
Showing posts with label Миний нүдээр өнөөдөр. Show all posts
Showing posts with label Миний нүдээр өнөөдөр. Show all posts
Sunday, September 18, 2011
Tiny Stone

Saturday, September 3, 2011
Women Freedom

2. Заримдаа хөгжилтэй дурсамаа хэн нэгэнд ярина гэдэг сайхан.
3. Хэн нэгэнд итгэж, нууцаа хэлнэ гэдэг илүү сайхан.
4. Бидний өдий хүртэл амьдарч ирсний гэрч-үрчлээ, сэвх, толбонууд бүгд сэтгэл татам, бас сайхан.
5. Таны нүд маш сайхан. Өөр хэнд ч таных шиг нүд байхгүй. Тэд таны сэтгэлийг харуулдаг.
6. Ямар нэг шалтгаанаар нүүрээ буддаггүй эмэгтэйчүүд сайхан.
8. Хэн нэгэн таныг гайхалтай харагдаж байна гэж магтахад “Баярлалаа” гэж хариулах сайхан..
9. Энэрэнгүй хүнлэг сэтгэл юутай ч зүйрлэшгүй сайхан .
10. Ямар нэг хөгжилтэй юм сонсоод, нулимсаа гартал инээх сайхан.
11. Хааяа эмх замбараагүй байх ч хүртэл сайхан.
12. Ухаантай тэвчээртэй зоригтой байх сайхан.
13. Жимсний дарс шимэн суух үнэхээр сайхан.
14. Cонгодог аялгуу сонсох сайхан.
15. Tансаг үнэртэнг таашаах сайхан.
16. дулаахан энхрий ялдам үгсийг сонсох сайхан.
17. Инээмсэглэл гунигийг сэтгэлдээ шингээх сайхан.
18. Булга, минж, суусараар гоёх сайхан.
19. Хайр, халамж энхрийллийг мэдрэх сайхан.
20. Гэрэл сүүдэртэй орчлонд эмэгтэй хүн байх сайхан.
21. Мөнх бус хорвоод ээж болох эгнэшгүй сайхан.
22. Үзэгслэнт цэцгэсийг үнэрлэх сайхан.
23. Болзоонд догдолж яаарах сайхан.
24. Бороонд норж зогсох сайхан.
25. Эрх чөлөөтэй байна гэдэг сайхан. Та амьдралаа өөрийгөө аз жаргалаар дүүргэх эрх чөлөөтэй хүн.
Friday, July 1, 2011
The Prime Minister of Mongolia

Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлөөс “Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж. Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдээ ажилч зөгийтэй зүйрлэн нарийн мэргэжил, хуримтлуулсан тэргүүний туршлага ноу хау-г нь нэвтрүүлэх, энэ бүхнийг түшиглэн улс орныхоо хөгжлийг эрчимжүүлэх, бас иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа юм Байх. Халаасаний задгай мөнгө шиг хаа сайгүй тарж бутарсан хэдэн бор хүүхдүүдээ Ерөнхий сайд цуглуулж бат бөх “Зөгийн үүр” хийж Эх орны ирээдүйг жинхэн мандаан бадраах юм байхаа Сайхан л санаа Хөлд торсон чулуу эргээд эвээс болох үе бий гэдэг дээ. Сайхан мишээлийн үр дүн сайн сайханыг авчирах болтугай.
Monday, December 20, 2010
ИХ ХИЙРХЭЛ

"Шаазгай зүү олоод хийх газар олохгүй" хэллэгийн жишгээр, эрх мэдлээ ашиглан хууль бусаар баяжигсад хулгайлж завшин олсон их мөнгөө барж ядан, бусдад гайхуулах болжээ.
Монголчууд бидний сэтгэлгээний хямралын өөр нэг шалтгаан нь өнгө мөнгөний төлөөх өрсөлдөөн юм.
...АНУ-д ажилаж амьдарч байгаад Монголдоо буцаж очсон танил маань ийн ярьсан юм.
-Монгол минь зөндөө л өөрчлөгдөж хөгжжээ. Нэг л дасахгүй байгаа зүйл нь, ажил төрөл амин хувийн асуудлаар хүмүүстэй уулзахад өмссөн хувцас, зүүсэн зүүлт, унасан машин, барьсан гар утсыг минь ихэд сонжих юм. Тэр ч бүү хэл, хүмүүсийн харилцааны хэмжүүр нь энэ болсон бололтой. Хэрэв энэ бүх хэрэглээ нь хүний сонирхол татахуйц биш, бас муухан бол харьцаxгүй янзтай.
...Саяхан нэгэн сайт дээр "9911....." дугаарыг 5000$-оор зарна" гэсэн содон зар байлаа.
...Энэтхэгээс болон бусад орноос булга болон минжний арьсаар хийсэн дээлүүд Монголд их хэмжээгээр, бас их үнэтэйгээр зарагддаг гэнэ. Шинэ жил ойртож байгаа өдий цагт хамгийн гүйлгээтэй бараа болон хувирдаг гэнэ.
Өндөр хөгжсөн орнуудад ард иргэдийнх нь амьдрал 3 түвшинд ангилагддаг. Нийт ард иргэдийн амьдралд дундаж төвшнийх нь дийлэнх /70%-80% орчим/, хэт баян болон хэт ядуу түвшнийх нь бага байж тэнцвэр хадгалагддаг аж. Энэ хэрээр тэдний зүгээс улсад төлөх татварын хэмжээ ч ялгавартай.
Дундаж түвшнийх гэдэг маань, тухайн хүний ажил хийж олсон мөнгө нь амьдралд нь хүрэлцдэг гэсэн үг. Тэд өөрийн гэсэн боломжийн байртай, унах машинтай, хэрэгэцээ гарвал хүссэн зүйлээ худалдан авах боломжтой. Ийм тохиолдолд тэд өөр хоорондоо барьцаж, бие биенээсээ илүү гарах гэж тэмцэлдэж, бас бухимдан муудалцдаггүй.
Хэрэв хэрэгцээнээсээ илүү зүйл худалдан авахыг хүсвэл, зээл авах боломж нь бий. Зээл авах гол шаардлага нь барьцаа хөрөнгөнөөс гадна, байнгын ажилтай байх явдал.
Ард олны амьжиргааны түвшинг ингэж тогтоож, ингэж тооцож, ингэж барьж байх нь тухайн орны төрийн эрхэм үүрэг юм шүү дээ.
Нэг. Хүн юунаас ичих ёстой вэ?
1.Уншихгүй байхаас
-Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ уншиж байж л оюун ухаан нь задардаг. Тэд ном болон уншиж буй зүйлээсээ олон үлгэр жишээг, олон боломжуудыг, олон сайхан санааг олж авна. Ном болон бусад хэвлэлүүд хүмүүсийн оюун санааг "цэнэглэж", бас тайвшруулж, алив зүйлийг олон талаас нь харьцуулан харах чадварт сургадаг. Тийм болохоор нь "ном бол ертөнцийг харах цонх" гэж хэлсэн хэрэг.
Боловсролтой хүн гэдэг дээд мэргэжлийн допломтой хүнийг бус, их уншиж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүнийг хэлдэг юм даа.
2.Сэтгэхгүй байхаас
-Хүмүүс гаднаас авч буй олон мэдээллүүдээ оюун санаандаа "эргэлдүүлж", боловсруулдаг. Олон янзын ойлголтыг "задалж", оюун санаан дахь мэдээлэлтэйгээ "хольж", өөрийн итгэл үнэмшил болгон шингээнэ. "Энэ зүйлийг яаж хийх вэ?", "Энэ асуудалд яаж хандах вэ?', " Энэ хүнтэй яаж харьцах вэ?', гэхчилэн олон асуултууд, хүний оюун санааг байнга ажиллуулж, зовоож байдаг аж.
Энэхүү тасралтгүй үйлдлийг, уншиж буй зүйлээрээ сэлбэн баяжуулж байж л хүн хөгждөг. Сэтгэнэ гэдэг, амьдралд тулгарсан олон асуудлуудад хариу олж, өөрийн оюун санаагаараа зөв шийдвэр гаргах чадвар юм. Өөрөө юу ч бодохгүй, өрөөл бусдын амыг харж, шийдвэрийг нь аялдан дагалдаж эхлэх дор, сэтгэхүй "унтарч", бас гацаж эхэлдэг.
3.Хөгжихгүй байхаас
-Хүмүүс тодорхой чиглэлээр суралцаж, өөрт байгаа авьяас чадвараа тордон, ажил хөдөлмөр, бүтээл хийж байж л хөгждөг. Сайн суралцаж, сайн ажиллаж, сайн бүтээл хийж байж сайн цалин авна. Авч буй цалин хөлс нь амьдралд хүрэлцээд ирэхээрээ л илүү хөгжил рүү тэмүүлдэг аж. Өөртөө зорилго тавьж, илүү их хөгжил рүү тэмүүлж, бэрхшээл саад бүхнийг давж чадсан хүн л амжилт гаргаж, илүү өндөрлөгт хүрдэг.
Заавал их өндөрлөгт хүрэхгүй байлаа ч, өөрийн боломж, чадвартаа таацуулан ажиллаж, бүтээл хийж байхдаа хүмүүс, өөртөө сэтгэл хангалуун байж чадна. Хөгжил гэдэг ямар ч хүн, өөрт байгаа боломж чадвартаа тулгуурлан өөрийн амьдралаа авч явах ухаан, чадвар, боломж аж.
Хоёр. Гэтэл монголчууд бид...
-Өмссөн хувцаснаасаа ичиж байна
Өөртөө таарсан, таалагдсан цэвэр аятайхан хувцсыг бус, үнэтэй брендийн хувцас өмсөхгүй л бол бусдад "тоогдохгүй" болжээ. Бусдад тоогдохын тулд булга минж нөмөрч, үнэтэй брендийн хувцсыг наалтыг нь ил гарган байж өмсөн бусдад 'гайхуулцгаана". Хүмүүс биед эвтэй, өөрт таалагдсан, бас тохиромжтой хувцсаа сонгон өмсдөг байхад, Монголчууд бид бусдад гайхуулах гэж л заавал үнэтэй хувцас өмсдөг болсон гэж үү?Үнэтэй булга минж, үнийг нь харуулах гэсэн, өөрт нь зохисон зохиогүй ядмагхан хувцаслалт дороос баяр баясгалан, гоо үзэмж бус, бусдын атаархлыг "олж харах" гэсэн тэчьяадал л мэдрэгдэх аж.
Үүнийг хийрхэл гэхээс өөр юу гэж хэлэх вэ?
-Элдэв зүүсгэл, гоёлоосоо ичиж байна
Үнэтэй сувд, эрдэнийн чулуу, алт алмааз, цагаан мөнгө зүүхгүй л бол бусдад "хүн" болж харагддаггүй гэнэ. Үнэтэй зүүлтээр хүзүүгээ хэд ороож, алмаазан шигтгээ арван хуруундаа гаялалзуулаад ч гоё харагдана гэж үү? Яг л дизайныг нь олж бүтээсэн автомашин дээр нэмэлт элдэв гоёл хийхээр огт авцалдаагүй болж, муухай харагддаг. Түүн лугаа адил, илүү нэг л чамирхал хүний гоо үзэсгэлэнг гутааж орхино.
Хүний гоо үзэсгэлэнг бус зүүсгэл гоёлыг нь харж алмайрах болж байна даа.
Үүнийг хийрхэл гэхээс өөр юу гэж нэрлэх вэ?
-Барьсан гар утаснаасаа ичиж байна.
Монголд гар утасны хэрэглээ үнэхээр хөгжсөн. Найман настай балчираас, наян настай буурлууд хүртэл хамарч чадсан хэрэглээ. Харин энэ их хэрэглээн дундаас гар утасны дугаар болон дизайнаараа ялгарах гэсэн хийрхэл дэгдээд удаж буй.
Үйлчлэгч компаниудын бренд болсон дугааруудаар тэд "гоёж", өөр хооорондоо зиндаархан өрсөлдөж буй. Энэ л зиндаархал дундаа хариу өгдөг, өгдөггүй дугаарууд гэж бий гэнэ. Ердийн хэрэглээг хүртэл зундаархал болгон хувиргаж буй энэ үйлдлийг хийрхэл гэхээс өөр юу гэж үзэх вэ?
-Унасан машинаасаа ичиж байна
Одоо монголд дэлхийд нэрд гарсан бүх л загварын авто машинууд бий гэнэ. Энэ нь хөгжлийн нэгэн сайн тал хэдий ч, олон нийтийн ядуурал, улс орны хөгжлийн түвшинтэй харьцуулахад бас л "гайхмаар" үзүүлэлт. "Range Rover", "Land Criuzer", " Lexus", "Mersedes Benz", "BMW" маркийн машинууд бэлтэй хүмүүсийн нэрийн хуудас гэнэ. Ийм маркийн, бас "азын" дугаартай л бол ямар ч зөрчил гаргасан замын цагдаагийнхан зогсоон саатуулдаггүй гэнэ. Тэдэнтэй маргалдаж, цагаа үрэн, "хоолноосоо салж" байсанд орвол, чимээгүйхэн ёсолж өнгөрөөх нь өөрт өлзийтэй аж. Энэ хийрхэл биш гэж үү?
Монголд өдгөө гаарч буй ийм хийрхэлүүд, энгийн иргэд, амьдралаа авч явах гэж ядарч, зүтгэж буй олон хүмүүсийн бухимдал хорслыг төрүүлж байна. Энэ хийрхлийн манан дунд тэдний сэтгэлгээ хүртэл "төөрч", бодит байдлыг олж харахаа ч болох нээ.
"Хөнжлийн хэрээр' бус "мөрөөдлийнхөө хэрээр" амьдрахыг хүсэгчид олон болж байна. Олж буй мөнгө нь мөрөөдөлд бүү хэл амьдралд ч хэрэлцэхгүй болохоор тэд:
-хулгай хийж, дээрэмдэж, хүчирхийлж байна
-биеэ үнэлж, өөрийгөө ч худалдаж байна
-зээл аван "шатаж", хөрөнгө мөнгөө алдаж байна..
Тэд ийм бусармаг үйлдлийнхээ шалтгааныг " Амьдрал ийм хэцүү байхад би өөр яах ёстой юм бэ?" гэсэн хариултаар "ам таглана". "Тэд хууль зөрчиж, хулгайлан завшиж, хагартлаа баяжиж байхад, бид яагаад шударгаар хөдөлмөрлөж, бүтээгээд ийм ядуу амьдрах ёстой юм бэ? " гэдэг бодол хүн болгонд төрж буй.
