсон өнөө цагт бид энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй болж байнаа.
Эх орон нь хүнд хэцүү цагт эрчүүдээ дуудан, тэдний сэтгэл зүрх, хөлс хүч, дусал цус, алтан амиар тусгаар тогтнол, эрч чөлөө, газар нутгаа авч үлддэг байсан бол, энэ л ороо бусгаа цагийн, хатуу хайрууд тэднийгээ үл анзаарахын учир юун. Эх орны тусгаар тогтнолд эр хүний эр зориг, дусал цус, хөлс хүч хэрэгтэй байдаг бол, энх амгалан , их хөгжлийн эрин үед ч тэдний ур ухаан, мэдлэг хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээр нь хэрэг бопох л учиртай.
"чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө, чиний төлөө үхье гэж эх орондоо л би хэлдэг" хэмээн халамцуу үедээ омогшин хөөрөлхөх тэр эрийн сэтгэлд эх орны дуудлага үгүйлэгдэж байгаа. Агсам хөлгийн нуруун дээр, хөөргөсөн дээлнийхээ дэрвээнд хийсэж, айл хэсэж алсын мөрөөдлөө дэвэргэн ярих хөдөөх эрийн сэтгэлд эх орны дэмжлэг үгүйлэгдэж л байгаа. Ажил олдохгүй, амьдрал хэцүү байна хэмээн эрхэлж, аав ээжийнхээ тэтгэвэрийн мөнгөөр найрлаж, тэжээлгэж, хатуу хэцүү бүхнээс халширч яваа эрийн ичингүйрсэн сэтгэлийн чанадад, эх орны хатуурхал үгүйлэгдэж л байгаа.
Тийм ээ! Эх орны минь тулгуур түшиг, эрэлхэг хаадын омголон удам, эр зоригт, босоо заяат гэж худлаа хөөргөөд яах вэ? Энэ цаг үед монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байна. Архичин, арчаагүй, залхуу хэмээн адалж цоллоод яах вэ? Ачааны хүндийг үүрч, амьдралын төлөө өөрөө зүтгэх боломжийг нь олгох цаг болжээ. Ад үзэн шоовдорлож, айж төвөгшөөн зугатаад яах вэ? Албадаад ч болов ойлгуулж, ухааруулж, сургах цаг нь болжээ.
Учирлах нь:
-Нэгэн үе удам залгаж, өрх толгойлно хэмээн хүүгээ голомтдоо авч үлдэн, дөрвөн хана эсвэл нэгэн жалгын аманд эргэлдүүлсээр хорвоогийн хөгжлийг мэдэрч, холыг харж, уулс давж сэтгэх ухааныг нь "чөдөрлөж" орхисноос
-Дэргэдээ байлган амьдрал зааж, армид явуулан эрдэмд сургаж, наадамд ноцолдуулан бяр суулгаснаар эр хүний есөн шинжийг бүрдүүлдэг гэж андуурах жалгын сэтгэлгээнээс
-Энхрий багаас нь эрхлүүлж, эмээл гаанс бэлтгэж, хүлэг зүсэлж, эхнэр авч голомт бадраахад нь өрх гэр, унах унаа, өмчлөх хөрөнгийг нь бэлтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас
өнөө цагийн их хөгжлөөс хоцорч, өөртөө арчаагүй, өрөөл бусдад гологдох эхлэлүүд нь тавигдаж байгаа. Цагийн юм цагтаа гэдэгчлэн хөгжил хөгжлөө дагаж байх болохоос хуучинсаг үзэл, хатуу ёс заншил гэгч заавал мөрдөх хууль цааз бишсэн.
Учирлах нь:
Зохиолч Д.Маамын "Газар шороо " нэртэй түүхэн романы гол баатар "Хангай" хэмээх Базар "эр хүн ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан хоолой 2 -оос болж үхдэг юм даа" гэж өгүүлсэн нь өнөө ч хуучраагүй үг.
Архидалт өнөө цагт Монгол орны хувьд том эмгэнэл болон хувирч байна даа. Тэр тусмаа монгол эрчүүдийн хувьд. Ажил олдохгүй байна гэж, амьдрал хүнд хэцүү байна гэж, наймаанд шатлаа гэж, найз нөхөдтэйгээ уулзалдлаа гэж, баяр боллоо гэж, шараа тайлж, сэтгэлээ тайтгаруулж, гутарч гуньж, ерөөж харааж ууцгаасаар...
Урсан урсах өдрүүдийг хөлчүү нүдээр үдэж, угтан сөрж давах зовлон бэрхшээлээс манантай сэтгэлээр зугатаж, болж бүтэхгүй олон үйлийн шалтгийг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн агсамнасаар хорвоог барж боломгүй.
Архидалт олон олон гэмт хэрэг, зовлон шаналал, цөхрөл уйтгар, гэр бүл салалтын шалтаг нь болсоор. Ядахнаа баар цэнгээний газраас өөр чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрүүлж болох газар төдий олон бус.
