Thursday, February 19, 2009

Монгол орны хөгжлийн сайхан ирээдүй.

Гомбосүрэнгийн Галбадрах.


Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?

Энэхүү цуврал нийтлэлээ миний бие "Монгол хүний үнэлэмж" нэртэйгээр эхэлсэн. Энэ дэлхий ертөнцөд монголчууд биднээс гадна хар, цагаан, шар арьстай орос, хятад. герман, япон, солонгос, америк, англи гэхчилэн олон үндэстэнгүүд оршдог. Бид нэг нарны дор, өөр өөрийн газар нутагтаа, өөр өөрийн онцлогоо хадгалан амьдарна. Энэхүү ялгаа нь хэл, соёл, зан заншил, бас бичиг юм.Бүгдэд нь нийтлэг адил зүйл олон боловч, ялгагдах зүйл нь бас л олон.
Монголчууд нүүдэлчин гаралтай, бас аугаа их өвөг дээдсүүдтэй гэдгээрээ бахархдаг. Бид тэнгэрт тэтгэгдсэн болохоор мөнх тэнгэрийн хөх толботой төрдөг гэж итгэнэ. Монголчууд бидэнд гайхуулж бардамнах зүйл олон бий. Хаа ч явсан бидний монголчууд бусдаас арай л өөр хэмээн бодож, арай л өөдрөг явахыг хичээнэ. Магадгүй энэ бол монгол цус бас монгол омгорхол, бахархал байж болох юм.
Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг дор, монгол хүн бусдаас ялгарахаа больчих вий гэдэг айдас, болгоомжлол монгол хүн бүрт бий. Өөрсдийн омог бардам бахархалаараа гайхуулж, монголоороо үлдэх боломж нь, туурга тусгаар Монгол орон минь билээ. Цаг цагийн урсгалд өгсөж уруудаж, сэхэж доройтож асан хэрнээ энэ л газар нутгаа өвлөж үлдсэн өнөөгийн бидний хувь заяа ихээ.
Дэлхий даяаршиж, нэгэн дээвэр дор хөгжиж буй энэ цаг дор маргаашийн Монгол орноо туурга тусгаар, омог бардам авч явах хүмүүс өнөөгийн бидний үр сад, хойч үе минь билээ. Тэднийгээ энэ л цагийн буулган дор хэнээс ч дутуугүй боловсролтой, чадвартай сайн иргэд болгон хөгжүүлэх боломж нь Монголын боловсролын салбар юм. Өнөө бид үхэн хатан, бүхнийг умартан, улайран уралдан ашиглах гэж зүтгээд байгаа газрын хэвлийн баялгууд нэг л өдөр дуусна. Харин Монгол орны хөгжлийн ирээдүй болсон бидний хойч үе хэзээ ч дуусаж алга болохгүй, мөнхөд оршино.
Өдгөө та бидний нүдний өмнө мөлхөж хөлд орж, шулганан хэлд орж, өдрөөс өдөрт өсцг өндийж байгаа өхөөрдөм тэр бяцхан үрс монгол орны ирээдүй юм. "Алий хүү минь" хошуу цорвойлгон өхөөрдөх төдийд, инээж, дэгэж дэрвэн тан руу зүтгэх тэр л хиргүй гэгээлэг бяцхан үрс, та бидний хойч үе, монгол орны сайн сайхан хөгжлийн түлхүүр нь юм.
Эднийг хэрхэн сургаж хөгжүүлж, сайн хүн болгон төлөвшүүлэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та биднээс л хамаарна. Монголын боловсролын салбрын хөгжлөөс хамаарна. Энэ бол монгол орны оршин тогтнох, аюулгүй байдлын баталгаа юм.
Монгол орны боловсролын салбрын өнөөгийн байдал болон шинэчлэлийн талаарх өөрийн бодол санаагаа танд толилууллаа. Харин "яаж энэ бүхнийг хийх юм бэ?" гэж асуух гэж байгааг тань гадарлаж байна.
Энэ өөрчлөлтийг яаж хийж болох вэ?
