Wednesday, November 10, 2010

Монгол - Анагаах ухаан

Монгол эмнэлэг нь өөрийн гэсэн үндэсний өвөрмөц онцлогтой, орон нутгийн өнгө аястай, хялбар, оношлох эмчлэх талаараа хурдан бөгөөд үр дүнтэй, өвчтөнд уулгах эмийн хэмжээ бага боловч анагаах чадвар сайн зэрэг олон талаараа онцлог, давуу талтай юм.


Монгол эмнэлгийн үндсэн онол:
Монгол эмнэлэг нь “Хий”, “Шар”, “Бадгана” гурвын харьцаагаар хүний бие махбодын физиологи, өвчний байдлыг шинжин тайлбарладаг. “Хий” гэдэг нь физиологийн төрөл бүрийн чадавхыг заана. Хүний ой санамж, үг хэл, хөдлөх байдал болон олон эрхтний чадавхийг хийгээр эзэмдэж байдаг. Хэрвээ хийн чадавхи алдагдвал, сав цулын чадавхи муудаж, ухаан санаа хэвийн бус болж, нойргүйдэн, юмыг амархан мартах зэрэг байдал илэрдэг.
“Шар” гэдэг нь дотор халуунтай холбоотой. Биеийн халуун, олон нэхдэс эрхтний халууны чадавхи тэрчлэн мэдрэл, хөөрөл зэрэг бүгдэд “Шар”-ын нөлөө байдаг. “Шар” хөөрвөл халуунаас болсон төрөл бүрийн өвчин үүсдэг.Жишээлбэл, аманд гашуун юм амтагдах, шар хусах, сэтгэл уймрах зэрэг байдал илэрдэг.
“Бадгана” гэдэг нь хүний биеийн дотоод шүүрлийн нялцгай шингэн зүйлийг хэлж байна. Энэ нь сэрүүн чанартай. “Бадгана”-ын үйлчилгээ алдагдвал, сэрүүн чанарын онцлогууд илрэхээс гадна шингэн зүйл гарах нь олширч, төрөл бүрийн дотоод шүүрлийн ажиллагаа нэмэгдэх зэрэг шинж байдал илэрдэг байна.

Монгол эмнэлгийн эмчилгээний өвөрмөц аргааас

Хануур
Хүний биеийн зохих хэсгийн хөх судсыг хатгаж муу цусыг нь гаргаад өвчнийг засах, өвчнөөс сэргийлэх зорилгоор ханаж эмчлэх арга юм. Хануурыг гол төлөв цус, “Шар”-аас болсон халуун чанартай өвчнийг илааршуулахад хэрэглэдэг. Тухайлбал, шархны халуун болох, тахлын халуун, хатиг мундас, яр шарх, тулай, сүрьеэ зэрэг халууруулдаг өвчнийг анагахаана.

Төөнүүр
Төөнүүр нь хүний биеийн зохих бэлчир дээр уул өвс буюу агь өвс зэрэг эмт ургамлыг шатааж халаах, төөнөх, утах аргаар өвчнийг анагаах арга юм. Түүний дотор монгол төөнүүр, халуун төөнүүр гэх мэт төрөл зүйл бий. .

Соруул буюу бумба
Энэ бол бумба, хануур хоёрыг уялдуулсан эмчлэх арга юм. Хүний биеийн зохих хэсэгт бумба тавьж, хэсэг хугацааны дараа бумбаа аваад тусгай зүүгээр хатгаж самнасаны дараа дахин соруулж муу цус, шар усыг нь гадагшлуулж өвчнийг илааршуулна. Соруул бумбыг хүний биеийн мах ихтэй, зөөлөн, үсгүй, тэгш хэсэгт тавидаг юм. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй, өвчтөнийг зовоодоггүй, эмчлэх хугацаа богино, нэн даруй үр дүнд хүргэдэг зэрэг давуу талтай.
Айргаар засах арга
Айраг цэгээгээр эмчлэн засах арга бол монгол үндэстний идээ ундааны зүйлээр анагаах уламжлалт арга юм. Биеийн тамир тэнхээг сайжруулах, төрөл бүрийн архаг өвчнийг засах чадалтай, ялангуяа зүрхний өвчинд илэрхий сайн гэдэг. Айраг цэгээнд хүний биед хэрэгтэй чихэр, уураг, өөх, ялангуяа витамин маш их агуулагдаж байда байна.

Бариа засал
Монгол эмнэлгийн бариа засал нь бариач нарын өнө удаан жилээр хурамтлуулсан үндэсний өвөрмөц онцлог бүхий тусгай мэргэжил юм. Энэ нь яс хугарах юм уу үе мултрах, зөөлөн эдийн гэмтэл зэрэг олон төрлийн бэртлийг засах арга юм. Бариа засал нь бэртсэн хүнийг ясыг хуучин хэвэнд нь оруулах, иллэг хийх, эмтэй усаар угаах, сувилгаа болон чадавхийг сэргээх засал зэрэг 6 үе шаттай бөгөөд хор тайлах, судас шөрмөсийг зөөлрүүлж, цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй гэжээ.