Найз нөхдийн сэтгэлийн үнэнчийг хундага дарсаар хэмжиж, учирч тохиолдсон зовлон жаргалаа хундага дарсаар даруулж, урам талархлын сайхан үгсээ дарстай шүлсээр будаж, ухаанаа алдан согтож, шогтож, зодолдож дуусдаг энэ эмгэнэлт жүжиг хэдий болтол үргэлжлэх бол? Энэ эмгэнэлт үзэгдэлээс эрчүүд бид өөрсдөө л гарахгүй бол, монгол эрийн хийморь, цог цолбоо энэ цаг дор үгүй болох нээ.
Учирлах нь:
Хүн гэгч ямагт ухаанаа тэлж, орчлон ертөнцийн түмэн явдал, хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг оюуны мэлмийдээ мэдрэхийн тулд их унших хэрэгтэй болдог.
"Ном бол ертөнцийг харах цонх" хэмээн Оросын их зохиолч М.Горький нэгэнтээ өгүүлж байсан бол, өнөө үед ертөнцийг бүрэн мэдрэх боломжийг цахим хөгжил олгож байгаа. Ном уншихгүйгээр, мэдээллийг хурдан авч ашиглахгүйгээр хэрхэн хөгжиж холч ухаанаар сэтгэх билээ.
Дунд сургуульд сурч байхаасаа хичээл тасалж , тамхи татаж, тэнэж явсан сурцаараа өнөө цагт уншихгүй, мэдэхгүйгээсээ аман мэдээлэл, хов жив, тулга тойрсон яриа сэтгэхүйгээр бүхнийг хэмждэг эрчүүд зөндөө бий. Үүний уршгаар бусдыг өөртэйгээ адилтган төсөөлдөг, гүвээ даваад баригдах худал үнэний хоооронд бүдэрдэг, бусдад ухаантай, мундаг, баян нэгэн болж харагдах хүслээс үүдэлтэй хоосон жүжиглэл үүсгэх. Богино давчхан ухаандаа мөнгөөр бүхнийг хэмжиж, мөнгөөр бүхнийг худалдан авахыг хүсэгчид ч зөндөө бий. Мөнгө хэдий хэрэгтэй ч мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны олон үнэт зүйлс байдгийг төсөөлж мэддэггүйгээрээ тэд бусдад гологдож байдаг. Мөнгөтэй боломжтой атлаа юу ч уншдаггүй, мэддэгүй олон эрчүүд өнөөгийн монголын хоцрогдол, тэнэглэлийн жишээ болж байна даа.
Учирлах нь:
Бусадтай маргалдаж мэтгэлцэхдээ учирлан ойлгуулахын оронд, нударга хүчирхийллээр бүхнийг шийдэх гэдэг, бүсгүй хүнтэй харилцахдаа өөрийгөө л дөвийлгөн гайхуулах гэдэг, бусдыг хүндлэхгүй атлаа өөрийгөө л хүндлүүлэх гэдэг үйлдлүүд биднийг бусдад бүдүүлэг, тэнэг болгон харагдуулдаг. Найзууд нь шоолж мэднэ гэж хайртай бүсгүйгээ эрхлүүлэхээс ичдэг, бусдад долигонсон болж харагдана гэж урам талархлын сайхан үгээ харамладаг, бусдаас дутуу дорой харагдана гэж эелдэг найрсаг зан гаргахаас эмээдэг залуус зөндөө бий.
Эр зориг, өөртөө итгэлтэй, бас хүчтэй байна гэдэг бүдүүлэг зан гаргахаас тэс өөр зүйл гэдгийг ухаардаггүйдээ бид тэнэг байдалд ордог. Эрчүүд биднээс, эелдэг найрсаг зан, чин сэтгэлийн хүндэтгэл, соёлтой даруу харилцаа хүсч байдаг бүсгүйчүүдэд гологдоод байдгийн нэгэн шалтгаан энэ. Сонгодог жентэльмен, ордны хэт ёсорхуу жүжигчилсэн харилцаа бус, энгийн хэрнээ чин сэтгэлийн соёлтой, хүндэтгэлтэй, найрсаг харилцааг л тэд биднээс хүлээдэг. Ийм харилцаанд суралцахыг бүсгүйчүүд төдийгүй цаг үе ч биднээс шаардаж байна.
Учирлах нь:
Гэр бүл салалтын олон олон шалтгуудаас бүсгүйчүүд ямар эр хүнийг хүсээд байгааг анзаарсан юм. Тэд өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй эр хүнийг хүсдэг аж. Амьдралаа эр хүн л авч явах учиртай бөгөөд эхнэр нь гар хумхилгүй түүнд тусалж дэмжиж байх хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрдөг. Амьдралаа авч явах чадвар гэдэгт эрдэм боловсрол, ухаан овсгоо, мөнгө олох чадвар багтдаг. Өөртөө итгэлтэй гэдэгт бүх зүйлийг хийж чадна гэдэг, тулгарсан олон асуудлыг зөвөөр зохицуулж чадна гэдэг, алив бэрхшээлийн өмнө сөхрөхгүй заавал гарц олж чадна гэдэг ойлголтууд багтдаг. Эрч хүчтэй байна гэдэгт үргэлж урагш тэмүүлж маргаашийн сайхандаа, хүрч чадах урам зориг багтдаг.