-Монголын боловсролын салбрын өнөөгийн байдлыг бодитоор судалж, үнэлэлт дүгнэлт өгч, оношлохоос л бүх ажил эхэлнэ. Ийм судалгааны багийг БСШУЯ-ны дэргэд байгуулж ажил хэрэгч, судлаач, шинжээч хүмүүсээр бүрдүүлэн үр дүнтэй ажиллуулах хэрэгтэй. Сургуулийн өмнөх, бага болон дунд, мэргэжлийн болон тусгай мэргэжлийн, их дээд боловсролын бүх тогтолцоог хамарсан энэхүү оношлогооны бодит мэдээллийг цахим сүлжээгээр олон нийтэд ил тод дэлгэн тавина.
-Энэ оношлогооны дүнг сонирхон анхаарлаа хандуулж, сайжруулахын тулд өөр өөрийн боломжоор хэрэгжүүлэх олон олон төслүүдийг шалгаруулан, үнэхээр үр ашигтай төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх боломжийг нь олгох шаардлагатай. Төсөл нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудын аргачлалыг шууд хуулбарлах бус, монголын боловсролын салбрын өнөөгийн ололт, амжилтыг хадгалан, шинэ ашигтай санаагаар баяжуулан монгол орны нөхцөлд хэрэгжүүлэх бодит боломжийг хангаж байх нь хамгаас чухал.
-Эн тэргүүнд хийх гол ажил нь, нэг багшид ноогдох суралцагчийн тоог 15-аас хэтрүүлэхгүйгээр, сургуулиудын ачааллыг тогтоох явдал юм. Үүний тулд сургуулиудын барилгажилт хамгаас чухал. Сургуулийн барилга барих бүх оролдлогыг төр засгаас дэмжиж, татварын болонбусад хөнгөлөлтийг үзүүлэх төдийгүй, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг үүнд чиглүүлэх учиртай. Энэ бол зөвхөн барилга төдий бус дотоод тохижилт, хөрөнгө оруулалт, материаллаг нөхцөл хамтад тооцогдоно.
-Өнөө үейин хөгжлийн хамгийн том ололт болох цахим мэдээллийн сүлжээнд боловсролын салбрыг хамруулах ажил хамгаас чухал. Үүнд:
-бүх сургуулиудын талаархи мэдээлэл
-бүх төгсөгчдийн талаархи мэдээлэл
-бүх мэргэжлийн багш нарын талаархи мэдээлэл нийтэд ил тод тавигдаж байна. Эхний ээлжинд сурагчдаа бус багш нараа компьютержүүлэх бүх боломжийг олгох хэрэгтэй. Лизингээр болон хямд үнээр, зээлээр гэхчилэн олон хувилбар байж болох.
-Одоогийн ажиллаж байгаа багш нараа судалж, тэднийг сонгон шалгаруулж, давтан бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх ажил хэрэгтэй. Тэднийг халж солихдоо гол нь бус ухамсартайгаар хөгжүүлж өөрчлөх нь илүү оновчтой. Магадгүй 40-50 сурагчтай бухимдаж ажилладаг байсан багш 15-20 сурагчидтай шал өөрөөр ажиллаж болох шүү дээ. Харин багшийн мэргэжлийн үнэмлэх олгох, тэднийг өөр мэргэжлээр хөрвөх боломжийг ч олгохыг мартамгүй.
-Сургуулиудын бие даасан байдлыг хөгжүүлэх, чөлөөт өрсөлдөөныг бий болгохын тулд үнэхээр сайн баг болон хамт олонд тухайн сургуулиудыг менежментийн хувьчлалаар өгөх ажлиг хуульчилж болно. Ер нь хүн өөрийн гэсэн зүйл, өөрийгөө эзэн нь гэж мэдэрсэн зүйлдээ илүү бодитой санаа тавьдаг нь нэгэнт батлагдсан. Өнөөдөр байхгүй байгаа сургуулийн "эзэн' сэтгэлгээг бий болгох нь чухал. Ийм нөхцөлд сургуулиа болон өөрийгөө хөгжүүлэх олон санал санаачлага гардаг юм даа.
