Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Showing posts with label Өгүүллэг. Show all posts

Wednesday, October 29, 2008

Арван долоотой зун

Цас хуйрагнан шамаргалж, хэд хоног үе үе салхи исгэрүүлсэн бүүдгэр саарал тэнгэр хэзээ ч онгойхгүй мэт нүүгэлтэн дарж байснаа өнөө өглөөнөөс лагс зузаан үүлс дундаасаа цоорох мэт ярагдан онгойж, “юу билээ энэ чинь” гэмээр өвлийн ёлтгор шар нар хэрэндээ бас цооноглох маягтай тусна. Цаг хэдий хатуу ч өвлийн нар өвөлдөө л дулаан гэгчээр үгүй бас яахав ээ юм юм хөөрхөн бүлээцэж, сэтгэл хүртэл бага гэлтгүй уужрах шиг.

Тас хийсэн жавар тэрүүхэн хугацаанд уярч, сэтгэл дагаад тэрүү бодлын ногт жаахан тавирч, цулбуураа чирэн аюултгүй цаашлахад, он цагийн шар хуудсууд зөөлхөн, алгуурхан эргэсээр нилээд дээх нь үеийн хуудаснаа ирэн зогслоо. Өдий болтол хүний л жамаар амьдарч өөрийн гэсэн түүх нилээд зузаарсантай харьцуулбал энэ хуудас гавьтай юм биш шиг боловч, өдөржин бодол болон намайг тойрон хургаж, тархи ээрүүлчих юм чинээ санасангүй.

Бидний багад манай өвөө эмээгийнх гэж хүүхэд шуугисан, хөл толгой нь мэдэгдэхээ байчихсан юм шиг бужигнасан айл байх. Бид бүгд л хөдөө гэр гэнэ. Хүүхэд багачууд бид зуны эхэн сараас л тал талаас хөдөө гэртээ цуглана. Эцэг эхчүүд биднийг зуны дэлгэр цагаар идээ цагаан дээр гаргах, өвөө эмээ хоёр маань ч гар хөлийн үзүүрт зарах гэхдээ биднийг бөөгнөрөхөд дуртай. Гэхдээ олон ах дүүсийн олон хүүхэд нэг дор байхад идэж уухаас авхуулаад чухам ямар байсан юм бол. Энэ талаар бидэнд мэдэх, санаа зовох юм даанч байхгүй. Энд ирэх гэж бүтэн жилийн өмнөөс ярьж, мөрөөдсөөр яаран яаран ирнэ.Мэдээж том жижиг нийлсэн арав хорин хүүхэд гэрт багталцана гэж юу байхав. Гадаа морь тэрэгнийхээ арлыг босгож хажуугаар ганц нэг хашаа хайсаар дэмнэн оромж бариад, түүндээ орогнох дуртай. Харин сүүлд орос цэргүүд нэрмэл архиар сольсон гээд нэг их том ногоон бэржээнхтэй болсон. Дөрвөн шон босгон түүн дээгүүрээ хөндлөн мод хадаад, бэржээнхээ нөмөргөчихсөн нь учиргүй том асар болж хүүхдүүд бид орогнох сайхан газартай болсон юм. Бүр орох газаргүй дээ биш зүгээр л тэгж хаа нэгтэй бөөнөөрөө орогнох нь хүүхдүүдэд сайхан байдаг байлаа л даа. Миний мэдэхийн намайг арав төгстөл тэр майхнаа барьсаар байсан даа. Эхлээд гүн ногоон өнгөтэй байснаа сүүлдээ бүр цайчихаж билээ. За тэгээд энд тэндээс цугласан ахдүү нарын хүүхдүүд бид насны эрэмбэтэй. Тэр эрэмбээрээ ажил байдлын болон идэж уух нь хүртэл бичигдээгүй хуваарьтай байдагсан. Түүнээс зөрөх нь ховор. “Томчуул” бол ойлгомжтой. Адуу мал, хадлан тэжээл, хашаа саравч гээд ажил нь нилээд өргөн хүрээнд. Том хүмүүс “томчуултай” ярих хэлэх нь цаанаа өөр. “Багачуул” бид бол өөр. Хурга тугал эргүүлэх, аргал хоргол ойртуулах гэх мэт. “Дундчуул” гэж бас байна. Тэд хонь хариулж, холбож сааж байхад, “томчуул” гүү сааж, унага татаж байх , “дундчуул” үнээ ивэлгэж байхад “багачуул” бух хорьж байх жишээтэй. Бүх юм хуваарьтай байдаг байлаа. Жил ирэх тусам дараа дараагийнхаа шатанд шилжиж, “томчуул”-аас цэрэг цураг, их дээд сургууль гээд ирэхээ байдаг байлаа. Гэхдээ тэд нэг л сонин ууртай ч юм шиг дүнсгэр царайлж, тоглож хөөрөх нь багассаар байдаг байсым.