Өнөөдөр амьдралаа авч явах чадваргүй, аав ээж, ах дүү, эхнэрээрээ тэжээлгэж, үүнийгээ байж болох зүйл хэмээн итгэтлээ арчаагүй байдалд орсон залуус бишгүй бий. Бүсгүй хүнээр тэжээлгээд, дээрээс нь дарамталж, архи уун, олон ааш гарган зовоодог хүнийг эр хүн гэж нэрлэх үү? Эрчүүдийн энэ арчаагүйдэл өнөөдөр олон олон эмэгтэйчүүдийн өрх толгойлон амьдрах шалтаг нь болж байгаа. Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг..
Эрчүүдээ өөрчлөгдөхөд тусалья
...Нэгэн хошин шогийн тоглолт дээр, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд туслах олон байгууллагууд байдаг хэрнээ, эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, "эрүүлжүүлэх байр" наас өөр байгууллага байдаггүй тухай хошигнож байсан.
...Нэгэн сонин дээр БНСУ-д гадаад эхнэр авах хүсэлтэй хөдөө тосгоны эрчүүдэд тусгай сургалт явуулан, сургадаг тухай мэдээлсэн байсан.
...АНУ-д эхнэрийг нь төрөхөд , нөхрийг нь дэргэд нь байхыг зөвшөөрдөг төдийгүй, хүүхдээ хэрхэн арчилж өсгөх, аюулгүй байдалд яаж авч явах тухай сургалтанд хамтад нь оролцуулдагийг мэднэ.
Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг. Тэд эх орныхоо нүүр царай болж, хилээ хамгаалж, улсаа хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор тэдэнд өөрийгөө хөгжүүлэх олон боломжуудыг олгох шаардлага зүй ёсоор гарна.
1. Цэргийн насны бүх эрчүүдийг заавал цэргийн алба хаалгаж, дарангуйлал дэглэлтээр бус бие бялдар, оюун санааг нь хөгжүүлж, зөв харилцаанд сургах хэрэгтэй байна. Тэр ч бүү хэл төрийн алба хаших хэнийг ч заавал цэргийн алба хаасан байхаар хуульчлахад буруу зүйл болохгүй.
2. Залуу гэр бүл болон эрчүүдэд зөвлөлгөө өгч туслах, сургах олон төвүүдийг байгуулж, төрөөс дэмжин хөгжүүлж байх хэрэгтэй байна. Ядаж л үр хүүхдээ өсгөх болон гэр орны ажил хийж сургахад ч залууст туслах шаардлага гарч байна.
3. Архидалт, бэлгийн хүчирхийллийн эсрэг төр өөрийн хатуу бодлого барьж, үүний төлөө залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв сайнаар өнгөрүүлэх /фитнес, спорт цогцолбор, үзвэр үйлчилгээ, номын сан, интернет төвүүд гэхчилэн/ олон газруудыг байгуулж дэмжих хэрэгтэй байна.
4. Монголд шинээр хөгжиж байгаа уул уурхай болон аялал жуулчлал бусад олон салбарт залуусыг ажиллахыг дэмжиж, тэдэнд зориулсан олон сургалтуудыг заавал зохион байгуулж байх хэрэгтэй байна.
5. Монголын боловсролын салбарт шинэчлэл хийж, бага дунд сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэлхи бүх шатны сургуулиудад гэр бүл бэлгийн хүмүүжил, гоо сайхны боловсрол, харилцааны соёлын хичээлүүдийг заавал оруулж судлуулах хэрэгтэй байна.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ' гэдэгчлэн монгол эрчүүд маань өөрсдөө ойлгож хичээх хэрэгтэй байна даа. Таны эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжил, соёл хэвшил тань өөр хэнийх бус зөвхөн таны л баялаг. Та өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй болж чадвал, бусдад хүндлэгдэж хайрлагдах болно. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Хэрэв бид дор бүрнээ хичээн өөрчлөгдөж чадвал, монгол үндэстэн өөдлөн дэгжиж, өрх гэр нь бат бөх, төр нь түвшин амгалан байх болно.
Монгол эрчүүд өрх гэрийн тэргүүн, монгол төрийн тулгуур түшиг, түвшин амьдралын эзэн нь болох болтугай. Танд амжилт хүсье.