-Төр захиалагчийн хувьд, өөрийн суурь стандартаа тогтоож, үүнийхээ төлөө нэг суралцагчид ноогдох зардлаар сургуулиудыг санжүүжүүлж, чанар стандартад хяналт тавьж байх боломжтой. Харин суралцагчийн авьяас чадвар, сонирхлыг хэрхэн хөгжүүлэхээ сургууль өөрийн боломжиндоо тулгуурлан зах зээлийн зарчмаар шийдэж, хариуцлагаа өөрөө хүлээж байх нь сургуулийн хөгжлийн нэг үндэс. Мэдээж амьдралын боломж муутай. төлбөрийн чадваргүй айлын авьяас чадвартай хүүхдийг тусгай "халамжийн сан" гаас санхүүжүүлж байдаг туршлага байгаа.
-Ийм нөхцөлд, эцэг эхчүүд болон суралцагчид сурах сургуулиа өөрөө сонгох боломж бүрдэнэ. Энэ сонголт хамгаас чухал. Ийм сонголтын нөлөөгөөр үнэхээр сайн сургуулиуд өргөжин хөгжиж, тааруу муу сургуулиуд өөрсдөө аяндаа татан буугдах болно. Энэ бол оршин тогтнох эс оршин тогтнохын төлөөх тэмцэл юм. Үүнд төр оролцон дарамтлаад, эсвэл сургууль авилга авч, мөнгө хөөгөөд байх хэрэг огт үгүй. Сургуулиудын цайн муугийн шалгуур нь төр бус, сонголт хийж байгаа эцэг эхчүүд, суралцагч өөрөө л байх болно.
-Сургуулиуд заавал адил загварын байх албагүй, ерөнхийдээ зарчим, шаардлага нь нэг байх боловч ард иргэдийн хэрэгцээнд түшиглэн "гоц авьяастны", "халамжийн", эсвэл тодорхой чиглэлээр мэргэжсэн сургуулиуд байгуулах боломжийг нээлттэй байлгах. Үүний тулд олон олон төсөл санаануудыг хүлээн авч судлан , хэрэгтэй ашигтай санаануудыг дэмжиж байх нь бас л хэрэгтэй.
- Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд амаргүй бас цаг хугацаа ихээхэн шаардагдана. "Нүд үнэнч, чих худалч" гэдэгчлэн өнөөгийн нөхцөлд, энэ бүхнийг хийх явцад санаа нийлсэн, өөдрөг зорилготой баг, үлгэр жишээ хэд хэдэн сургуулиуд байгуулан, өөрийн санал санааг нотлох боломжийг олох нь бас чухал. Ялангуяа загвар дунд сургууль болон мэргэжлийн сургуулиуд нэн чухал. Манайхан туршилтын сургууль гэхээр одоо байгаа аль нэгэн сургууль дээр хэрэгжүүлж байна хэмээн оромдож, "өөх ч биш, булчирхай ч биш" болгон унтраах нь бий. Алив зөв санааг хэрэгжүүлэхдээ дээрээс албадаж бус доороос санаачилж хийн, хаа хаанаа ойлголцож дэмжиж ажиллах нь үр дүнд хүргэдэг.
Боловсролд хамааралгүй хэг ч хүн үгүй.
... Хүн бүр ямар нэгэн сургуульд суралцаж төгсдөг. Уншиж, бичиж, бодож, сэтгэж, ухаарч сурсан болохоор таны амьдралд өдгөө энэ бүхэн хэрэг болж л байгаа. Сургуульд суралцаж байсан үеэ хааяа дурсах үед, яагаад ч юм бэ? таны нүүрэнд инээмсэглэл тодорч, цав цагаахан цаас шиг, гэнэн цайлган сэтгэлтэй үейинхээ инээд, хөгжил дүүрэн үеэ санадаг. Тэр үед дүрсгүйтэж, багшдаа зэмлүүлж, ангийнхантайгаа хуйвалдаж, олон хэрэг мандуулж, тэр болгоноо нуун хаацайлах гэж олон хөгжилтэй арга сүвэгчилнэ. Ангийнхаа олон найзуудтай муудалцаж сайдалцаж, үерхэж нөхөрлөж, нууцхан зовлон жаргалаа хуваалцаж явсаар сургуулиа төгсөх үедээ, нүдэндээ сувдан нулимс, сэтгэлдээ нууцхан гуниг тээж л байсан. Өдгөө энэ амьдралын нугачаанд, элдвийг үзэж, алжааж ядарч, баярлаж гуних үедээ хааяа сурагч байсан тэр үеэ дурсахаар сэтгэл нь сэргэж, "Ямар ч хиргүй, муу санаагүй сайхан үе байж вэ?' хэмээн хөнгөн санаа алдана.