Энэ бол хууль бус аргаар баяжиж, үүгээрээ бусдад гайхуулан бардамнах үйлдэлд дургүйцэн хорссон хорсол, эгэл жирийнээр амьдрах хүсэл боломжийг хаасан харанхуйлал. Олон нийт энэ хийрхлийн манан дундаас юуг ч олж харахгүй байна. Атаархал, хорсол, барьцах сэтгэлгээ л энэ их хийрхэл, бухимдлын шлатгаан болж байна.
Гурав. Хэн энэ хийрхлийг өгдөөгөөд байна вэ?
1. Улстөрч нэртэй завшигчид, хууль бус аргаар баяжигсад
-"Шаазгай зүү олоод хийх газар олохгүй" хэллэгийн жишгээр, эрх мэдлээ ашиглан хууль бусаар баяжигсад хулгайлж завшин олсон их мөнгөө барж ядан, бусдад гайхуулах болжээ. Тэд ханиад хүрэхээрээ гадаадад эмчлүүлж, казино тоглон мөнгөө үрж, хэн нэгнийг гадаадад зугаацуулж, идэх хүнсээ хүртэл гадаадаас зөөлгөн "зиндаархаж " байна. Тэд хулгайлж завшин олсон боломжоороо монголд "дээдсийн хүрээлэн" бий болгож, олон нийтийг ялгаварлан гадуурхаж, тохуурхахыг хүсч буй. Тэд эрхэм оюун ухаанаар бус, адаг эд хөрөнгөөр гайхуулж байна.
Тиймдээ тэд, суварга босгохыг "буян"гэж, морь уралдуулахыг "зугаа" гэж, бусдад гайхуулахыг "имиж" гэж үзэх аж. Энэ хийрхэл, тэнэглэл л тэднийг "өчүүхэн" гэдгийг нотолж буй. Тэд энэ бүхнийгээ мөнхөд ийм байх юм шиг санаж байгаа. Оюун ухаан, эрдэм чадал, хичээл зүтгэлээр бий болгоогүй юм бүхэн хэзээд "хэврэг" байдаг. Энэ бүхэн өөрчлөгдөх цаг заавал ирнэ. Тэднийг дагаж далдаганан, хийрхэж бухимдахын хэрэг юун!
2. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд
-Ийм арчаагүй тэнэг олигархиудыг дагаж далдаганан, зусардагчдын нэгээхэн хэсэг нь хэвлэл мэдээллийнхэн. Маш олон хэвлэл мэдээллийн хэргэслэлүүд тэднийг магтан алдаршуулж, хөрөнгө чинээг нь зарлан, зэрэг зиндааг нь дурдаж, олон нийтийг бүр ч ихээр бухимдахад хүргэж буй.
"Ш.Сайхансамбуугийн 450 сая төгрөгийн үнэтэй гар утас" хоногийн хoолоо олж ядаж яваа тэр хүнд ямар хамаатай гэж? Хэн нэгний үнэтэй хаусны зураг, тансаг машины үнэ, зугаацаж наргисан хүүхнүүдийн тухай мэдээлэл, энэ нийгмийн хөгжилд ямар хэрэгтэй гэж? Тэдний хөрөнгө чинээ болон гэр бүлийн хэрүүл маргаан, салалт нийлэлтийн тухай ярилцлагууд олон нийтэд ямар сайн үлгэр жишээ, өөдрөг сайхан тэмүүлэлийг өгнө гэж?
Сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй болж байгаа улстөрчид, олигархиуд хэд хэдээрээ нийлж, өөрсдийн гэсэн ТВ байгуулж, сонин сэтгүүл ихээр гаргаж байна. Энэ нь олон нийтийн сэтгэхүйг "угаан" өөрсдийгөө сайнаар сурталчлахад ихээхэн хэрэгтэй аж.
Энэ л бараан сүүдэр дор монголын сэтгүүл зүйн хөгжил, ёс зүй хиртэж байна даа.
3. Бид өөрсдөө...
-Монголчууд бидний хулчгар зан, зусар хандлага энэ хийрхэлд ихээхэн нөлөөж байгаа. Ийм хүмүүсийг зусардан дагалдагч зарим нь " Манай ........ гуай шиг баян, буянтай хүн халх, дөрвөд, хотон, хасаг, буриад 21 амгийн хаана ч байхгүй" хэмээн халуурхан хөлчүүрч, бусдад сурталчилж буй.
Хэн нэгний эхнэрийн зүүлт шиг гоёмсог үнэтэйг биш юм гэхэд ядаж л "копи" г нь олоод зүүчих хүсэл аль нэгэн бүсгүйн сэтгэлд эргэлдэж л байгаа. Булган шуба өмсөж, "99...." дугаартай гар утас барьж, хуучин гэлээ "jeep" машин хөлөглөх бодол хэн нэгэнд байж л байгаа. Аль нэгэн цэнгээний газарт хөлөө ачиж суугаад, тансаг янжуурын утааг цагираглуулан үлээж, хэн нэгэнд бэл бэнчин, зэрэг зиндаагаа гайхуулах хүсэл нэг биш залуусын санаанд төрж л байгаа. Тэд оюун ухааныг биш, өнгө мөнгийг л дуурайхыг хүсч байгаа нь хамгаас харамсалтай.
Оюун ухаанаар бус эд хөрөнгө, элдэв зүүсгэл, илүү хэрэглээгээр өөр хоорондоо өрсөлдөх энэ хийрхэл, монголчууд биднийг маш ихээр бухимдуулж, ядрааж байгаа. Үгүй гэж үү? Энэ хийрхэл хүрээгээ хальж, олон нийтийг ялгаврлан гадуурхах, бие биенээ үзэн ядал их хорсолд хөтөлж байгаа. Үгүй гэж үү? энэ хийрхэл удаан үргэлжлэх аваас монгол орны хөгжил, монголчууд бидний сэтглгээ болон эв нэгдэлд муугаар нөлөөлсөөр байх болно. Үгүй гэж үү?
Дөрөв. Эрүүл саруул сэтгэлгээ хаана явна вэ?
-Хүн заавал бусдыг дуурайж, үнэтэй хувцас өмсөхгүйгээр өөртөө зохисон таалагдсан цэвэрхэн аятайхан хувцас өмсөж болно. Өндөр хөгжилтэй орнуудын иргэд тэгтлээ гоёдоггүй. Ялнагуяа амьтдын арьсан хувцаснаас татгалзаж, түүнд дургүйцдэг олон үндэстэн бий. Хүнд биед нь эвтэйхэн, сэтгэлд нь тааламжтай хувцас чухал болохоос заавал өндөр үнэтэй байх нь тийм ч чухал биш.
-Авто машин, гар утас зэрэг нь хүмүүсийн ердийн л хэрэглээ. Автомашинаар хэрэгтэй газраа хүрч ажил, амьдралаа амжуулдаг. Гар утсаар хаа байгаа газраасаа шарадлагатай хүнтэйгээ холбогдож, хэрэгтэй мэдээллээ солилцдог. Их үнэтэй байлаа гээд илүү хурдан давхиж, илүү уянгалаг сайхнаар ярих гэж үгүй. Хүн хүний сонирхол өөр ч, энэ нь олон нийтэд тэгтлээ нөлөөлөх учиргүй.
-Амьдардаг байр сууц хүний тав тухтай амьдралд зориулагддаг. Ямар ч байр сууцыг хүн өөрийн сонирхол болон тав тухандаа таацуулан, хүссэнээрээ тохижуулж болно. Өдгөө цагт ийм боломж улам л нэмэгдэж байгаа. Хүн гэртээ тав тухтай байхын тулд, заавал төөрч будилах олон өрөөний хэрэг юун. Боломжтой нь олон өрөөндөө, боломжгүй нь ганц өрөөндөө өөрийнхөө тав тухтай, сэтгэл хангалуун амьдарч болно.
"Хөнжлийн хэрээр хөлөө жий" гэдэг үг байдаг. Өөрийнхөө амьдралыг өөрөө босгож байгаа хүн, өөрийнхөө боломжийг тооцон бага багаар сайжруулдаг. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. Шударгаар хөдөлмөрлөн олж байгаа мөнгөө өөртөө зарцуулахдаа хүн баяртай байдаг. Өөртөө хэрэгтэй зүйлээ худалдан авч, илүү гарах хэсгийг хуримтлуулна. Энэ нь амьдралын нөхцлөө сайжруулахад хэрэг бодог. Ингэснээр яваа яваандаа өөрийн хүссэнээрээ амьдрах боломжтой болдог аж.
Өнөөдөр бусдыг заавал дуурайх гэж бухимдан тэвдэх хэрэг юун. "Цагийн юм цагтаа" л байдаг. "Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй" гэж бидний өвөг дээдэс бидэнд сануулан сургаж иржээ.
Тав. Төгсгөл
Алив давалгаа бүхэн тодорхой цаг хугацааг туулдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Харин монголд минь өнөөдөр дэгдэж буй өнгө мөнгөний төлөөх их хийрхэлд санаа зовж байна. Хэр удаа үргэлжлэхийг бид таашгүй. Энэ бол бидний сэтгэлгээнээс хамаарах асуудал. Лавтайяа гадаадын олон оронд хөлс хүчээ урсган байж олж, монголдоо илгээж байгаа олон монголчуудын мөнгөний нэг хэсэг нь энэхүү хийрхлийг хөгжүүлэхэд зарцуулагдаж байгаа нь үнэн. Өөрөө зовж олоогүй мөнгийг өрөөл нэгэн ингэж үрэхдээ харамсдаггүй.
Нөгөө талаар Монголын өнөөгийн төр засгийн буруу бодлогын нөлөө ч үүнд тусгалаа олж буй. Монголын хөгжлийн бодит үр дүнг, дундаж амьдралтай хүмүүс нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байгаагаар хэмжих учиртай. Гэтэл хэт баяжилт, хэт ядууралтын түвшин эрс зөрөөтэй байгаа. Үүний дундаж түвшин ч хэт бага байгаа. Үүнийг судлаачид гарган нотлох биз.
Өдрөөс өдөрт өсч буй өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, өдөржин ажиллаад авч байгаа цалингийн хэмжээтэй огт авцалдахгүй байна. Үнэтэй машинаас янцаглан бууж, үдэш бүр зугаа цэнгэлдээ цацаж буй хэн нэгний мөнгө, үдшийн хоолоо олох гэж даарч бээрч, гадаа зогсох хэн нэгний орлого хоёр зохицолдохгүй байна.
Гэсэн атлаа бид өөдрөг оюун ухаан, эрүүл саруул сэтгэлгээгээр бус, өнгө мөнгөөр өөр хоорондоо өрсөлдөцгөөж байна. Өөрчлөх зүйл их байнаа, Монгол оронд минь.
Харин үүнийг биднээс өөр хэн хийж чадах билээ.
"ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ, ЗАЯА ХИЧЭЭНЭ"
Tuesday, March 9, 2010
Гологдмол эрчүүд

Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг.
Энэ цаг үед монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байна. Архичин, арчаагүй, залхуу хэмээн адалж цоллоод яах вэ?
Мөнгө хэдий хэрэгтэй ч мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны олон үнэт зүйлс байдгийг төсөөлж мэддэггүйгээрээ тэд бусдад гологдож байдаг.
Саяхан интернетийн сайтуудаар Монголд хүргэн болох 20000 турк залуусын тухай хачирхалтай мэдээлэл гараад намжлаа. "Хий үзэгдэл" гэмээр энэ мэдээлэлд, монголд хүйсний харьцаа алдагдаж байгаа тухай, монгол эрчүүд архичин, залхуу, арчаагүй гэсэн доромж маягийн бичлэгүүд байв. Ер нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр монгол эрчүүдийн тухай таагүй бичлэгүүд үзэгдэх болсон. Харь эрчүүдтэй гэрлэж байгаа монгол бүсгүйчүүд, монгол эрчүүдийн тухай мөнөөх л архичин, залхуу, арчаагүй гэсэн тодорхойлолтоо л давтана. Миний таних , өрх толгойлж, амьдралаа авч яваа нэг бус бүсгүйчүүд ч энэ шалтгаандаа дээрхи тодорхойлолтуудыг нэрлэхийг ч сонсож байсан.
"Уужуу ухаантай, уул шиг түшигтэй", " Гүндүүгүй, хээгүй сайхан монгол эр", " монгол эрийн жавхаа, сүлд хийморь " гэхчилэн, хуурай нойтон олон магтаалын цаана, өдгөө бүсгүйчүүддээ гологдоод байгаа мөнөөх шалтгаанууд нуугдаж л байгаа. Эрчүүд бүгдээрээ биш ч, тодорхой хэсэг нь өнөө цагийн хэрэгцээ шаардлагаас хоцорч, хоцрогдож, энэ нь монгол эрчүүдийн нэр хүнд үнэлэмжинд муугаар нөлөөлж байгаа нь гашуун боловч үнэн. Түүгээр ч үл барам энэ байдал нь Монголын үндэсний аюулгүй байдал, нийгмийн харилцаанд муугаар нөлөөлж болзошгүйд хүрч байгааг бид мэдэрсээр хэрнээ дуугүй байсаар.
Монгол эрчүүдийн энэ хоцрогдол нь бие биенээ доромжлох, заналхийлэх, эрлийз хурлийз болон яс үндсээр цоллон доромжлох, эв нэгдэлгүй бүдүүлэг, замбараагүй байдлаар илэрсээр л байгаа. Хүчирхийллээр бус, ухамсар ухаарал, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлээр бүх зүйл шийдэгдэх болсон өнөө цагт бид энэ асуудалд ухаалаг хандах хэрэгтэй болж байнаа.
Эх орон нь хүнд хэцүү цагт эрчүүдээ дуудан, тэдний сэтгэл зүрх, хөлс хүч, дусал цус, алтан амиар тусгаар тогтнол, эрч чөлөө, газар нутгаа авч үлддэг байсан бол, энэ л ороо бусгаа цагийн, хатуу хайрууд тэднийгээ үл анзаарахын учир юун. Эх орны тусгаар тогтнолд эр хүний эр зориг, дусал цус, хөлс хүч хэрэгтэй байдаг бол, энх амгалан , их хөгжлийн эрин үед ч тэдний ур ухаан, мэдлэг хүч, авьяас чадвар, тэсвэр тэвчээр нь хэрэг бопох л учиртай.
"чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө, чиний төлөө үхье гэж эх орондоо л би хэлдэг" хэмээн халамцуу үедээ омогшин хөөрөлхөх тэр эрийн сэтгэлд эх орны дуудлага үгүйлэгдэж байгаа. Агсам хөлгийн нуруун дээр, хөөргөсөн дээлнийхээ дэрвээнд хийсэж, айл хэсэж алсын мөрөөдлөө дэвэргэн ярих хөдөөх эрийн сэтгэлд эх орны дэмжлэг үгүйлэгдэж л байгаа. Ажил олдохгүй, амьдрал хэцүү байна хэмээн эрхэлж, аав ээжийнхээ тэтгэвэрийн мөнгөөр найрлаж, тэжээлгэж, хатуу хэцүү бүхнээс халширч яваа эрийн ичингүйрсэн сэтгэлийн чанадад, эх орны хатуурхал үгүйлэгдэж л байгаа.