Wednesday, March 3, 2010

Fishing in Mongolia - khuvsgul

Saturday, February 13, 2010

Монголын цагаан сар-үндсэний их баяр


Гомбосүрэнгийн Галбадрах


Монголчууд эрт дээр цагаас л наадам, цагаан сараа ихэд эрхэмлэн үзэж, олон сайхан зүйлтэй харьцуулан жишиж үздэг байснаас улбаалан, "юун наадам, юун цагаан сар" гэдэг өнөө цагийн хошин хэллэг үүссэн байх. Хэдийгээр битүүлэх, золгох өдрийн тухай жинхэнэ болон хуурамч "зурхайч" нар маргалдан будлиулдаг ч, цагаан сараа бусдаас илүү гэхэд дутуугүй тэмдэглэх, бас бусдад муу хэлүүлэхгүй гэсэн хүслээс үүдэлтэй бухимдал бас шаналгаа тохиолдож байдаг ч, нэг л өдөр цагаан сар болдгоороо болно.
Цагаан сарын хэдэн өдөр, хүмүүс олноороо айл хэсч, бууз банш идэж, ууцны мах хөндөж, ёс болгон сархад амсч, бэлэг цуглуулж, баяр хөөртэй явахдаа, өнгөрсөн өдрүүдийн "шаналант" өдрүүдээ умартана. Идэж уусан, хурааж цуглуулсан бүхэн нь ирж буй жилдээ ч хүрэлцэх юм шиг "сэтгэл өег' байдаг нь биднийг " жинхэнэ монгол" болгон харагдуулдагаараа онцлогтой.
Энэ өдрүүдэд, олон зуун жил уламжлал болгон хадгалагдаж, өдгөө болтол өвлөгдөж ирсэн "монгол ёс заншил", ахас ихсээ хүндэтгэх "хүндэтгэл", зөвхөн сайн сайхныг хүсэх "бэлэгдэл", ямар ч зарлиг тушаал, 'нэрэмжит өдөр", албадлагагүйгээр монгол орон даяар, харьд суугаа олон монголчуудад ч илэрч байдаг. Өнөө цагт биднээс алсран холдсоор байгаа "монгол" тамгатай олон үйл, ёс заншилыг ахмад настнууд нь дурсан сургамжилж, идэр настнууд нь өвлөн дуурайж, ирээдүй үе нь ажиглан мэдэрч байдгаараа, цагаан сар монголчуудын үндсэний их баяр болж байдаг аж.
Бэлэгдэлийн өдөр
Хэдийгээр шинийн нэгний өглөө "мөр гаргах" үйлдлээрээ. тэр жилдээ бүх зүйл сайн сайхан, чиг шулуун болдоггүй ч, өөртөө ийн итгүүлж, бодол санаандаа сайн сайхныг шивнэн далалж, ирж яваа цагийн өнгийг гэрэлтэй сайхнаар төсөөлнө. Нэгэн цагт уур бухимдалдаа автаж, хэн нэгэнтэй муудалцаж, хорон муу үгээр гомдоож, гомдож хорсож байсан бол, энэ өдөр бэлэгтэй сайн үг хэлэлцэж, дэмбэрэлтэй сайхан ёсолж, ирэх жилдээ ч ийм байхсан гэж хичээнэ. Нэгэн өдөр өлсөж ядарч, нөгөө өдөр дутагдаж гачигдан, үүнийхээ төлөө цухалдан гуньж байсан бол, энэ өдөр ширээ дүүрэн өрөөстэй идээ ундаа, элбэг дэлбэг дүүрэн ёслолоо харахдаа, ирж буй жил энэ бүхэн 'дуусахгүй дүүрэн, дундрахгүй элбэг" байгаасай гэж сэтгэлдээ шивнэн ерөөнө.
Энэ өдөр монголчуудын хувьд, ирж буй жилдээ эрүүл саруул, элбэг дэлбэг, санаа сэтгэл өөдрөг, санасан бүхэн бүтэж байхыг бэлэгдэж, сэтгэлийн ариуслыг авчирдаг.
Монгол ёс заншлаа ёсчилон дагах өдөр
-Хай, юу байнаа?
-Юмгүй дээ хө
-Бүр юу ч үгүй юу ?
-Юу ч үгүй ээ гэх өнөө цагийн, өдөр тутмын мэндчилгээний бэлэгдэлгүй хэлц үгс,
-Та амархан сайн байна уу?
-Мэндээ, амархан сайн уу?
-Даага далантай, бяруу булчинтай, онд сайхан оров уу?
-Сайн орлоо, таны бие лагшин тунгалаг уу?
-Элбэг дэлбэг сайхан жил гарч байнаа
-Айл их хэсч алт мөнгө их цуглуулаарай
-Та урт насалж удаан жаргаарай
-Ерөөлөөр болог гэсэн бэлэгтэй сайхан үгсээр солигддог өдөр.
Түүнчлэн тавгийн идээг яагаад сондгой тоогоор засдаг учиртай, ууцыг яаж тавьж, хаанаас хэрхэн хөнддөг учиртай, ахмад настай хүнтэй золгохдоо, тохойг хэрхэн дэмнэж, хадгийг хааш харуулан барих учиртай, аягалж өгсөн цайг хоёр гараараа дэмнэн барих учиртай, айлд ороод хаана сууж, хэний дараа дуугарах учиртай гээд хүндэтгэл, бэлэгдэлийн олон үйл, ёс заншлыг бусдаар заалган, биеэр үйлдэн сурч, "дадлагажина",
Энэ өдөр монголчуудын хувьд, эртнээс өвлөгдөн ирсэн монгол ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөн, сурч ухаардаг.
Монгол үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр
Ердийн өдрүүдэд америк жинс, хэлхгэр цамц, албан ёсны костюм, бас платье, олон брендийн хувцсаар 'гангардаг" монголчууд, энэ өдөр монгол үндэсний хувцсаараа гоёцгоодог. Хэдийгээр зарим нэгэн, бэл бэнчингээ илэрхийлэхийн тулд хаад ноёд, хатад гүнж, тайж тавнангийн загварын хувцсаар хувцаслан, үүндээ үүртэж бүдчин, алхаа гишгээ нь наадамд тав давсан бөхийнх шиг "таахалзах" боловч, монгол үндэсний хувцас цаанаа л эрхэмсэг гоё харагдана. Өнгөрсөн жилийн цагаан сараар өмсөж гоёод, далд хийсэн дээлний, эвхээсэнд суусан "өлөн хир" эзнээ хэр хүлээснээ илтгэн "гомдоллоно", Халамцуу байхдаа тайлсан эр хүний малгай бүс, энэ өдрүүдэд, монгол эрийн сүлд хийморьтойгоо хамтад хүндлэгдэн 'дээр заларна".