Өтөл болсон хойноо, өөртэйгээ адил ангийн "буурлууд"аа дурсахдаа , хааяа уулзаж учрахдаа "манай ангийн охин", "манай ангийн банди" уулга алдан, сүжирнэ. Энэ үедээ өөрийг тань гайхан шоолох үр хүүхэд. ач гучаа ч анзаарах сөхөөгүй "хөл алдана". Бидний сэтгэл зүрхэнд багш нар маань ч "цэл залуугаараа", ангийнхан маань ч "гэнэн балчраараа" мөнхөд орших юм даа. Тэр цаг үед хүндлэн биширч асан багш нараа хаа нэгтээ дурсахдаа "хөөрхий багш минь хаа яажшуухан явдаг юм бол доо" гэж элгэмсэн санана.
Ачлалт багш үгүй, ангийн хамт олонгүй нэг ч хүн бий бил үү?
...Цүнхээ үүрээд аав ээждээ, ах эгчдээ хөтлүүлээд сүргүүль руугаа алхдаг байсан тэр л замаараа өдгөө та өөрийн үр хүүхэд, ач зээгээ хөтлөөд алхана. "Хөшөө тийш одох ардын зам балрахгүй" гэдэг шиг "сургууль тийш одох сурагчийн зам балардаггүй" аж.
Өсөхөөс өтлөх хүртэл таныг хөтлөх энэ зам ирээдүй рүү хөтөлсөн эрдмийн зам юм.
Нэгэн үе сургуулиуд эцэг эхээс хамааралгүй сургаж байгаа сурагчдаа бүрэн хариуцдаг муу зуршил байсан. Ямар сайндаа ангийн нь нэг сурагч ариун цэврээр муу, бөөстэй байсны төлөө анги удирдсан багш нь авдаг цалингаасаа торгуулж байх билээ. Энэ л гаж тогтолцооны улмаас хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, бүрэн даатгадаг, хааяа хуралд сууж ирээд, сайн гэж магтагдсаныг нь шагнаж, муу гэж муулагдсаныг нь шийтгэх төдийгөөр сургууль эзэг эхийн холбоо хязгаарлагдаж байв.
Өдгөө цаг өөр болж байна. Таны хүүхэд бол өөр хэний ч биш зөвхөн таны л баялаг. Буруу өсвөл бухын хүзүүнээс хатуу, зөв өсвөл зөөлөн зөөлөн замбуулин болно доо.
Тиймээс та хүссэн ч эс хүссэн ч өөрийн хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө суралцаж байгаа сургуультай нь заавал хамтран ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ анги удирдсан эсвэл хичээл заадаг багшид нь бэлэг сэлт өгч талархалаа илэрхийлэх, эсвэл өөрт чинь таалагдахгүй байгаа хэр нь анги хамт олноороо хонуутаар зугаалж наргихад зардлыг нь төлөх гэдэг бол шал өөр ойлголт.
Хоногйин 24 цагийн 6-8 цагийг нь сургууль дээрээ өнгөөрдөг таны хүүхэд , юу сурч , хэрхэн өөрчлөгдөж, яаж төлөвшиж байгааг ажилгаж санаа тав;ж байх нь их чухал. Таны хүүхэд тантай хамт амьдрахаас бус анги удирдсан багштайгаа амьдрахгүй гэдгийг бүү март. Тийм болохоор хүүхдийнхээ сайн муу алив үйлдлийн төлөө багш нартай нь хамтдаа зөвлөж, гэртээ ч сургууль дээрээ ч нэг л шаардлагаар хандаж байвал таны хүүхэд зөв бие хүн болж төлөвшихийн эхлэл. Хүүхэд тань ямар авьяас чадвар, сонирхолтой, түүнийг хэрхэн хөгжүүлэх нь зохистойгсэтгэл зүрхээрээ адил хайрладаг багш та 2 хамтдаа шийдэж чадна. Ингээд бодохоор эцэг эх танд хүүхдийн тань суралцаж байгаа сургууль хамаатайгаар барахгүй, хамтын ажиллагаа бүр их хамаатай.