Тийм ээ! Эх орны минь тулгуур түшиг, эрэлхэг хаадын омголон удам, эр зоригт, босоо заяат гэж худлаа хөөргөөд яах вэ? Энэ цаг үед монгол эрчүүддээ хандсан төрийн мэргэн бодлого, холч ухаан хэрэгтэй байна. Архичин, арчаагүй, залхуу хэмээн адалж цоллоод яах вэ? Ачааны хүндийг үүрч, амьдралын төлөө өөрөө зүтгэх боломжийг нь олгох цаг болжээ. Ад үзэн шоовдорлож, айж төвөгшөөн зугатаад яах вэ? Албадаад ч болов ойлгуулж, ухааруулж, сургах цаг нь болжээ.
Учирлах нь:
-Нэгэн үе удам залгаж, өрх толгойлно хэмээн хүүгээ голомтдоо авч үлдэн, дөрвөн хана эсвэл нэгэн жалгын аманд эргэлдүүлсээр хорвоогийн хөгжлийг мэдэрч, холыг харж, уулс давж сэтгэх ухааныг нь "чөдөрлөж" орхисноос
-Дэргэдээ байлган амьдрал зааж, армид явуулан эрдэмд сургаж, наадамд ноцолдуулан бяр суулгаснаар эр хүний есөн шинжийг бүрдүүлдэг гэж андуурах жалгын сэтгэлгээнээс
-Энхрий багаас нь эрхлүүлж, эмээл гаанс бэлтгэж, хүлэг зүсэлж, эхнэр авч голомт бадраахад нь өрх гэр, унах унаа, өмчлөх хөрөнгийг нь бэлтгэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаснаас
өнөө цагийн их хөгжлөөс хоцорч, өөртөө арчаагүй, өрөөл бусдад гологдох эхлэлүүд нь тавигдаж байгаа. Цагийн юм цагтаа гэдэгчлэн хөгжил хөгжлөө дагаж байх болохоос хуучинсаг үзэл, хатуу ёс заншил гэгч заавал мөрдөх хууль цааз бишсэн.
Учирлах нь:
Зохиолч Д.Маамын "Газар шороо " нэртэй түүхэн романы гол баатар "Хангай" хэмээх Базар "эр хүн ууж иддэг улаан хоолой, унжиж явдаг улаан хоолой 2 -оос болж үхдэг юм даа" гэж өгүүлсэн нь өнөө ч хуучраагүй үг.
Архидалт өнөө цагт Монгол орны хувьд том эмгэнэл болон хувирч байна даа. Тэр тусмаа монгол эрчүүдийн хувьд. Ажил олдохгүй байна гэж, амьдрал хүнд хэцүү байна гэж, наймаанд шатлаа гэж, найз нөхөдтэйгээ уулзалдлаа гэж, баяр боллоо гэж, шараа тайлж, сэтгэлээ тайтгаруулж, гутарч гуньж, ерөөж харааж ууцгаасаар...
Урсан урсах өдрүүдийг хөлчүү нүдээр үдэж, угтан сөрж давах зовлон бэрхшээлээс манантай сэтгэлээр зугатаж, болж бүтэхгүй олон үйлийн шалтгийг өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн агсамнасаар хорвоог барж боломгүй.
Архидалт олон олон гэмт хэрэг, зовлон шаналал, цөхрөл уйтгар, гэр бүл салалтын шалтаг нь болсоор. Ядахнаа баар цэнгээний газраас өөр чөлөөт цагаа аятай сайнаар өнгөрүүлж болох газар төдий олон бус.
Найз нөхдийн сэтгэлийн үнэнчийг хундага дарсаар хэмжиж, учирч тохиолдсон зовлон жаргалаа хундага дарсаар даруулж, урам талархлын сайхан үгсээ дарстай шүлсээр будаж, ухаанаа алдан согтож, шогтож, зодолдож дуусдаг энэ эмгэнэлт жүжиг хэдий болтол үргэлжлэх бол? Энэ эмгэнэлт үзэгдэлээс эрчүүд бид өөрсдөө л гарахгүй бол, монгол эрийн хийморь, цог цолбоо энэ цаг дор үгүй болох нээ.
Учирлах нь:
Хүн гэгч ямагт ухаанаа тэлж, орчлон ертөнцийн түмэн явдал, хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг оюуны мэлмийдээ мэдрэхийн тулд их унших хэрэгтэй болдог.
"Ном бол ертөнцийг харах цонх" хэмээн Оросын их зохиолч М.Горький нэгэнтээ өгүүлж байсан бол, өнөө үед ертөнцийг бүрэн мэдрэх боломжийг цахим хөгжил олгож байгаа. Ном уншихгүйгээр, мэдээллийг хурдан авч ашиглахгүйгээр хэрхэн хөгжиж холч ухаанаар сэтгэх билээ.
Дунд сургуульд сурч байхаасаа хичээл тасалж , тамхи татаж, тэнэж явсан сурцаараа өнөө цагт уншихгүй, мэдэхгүйгээсээ аман мэдээлэл, хов жив, тулга тойрсон яриа сэтгэхүйгээр бүхнийг хэмждэг эрчүүд зөндөө бий. Үүний уршгаар бусдыг өөртэйгээ адилтган төсөөлдөг, гүвээ даваад баригдах худал үнэний хоооронд бүдэрдэг, бусдад ухаантай, мундаг, баян нэгэн болж харагдах хүслээс үүдэлтэй хоосон жүжиглэл үүсгэх. Богино давчхан ухаандаа мөнгөөр бүхнийг хэмжиж, мөнгөөр бүхнийг худалдан авахыг хүсэгчид ч зөндөө бий. Мөнгө хэдий хэрэгтэй ч мөнгөөр худалдаж авч болдоггүй оюун санааны олон үнэт зүйлс байдгийг төсөөлж мэддэггүйгээрээ тэд бусдад гологдож байдаг. Мөнгөтэй боломжтой атлаа юу ч уншдаггүй, мэддэгүй олон эрчүүд өнөөгийн монголын хоцрогдол, тэнэглэлийн жишээ болж байна даа.
Учирлах нь:
Бусадтай маргалдаж мэтгэлцэхдээ учирлан ойлгуулахын оронд, нударга хүчирхийллээр бүхнийг шийдэх гэдэг, бүсгүй хүнтэй харилцахдаа өөрийгөө л дөвийлгөн гайхуулах гэдэг, бусдыг хүндлэхгүй атлаа өөрийгөө л хүндлүүлэх гэдэг үйлдлүүд биднийг бусдад бүдүүлэг, тэнэг болгон харагдуулдаг. Найзууд нь шоолж мэднэ гэж хайртай бүсгүйгээ эрхлүүлэхээс ичдэг, бусдад долигонсон болж харагдана гэж урам талархлын сайхан үгээ харамладаг, бусдаас дутуу дорой харагдана гэж эелдэг найрсаг зан гаргахаас эмээдэг залуус зөндөө бий.
Эр зориг, өөртөө итгэлтэй, бас хүчтэй байна гэдэг бүдүүлэг зан гаргахаас тэс өөр зүйл гэдгийг ухаардаггүйдээ бид тэнэг байдалд ордог. Эрчүүд биднээс, эелдэг найрсаг зан, чин сэтгэлийн хүндэтгэл, соёлтой даруу харилцаа хүсч байдаг бүсгүйчүүдэд гологдоод байдгийн нэгэн шалтгаан энэ. Сонгодог жентэльмен, ордны хэт ёсорхуу жүжигчилсэн харилцаа бус, энгийн хэрнээ чин сэтгэлийн соёлтой, хүндэтгэлтэй, найрсаг харилцааг л тэд биднээс хүлээдэг. Ийм харилцаанд суралцахыг бүсгүйчүүд төдийгүй цаг үе ч биднээс шаардаж байна.
Учирлах нь:
Гэр бүл салалтын олон олон шалтгуудаас бүсгүйчүүд ямар эр хүнийг хүсээд байгааг анзаарсан юм. Тэд өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй эр хүнийг хүсдэг аж. Амьдралаа эр хүн л авч явах учиртай бөгөөд эхнэр нь гар хумхилгүй түүнд тусалж дэмжиж байх хэрэгтэй гэдгийг ихэнх нь зөвшөөрдөг. Амьдралаа авч явах чадвар гэдэгт эрдэм боловсрол, ухаан овсгоо, мөнгө олох чадвар багтдаг. Өөртөө итгэлтэй гэдэгт бүх зүйлийг хийж чадна гэдэг, тулгарсан олон асуудлыг зөвөөр зохицуулж чадна гэдэг, алив бэрхшээлийн өмнө сөхрөхгүй заавал гарц олж чадна гэдэг ойлголтууд багтдаг. Эрч хүчтэй байна гэдэгт үргэлж урагш тэмүүлж маргаашийн сайхандаа, хүрч чадах урам зориг багтдаг.
Өнөөдөр амьдралаа авч явах чадваргүй, аав ээж, ах дүү, эхнэрээрээ тэжээлгэж, үүнийгээ байж болох зүйл хэмээн итгэтлээ арчаагүй байдалд орсон залуус бишгүй бий. Бүсгүй хүнээр тэжээлгээд, дээрээс нь дарамталж, архи уун, олон ааш гарган зовоодог хүнийг эр хүн гэж нэрлэх үү? Эрчүүдийн энэ арчаагүйдэл өнөөдөр олон олон эмэгтэйчүүдийн өрх толгойлон амьдрах шалтаг нь болж байгаа. Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг..
Эрчүүдээ өөрчлөгдөхөд тусалья
...Нэгэн хошин шогийн тоглолт дээр, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд туслах олон байгууллагууд байдаг хэрнээ, эрэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, "эрүүлжүүлэх байр" наас өөр байгууллага байдаггүй тухай хошигнож байсан.
...Нэгэн сонин дээр БНСУ-д гадаад эхнэр авах хүсэлтэй хөдөө тосгоны эрчүүдэд тусгай сургалт явуулан, сургадаг тухай мэдээлсэн байсан.
...АНУ-д эхнэрийг нь төрөхөд , нөхрийг нь дэргэд нь байхыг зөвшөөрдөг төдийгүй, хүүхдээ хэрхэн арчилж өсгөх, аюулгүй байдалд яаж авч явах тухай сургалтанд хамтад нь оролцуулдагийг мэднэ.
Монгол эр хүн бол монгол төрийн үндсэн баялаг. Тэд эх орныхоо нүүр царай болж, хилээ хамгаалж, улсаа хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор тэдэнд өөрийгөө хөгжүүлэх олон боломжуудыг олгох шаардлага зүй ёсоор гарна.
1. Цэргийн насны бүх эрчүүдийг заавал цэргийн алба хаалгаж, дарангуйлал дэглэлтээр бус бие бялдар, оюун санааг нь хөгжүүлж, зөв харилцаанд сургах хэрэгтэй байна. Тэр ч бүү хэл төрийн алба хаших хэнийг ч заавал цэргийн алба хаасан байхаар хуульчлахад буруу зүйл болохгүй.
2. Залуу гэр бүл болон эрчүүдэд зөвлөлгөө өгч туслах, сургах олон төвүүдийг байгуулж, төрөөс дэмжин хөгжүүлж байх хэрэгтэй байна. Ядаж л үр хүүхдээ өсгөх болон гэр орны ажил хийж сургахад ч залууст туслах шаардлага гарч байна.
3. Архидалт, бэлгийн хүчирхийллийн эсрэг төр өөрийн хатуу бодлого барьж, үүний төлөө залуучууд иргэдийн чөлөөт цагаа зөв сайнаар өнгөрүүлэх /фитнес, спорт цогцолбор, үзвэр үйлчилгээ, номын сан, интернет төвүүд гэхчилэн/ олон газруудыг байгуулж дэмжих хэрэгтэй байна.
4. Монголд шинээр хөгжиж байгаа уул уурхай болон аялал жуулчлал бусад олон салбарт залуусыг ажиллахыг дэмжиж, тэдэнд зориулсан олон сургалтуудыг заавал зохион байгуулж байх хэрэгтэй байна.
5. Монголын боловсролын салбарт шинэчлэл хийж, бага дунд сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэлхи бүх шатны сургуулиудад гэр бүл бэлгийн хүмүүжил, гоо сайхны боловсрол, харилцааны соёлын хичээлүүдийг заавал оруулж судлуулах хэрэгтэй байна.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ' гэдэгчлэн монгол эрчүүд маань өөрсдөө ойлгож хичээх хэрэгтэй байна даа. Таны эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжил, соёл хэвшил тань өөр хэнийх бус зөвхөн таны л баялаг. Та өөртөө итгэлтэй, амьдралаа авч явах чадвартай, эрч хүчтэй болж чадвал, бусдад хүндлэгдэж хайрлагдах болно. Энэ бол мөнгөнөөс үнэтэй зүйл. Хэрэв бид дор бүрнээ хичээн өөрчлөгдөж чадвал, монгол үндэстэн өөдлөн дэгжиж, өрх гэр нь бат бөх, төр нь түвшин амгалан байх болно.
Монгол эрчүүд өрх гэрийн тэргүүн, монгол төрийн тулгуур түшиг, түвшин амьдралын эзэн нь болох болтугай. Танд амжилт хүсье.
Monday, February 8, 2010
МОНГОЛ СОЛОНГОСЧУУДЫН ЭХ ОРОН УУ?

Хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болжээ.
Хvн амын тэн хагас нь амьдрах Монголын нийслэл Улаанбаатар хотоос Солонгосын нєлєєг олж харахад тун хялбар. Хотын тєвийн хэдэн гол гудамж, чєлєє Сєvл, Нам Янжу гэх мэт солонгос нэртэй болжээ. Ємнє нь энэ гудамжууд єєр нэртэй байсан. Тэдгээр гудамжинд сvрлэг том чулуун хєшєє сvндэрлvvлж дээр нь шинэ нэрийг тодоос тод сийлсэн байх ажээ. Ємнєд Солонгосын аль нэг хотын захиргаанаас Улаанбаатарт тєлєєлєгч айлчлах болгонд Улаанбаатарын аль нэг гудамж солонгос нэртэй болдог уламжлал тогтсон гэнэ. Улаанбаатарын томоохон хорооллуудаар явахад гудамж болгонд солонгос хоолны газрууд тааралдана. Монголчууд халуун чинжvvтэй солонгос хоолыг єдєр тутамдаа зооглож заншиж байгаа бололтой. Мєн энэ хотод солонгос vндэстний хvндтэй зоог болох нохойн махан хоолоор vйлчилдэг хоолны газар хvртэл байдаг гэнэ. Нийслэл хотод солонгос эзэнтэй жижиг, дунд зэргийн зочид буудлууд хаа сайгvй тааралдана. Зарим нэг нь vvдэндээ Ємнєд Солонгосын далбааг хатгасан харагдана. Тэдгээр буудлуудад солонгос маягийн биеэ vнэлэх соёл аль хэдийнээ бий болсон гэж ярилцах юм билээ. Ажиллагсад нь монгол охидууд. Тэднийг “агаши” гэж дуудах ба тэднээр vйлчлvvлэгчид нь солонгос эрчvvд гэнэ. Харин тэдгээр зочид буудалд монгол хvн оруулдаггvй гэж нэг сонин дээр бичсэн байсан.