Энэ өдөр монголчуудын хувьд, үндэсний хувцсаараа гоёж, энэхэн ертөнцөд монгол гэдгээрээ ялгаран гайхуулдаг.
Ах дүү, хамаатан саднаа хүндэлдэг өдөр
Ажил амьдралын нугачаанд үүртэж, зав чөлөөгүй явсан хүмүүс энэ өдөр ах дүү, хамаатан садантайгаа уулзан учирч, хорвоогийн жамаар хэн нэгнийд ирсэн шинэ хүнийг "өхөөрдөн" танилцаж, хальж одсон хэн нэгнийг дурсан хүндэтгэнэ. Өндөр настай ахмаддаа хадаг барин золгож, зузаан түрийвчтэйгээсээ хамаарахгүйгээр зулай гишгэж төрсөн дарааллаараа л бие биендээ хүндэтгэл үзүүлнэ. Ахмад настны дурсамж сургаал, ах дүүсийн хөгжилтэй дурсамжууд, энэ өдөр өнгө мөнгө, арилжаа наймаа ашиг олзоос илүүтэй гэрийг дүүргэж, сэтгэлийг уяраадаг. Энэ өдөр чин сэтгэлээсээ бие биенээ "авгайлан" дуудаж, баяр гуниг, хүсэл мөрөөдөл, зовлон жаргалаа харцаараа ойлголцоно.
Энэ өдөр монголчуудын хувьд, элгэн садан, ах дүүсээрээ цуглаж, бүлээн хайр, халуун халамж, дотносож уярах сэтгэлээ мэдэрч хуваалцдаг.
Хүүхэд хөгшчүүдийг баярлуулдаг өдөр
Өндөр настандаа хадаг барьж золгодог байсан монголчууд өдгөө цагт мөнгө барьж золгодог болсон нь цаг цагийн эрх юм биз, Айлын өгсөн бэлгийг "голж", "шилэхгүйгээр"
алгаа тосон авч, чин сэтгэлээсээ баярладаг хүүхдүүд, энэ өдрийн баяр хөөр бас өхөөрдөл. Эрт цагаас энэ амьдралын эхлэл, төгсгөл болсон хүүхэд хөгшчүүдээ баярлуулах нь "буян" гэж үздэг байсан заншил хэвээрээ. "Гар цайлгах "нь ёс бас буян гэж үздэг монголчууд, хэн нэгэнд "бэлэг" өгөхийг хүсдэг нь сэтгэлийн өглөг.
Энэ өдөр монголчуудын хувьд , "цаг цагт нэг цадаж, цагаан сараар нэг баяждаг" өндөр настан ахмадууд, өхөөрдөм хөөрхөн хүүхдүүдийг заавал баярлуулдаг.
Үндэсний их баяр
Сайн муугаар хэлэгдэж, бухимдал баяр сүлэлдсэн цагаан сарын баяргүйгээр монголчуудыг төсөөлөх аргагүй. Хэдэн арван жил хориглож устгах гээд ч, өнөө энэ цагт өөрчлөн хувиргах гээд ч үл дийлэх энэ баяр, монголчууд биднийг энэ дэлхийн олон үндэстэн ястангуудаас ялган "жинхэнэ монгол" болгон харагдуулдаг.
Монгол хүн бүрийн сэтгэлд монголоороо байх "эрмэлзлэл", монголоороо гоёх "хүсэл", монголоороо гайхуулах "бахархал" нь энэ цагаан сарын баяр юм. Жил жилийн урсгалд, цаг цагийн аясад өөрчлөгдөн, сайжрах олон зүйл байгаа хэдий ч, энэ баяр маань хэн нэгний бэл бэнчин, зэрэг зиндаагаа гайхуулах шоу болж хувирахгүй, монголчуудын ёс заншил, хүндэтгэл, бэлэгдэлийн их баяр хэвээр үлдэнээ.
Саяхан АНУ-ын Виржина мужийн Арлингтон хотод аж төрдөг Н.Бадарч www.dayarmongol.com цахим сэтгүүлд "Цагаан сар ба шар нохой" нэртэй маш сонирхолтой өгүүлэл нийтэлсэн байсан. Өдгөө цагт олон олон хүмүүс,энэ баярын үндсэний шинж, өвлөгдөж уламжлагдах заншлын талаар санаа зовниж буй. Жилээс жилд гадаадад байгаа монголчууд цагаан сарыг өргөн тэмдэглэдэг болж байна. Харь нутагт ажиллаж амьдарч байгаа олон монголчуудын монголоороо гайхуулах, монголоороо байх хүсэл, монголоо санах шаналлын илрэл нь энэ аж.
Монголчууд бидний үндэсний их баярын энэ өдөр, үелэж зассан тавагтай идээний ард, үндэсний хувцсаа өмсөөд эрхэмсэг суух сайхан. Адилхан монгол хүмүүстэйгээ тааралдаж, амрыг нь эрж золгон мэндчилэх сайхан. Айл хэсч бууз идэн, аягандаа мах хөшиглөн, хундага дарсаар даруулах сайхан. Бэлэг авсан хүүхдийн баярлаж хөөрөхийг харах сайхан, хэн нэгнээс авсан бэлгээ гэртээ аваачиж задалж үзэх сайхан. Юу юунаас илүүтэй монгол заншлаараа ёсолж, монгол хүн гэдгээ мэдрэх бүр ч сайхан.
Арван долдугаар жарны "Тийн урвагч" хэмээх төмөр бар жилдээ, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвсжин амгалан байж, юу санасан есөн хүсэл тань биелэх болтугай. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Wednesday, February 10, 2010

