Wednesday, November 11, 2009

Бавуугийн Лхагвасүрэн - Нулимстай дурсамж

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.
Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа...

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө...

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын мèнь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.
Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан...

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.
Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн...

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.
Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна...

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай бàйх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэвэрээ аваад” гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ...

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

Monday, November 2, 2009

Монгол улс хөгжлийн ээлжит гайхамшиг уу?

"Finance Asia" сэтгүүлийн шинэ дугаарт Дэниэл Инманы ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монголд сүүлийн үед гарсан ахиц энэхүү бөглүү орон гайхамшигт нөөц бололцоогоо ашиглан хөгжих үүд хаалгаа нээсэн гэдгийг харуулж байна.

Уул уурхайн томоохон ганц гэрээг үсэглээд араас нь нэлээд олныг байгуулахаар завдаж буй Монгол улс сансрын хурдаар урагшлах үе шатныхаа босгон дээр байх шиг. Хүн ам цөөтэй хэрнээ байгалийн баялгаар арвин энэ орныг олон хүн Бруней юм уу, Арабын нэгдсэн эмирт улстай зүйрлэх болов.

"Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр өнгөрсөн арван жилд Катар улс Хятадаас илүү хурдацтай байсан шиг дараагийн арван жилд Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой" гэж Монголын гурван том банкны нэг "Голомт" банкны гүйцэтгэх захирал Жон Финиган ярьж байна.

Сүүлийн зургаан жилд тус улсын ДНБ-ий өсөлт жилд дунджаар 8.6 хувьтай байгаа юм. Финиганы үзэж буйгаар 2020 он гэхэд тус улсын ДНБ 67 тэрбум ам. долларт хүрч 2008 оныхоос хамгийн даруу тооцоогоор даруй 14 дахин өсөх төлөвтэй аж.

Энэ тооцоо дэндүү үнэмшилгүй санагдавч, Финиган ийм огцом өсөлтийн гэрч явсан хүн. Тэрээр 70-аад оны эхэнд дөнгөж хар алтнаасаа ашиг олж эхэлсэн Арабын нэгдсэн эмирт улсад ажиллаж байжээ.

Нефтийг даган мөнгө олгойдож эхлэхэд Арабын нэгдсэн эмирт улсын эдийн засаг огцом өссөн байдаг: 1973 оны 2.8 тэрбум ам. доллараас ДНБ нь ойролцоогоор 100 дахин өсч 2008 он гэхэд 262 тэрбум ам. долларт хүрчээ. Финиган цааш нь ярихдаа, "Тэр үед миний алдсан цорын ганц зүйл бол би Катарын эдийн засгийн өсөлтийг тийм огцом байна гэж тооцоолж чадаагүй юм" гэв. Тийм огцом өсөлт одоо Монголд давтагдах нь.

Монгол орон эрдэс минералаар хэр зэрэг баян болохыг төсөөлбөл тус улсын хөгжлийн төлөв илүү тодорхой харагдана. Тус улсын уудам газар нутагт үй олон металлын дэлгэгдээгүй баялаг оршсоор буй. Тодруулбал, 111 химийн элементийн 69 нь энэ улсын нутгаас олдоод байгаа юм. Аж үйлдвэрийн салбарын үндсэн хэрэглээ гэгддэг зэс, төмрийн хүдэр болон нүүрс л гэхэд энэ улсад асар их хэмжээгээр байна.

Улс төрөөс дэндүү хамааралтай уран мэтийн ховор бодисоос эхсүүлээд химийн мэргэжилгүй хүн төдийлөн мэдэхгүй үй олон эрдэс минералаар баялаг Монгол оронд худалдааны гайхамшигтай боломж бий. Тэгээд ч тус улс элдэв эрдэс түүхий эдээр дэлхийд хамгийн ихээр цангаж буй Хятадтай 4700 км газар нутгаар хиллэдэг.

Ийм ч учраас их энгийн тэгшитгэл бодож болохоор: Монгол улс эрдсийн батлагдсан 1.2 триллион ам. долларын нөөцтэй ч 2008 оны ДНБ нь ердөө 4.8 тэрбум ам. доллар байв.

Монголчууд өөрсдийн эд баялгаа мөнгөжүүлж эхлэхэд эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, ДНБ-ий өсөлтийн хурдаар дэлхийд цойлох бүрэн боломжтой. Энэ үйл явц түүнчлэн Зүүн өмнөд Ази дахь байгалийн баялагийн бизнест хандах дэлхий нийтийн хандлагыг ч өөрчлөх төлөвтэй.

"Монгол улс удахгүй үндсэн металлууд болон нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг Хятадад нийлүүлэгч орны хувьд Австралийн гол өрсөлдөгч болно" гэж Монголд төмрийн хүдрийн хайгуул хийх лиценз эзэмшигч "Golden Pogada and North Asia Resources" корпорацын захирал Эдвин Чан дүгнэж байна.

Чаны хэлснээр Монгол нь уул уурхайн салбар хөгжсөн Австрали, Латин Америкаас нэг чухал давуу талтай нь Хятадтай шууд хиллэдэг явдал аж. Австралиас аливаа барааг далайн тээврээр зөөвөрлөхөд олон долоо хоног шаарддаг төдийгүй төв Хятад руу хүргэнэ гэвэл ачааг галт тэргэнд шилжүүлэн тээвэрлэхэд хүрдэг. Мэдээж энэ нь цаг хугацааны хувьд удаанаас гадна зардлын хувьд өндөр. Чаны хэлснээр түүний төмрийн хүдрийн уурхай ашиглалтанд орж тээвэрлэлтийн зохих асуудлыг шийдчихвэл тэрээр төмрийн хүдрийг Хятадын аж үйлдвэрийн төвүүдэд хэдхэн хоногийн дотор хүргэж чадах аж. Иймээс Монгол нь бүтээгдэхүүнээ Хятадаас алсад орших өрсөлдөгчдөөсөө илүү шуурхай, хямд зардлаар нийлүүлэх бүрэн боломжтой юм.

Чан гэхдээ Монголд өнөөг хүртэл оршсоор буй хоёр хүндрэлийн тухай дурдсан. Нэгд, газар доорхи баялгийг олборлож эхлэхэд Монгол улсад нэлээд цаг хугацаа шаардагдана. Хоёрт, Хятадтай хэдийгээр хөрш ч гэсэн, зам тээвэр, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй явдал.

Уул уурхайн өөр нэгэн компанийн захирал ярихдаа, "Би уг нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулахыг сонирхож байсан. Гэхдээ хөрөнгөө Зүүн өмнөд Азид байрлуулсан. Учир нь тэнд би эрдэс бодисыг олборлосон л бол хялбархан тээвэрлэх боломжтой. Монгол Хятадтай илүү ойрхон л доо. Гэхдээ би тэндээс эрдэсийг яаж зөөвөрлөх вэ, сарлагаар уу. Уул уурхайгаас хурдан ашиг олох тал дээр бол Монголыг сонгох цаг хараахан болоогүй байна" гэсэн юм.

Монголын хөгжлийн хэтийн төлөвийн талаархи урьдчилсан тооцоо бодит хэдий ч тус улс хөгжлийнхөө дөнгөж эхний шатанд буйг хэн ч үгүйсгэхгүй. Ямартаа ч ойшоолгүй өнгөрч болшгүй тус улсын нөөц боломж Азийн санхүүчдийн дуранд хэдийнэ тусчээ.

Medeelel.com B.Tushig