Монголын телевизийн томоохон сувгууд солонгос олон ангит киног єдєр шєнєгvй гаргана. Телевизvvд тэр олон киног худалдан авахын тулд хэдий хэмжээний мєнгє зарцуулдаг нь сонирхолтой л асуулт. Солонгосчууд монгол “ах дvvстээ” кино худалдахдаа vнийг нь бууруулдаг байж ч болох юм. Монголын телевизvvдээр гарах тэдгээр Солонгос кинонд голдуу солонгос залуусны хайр сэтгэл, бvтэлгvй дурлал гэх мэт vйл явдлууд дvvрэн байхаас гадна солонгос гэр бvлийн хэрvvл тэмцэл, єшєє авалт зэрэг айдас хvргэм сэдвvvд тун элбэг. Зарим нэг судлаач хvмvvс эдгээр кинонууд монгол хvvхдийн гэр бvлийн хvмvvжилд сєрєг нєлєє vзvvлнэ гэж болгоомжилж буйгаа хэлж байна. Учир нь хvvхдийн хєгжилд нийтийн мэдээллийн хэрэгсэл болон киноны нєлєє маш их гэдгийг сэтгэл судлалын шинжлэх ухаан тогтоосон ажээ. Гэвч энэ мэт зєвлєгєєг Монголд тоож анзаарах нь тун ховор.Тэгээд ч Монголд ихэнх барууны орнуудад байдаг телевизийн мэдээлэл, киноны агуулгын талаарх тодорхой бодлого байдаггvй ажээ.
Улаанбаатрын залуусыг солонгос поп дуучид байлдан дагуулж байгаа бололтой. Хоолойны хvч сулхан боловч ємссєн зvvсэн нь гял цал, нvvр биедээ мэс засал хийлгэсэн Солонгосын одод монгол залуусын даган дуурайх дvр болжээ. Залуус нь солонгос дуучин, жvжигчдийг дуурайн хувцаслана. Vvнийг Улаанбаатар хотод буй их сургууль, коллежуудаар ороход л харж болно. Солонгос маягаар vсээ урт засуулж, хар єнгийн хvрэм ємсєж, урт ороолтоор хvзvvгээ ороож, солонгос нvдний шил зvvх нь залуусын чухал гангараа болжээ. Хєдєєнєєс орж ирээд удаагvй залуусын хувьд энэ загвараар гангарах нь тэднийг хотжиж иргэншсэн гэдгийг илтгэх чухал зvйл бололтой. Миний танил их сургуулийн багшийн яриагаар эрэгтэй оюутнууд эмэгтэй оюутнуудтайгаа єндєр дуугаар зандран харьцаж, бvр солонгос жvжигчдийн нvvрний хувирал, амны хєдєлгєєнийг нь хvртэл дуурайх болсон гэнэ.Монгол залуус vсээ уртхан ургуулж, солонгос маягийн хувцас ємссєн нь тэдний нvvрний хэлбэр, биед зохиогvйгээс гадна тэднийг тун инээдэмтэй харагдуулж ёстой л элэг хөшмөөр
эдгээр хотын залуусаас нvдэндээ галтай Тєв ази залуусын хvчирхэг дvр тєрхийг олж харахад тун бэрх болж байна.
Саяхан Монголын єдєр тутмын нэгэн сонинд Ємнєд Солонгосын 100 хувийн хєрєнгє оруулалттай нэгэн эмнэлгийн солонгос эзэнтэй хийсэн ярилцлага нийтлэгджээ. Монголд бизнес эрхэлж байгаа гадаад хvний жирийн нэг ярилцлага. Єндєр настай тэр солонгос эрийн ярьсан зvйлс дотор “Монголд байхдаа єєрийгєє гадаадад байгаа гэж боддоггvй” гэсэн vгс байна. Энд нэг их чухал зvйл алга. Сайндаа л энэ солонгос євгєн Монголд их дасжээ гэх сэтгэгдэл тєрvvлнэ. Гэтэл Монголд огт хєл тавьж vзээгvй Солонгос залуус дээрхтэй ойролцоо утгатай vгийг хээв нэг хэлэх нь цєєнгvй ажээ. Азийн интернэт хэлэлцvvлэг, форум болон янз бvрийн веб сайтууд дээр Монгол орны тvvх, соёлын талаар Солонгос залуусын бичсэн зvйлийг уншихад эмнэлгийн эзэн євгєн дээрх vгээр юу хэлснийг ойлгоно.Олон солонгос залуус Солонгос, Монгол хоёр vндэстэн нэг євєг дээдэстэй бєгєєд эрт дээр vед солонгосчууд Монголд амьдарч байсан гэж итгэдэг ажээ. Тэр бvv хэл заримых нь бичсэнээр арван мянган жилийн ємнє солонгосчуудын євєг дээдсийн байгуулсан агуу эзэнт гvрний vед єнєєгийн Монгол нь Солонгосын газар нутгийн нэг хэсэг байсан гэнэ. Тэд Монголын нутгийг тэрхvv Солонгос гvрний нэг хэсэг мэтээр харуулсан видео хvртэл хийж Youtube.com сайтад байрлуулсан байх юм.
Монгол, Солонгос vндэстний нийтлэг тvvхийн тухай сурталчилгааны цаана ямар зорилго байгааг ойлгоход туслах нэгэн нийтлэл “Asia Times On-Line” хэмээх сэтгvvлийн 2006 оны 9 дvгээр сарын 16-ны дугаарт нийтлэгджээ. Нийтлэлийг http://hnn.us/round/entries/30047.html сайтад байрлуулсан байна. “Єнгєрсєн vеэс зугтаж vл чадна” хэмээх гарчигтай тус нийтлэлийг Австралийн vндэсний их сургуулийн багш, хятад-солонгос судлаач Андрей Ланков бичжээ. Тvvний нийтлэл Хятад, Солонгосын “тvvхийн дайн”-ы тухай юм. Андрей Ланков юу бичсэнийг товч єгvvлье. Хятад, Ємнєд Солонгос улсуудын хооронд єнєєгийн Хятадын зvvн хойд муж, хойд Солонгосын нутагт оршин тогтнож байсан Когурёо, Бохай (Балхэ) улсын тvvхийг бvрэн єєрийн болгон засаж бичих єрсєлдєєн нэлээд хэдэн жилийн ємнє эхэлжээ. Ємнєд Солонгосын ерєнхийлєгч Ро Му Хён 2006 онд Хятадад айлчлахдаа Хятадын ерєнхий сайд Вен Зиабао-той уулзсан юм. Энэ уулзалтаар ерєнхийлєгч, ерєнхий сайд нар хоёр орны эртний тvvхийн асуудлыг чухалчлан ярилцсан нь тулгамдаад буй Солонгосын хойгийн цємийн хєтєлбєр, Хятад-Солонгосын эдийн засгийн харилцааг хэлэлцэх байх гэж хvлээж байсан ажиглагчдын хувьд их хачин зvйл байсан ажээ.
Монголын vндэсний эрvvл мэндийн салбар єєрийн олигтой бодлогогvйгээр бэрх замыг туулж байна. Энэ тохиолыг ашиглан солонгосчууд Монголын эрvvл мэндийн салбарт тєвхєнєх бэлтгэлээ аль хэдийнээ хангаж эхэлжээ. Саяхан Монголд айлчилсан Солонгосын талын тєлєєлєгчид 50 сая ам.долларын зээл ав, бид танайд эмнэлэг байгуулж єгнє, хурдан шийд гэсэн шаардлага ч гэмээр саналыг Монголын талд тавиад буй. Хэдэн жилийн ємнє Монголын анагаах ухааны боловсон хvчнийг бэлтгэдэг хамгийн том их сургуулийн дэргэд оюутныг сурган дадлагажуулах, Монголын эрvvл мэндийн салбарын боловсон хvчнийг хєгжvvлэх сургалтын тєв байгуулах зорилгоор томоохон барилгын ажлыг эхлvvлжээ. Харин барилгын ажил дуусаж ашиглалтад ороход тэр нь монголын эрvvл мэндийн ирээдvйн боловсон хvчнийг хєгжvvлэх тєв биш, 100 хувийн солонгосын хєрєнгє оруулалттай асар vнэтэй, баячуудад зориулсан Улаанбаатар-Сонгодо хэмээх хувийн эмэнэлэг болсон байжээ. Саяхан Улаанбаатарт байх нэгэн тєрєх эмнэлэгийн байранд хvйн халдвар тархаж олон хvvхэд эндсэн гутамшигт хэрэг гарч, Монголын эрvvл мэндийн салбар ямархуу байгааг харуулсан. Гэвч ийм халдвар Улаанбаатрын тєрєх эмнэлэгvvдэд ємнє нь гарч байжээ. Улаанбаатарт шинээр тєрєх эмнэлэг байгуулах гэтэл хєрєнгє тєсєв хасагдсан, дээр нь эмнэлгийн барилга барих газар олддоггvй гэж ярьдаг. Харин энэ бvхний хажуугаар сонирхолтой vйл явдал єрнєх ажээ. 2009 онд Монголын Улсын ерєнхийлєгч (Н.Энхбаяр) нь саяхан хvvхдийн хvйн халдвар гарсан эмнэлэгийн хашаанд Ємнєд Солонгосын Ён Сей хэмээх эмнэлгийн шинэ байр барих ёслолын vйл ажиллагаанд оролцсон гэнэ.
Thursday, May 7, 2009
Монгол цаг

Бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм
Дэлхий нийтийн хөгжлийн хурдцад хамгийн чухал зүйл нь цаг хугацаа болжээ. Ялангуяа даяаршил болон мэдээллийн хурдацтай хөгжил, цагийн үнэ цэнийг ихэд өргөж буй. Цаг бол алт, бас мөнгө гэж ажил хэрэгч хүмүүс үздэг. Тэд ажил, амралтын бүх цагаа нарийн хуваарилж, тэр хугацаандаа бүх зүйлээ амжуулах гэж хичээнэ.
Социализмын үед, Германчуудын цагийг сайн баримталдаг талаар жишээ болгон их ярьдаг сан. Болзохдоо "за яг л Герман шиг цагаа барина шүү" гэх. Яг цагтаа ирсэн нэгнийгээ "Чи ч Герман шиг байна шүү" гэж магтана.
Харьд ажиллаж амьдарч байгаа монголчууд, цаг баримтлах, цагийн үнэ цэнэ гэдгийг сайн мэднэ. Хийж буй бүх ажлын хөлсийг цагаар тооцоод ирэхээр "цаг бол алт" гэдэг үгийн үнэнийг мэдэрдэг. Ажлын цагаасаа хоцрохоор, авч болох мөнгөө алдана, хэд хэдэн удаа хоцорвол, ажил олгогч тааламжгүй харцаар харах төдийгүй, нэг л өдөр "уучлаарай, би таныг ажиллуулж чадахгүй нээ, баяртай" гээд л гүйцээ. Учирлаж тайлбарлаад, уурлаж хараагаад ч нэмэргүй.
Энэ цаг үед, цаг гэдэг, алт төдийгүй, амьдралын баталгаа болох мөнгө болж байнаа.
Монгол цаг
Монголдоо ч, гадаадад байхдаа ч, монголчуудын дунд зохион байгуулагдсан үзвэр болон, олон арга хэмжээнд оролцож байлаа. Цагтаа эхэлнэ гэж үнэхээр байхгүй. Хамгийн шуурхайдаа л 30-60 минут хоцорч эхэлнэ. Хүлээх тэр хугацаандаа залхаж, сэтгэлдээ тээж ирсэн баяр хөөр минь унтарч орхино. Арга хэмжээ , үзвэр ч санасан хэмжээнд хүрч, сэтгэл сэргэх нь үгүй. Ийм байдлын улмаас дараагийн удаа цагтаа ирэх хүсэл үгүй болно.
-Хэдэн цагт эхэлнэ гэлээ?
-19 цагаас гэсэн
-Аан за. 20 цагийн үед очиход болох юм байна
20 цагт яваад очиход эхлээгүй байвал, дараагийн удаа 21 цаг дөхүүлээд очих юм байна гэж тооцох жишээтэй.
Айлд зочлоход ч ялгаагүй.
-Цаадуулаа 18 цагт гээд хэлчихээрэй. Тэртээ тэргүй түрүүч нь 19 цагийн үед ирэх байхаа. Тэр хооронд ажлаа амжинаа гэх...
Харин хэн нэгэнтэй ажил хэргийн эсвэл хувийн асуудлаар болзоход бүр ч төвөгтэй.
-Маргааш яг 15 цагт уулзья
-Тэгье, тэгье
Маргааш нь юмыг яаж мэдэх вэ? гээд 15 цаг дөхүүлээд утас руу нь залгавал:
-Найз нь жаахан ажил гараад аа. Удахгүй очноо, хүлээж байгаарай
Удахгүй гэж баримжаалсан хугацаа, хэд ч байж болох. Магадгүй 1 цаг ч болж мэднэ.
Монголчууд бид, зохион байгуулж байгаа арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, уулзалт, анд нөхдийн болзоо зэрэг, цаг хугацаагаар хэмжигддэг зүйлдээ, ийм хайхрамжгүй, хариуцлагагүй хандах төдийгүй, ийм байдалдаа дасч, үүнийгээ "монгол цаг" хэмээн хошигнон нэрлэдэг.
Тэр ч бүү хэл, өөрийгөө ихэд бодсон, ямба, маяг нь хэтэрсэн зарим монголчууд, алив арга хэмжээнд хоцорч очихыгоо "нэр төрийн хэрэг" гэж үзэх төдийгүй, хоцорч очсоноор цугласан олны анхаарлыг өөр дээрээ татдаг хэмээн сайрхах нь бий. Ийм өчүүхэн тэнэг бодлоо, өөрсдийгөө "хүндлүүлж байна" гэж эндүүрээд байдаг юм байхдаа тэд...