Monday, February 8, 2010

МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ЭХ ОРОН УУ?


Хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болжээ.


Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана. Монголчууд халуун чинжvvтэй солонгос хоолыг єдєр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мєн энэ хотод солонгос vндэстний хvндтэй зоог болох нохойн махан хоолоор vйлчилдэг хоолны газар хvртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгvй тааралдана. Зарим нэг нь vvдэндээ Ємнєд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ vнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр vйлчлvvлэгчид нь солонгос эрчvvд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хvн оруулдаггvй гэж нэг сонин дээр бичсэн байсан.

Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног єдєр шєнєгvй гаргана. Телевизvvд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мєнгє зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дvvстээ” кино худалдахдаа vнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизvvдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бvтэлгvй дурлал гэх мэт vйл явдлууд дvvрэн байхаас гадна солонгос гэр бvлийн хэрvvл тэмцэл, єшєє авалт зэрэг айдас хvргэм сэдвvvд тун элбэг. Зарим нэг судлаач хvмvvс эдгээр кинонууд монгол хvvхдийн гэр бvлийн хvмvvжилд сєрєг нєлєє vзvvлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хvvхдийн хєгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нєлєє маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зєвлєгєєг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггvй ажээ.

Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хvч сулхан боловч ємссєн зvvсэн нь гял цал, нvvр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дvр болжээ. Залуус нь солонгос дуучин, жvжигчдийг дуурайн хувцаслана. Vvнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар vсээ урт засуулж, хар єнгийн хvрэм ємсєж, урт ороолтоор хvзvvгээ ороож, солонгос нvдний шил зvvх нь залуусын чухал гангараа болжээ. Хєдєєнєєс орж ирээд удаагvй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зvйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа єндєр дуугаар зандран харьцаж, бvр солонгос жvжигчдийн нvvрний хувирал, амны хєдєлгєєнийг нь хvртэл дуурайх болсон гэнэ
.Монгол залуус vсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас ємссєн нь тэдний нvvрний хэлбэр, биед зохиогvйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулж ёстой л элэг хөшмөөр
эдгээр хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болж байна.