Таны хүүхдийн сайн ирээдүй зөвхөн таны төдийгүй монгол орны ирээдүй гэдгийг л бид мартах учиргүй.
Төгсгөл.
Монголын боловсролын салбрын шинэчлэлд зориулсан энэ удаагийн цуврал маань ийнхүү өндөрлөж байна. Энэ бол монголын боловсролын салбарт 20 жил ажиллахдаа миний мэдэрч, ойлгож бас өөрчлөхийг хүсч байсан мөрөөдөл минь юм.Энэ хугацааны сүүлийн 8 жил, дунд сургуулийн захирлын ажлыг хийж байхдаа зарим зүйлийг туршин хэрэгжүүлж, багагүй үр дүнг үзсэн. Өнгөрсөн оны 5-р сард АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо болсон "Монгол судлалын 2-р бага хурал "дээр боловсролын салбрын талаар тавьсан илтгэлийн санаа минь ч энэ.
Ярих амархан хийхэд хэцүү. Тэр тусмаа үр дүн нь удаан хугацаанд илэрдэг боловсролын салбрын шинэчлэл монгол оронд минь өнөө хүртэл бодит ажил хэрэг, санал санаачлагаар эхлээгүйгээр барахгүй, улс орон даяар улс төр уул уурхай, хээл хахууль хямралаар амьсгалцгааж энэ тухай бодох дурсахыг ч хүсэхгүй байна. Ингэж болно гэж үү? Улс оронд хүний хөгжлөөс үнэтэй баялаг бий гэж үү?
Энэ л орондоо орох завгүй хийрхэлийн тоосонд, ахуйн ядуурлаас илүүтэй оюуны ядуурал, хоосрол газар авч, өдөр хоногоор хүмүүсийн бухимдал гаарч, улам улмаар хэрцгий бүдүүлэг болж, ирээдүйдээ итгэх итгэлээ алдсаар байна. Энэ их эмх замбараагүй байдал, оюуны хоосролыг хожим бид ямархан үнээр засч залруулах бол.
Шүүмжлэх амархан, бодит байдлыг байгаагаар нь ойлгох амаргүй. Өнөөдөр монголын боловсролын салбарт хамааралгүй хэн нэгэн бий билүү. Та ч сургуулиар дамжиж өдий зэрэгтэй болсон, өдгөө ч үр хүүхэд ач зээ чинь суралцаж л буй.
Өнөөдөр монгол орон дахь шударга бус байдал, олигархижсан төр, авилга хээл хахуулийн аалзны тор мэт сүлжээ, эмх цэгцгүй, эв нэгдэлгүй, хувиа хичээсэн байдал та бидний амьдралд муугаар нөлөөлж байгаатай адил, хожим та бидний үр хүүхдүүд ийм байдалд амьдрахыг та бид хүсч байна гэж үү? Бид ирээдүй хойч үейинхэндээ юуг өвлүүлэн үлдээх гэж байна вэ? Тийм ээ! бид үүнийг хүсэхгүй байгаа.
Монголын боловсролын салбрын шинэчлэлыыг яаралтай эхлүүлэхийн үндсэн шалтгаан, үнэ цэнэ нь энэ.
Энэ цувралдаа миний бие хийж болох , өөрчилж болох боломжит санаануудыг дурдлаа. "Бүгдээрээ хэлэцвэл буруугүй" гэдэгчлэн олон олон сайхан санаа , санаачлагууд, төслүүд, дэмжлэгүүд гарч ирэн бид хамтдаа өөрчлөлтийн төлөө нэгдэн хөдлөх байх гэж найдаж байна.
Монгол орны хөгжлийн сайн сайхан ирээдүйн төлөө, боловсролын салбтын шинэчлэлийн давалгаа монгол орныг хамарч, бусармаг муу, бурангуй хоцрогдол бүхнийг хог хаягдал мэт эрэг дээр гарган хаяж, улам улмаар цэвэрших болно. Үүний тулд их шуурга нижигнэн хөдөлбөөс хөдөлтүгэй.
Монголын төр цэвэр ариун байж, монгол улс мандан хөгжиг.