Монголчууд гэхээрээ цаг баримталдгүйгээрээ бусдыг гайхашруулж, өөрийгөө болон өрөөл бусдыг үл хүндэлж, бүдүүлэг тэнэг байдлаараа ялгарч байх гэж үү?
Цагтаа цугладаггүй, цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, уулзалтууд бидний хөгжүүн сайхан сэтгэлийг унтрааж, залхаалт болгон хувиргаж байгааг анзаарахгүй байна гэж үү? Хэдий болтол энэ "монгол цаг"-аараа юм бүхнийг хэмжих вэ?
Цаг бол алт төдийгүй хүндлэл, хөгжил
Цаг хугацаа гэдэг, хүний амьдралын хамгийн чухал мөч төдийгүй, буцааж болдоггүй, бас эргэж олддоггүй. Тийм болоод өнөө цагт, цаг хугацааг алттай зүйрлэдэг төдийгүй мөнгөөр хэмждэг аж. Хүн өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг их үнэ цэнэтэйгээр барахгүй, тухайн хүнд хэрхэн хандаж байгаагийн илрэл юм.
...Үзвэр, тоглолт үзэх гэж очиж байгаа хүмүүс, өөрсдөө сэтгэлийн таашаал эдлэх гэж, уран бүтээл хийгчдийн хөдөлмөрийг үнэлж, тэдэнд талархах гэж очдог. Гэтэл цагтаа эхлэхгүй хүлээлгэнэ гэдэг, үзэгчдээ хүндлэхгүй байгаа хэрэг. Магадгүй энэ үл хүндэтгэсэн байдал, танд талархах гэж очсон сэтгэлийг чилээж, гардуулах гэсэн баглаа цэцгийг гандааж болох шүү дээ.
...Гэртээ зочлохыг урьж байгаа айл тань, таныг хүндэтгэж, дотно сайхан сэтгэлээ илэрхийлж, таныг баярлуулах гэж бодож байгаа. Урилгыг үл тоож, хайхрамжгүйхэн хоцорч ирвэл, таныг хүлээсэн сэтгэл, бэлдсэн тансаг хоолныхоо хамт хөрч болох шүү дээ.
...Ажил хэргийн талаар уулзах гэж болзсон болзоо нь, таныг ихэд хүндэтгэн үзэж, танд итгэж болох итгэл найдвараа бататган нотлох гэсэн бодол. Энэ болзоонд хайхрамжгүй хандаж, хоцорч ирснээрээ та, өөрийгөө "итгэж болохгүй хүн" гэдгээ нотолж, тэр хүний сэтгэлд төрж байсан итгэл найдвараа үгүй болгож байгаа хэрэг.
Өнөө цагт мөнгөнөөс илүүтэй, итгэж найдаж болох, сайн хамтрагч үгүйлэгдэж байнаа.
...Анд найз, хайртай нэгэнтэйгээ болзсон болзоо гэдэг, яарсан, хүлээж ядсан, хөөрч догдолсон мөчүүд байдаг. "Одоохон эндээс инээгээд л гараад ирнэ дээ" гэж, багтаж ядсан баяр хөөр, санаж шаналсан сэтгэл, хөөрч догдолсон төрх, цаг мөч өнгөрөх тусам бүдгэрэн бүдгэрч, урам зориггүй, уйтгар гунигт автаж орхих нь бий. Хожимдсон шалтгаанаа та, хичнээн учирлаж тайлбарласан ч, аргадаж эвлэрсэн ч, хугарсан итгэл сэтгэлийн хаа нэгтэйгээс хатгаад л байх...
...Аль нэгэн арга хэмжээ, баяр ёслолд очиж байгаа хүн, зохион байгуулж байгаа хүмүүсийг ч, хуран цуглах олныг ч хүндэлж, бас талархах гэж, баяр хөөрийг хуваалцах гэж очдог. Тиймдээ ч тэд их гоёж очно. Цагтаа эхэлдэггүй ийм арга хэмжээ, зохион байгуулагчдын хариуцлагагүй, эмх цэгцгүй, хайхрамжгүй байдлыг л илтгэдэг. Хүлээлтээс залхсан оролцогч буцаж явахдаа " Дахиж л ийм дэмий юманд хайран цагаа үрж, өөрийгөө зовоомооргүй юм байна" хэмээн бодох болно.
Ер нь өөрөөсөө бусдад зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг, их том хүндлэл юм. Бас тухайн хүнд хэрхэн хандаж буйгаа илэрхийлж буй, хэлбэр юм.
Зарласан, товлосон цаг хугацаандаа бүх зүйл хийгдэж байна гэдэг, хүмүүс бие биедээ сэтгэл хангалуун байхын баталгаа. Бас итгэл, өөдрөг сайхан хандлагын эхлэл.
Ямарч тохиолдолд цагаа барина, хоцрохгүй байна гэдэг, жижиг зүйл, хайхрамжгүй хандаж болох зүйл биш ажээ. Тэр тусмаа, "монгол цаг"-аасаа хүн бүр татгалзаж, жинхэнэ цагаа баримталж сурах хэрэгтэй болж байна даа.
Яах хэрэгтэй вэ?
Монголчууд бид: Яагаад заавал алив зүйлээс хоцорч, хоцрогдож байх ёстой гэж?
Яагаад муу зүйлийг, байж болох зүйл мэтээр хүлээж авах гэж?
Яагаад өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хүндлэхгүй байж болно гэж?
Бүх зүйл өөр хэнээс ч бус, зөвхөн биднээс шалтгаална.
-Алив зарлагдаж, товлогдсон арга хэмжээ үзвэрт, цагтаа очоод эхлэхгүй удвал, оролцох, үзэхээс татгалзаж болно шүү дээ. Хэрэв билет худалдаж авсан бол, учраа хэлээд билетийг нь буцааж өгч, мөнгөө эргүүлж авч болно. Та өөрийгөө хүндлэх, хүндлүүлэх эрхтэй.
-Харин үзэгч, оролцогчид нь цагтаа цугларахгүй бол, ганц хүнтэй ч байсан цагтаа үйл ажиллагаагаа эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр цөөхөн хүн байсан ч маргааш олон хүн цагтаа ирэх болно. Бусдын аяыг хараад л байвал, таныг хэн ч хүндэлж, үнэлэхгүй.
-Урьсан хүн тань цагтаа ирэхгүй бол, утсаар ярьж, уучлал хүсээд "өөр ажилтай" болсноо дуулган, татгалзаж болно шүү дээ. Ядаж л зочид тань, таныг өөр олон ажилтай болохыг анзаарч мэдэж аваг. Алийн болгон хийх ажилгүй, уйдсан хүн мэт бие биендээ хандах билээ.
-Гарцаагүй хоцрох тохиолдолд, учир байдлаа утсаар үнэн зөв хэлж, уучлал гуйн, хүлээж байхыг хүсч болно шүү дээ. Үүнийхээ төлөө та, үнэ хүндээ алдан "доош орж" байгаа хэрэг огтхон ч биш. Хүндэтгэл, ойлголцол гэдэг хамгаас чухал.
-Таныг хүндэлдэггүй, цаг барьдаггүй, үл тоомсорлох хүнээс та л өөрөө холдож, зайгаа барьж болно. Заавал маргалдаж, муудалцаад байхгүйгээр олон зүйлээс татгалзана гэдэг, нэг талаас та өөрийн үнэ цэнээ хамгаалж буй хэрэг, нөгөө талаас тааламжгүй санагдсан зүйлээ илэрхийлж байгаа хэрэг. Үүний буруу, муу тал гэж үгүй.
Тийм ээ! Цаг бол алт, мөнгө, цаг бол хүндлэл, цаг бол хөгжил. Бид алийн болгон, энэ бүхнээ үнэ цэнэгүй болгож, өөрөө ч залхаж, өрөөл бусдыг ч залхаах билээ.
Монгол хүн бүр дор бүрнээ хичээж, алгуур аажмаар ч болов энэ бүхнийг өөрчлөх гэж хичээвэл болохгүй зүйл гэж үгүй. "За яахав" гээд энэ хэвээр яваад л байвал, бид хичнээн жил, магадгүй бүх насаараа ингэж явж болох шүү дээ. Ийм үедээ бид улам л үнэ цэнэгүй, хүндлэлгүй болж хөгжлөөс хоцорно.
Заавал зарлиг журам хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр хийж болох олон зүйлийн нэг нь энэ.
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Цаг бол алт, хүндлэл, хөгжил
Monday, March 30, 2009
Үнэнээр явбал.

Үнэн гэдэг маргаашийн сайн сайхны төлөөх тэмцэл юм.
Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. "Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй" хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. "Хүн төрөх, үхэх нь үнэн" гэдэг хэллэгийн дунд "татвар төлөх нь үнэн" гэж хавчуулсан байх жишээтэй. "Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү" гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. "Би шударга үнэний төлөө тэмцэж байна" хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.
Туйлын үнэн гэж байхгүй хэдий ч, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа хүмүүс бидний нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журам, хэм хэмжээг хүн төрөлхтөн зохиож, мөрдөж, мөрдүүлж иржээ. Энд болох, болохгүйн зөвшөөрөл ба хориг, түүнийг зөрчсөний төлөөх муу нөлөө ба хохирлыг хэрхэн шийдэхийг ч заасан байдаг.
Хууль дүрэм, журамгүйгээр хүн болгон өөрийн хүссэн бүхнээ хийж, дур зоргоор авирлаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор " тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна" гэдэг хэллэг гарсан биз.
Түүнчлэн хүн төрөөд, өсч бие хүн болох хүртлээ өөрийн эцэг эх, найз нөхөд, орчин тойрон, шашин, уншиж суралцаж, мэдэж сурсан бүхнээсээ амьдралыг үзэх үзэл болон өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоодог. Энэ итгэл үнэмшлээ "үнэн" гэж тооцож, үүнийгээ хатуу баримтлах нь бас бий.
Ингээд бодохоор үнэн гэдэг олон ойлголтуудаас бүрдэх ажээ. Харин өөрийн "үнэн" гэж бодсон зүйлээ зөрчигдөх болон эсрэг хандлагад хүмүүс наш ихээр дургүйцэн бухимдаж бас шанална.
"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"
...Монголын үндэсний их баяр наадмын сондгой даваануудад хүчит бөхийн цолыг дуудан, ам авсныг зарлахдаа:
Үнэн хүчийг үзэж
Барин авч барилдая гэв ээ хэмээн уянгалуулдаг. Үнэн хүчээ үзэн барилдах гэсэн нэгнийг " За чи энэ даваанд тэр бөхөд унаад өгчих. Чамд их мөнгө өгье. Чамд мөнгө, тэр залууд цол хэрэгтэй" хэмээн дарамтлах. Хэрэв эр зориг гарган татгалзвал " За яахав өөрөө л мэд. Чи бид 2 аль нэгэн даваанд учрах байлгүй" гэж заналхийлнэ.Аргагүйн эрхэн үнэн хүчийг үзэж биш, хууран мэхлэлтийг үзүүлэн худлаа унан жүжиглэнэ. Монгол бөхийн ертөнцөд орж ирэн хөгжсөн энэхүү цолны төлөөх " найраа", "бизнес", бүлэглэсэн дарамтаас залхахдаа, ард түмний хайрлан биширч, хүндэлдэг байсан "аварга" А.Сүхбат барилдахаас татгалзан "зодог тайлжээ".
Үнэн гэдэг заримдаа "мөнгө, хуйвалдааны өмнө" бүдэрдэг ажээ.
...Саяхан Монгол улсын ерөнхийлэгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, зохиолын дууны ертөнцөд орж ирээд удаагүй, хийж бүтээсэн зүйл нь төдий л ихгүй залуу дуучин Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ нарт "Монгол улсын гавьяат жүжигчин" гэдэг эрхэм цолыг олгосон нь багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн бухимдлыг хөөргөж орхисон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнчлэн, Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайтай болж, эх орныхоо нэрийг монголдоо төдийгүй дэлхийд дуурсгаж яваа, олон гайхамшигт дуучидтай харьцуулахад бас ч харамсмаар. Сүүлийн үед "гавьяат", болон "ардын' цолыг үнэн хөдөлмөр, авьяас чадвар, хийж бүтээсэнд бус "нутгийн зөвлөл" гэгчийн лобби, сонгуулийн сурталчилгаа, их мөнгөөр олгодог болжээ гэх хардлага, шагналын нэр хүндийн уналт, хүмүүсийг ихээр бухимдуулж буй.
Үнэн гэдэг заримдаа "хоосон алдар, гавьяагүй шагналын" өмнө бүдэрдэг ажээ.
... Өнгөрсөн жил болж өнгөрсөн УЙХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр, сонгуульд нэр дэвшиж, улс орноо "диваажин" мэт хөгжүүлж, ард иргэдээ "лусын хаан" мэт амьдруулна хэмээн амалж байж сонгогдсон олон эрхмүүдийг бид мэднэ.
Өдрөөс өдөрт ард иргэдийн амьдрал ядуурч, улс орон маань доройтон хямарч байхад, өдгөө тэд, өдрөөс өдөрт өнгө орон гялалзаж, өөрсдөө "лусын хаан" мэт баяжиж, "диваажинд буй" мэт жаргацгаана. Амьдралаа босгохын төлөө, алд биейин алжаалыг умартан, эх орондоо төдийгүй харь оронд ч хатуу хөдөлмөр хийж, хэцүү бэрхийг даван туулж яваа, олон олон залуусын дэргэд тэд " хэн?" билээ. Алд биеэ алжаалгахгүйгээр амар аргаар амьдран, худал хэлж, хууран мэхэлж буй тэд, нэгэн цагт бүдэрч унах "ангал" аа өөрсдийн өмнө ухаж буйгаа анзаарахгүй.
Үнэн гэдэг заримдаа "эрх мэдэл, заль луйврын өмнө" бүдэрдэг ажээ.
..."Хадгаламжийн" нэртэй банкны тооцоог хариуцаж байхдаа, уг банкнаас хууль бусаар 14 тэрбүм төгрөгийг авч БНСУ-ын казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр, өлсөхийн балагаар, арчаа муутайдаа хууль зөрчөөд хоригдож буй олон иргэдтэй адил ял эдэлж буй. Ард иргэдийн хадгаламжийн 14 тэрбүм төгрөгийг, хэн нэгний халаасны 140,000 төгрөгтэй адилтгаж болно гэж үү? Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа, олон зуун сая төгрөг авилгал хахуулаар, авч ашигласан гэх Баатар өнөөдөр ялаа эдэлсэн хэмээн суллагдаад, эрх чөлөөтэй явж байна. Санамсар болгоомжгүйгээс хэрэгт холбогдож, өдгөө зүрх сэтгэлийн шаналал, харамсалдаа "нулимс унаган" ялаа эдэлж суугаа олон залуус Баатараас дор гэж үү? Хууль гууль болж, хуйвалдаан өс хонзонгийн хэрэгслэл болж буй энэ үзэгдэл, "хуулийн өмнө хүн бүр тэгш байх" хуудуугүй зарчмыг хөсөрдүүлж буй.