Саяхан Монголын єдєр тутмын нэгэн сонинд Ємнєд Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хvний жирийн нэг ярилцлага. Єндєр настай тэр солонгос эрийн ярьсан зvйлс дотор “Монголд байхдаа єєрийгєє гадаадад байгаа гэж боддоггvй” гэсэн vгс байна. Энд нэг их чухал зvйл алга. Сайндаа л энэ солонгос євгєн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл тєрvvлнэ. Гэтэл Монголд огт хєл тавьж vзээгvй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай vгийг хээв нэг хэлэх нь цєєнгvй ажээ. Азийн интернэт хэлэлцvvлэг, форум болон янз бvрийн веб сайтууд дээр Монгол орны тvvх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зvйлийг уншихад эмнэлгийн эзэн євгєн дээрх vгээр юу хэлснийг ойлгоно.Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр vндэстэн нэг євєг дээдэстэй бєгєєд эрт дээр vед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бvv хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн ємнє солонгосчуудын євєг дээдсийн байгуулсан агуу эзэнт гvрний vед єнєєгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхvv Солонгос гvрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хvртэл хийж Youtube.com сайтад байрлуулсан байх юм.
Монгол, Солонгос vндэстний нийтлэг тvvхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Єнгєрсєн vеэс зугтаж vл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн vндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Тvvний нийтлэл Хятад, Солонгосын “тvvхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч єгvvлье. Хятад, Ємнєд Солонгос улсуудын хооронд єнєєгийн Хятадын зvvн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын тvvхийг бvрэн єєрийн болгон засаж бичих єрсєлдєєн нэлээд хэдэн жилийн ємнє эхэлжээ. Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерєнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерєнхийлєгч, ерєнхий сайд нар хоёр орны эртний тvvхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цємийн хєтєлбєр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хvлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зvйл байсан ажээ.

Монголын vндэсний эрvvл мэндийн салбар єєрийн олигтой бодлогогvйгээр бэрх замыг туулж байна. Энэ тохиолыг ашиглан солонгосчууд Монголын эрvvл мэндийн салбарт тєвхєнєх бэлтгэлээ аль хэдийнээ хангаж эхэлжээ. Саяхан Монголд айлчилсан Солонгосын талын тєлєєлєгчид 50 сая ам.долларын зээл ав, бид танайд эмнэлэг байгуулж єгнє, хурдан шийд гэсэн шаардлага ч гэмээр саналыг Монголын талд тавиад буй. Хэдэн жилийн ємнє Монголын анагаах ухааны боловсон хvчнийг бэлтгэдэг хамгийн том их сургуулийн дэргэд оюутныг сурган дадлагажуулах, Монголын эрvvл мэндийн салбарын боловсон хvчнийг хєгжvvлэх сургалтын тєв байгуулах зорилгоор томоохон барилгын ажлыг эхлvvлжээ. Харин барилгын ажил дуусаж ашиглалтад ороход тэр нь монголын эрvvл мэндийн ирээдvйн боловсон хvчнийг хєгжvvлэх тєв биш, 100 хувийн солонгосын хєрєнгє оруулалттай асар vнэтэй, баячуудад зориулсан Улаанбаатар-Сонгодо хэмээх хувийн эмэнэлэг болсон байжээ. Саяхан Улаанбаатарт байх нэгэн тєрєх эмнэлэгийн байранд хvйн халдвар тархаж олон хvvхэд эндсэн гутамшигт хэрэг гарч, Монголын эрvvл мэндийн салбар ямархуу байгааг харуулсан. Гэвч ийм халдвар Улаанбаатрын тєрєх эмнэлэгvvдэд ємнє нь гарч байжээ. Улаанбаатарт шинээр тєрєх эмнэлэг байгуулах гэтэл хєрєнгє тєсєв хасагдсан, дээр нь эмнэлгийн барилга барих газар олддоггvй гэж ярьдаг. Харин энэ бvхний хажуугаар сонирхолтой vйл явдал єрнєх ажээ. 2009 онд Монголын Улсын ерєнхийлєгч (Н.Энхбаяр) нь саяхан хvvхдийн хvйн халдвар гарсан эмнэлэгийн хашаанд Ємнєд Солонгосын Ён Сей хэмээх эмнэлгийн шинэ байр барих ёслолын vйл ажиллагаанд оролцсон гэнэ.

Thursday, January 28, 2010

Тун удахгүй хавар ирнэ

Тун удахгүй хавар ирнэ
Тайвширсан сэтгэлийг ташуурдах шиг
Танил үнэр,хуучин дурсамж тээсээр
Тун удахгүй хавар ирнэ

Эхлэл төгсгөлийн утга алдарч
Эрхлэх мэт нялх ногоо цухуйна
Хөрстийн дээр,доорхи түмэн амь
Хөдөлж,үржиж,амьдрах гэж тэмцэлдэнэ

Сүүлчийн биш бороо анхных юм шиг орно
Сүрэг шувууд хуучин жимээр сүүдэр зуран ирнэ
Дурлал хэмээх эртний өвчин
Дуутай хамт зүрхэнд чинь бууна

Тун удахгүй хавар ирнээ

Бүлээн

Sunday, January 17, 2010

Дэлхийн шилдэг хүнсээр Монгол цагаан идээ орж байна

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан “-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай “-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.


Бид сүүлийн үед зөв хооллолт гэж их ярьдаг боллоо. Зөв хооллолтын хамгийн энгийн амархан арга нь махнаас татгалзаж цагаан хоол идэх гэж сурталчилдаг болжээ. Гэтэл төв Азийн цээжинд оршдог эрс тэс уур амьсгалтай Монголчууд бид махнаас татгалзаад цагаан хоолтон болцгоосоноор зөв хооллож байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа нь хэр оновчтой цэцэрхэл бол.

Дэлхийн хүнсний байгууллагаас хамгийн шалгарсан хоол хүнсийг тогтооход 15000 жилийн шалгуурыг давсан ганцхан хоол хүнс байсан нь монголчуудын үндсэн хоол болох цагаан идээ шалгарсан байна. Өчигдрийн юм өнөөдөр үгүй болдог болсон байхад 15000 жилийн шалгуурыг давж тэсэж гараад өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байгаа цагаан идээ дэлхийн шилдэг хоолоор шалгарсаныг дуулаад баярлахаас ч өөр аргагүй биз дээ.

Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилж сүү цагаан идээ голлон хэрэглэдэ г нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх маш чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд уудаг байсан байна.

Хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг байжээ. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэгийг бид бараг мартжээ. Сүү цагаан идээнээс гадна 5 хошуу малын мах тэр чигээрээ эмчилгээ болдог юм байна. Үүнийг уншсан зарим нэг нь намайг буруутгаж махаа магтаж байна гэж эндүүрэвзээ. Мах идсэнээр хүн өөрийн уургийн хэрэгцээг хангадаг. Гэтэл сүүлийн үед мах идэхгүйгээр уургийн хэрэгцээгээ дүпү, эрдэнэ шиш, вандуй, хулууны үр, самар гэх мэт жимс ногооноос хангах тухай сурталчилгаа хүчтэй явагдаж байна. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар дээрх жимс ногооноос авах уургийн хэрэглээ нь хүний биеийн уургийн ерөнхий хэрэглээг хангах ч хүний уураг тархийг уургаар хангаж чаддаггүй болохыг тогтоосон байна. Гавлын ясан дахь уураг тархи нь өөрөө тэр чигтээ уураг бөгөөд тэрээр махнаас авах уургаар тэтгэгддэг. Өвөг дээдэс маань бидэн шиг махыг жилийн 4 улиралд тасралтгүй идэж байгаагүй аж. Тэд “Зохимжгүй идээ найруулсан хор” гэж үздэг байсан учраас зөв хооллох асуудалд анхаарлаа хандуулж, зөв хооллох журмыг баримталж, хэрэгжүүлж иржээ.

Жилийн 4 улиралд монголчууд ямар хоол хэрэглэж ирсэн тухай доктор З.Бат-Отгон “-Өвөл хүний шар үсний сүв хаагдаж хийгээр галын хүчийг төгс бадруулах тул хоол хүнс багадвал тамир тэнхээ буурна. Иймээс өвөл голдуу амтлаг исгэлүүн давслагийг гол болгох хэрэгтэй. Тиймээс өвөл цагт хамгийн шим тэжээл илчлэг ихтэй адуу үхрийн махаар хийсэн хоол иддэг байжээ. Шим тэжээл ихтэй илчлэг хоол идсэний дараа заавал хүчтэй тараг, аарц, цагаа уудаг байсан байна. Энэ нь хүний эд эрхтэн, цус, судасанд хуримтлагдсан өөх тосыг цэвэрлэхээс гадна хоолны шингэцийг сайжруулдаг байжээ. Ер нь монголчууд өвөл 16, 17 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байж. Энэ нь хүнд чанартай хоолыг бие цогцос, эд эрхтэнд дарамт учруулалгүй зөв хэрэглэж байсны нотолгоо юм. Хавар хонины махан хоол, шар тос самарсан эсвэл шар тосоор хийцэлсэн цай, тараг зундаа айраг, тараг, аарц, бяслаг, ээзгий голчлон хэрэглээд хааяа сэрүүн чанарын ямааны мах болон үхрийн борц иддэг байжээ. Мөн намар хатаасан өрөм, ааруул, хоормог, амуу тариа, будаа зонхилон хэрэглэдэг байсан” гэж ярилаа. Тэгэхээр монголчууд бид чинь жилийн 4 улирал, цаг агаар, уур амьсгал, өөрийн бие цогцос болон түүний үйл ажиллагаа онцлогт тохируулан хоол хүнсээ хэрэглэдэг байсан гайхалтай ухаантай ард түмэн.


Д. Наранцогт

Saturday, January 2, 2010

Болмоор

Өвөл дотор би амьдарч
Өвөл миний дотор амьдардаг
Маргаашийн орох цасны ширхэгт шингэж
Мэлмэрэх тэнгэрийн цагаан нулимас болмоор...

Хаврын цэцэгсийн үндсийг тэтгэх
Хайр шингээсэн цасан ширхэг болмоор
Энэ л бие эд эсээрээ газарт уусан нэгдэж
Ирэх хавар хүмүүсийг баярлуулах цэцэг болмоор...

Цэнхэр хаврын яргуй болж бие ээ үлдээчихээд
Цээжний гүн дэхь гуниганд чинь хань болгож
.................шүлгээ үлдээчихээд
Зул мэт шатан ариусаж, дотроосоо гэрэлтээд
Зөн татсан мөнхийн гэгээтэй нийлж гэрэл болмоор...

Бүлээн.