Үнэн гэдэг заримдаа " худал болсон үнэн, хуулийн хуудууны өмнө" бүдэрдэг ажээ.
..."Миний хүү хичээж сайн суралцаарай. Сайн сурсан эрдэм, эзэн нь болж чадсан мэргэжил гэдэг л сайхан амьдралыг чамд авчирч өгнө" гэсэн ерөөлөөр үр хүүхдээ эрдмийн аянд үднэ. Хичээж сайн сурч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажил олохгүй. Ажил хэрэгч, өндөр чадвар, мэдлэгтэй хүн ажиллах орон тоон дээр нь хэн нэгэн эрх мэдэлтний "татаас" ны нэртэй "толгойгүй " эрхэм суучихаад өөрөө ч хөгждөггүй, улс орноо ч хөгжүүлдэггүй, яг л " зэлтэрийн гацаа" гэдэг шиг л болно. Аргаа барахдаа зарим нь амьдралаа авч явахын тулд "хувийн бизнес" хийж, арчаатай зарим нь гадаад оронд мэргэжлийнхээ ажлыг хийн өөрийгөө хөгжүүлнэ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээ өөрийн эх орондоо зориулж чадаагүйн бяцхан харуусал бий.
Үнэн гэдэг заримдаа "худал дүр эсгэгч, хоосон дагалдагчийн өмнө" бүдэрдэг ажээ.
1960-1970 аад оны үед Монгол орны төр засгийг хослон барьж байсан МАХН, "сэхээтний төөрөгдөл" нэрийн дор олон сайхан залуусыг буруутган, амьдаар нь яллаж, амьдралаар нь тоглосон юм. Тэр үеэс монголчууд айдасаа зүрхэндээ нууж, үнэннийг "шивнэж" ярьдаг болжээ.
-Энэ ч үнэн үгтэй шударга нөхөр юм. Гэхдээ хол явахгүй ээ, хөөрхий
-Уг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ л ...
"Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг" гэдэг гунигтай хэллэг тэр цагт дэлгэрсэн гэдэг. Туулайг гүйцдэг асан үнэний үхэр тэрэг алгуурхан сажилна. Үхэр тэрэгний дугуйн хяхнах дуу, олон олон хүмүүсийн сэтгэлд айдас хургаана.
1990 оны ардчилсан хувьсгал чухамдаа "үнэн" -ий төлөөх тэмцэл байлаа. Үнэн үг, шударга ёс гэдэг бол хүмүүсийн мөрөөдөл байсан юм. Ардчилал ялснаас хойш, зарим тохиолдолд арай хэтрүүлж байсан хэдий ч, хүмүүс алив зүйлд арай л бодитой хандаж, шударга байдал тогтож, үнэнийг ярьж эхэлцгээв.
Үнэний үхэр тэрэг сажлахаа больж цовоо гэгчээр хурдлана. Дугуйны хяхтнах дуу ч гайгүй болоо юу даа. Гэтэл... Яагаад ч юм бэ үнэний үхэр тэрэг бас л "эцэж" эхлэх юм. 2008 оны 07 сарын 01 нээс хойш улам бүр сульдах мэт. Хүмүүсийн сэтгэлд хургасан "уулын чинээ хар" айдас дунд, худал хуурмаг бүхэн үржиж, эцэстээ энэ бүхнийг "байх л зүйл мэт" хүлээж авах орчин бүрдэх нээ. Хүмүүс дахиад л үнэнийг "шивнэн" ярьж эхэллээ. Гэхдээ тэртээ нэгэн цагийнх шиг айдастай бус, бухимдаж, зэвүүцэн ярьж байна.
"Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ"
-Oдоо цагт үнэнээр яваад хэрэг байгаа юм уу?
-Аль зальтай, эрээ цээргүй, ичих булчирхайгүй нь сайхан амьдраад байна шүү дээ?
-Үнэн шударга явж байгаа нь хохирч байна шүү дээ
гэж хүмүүс бие биеэсээ асууцгаана. Хэрэв тэгж бодоцгоож байгаа бол бид бүгдээрээ л худал хуурмаг, муу муухай бүхнийг хийцгээх гэж үү?
Үнэн явдал, шударга үйлс өнөө ч, хэзээ хойно ч заавал ялдаг жамтай. Худал хуурмагаар, заль мэхээр, өнгө мөнгөөр өнөө бөх зүйл бүтэж, сайн сайхан болж буй мэт харагдавч, маргаашийн өдөр энэ бүхэн даан ч өчүүхэн, үнэ цэнэгүй зүйл болон хувирдагийг бид энэ амьдрал олонтаа харцгааж байгаа. Цаг цагийн эргэлтэд, хуучин шинийн харгалдаанд, ухаарч мэдрээгүйн эргэлзээнд өнөөгийн Монгол оронд минь "уулын чинээ хар" нүүрлэж буй нь үнэн. Тэвчээр, ухаарал, зориг тэмцлээр "туулайн чинээ цагаан" гүйцэх цаг ирнээ. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээн, тунгаах цаг болж буй.
...Амар хялбар, аль муу аргаар сайн сайхан амьдралд хүрч байгаа мэт харагдавч алсдаа энэ бүхэн үнс болон хийсч, адаг сүүлд нь сэтгэлийн зовлон шаналалд унан харамсах болдог. Биеэ үнэлж, хулгай хийж, бусдыг залилан луйвардаж өнөө сайхан яваа мэт харагдавч, сэтгэл амар амгалан, тайван амьдарч чадна гэж үү?
Үнэн гэдэг бусдаас, амьдралаас авах ухаарал юм.
...Өөрийн боломж хүч чадлаар бус, өрөөл бусдын татаас дэмжлэгээр өнөө болж буй мэт боловч, маргааш энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болж орхино. Өнөөдөр чамайг ашиглан өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх нэгэн, маргааш чамайг өчүүхэн ч өрөвдөлгүй хаяж одох бөгөөд, нөгөөдөр өөрөө өндрөөс няц унах тавилан буй.
Үнэн гэдэг өөртөө итгэх итгэл, бас найдвар юм.
...Бүх нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм гэгч, бидний хандах зүг, хэм хэмжээ, баримтлах чиглэл маань юм. Дагаж мөрдөөд, сахиж сануулаад тайван амьдрахын оронд зөрчиж, зөрүүдлээд бие болоод сэтгэлээ чилээх хэрэг юун. Хүн бүр л өөрийнхөөрөө тайван амьдрахыг хүсч буй. Үүний баталгаа нь энэ хууль дүрэм юм.
Үнэн гэдэг бие биеэ хүндлэх, дагаж мөрдөх хууль, дүрэм юм.
... Бусдын үйлдэж буй шударга бус явдал, луйвар, хууль бус үйлдэл өнөө эс гэхэд маргааш та бидэнд муугаар нөлөөлөх болдог. Өөрт хамаагүй хэмээн "нүдэн балай, чихэн дүлий" өнгөрөхөд нэгэн цагт таниг бухимдуулах шалтаг болно. Өөрсдөө бид тэвчдэг юм аа гэхэд үр хүүхэд минь бас л энэ "хар үзэгдэл" дунд амьдрах болно. Ганц нэгээрээ бус, атгасан гар шиг нэгдэж, үнэний төлөө тэмцэх цаг ирдэг.
Үнэн гэдэг маргаашийн сайн саихны төлөөх тэмцэл юм.
...Өөртөө бий болгосон таны итгэл үнэмшил, үзэл бодол, хүмүүжил тан; өөрийн тань хувьд "туйлын үнэн" юм. Өөртөө итгэлтэй, хатуу чанга зорилготой байж, өөрийнхөөрөө зөв амьдрах гэдэг юутай сайхан. Энэ "үнэн" тань таныг гэрэлтүүлж, амьдралыг тань утга учиртай, бас баяр баясгалантай болгоно.
Үнэн гэдэг амьдралын эрч хүч, баяр баясгалан юм.
Үнэн гэдэг амьдралын талх юм. Та буруу зүйл хийхгүй, бусдыг баярлуулж, бас сайн сайхнаар нөлөөлж, тэр хэмжээгээрээ бусдаас хариу талархал, сайн энерги авч байдагт л үнэний ид шид оршино.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж, уулын чинээ хар сүүдрийг туулайн чинээ цагаан гүйцэж, амьдралыг яг л нар мэт гэрэлтүүлдэг гэнэм.
Шударга үнэн хэзээд ялах болно.
Thursday, March 26, 2009
Bill - World Traveler

29 years old
SAN FRANCISCO, California
United States
Та бүхэндээ Америк залуугын нүдэээр өнөөдрийн Монгол орныг маш сонирхолтойгоор харуулсан бичлэгүүдыг үзэхийг санал болгож байн Гадны хүний нүдэнд юу нь сонин сонирхолтой содон байдагыг бид бас сайн мэдэхгүй гэхдээ энд Монгол орны өнөөгий хөгжлийн хамгийн хүнд асуудалыг гаргаж чадсан нь миний хувьд үнэхээр сонирхолтой санагдлаа ингээд та ч гэсэн элгэн халуун Эх ороноо Америк залуугын аялалаар сонирхоод нэг үзээрэй
Friday, March 6, 2009
Ээжтэй хүн эрхэлдэг юм.

Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй...
...Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, бүүвэйн дуугаараа аргадан өсгөжээ. Өвдчих вий гэж үүлнээс хүтэл халхалж, өлсчих вий гэж бусдаас хүртэл харамлаж, зүрдэх вий гэж үйлээс хүртэл аргадаж, яг л өндгөө дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж өсгөж дээ ээж минь.
Хааяа зэмлэж үглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны өндөг нь хүртэл зөөлөн байдаг, "эвий үр минь " гэж тэвэрч үнсэхэд хүртэл, элэг зүрхний гүнээс хайр нь ундран байдаг сүү шигээ цав цагаахан сэтгэл эх хүнээс өөр нэгэнд бий билүү.
Хорвоогийн жаргал зовлонг хүүхдүүдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хүсэл мөрөөдлийнхээ сайхан биелэлийг хүүхдүүдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хүрэхгүйн шаналал, хүлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л үглэж аргаддаг, хоёргүй ховорхон сэтгэл эх хүнээс өөр хэн нэгэнд бий гэж үү.
Өнгөтэй, амттай, сайхан бүхнээ өөрөөсөө харамлан байж үрдээ л хадгалдаг, үүд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, өвдөж ядрах үед нь үгийн урмыг сүүн сэтгэлээр сүлэн эдгээдэг өгөөмөр ачтан, эх хүнээс өөр буй буюу.
Бид анзаардаггүй.
... Ээжинхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
-Өөриинх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь "өө ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л гэж үглэн дуулах "буруу ч", "тээртэй ч" энэ л үгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
-Хааяадаа ээждээ очихдоо "ээж сайн уу?" гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд "ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл "за, яамай даа" хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Үр минь. өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай" гэж хайхрамжгүй хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.
-Хаа нэгтэй, харж үзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж өгөхдөө, "яахнав дээ хүүхдүүд минь, яасан ч их юм бэ?" гэж уулга алдахад нь төрүүлж өсгөсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Өгсөн жаахан юмыг тань өөртөө бус өрөөл бусдад "хүүхдүүд авчирч өгсөн юм" хэмээн хөөрцөглөн түгээх эхийн сэтгэлд өнгө мөнгө бус хайр халамж үгүйлэгдэж байдгийг бид анзаардаггүй.
-Энд тэнд элдэв тоглолт үзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шүлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа "шүүдрийн мөнгөн дуслаар" биш сүүгээр сүлсэн цай чанаж, шөл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггүй. Хийх гэсэн үйлдэл бүхний хариуд "юүхэв хүүхдүүд минь" гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хүсч л суудгийг бид анзаардаггүй.
-Ажил амьдралдаа үүртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. "Та минь давгүй юу?" гэх асуултын "давгүй хүүхдүүд минь, ээж нь алзахгүй, надад юунд санаа зовох вэ" гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, өгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Өтөлж ганцаардаж, өвдөж ядрахдаа хүйн холбоотой хүүхдээ л хүлээж суух эх хүний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггүй.
Энэ ертөнцөд бид өөрсдөө сонгодоггүй, сонгох ч эрхгүй хэдий ч эх хүнд үр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгүй байхын арга үгүй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхүү эх хүний сэтгэл юутай зүйрлэшгүй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хүн бидний үүрэг юм шүү дээ.
Ээжтэй хүн л эрхэлдэг.
... "Эвий үр минь" хошуу цорвойлгон, гар сунган, эрхлүүлэх эхийн сэтгэлийн гүнд юутай ч зүйрлэхийн аргагүй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа өөрөөсөө тасарч унасан үр хүүхдээ хайрлан эрхлүүлдэг агуу зөн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа үр хүүхдээ буруутгахаас илүүтэй, дотор сэтгэлдээ өөрийгөө л буруутгах хэрнээ өрөөл бусдаас ямагт өмөөрнө.
-Айлын хүүхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хүүхдээ "больж, чиний л буруу шүү дээ" хэмээн зандравч, "хөөрхий үр минь өвдөө болов уу" гэж дотор сэтгэлдээ "нулимс унагана".
-Тааруухан сурч буй хүүхдээ "байг миний хүү, малд нүдтэй, ажилд сайн юм чинь" хэмээн багшаас нь өмөөрч, дотор сэтгэлдээ "хэрэлдэнэ".
-Сархадад хөлчүүрч, савлаж орж ирэх хүүгээ "согтуу толгой чи " хэмээн зэмлэвч " маргааш толгой нь өвдөх байх даа " хэмээн дотор сэтгэлдээ "эмчилнэ".
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хүүхдүүдээ "хүний үрийг зовоогоод чи" хэмээн зандравч, "хөөрхийс минь учраа олохгүй л байна даа" хэмээн дотор сэтгэлдээ "ярин шанaлна".
Эх хүний үр хүүхдээ өмөөрч, өөрт нь хир халдаахгүй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зөвөөр ойлгож. зөв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлүүлэхийн энэ л зааг дээр өдгөө олон хүмүүс амьдралд хөлөө олохгүй "хазгай гишгэж", "зовж зүдэрч", " хэлээ зажилж", "нялхарч" яваа нь нууц биш. Энэ бүхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггүй. Эх хүний үрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж үү? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь өмнө, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж үү?
Энэ хорвоод ээжтэй хүн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ.
Төгсгөл.
Тун удахгүй олон олон жил бидний тэмдэглэж заншсан, "мартын 8" хэмээн нэрлэдэг баяр болно.
Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хүлээж суугаа. "Ажил үйлс нь бүтэмжтэй байг" хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан өргөж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мөнгөний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа өмнө тавьж, "эсэн мэнд явж, энх тунх байж. их мөнгө олж, элбэг сайхан ам;драг" хэмээн залбирч л суугаа. Элэг бүтэн. тайван амьдралыг, их мөнгөтэй давчуу амьдралаар сольж байгаа, энэ бусармаг цагийн жихүүн салхи удаан үлээхгэй ээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, сэтгэл тань үргэлж сүү шиг цагаахан байж, ажил үйлс тань өөдрөг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дүүрэн байхыг ерөөе.
Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг
Гомбосүрэнгийн Галбадрах.
Thursday, February 19, 2009
Монгол орны хөгжлийн сайхан ирээдүй.

Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?
Энэхүү цуврал нийтлэлээ миний бие "Монгол хүний үнэлэмж" нэртэйгээр эхэлсэн. Энэ дэлхий ертөнцөд монголчууд биднээс гадна хар, цагаан, шар арьстай орос, хятад. герман, япон, солонгос, америк, англи гэхчилэн олон үндэстэнгүүд оршдог. Бид нэг нарны дор, өөр өөрийн газар нутагтаа, өөр өөрийн онцлогоо хадгалан амьдарна. Энэхүү ялгаа нь хэл, соёл, зан заншил, бас бичиг юм.Бүгдэд нь нийтлэг адил зүйл олон боловч, ялгагдах зүйл нь бас л олон.
Монголчууд нүүдэлчин гаралтай, бас аугаа их өвөг дээдсүүдтэй гэдгээрээ бахархдаг. Бид тэнгэрт тэтгэгдсэн болохоор мөнх тэнгэрийн хөх толботой төрдөг гэж итгэнэ. Монголчууд бидэнд гайхуулж бардамнах зүйл олон бий. Хаа ч явсан бидний монголчууд бусдаас арай л өөр хэмээн бодож, арай л өөдрөг явахыг хичээнэ. Магадгүй энэ бол монгол цус бас монгол омгорхол, бахархал байж болох юм.
Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг дор, монгол хүн бусдаас ялгарахаа больчих вий гэдэг айдас, болгоомжлол монгол хүн бүрт бий. Өөрсдийн омог бардам бахархалаараа гайхуулж, монголоороо үлдэх боломж нь, туурга тусгаар Монгол орон минь билээ. Цаг цагийн урсгалд өгсөж уруудаж, сэхэж доройтож асан хэрнээ энэ л газар нутгаа өвлөж үлдсэн өнөөгийн бидний хувь заяа ихээ.
Дэлхий даяаршиж, нэгэн дээвэр дор хөгжиж буй энэ цаг дор маргаашийн Монгол орноо туурга тусгаар, омог бардам авч явах хүмүүс өнөөгийн бидний үр сад, хойч үе минь билээ. Тэднийгээ энэ л цагийн буулган дор хэнээс ч дутуугүй боловсролтой, чадвартай сайн иргэд болгон хөгжүүлэх боломж нь Монголын боловсролын салбар юм. Өнөө бид үхэн хатан, бүхнийг умартан, улайран уралдан ашиглах гэж зүтгээд байгаа газрын хэвлийн баялгууд нэг л өдөр дуусна. Харин Монгол орны хөгжлийн ирээдүй болсон бидний хойч үе хэзээ ч дуусаж алга болохгүй, мөнхөд оршино.
Өдгөө та бидний нүдний өмнө мөлхөж хөлд орж, шулганан хэлд орж, өдрөөс өдөрт өсцг өндийж байгаа өхөөрдөм тэр бяцхан үрс монгол орны ирээдүй юм. "Алий хүү минь" хошуу цорвойлгон өхөөрдөх төдийд, инээж, дэгэж дэрвэн тан руу зүтгэх тэр л хиргүй гэгээлэг бяцхан үрс, та бидний хойч үе, монгол орны сайн сайхан хөгжлийн түлхүүр нь юм.
Эднийг хэрхэн сургаж хөгжүүлж, сайн хүн болгон төлөвшүүлэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Монголын боловсролын салбрын хөгжлөөс хамаарна. Энэ бол монгол орны оршин тогтнох, аюулгүй байдлын баталгаа юм.
Монгол орны боловсролын салбрын өнөөгийн байдал болон шинэчлэлийн талаарх өөрийн бодол санаагаа танд толилууллаа. Харин "яаж энэ бүхнийг хийх юм бэ?" гэж асуух гэж байгааг тань гадарлаж байна.
Энэ өөрчлөлтийг яаж хийж болох вэ?
-Монголын боловсролын салбрын өнөөгийн байдлыг бодитоор судалж, үнэлэлт дүгнэлт өгч, оношлохоос л бүх ажил эхэлнэ. Ийм судалгааны багийг БСШУЯ-ны дэргэд байгуулж ажил хэрэгч, судлаач, шинжээч хүмүүсээр бүрдүүлэн үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй. Сургуулийн өмнөх, бага болон дунд, мэргэжлийн болон тусгай мэргэжлийн, их дээд боловсролын бүх тогтолцоог хамарсан энэхүү оношлогооны бодит мэдээллийг цахим сүлжээгээр олон нийтэд ил тод дэлгэн тавина.
-Энэ оношлогооны дүнг сонирхон анхаарлаа хандуулж, сайжруулахын тулд өөр өөрийн боломжоор хэрэгжүүлэх олон олон төслүүдийг шалгаруулан, үнэхээр үр ашигтай төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх боломжийг нь олгох шаардлагатай. Төсөл нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудын аргачлалыг шууд хуулбарлах бус, монголын боловсролын салбрын өнөөгийн ололт, амжилтыг хадгалан, шинэ ашигтай санаагаар баяжуулан монгол орны нөхцөлд хэрэгжүүлэх бодит боломжийг хангаж байх нь хамгаас чухал.
-Эн тэргүүнд хийх гол ажил нь, нэг багшид ноогдох суралцагчийн тоог 15-аас хэтрүүлэхгүйгээр, сургуулиудын ачааллыг тогтоох явдал юм. Үүний тулд сургуулиудын барилгажилт хамгаас чухал. Сургуулийн барилга барих бүх оролдлогыг төр засгаас дэмжиж, татварын болонбусад хөнгөлөлтийг үзүүлэх төдийгүй, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг үүнд чиглүүлэх учиртай. Энэ бол зөвхөн барилга төдий бус дотоод тохижилт, хөрөнгө оруулалт, материаллаг нөхцөл хамтад тооцогдоно.
-Өнөө үейин хөгжлийн хамгийн том ололт болох цахим мэдээллийн сүлжээнд боловсролын салбрыг хамруулах ажил хамгаас чухал. Үүнд:
-бүх сургуулиудын талаархи мэдээлэл
-бүх төгсөгчдийн талаархи мэдээлэл
-бүх мэргэжлийн багш нарын талаархи мэдээлэл нийтэд ил тод тавигдаж байна. Эхний ээлжинд сурагчдаа бус багш нараа компьютержүүлэх бүх боломжийг олгох хэрэгтэй. Лизингээр болон хямд үнээр, зээлээр гэхчилэн олон хувилбар байж болох.
-Одоогийн ажиллаж байгаа багш нараа судалж, тэднийг сонгон шалгаруулж, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх ажил хэрэгтэй. Тэднийг халж солихдоо гол нь бус ухамсартайгаар хөгжүүлж өөрчлөх нь илүү оновчтой. Магадгүй 40-50 сурагчтай бухимдаж ажилладаг байсан багш 15-20 сурагчидтай шал өөрөөр ажиллаж болох шүү дээ. Харин багшийн мэргэжлийн үнэмлэх олгох, тэднийг өөр мэргэжлээр хөрвөх боломжийг ч олгохыг мартамгүй.
-Сургуулиудын бие даасан байдлыг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөныг бий болгохын тулд үнэхээр сайн баг болон хамт олонд тухайн сургуулиудыг менежментийн хувьчлалаар өгөх ажлиг хуульчилж болно. Ер нь хүн өөрийн гэсэн зүйл, өөрийгөө эзэн нь гэж мэдэрсэн зүйлдээ илүү бодитой санаа тавьдаг нь нэгэнт батлагдсан. Өнөөдөр байхгүй байгаа сургуулийн "эзэн' сэтгэлгээг бий болгох нь чухал. Ийм нөхцөлд сургуулиа болон өөрийгөө хөгжүүлэх олон санал санаачлага гардаг юм даа.
-Төр захиалагчийн хувьд, өөрийн суурь стандартаа тогтоож, үүнийхээ төлөө нэг суралцагчид ноогдох зардлаар сургуулиудыг санжүүжүүлж, чанар стандартад хяналт тавьж байх боломжтой. Харин суралцагчийн авьяас чадвар, сонирхлыг хэрхэн хөгжүүлэхээ сургууль өөрийн боломжиндоо тулгуурлан зах зээлийн зарчмаар шийдэж, хариуцлагаа өөрөө хүлээж байх нь сургуулийн хөгжлийн нэг үндэс. Мэдээж амьдралын боломж муутай. төлбөрийн чадваргүй айлын авьяас чадвартай хүүхдийг тусгай "халамжийн сан" гаас санхүүжүүлж байдаг туршлага байгаа.
-Ийм нөхцөлд, эцэг эхчүүд болон суралцагчид сурах сургуулиа өөрөө сонгох боломж бүрдэнэ. Энэ сонголт хамгаас чухал. Ийм сонголтын нөлөөгөөр үнэхээр сайн сургуулиуд өргөжин хөгжиж, тааруу муу сургуулиуд өөрсдөө аяндаа татан буугдах болно. Энэ бол оршин тогтнох эс оршин тогтнохын төлөөх тэмцэл юм. Үүнд төр оролцон дарамтлаад, эсвэл сургууль авилга авч, мөнгө хөөгөөд байх хэрэг огт үгүй. Сургуулиудын цайн муугийн шалгуур нь төр бус, сонголт хийж байгаа эцэг эхчүүд, суралцагч өөрөө л байх болно.
-Сургуулиуд заавал адил загварын байх албагүй, ерөнхийдээ зарчим, шаардлага нь нэг байх боловч ард иргэдийн хэрэгцээнд түшиглэн "гоц авьяастны", "халамжийн", эсвэл тодорхой чиглэлээр мэргэжсэн сургуулиуд байгуулах боломжийг нээлттэй байлгах. Үүний тулд олон олон төсөл санаануудыг хүлээн авч судлан , хэрэгтэй ашигтай санаануудыг дэмжиж байх нь бас л хэрэгтэй.
- Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд амаргүй бас цаг хугацаа ихээхэн шаардагдана. "Нүд үнэнч, чих худалч" гэдэгчлэн өнөөгийн нөхцөлд, энэ бүхнийг хийх явцад санаа нийлсэн, өөдрөг зорилготой баг, үлгэр жишээ хэд хэдэн сургуулиуд байгуулан, өөрийн санал санааг нотлох боломжийг олох нь бас чухал. Ялангуяа загвар дунд сургууль болон мэргэжлийн сургуулиуд нэн чухал. Манайхан туршилтын сургууль гэхээр одоо байгаа аль нэгэн сургууль дээр хэрэгжүүлж байна хэмээн оромдож, "өөх ч биш, булчирхай ч биш" болгон унтраах нь бий. Алив зөв санааг хэрэгжүүлэхдээ дээрээс албадаж бус доороос санаачилж хийн, хаа хаанаа ойлголцож дэмжиж ажиллах нь үр дүнд хүргэдэг.
Боловсролд хамааралгүй хэг ч хүн үгүй.
... Хүн бүр ямар нэгэн сургуульд суралцаж төгсдөг. Уншиж, бичиж, бодож, сэтгэж, ухаарч сурсан болохоор таны амьдралд өдгөө энэ бүхэн хэрэг болж л байгаа. Сургуульд суралцаж байсан үеэ хааяа дурсах үед, яагаад ч юм бэ? таны нүүрэнд инээмсэглэл тодорч, цав цагаахан цаас шиг, гэнэн цайлган сэтгэлтэй үейинхээ инээд, хөгжил дүүрэн үеэ санадаг. Тэр үед дүрсгүйтэж, багшдаа зэмлүүлж, ангийнхантайгаа хуйвалдаж, олон хэрэг мандуулж, тэр болгоноо нуун хаацайлах гэж олон хөгжилтэй арга сүвэгчилнэ. Ангийнхаа олон найзуудтай муудалцаж сайдалцаж, үерхэж нөхөрлөж, нууцхан зовлон жаргалаа хуваалцаж явсаар сургуулиа төгсөх үедээ, нүдэндээ сувдан нулимс, сэтгэлдээ нууцхан гуниг тээж л байсан. Өдгөө энэ амьдралын нугачаанд, элдвийг үзэж, алжааж ядарч, баярлаж гуних үедээ хааяа сурагч байсан тэр үеэ дурсахаар сэтгэл нь сэргэж, "Ямар ч хиргүй, муу санаагүй сайхан үе байж вэ?' хэмээн хөнгөн санаа алдана.
Өтөл болсон хойноо, өөртэйгээ адил ангийн "буурлууд"аа дурсахдаа , хааяа уулзаж учрахдаа "манай ангийн охин", "манай ангийн банди" уулга алдан, сүжирнэ. Энэ үедээ өөрийг тань гайхан шоолох үр хүүхэд. ач гучаа ч анзаарах сөхөөгүй "хөл алдана". Бидний сэтгэл зүрхэнд багш нар маань ч "цэл залуугаараа", ангийнхан маань ч "гэнэн балчраараа" мөнхөд орших юм даа. Тэр цаг үед хүндлэн биширч асан багш нараа хаа нэгтээ дурсахдаа "хөөрхий багш минь хаа яажшуухан явдаг юм бол доо" гэж элгэмсэн санана.
Ачлалт багш үгүй, ангийн хамт олонгүй нэг ч хүн бий бил үү?
...Цүнхээ үүрээд аав ээждээ, ах эгчдээ хөтлүүлээд сүргүүль руугаа алхдаг байсан тэр л замаараа өдгөө та өөрийн үр хүүхэд, ач зээгээ хөтлөөд алхана. "Хөшөө тийш одох ардын зам балрахгүй" гэдэг шиг "сургууль тийш одох сурагчийн зам балардаггүй" аж.
Өсөхөөс өтлөх хүртэл таныг хөтлөх энэ зам ирээдүй рүү хөтөлсөн эрдмийн зам юм.
Нэгэн үе сургуулиуд эцэг эхээс хамааралгүй сургаж байгаа сурагчдаа бүрэн хариуцдаг муу зуршил байсан. Ямар сайндаа ангийн нь нэг сурагч ариун цэврээр муу, бөөстэй байсны төлөө анги удирдсан багш нь авдаг цалингаасаа торгуулж байх билээ. Энэ л гаж тогтолцооны улмаас хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, бүрэн даатгадаг, хааяа хуралд сууж ирээд, сайн гэж магтагдсаныг нь шагнаж, муу гэж муулагдсаныг нь шийтгэх төдийгөөр сургууль эзэг эхийн холбоо хязгаарлагдаж байв.
Өдгөө цаг өөр болж байна. Таны хүүхэд бол өөр хэний ч биш зөвхөн таны л баялаг. Буруу өсвөл бухын хүзүүнээс хатуу, зөв өсвөл зөөлөн зөөлөн замбуулин болно доо.
Тиймээс та хүссэн ч эс хүссэн ч өөрийн хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө суралцаж байгаа сургуультай нь заавал хамтран ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ анги удирдсан эсвэл хичээл заадаг багшид нь бэлэг сэлт өгч талархалаа илэрхийлэх, эсвэл өөрт чинь таалагдахгүй байгаа хэр нь анги хамт олноороо хонуутаар зугаалж наргихад зардлыг нь төлөх гэдэг бол шал өөр ойлголт.
Хоногйин 24 цагийн 6-8 цагийг нь сургууль дээрээ өнгөөрдөг таны хүүхэд , юу сурч , хэрхэн өөрчлөгдөж, яаж төлөвшиж байгааг ажилгаж санаа тав;ж байх нь их чухал. Таны хүүхэд тантай хамт амьдрахаас бус анги удирдсан багштайгаа амьдрахгүй гэдгийг бүү март. Тийм болохоор хүүхдийнхээ сайн муу алив үйлдлийн төлөө багш нартай нь хамтдаа зөвлөж, гэртээ ч сургууль дээрээ ч нэг л шаардлагаар хандаж байвал таны хүүхэд зөв бие хүн болж төлөвшихийн эхлэл. Хүүхэд тань ямар авьяас чадвар, сонирхолтой, түүнийг хэрхэн хөгжүүлэх нь зохистойгсэтгэл зүрхээрээ адил хайрладаг багш та 2 хамтдаа шийдэж чадна. Ингээд бодохоор эцэг эх танд хүүхдийн тань суралцаж байгаа сургууль хамаатайгаар барахгүй, хамтын ажиллагаа бүр их хамаатай.
Таны хүүхдийн сайн ирээдүй зөвхөн таны төдийгүй монгол орны ирээдүй гэдгийг л бид мартах учиргүй.
Төгсгөл.
Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан энэ удаагийн цуврал маань ийнхүү өндөрлөж байна. Энэ бол монголын боловсролын салбарт 20 жил ажиллахдаа миний мэдэрч, ойлгож бас өөрчлөхийг хүсч байсан мөрөөдөл минь юм.Энэ хугацааны сүүлийн 8 жил, дунд сургуулийн захирлын ажлыг хийж байхдаа зарим зүйлийг туршин хэрэгжүүлж, багагүй үр дүнг үзсэн. Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болсон "Монгол судлалын 2-р бага хурал "дээр боловсролын салбрын талаар тавьсан илтгэлийн санаа минь ч энэ.
Ярих амархан хийхэд хэцүү. Тэр тусмаа үр дүн нь удаан хугацаанд илэрдэг боловсролын салбрын шинэчлэл монгол оронд минь өнөө хүртэл бодит ажил хэрэг, санал санаачлагаар эхлээгүйгээр барахгүй, улс орон даяар улс төр уул уурхай, хээл хахууль хямралаар амьсгалцгааж энэ тухай бодох дурсахыг ч хүсэхгүй байна. Ингэж болно гэж үү? Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?
Энэ л орондоо орох завгүй хийрхэлийн тоосонд, ахуйн ядуурлаас илүүтэй оюуны ядуурал, хоосрол газар авч, өдөр хоногоор хүмүүсийн бухимдал гаарч, улам улмаар хэрцгий бүдүүлэг болж, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсаар байна. Энэ их эмх замбараагүй байдал, оюуны хоосролыг хожим бид ямархан үнээр засч залруулах бол.
Шүүмжлэх амархан, бодит байдлыг байгаагаар нь ойлгох амаргүй. Өнөөдөр монголын боловсролын салбарт хамааралгүй хэн нэгэн бий билүү. Та ч сургуулиар дамжиж өдий зэрэгтэй болсон, өдгөө ч үр хүүхэд ач зээ чинь суралцаж л буй.
Өнөөдөр монгол орон дахь шударга бус байдал, олигархижсан төр, авилга хээл хахуулийн аалзны тор мэт сүлжээ, эмх цэгцгүй, эв нэгдэлгүй, хувиа хичээсэн байдал та бидний амьдралд муугаар нөлөөлж байгаатай адил, хожим та бидний үр хүүхдүүд ийм байдалд амьдрахыг та бид хүсч байна гэж үү? Бид ирээдүй хойч үейинхэндээ юуг өвлүүлэн үлдээх гэж байна вэ? Тийм ээ! бид үүнийг хүсэхгүй байгаа.
Монголын боловсролын салбрын шинэчлэлыыг яаралтай эхлүүлэхийн үндсэн шалтгаан, үнэ цэнэ нь энэ.
Энэ цувралдаа миний бие хийж болох , өөрчилж болох боломжит санаануудыг дурдлаа. "Бүгдээрээ хэлэцвэл буруугүй" гэдэгчлэн олон олон сайхан санаа , санаачлагууд, төслүүд, дэмжлэгүүд гарч ирэн бид хамтдаа өөрчлөлтийн төлөө нэгдэн хөдлөх байх гэж найдаж байна.
Монгол орны хөгжлийн сайн сайхан ирээдүйн төлөө, боловсролын салбтын шинэчлэлийн давалгаа монгол орныг хамарч, бусармаг муу, бурангуй хоцрогдол бүхнийг хог хаягдал мэт эрэг дээр гарган хаяж, улам улмаар цэвэрших болно. Үүний тулд их шуурга нижигнэн хөдөлбөөс хөдөлтүгэй.
Монголын төр цэвэр ариун байж, монгол улс мандан хөгжиг.
Friday, January 30, 2009
Монгол хүний үнэлэмж
-"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байна.
Монголын боловсролын салбрын шинэчлэлд
зориулсан цуврал нийтлэл-1
... Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархана. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт нийгмийн мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, "чандмань эрдэнэ" гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан билчээр, хашаа саравч, худаг усбэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан магтаж, бас мандуулж байв даа. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө хүртэл босгож алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УЙХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбүм төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.
... Монгол орны хөрсөн доор байгаа алт, зэс, нүүрс, ураны баялаг , нөөцүүд нь монгол орны хөгжлийг хурдасган, үсрэн дэвхцүүлж, ард иргэдийг баян чинээлэг болгож, сайхан амьдруулна хэмээн үнэнээсээ хэлээд байгаа, эсвэл тоглож тохуурхаад байгаа алин болоход эргэлзмээр. Улс орны хөгжлийг ухаантай, мэдлэг чадвартай иргэд нь хурдасгадаг болохоос уул уурхай. мал сүрэг тэгтлээ хөгжүүлдэггүй гэдгийг эрхэм төр баригчид гадарламаар юм. Өдөр шөнө, өглөө үдэшгүй уул уурхай, ашигт малтмал гэж маань мэгзэм шиг унших төрийн түшээд, тэдний үгэнд итгэн, өөрсдийгөө ч умартан, өмнө зүг рүү нүдээ чилтэл харуулдах ард иргэд эгээл уулын буга үзэсгэлэнт сайхан эврийг минь авчирч өгөхгүй юм болов уу хэмээн санаашран тэмээний үлгэр адил. Энэ л хугацаанд эрүүл биегүй, эрдэм номгүй, идэх хоолгүй, өмсөх гоёлгүй олон монголчууд уур хилэн, бухимдал гутралдаа "шатаж" байна даа. Монгол хүн хөрсөн доорхи баялгаасаа хямдхан болоо юу даа.
...Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж. цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, "орох орон оочих аягагүй" мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч л явна.
Эх орондоо байгаа зарим нь эгээ л айлын тогоо өнгийн суух хоноц шиг царай алдан амь зууна.Эрхэмсэг зарим нь эрх мэдэл, өнгө мөнгөөр хагартлаа баяжиж, шунал тачаалдаа шулам болох дөхнө. Монгол хүн ингэтлээ үнэ хүндгүй болоо юу даа.
Хүн хэрэв байхгүй бол мал сүрэг эд баялаг гэж юу байхсан билээ. Хууль дүрмээ сахиж, хөдөлмөрлөж баялгийг бүтээж, бүтээсэн баялгаараа өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжүүлж байдаг хүн л улс орны хөгжлийн үндэс нь байдаг билээ. Иргэд нь мунхаг болвоос эд баялаг, мал сүрэг дорхноо үрэгдэж дуусна. Иргэд нь ухаантай болвоос эд баялаг, мал сүрэг нь улам улмаар өсөн үржинэ. Өдгөө цаг дор монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж арай л хэт унаад байна уу даа. Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л:
-Өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Хэлгүй малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийг тлгоод байгаа үнэхээр будилаад байгааг ялгаж салгахад бэрхтэй. Өдгөө монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.
-"Төл бүрийг мал болгоё" гэж уриалдаг шигээ "хүүхэд бүрийг хүн болгоход" анхаарч, төрсөн даруйд нь "төрсний гэрчилгээ" бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байнаа. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй байна.
- Монгол оронд төрсөн, иргэн бүртээ "нийгмийн халамжийн дугаар" олгож. хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чддаг тогтолцоотой болмоор. Энэ л "нийгмийн халамжийн дугаар"-aaр хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчиллалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгааг ч , эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.
Монгол хүний үнэ цэнэ.
Монголчууд бид бие биеэ сайн муугаар хэлж, "тамын тогооны үлгэр' байн байн дурсаж байвч бусад олон үндэстэнүүдтэй адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрнүүдэд зорчиж, "юм үзэж, нүд тайлж" яваа "хуучин Монгол хүү" дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн алхах "шинэ Монгол хүү" болох цаг ойрхон байна. Монголчууд бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанаруудаа бүгдээрээ хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Энэ л үейин үед бусдаас ялгарах бидний үнэ цэнэ юм шүү дээ.
-Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэгийн түвшин арай илүү мэдрэгдэнэ. Харин мэддэг ч юм шиг , мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэгтэй бас авьяастай хүмүүс.
-Монгол хүн хаа ч дасан зохицох чадвартай. Өнө эртний цагаас, өвсний соргог, усны тунгалагийг шилэн нүүдэллэж, ээлжлэх 4 улиралдаа зохицон амьдардаг , нүүдэлчин удмын цусны сайн чанар мэдрэгддэг. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хэнээс ч дутахгүй хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрчхатүү бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгдэнэ.
-Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, өөрийн амьдрах орон гэрээ буулган ачааллаж, буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдыг гайхуулдаг байсан. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ? гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх аргаа олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна.
-Монголчууд их элгэмсэг. Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ах дүүстээ найрсаг, ахмад хүний үгийг сонсож, хүндэлдэг уламжлал, харилцаатай. Ажил хийж олсон мөнгөө амин хувьдаа зарцуулахаас илүү, аав ээж, ар гэр үр хүүхэддээ зарцуулдаггүй монгол хүн гэж бий билүү. Аль болохоор тэднийгээ ачлаж бас баярлуулахыг хичээдэг.Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг юм даа.
-Монголчууд их тэмүүлэлтэй. Монголчууд өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл монголчууд зөв өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажилалж амьдарч байгаа монголчууд бусдаас сутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдэгээрээ бусдаас ялгардаг.
Шинэ монгол хүний үнэлэмж.
Аль ч улс орон ирээдүйдээ яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаарна.
Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг. Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. ИЙм нөхцөлд төр "захиалагч", боловсролын салбрын бүх шатны сургуулиуд "гүйцэтгэгч" байх учиртай.
Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг "захиалах" боломжтой вэ?
1. Түүх-хүүль эрх зүйн боловсрол:
-Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдсэн, тэдгээрийг бахархан хэндэлдэг байх.
-Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.
2.Гоо-сайхны боловсрол:
-Сонгодог хөгжим, уран зураг, уранзохиолыг сонсож, харж уншиж ойлгодог байх төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн байх.
-Сайн муу. сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.
3. Хэл-харилцааны боловсрол:
-Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг байх.
-бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар эзэмших.
-Хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.
4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол:
-Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших.
-Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.
-Компьютерийн программуд болон интернет ашиглах чадвар.
-Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.
5.Техник-технологийн боловсрол:
-Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох.
-Ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угааж хатаагч, шарах шүүгээ, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух гэх мэт./
-Техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай байх.
-Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.
6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол:
-Хүний биейин бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголт.
-Биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хадалгааний эвсэлд суралцах.
7. Байгаль-экө;өгийн боловсрол:
-Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир.
-Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг.
-Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.
8. Гадаад хэлний боловсрол:
-Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах.
-Уг хэлээр яр;даг орнуудын түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.
9.Гэр бүл-бэлгийн боловсрол:
-Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах.
-Хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох.
-Бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.
Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, зөв бие хүн болон төлөвших учиртай. Бүх хүүхдүүд эрдэмтэн. бас мундаг хэн нэгэн болох албагүй, харин бүгд гэр бүл болж энэ нийгэмд бие даан амьдрах учиртай гэдгийг л бид мартах учиргүй. Харин хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно.
Үүний тулд монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг "сургаж-хүмүүжүүлэх" гэдэг зорилтыг "хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх" гэдэг ойлголтоор солих болж байна даа. Ингэж байж л бид өөрийн үнэлэмжтэй монгол иргэдйиг бий болгож монгол орны ирээдүй өөдрөгөөр харах боломжтой болно.
Төгсгөлийн оронд.
Монгол орныг зөв төлөвшсөн монгол иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигт малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна.
Өдгөө бид өнгө , мөнгөтэй хөөцөлдсөөр мөнгөл хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү? Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар юм. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна.Алийн болгон бид энэ салбрын хөгжилд хойрго хандаж, самбар шохой, цаас будагтай зууралдуулах вэ?
Энэ бол миний, таны бидний хүүхдүүдийн хувь заяа бас монгол орны ирээдүйн хувь заяа. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж амьдрах чадвартай Монгол залуусыг Монгол орондоо бэлтгэхэд анхаарах цаг болжээ. Энэ бол монгол хүний үнэ цэнийг сэргээж, үнэлэмжийг бий болгохын эхлэл.
Алдагдсаар байгаа цаг хугацаа, түүх биднийг хүлээхгүйн адил биднийг уучлахгүй.
/үргэлжлэл бий/
Subscribe to:
Posts (Atom)