Миний хувьд мөн л хөдөө гэртээ ирэхийн их хүслэнд бусдын адил хөтлөгдсөөр зун ирдэг. Намар нь хичээл эхлэхийн урд өдөр дуртай дургүй буцдаг байлаа. Жил жилээр шат дараалан явсаар “дундчуул”-д байхдаа хонинд голдуу явна. Ном уншина. Хүүхдүүд оройныхоо сүүгээ ууж, тарагаа идчихээд, майхандаа орж радиогоор үлгэрийн цагаа сонсоно. Түүний дараагаар “томчуул”-ын хэн нэг нь Булгаа гоё ном уншсануу? Яриарай гэх. “Томчуул” биднийг тооно гэдэг бол сайхан л даа. Тэгээд л би “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” “Жонон гуйлгачин хоёр” “Робинзон Крузо” гээд л өөрийнхөө уншсан номноос чадлынхаа хэрээр ярьдагсан. Заримдаа хооронд нь холиод ч болов туучихна. Түүндээ ч өөрөө дуртай. Бас хажуугаар нь хошин юм их ярина. Хөөрхөн шооч нэгэн байж. Тэрнээсээ болж “томчуул”-ын заримийг шоолчихоод “бүр том” хүн хараагүй үед гөвүүлчих тохиолдол ч байдаг л байлаа. Тэгээд л жил ирэх тусам дээшилдэг жамаар явсаар тэр нэгэн зун хичээл ном гэсээр нилээн оройтоод иртэл би хамгийн том нь болчихсон байсан. Тэр зун арван долоо хүрч байлаа. Би өөрөө анзаараагүй хэр нь “багачуул” “дундчуул”-ын тоглоом нэг л утгагүй, дэндүү балчир санагдах болов. Гэхдээ тэднийг нэг их ширүүлээд байж болохгүй. Яагаад гэвэл жил ирэх тусам “багачуул” уйланхай, гомдомхой болж, бидний багад “томчуул” бидэнтэй харьцаж байсан шиг тогловол тэд лав даахааргүй байсан юм. Жишээ нь морьтой давхиж ирээд халгайгаар гүвдрүү болтол ороолговол тэд лав тэсэхгүй. Бидний үед тэр бол ердийн л нэг тоглоом. Эр хүн тоглоом даах талын л юм яригдаад өнгөрнө шүү дээ.

“Томчуул”-ын нэг болох, ялангуяа хамгийн том нь байх нь маш их хариуцлагатай болдог юм билээ. Өвөө эмээ хоёр маань надтай яг л том хүнтэй ярьж байгаа юм шиг л ярилцана. Морь мал, чөдөр тушаа, хашаа саравчны онгорхой цоорхой, хадлангийн гарц, хадуурын ир, сэрээний иш, гээд тэр байтугай намар идшиндээ энэ муу хөгшин үнээгээ хэрэглэдэг юмуу, ирэх өвлийг бараг барахгүй байх гэх мэтчилэн ярилцах бөгөөд түүнээ дагаад миний эрх мэдэл нэмэгдэнэ. Би дуртай цагтаа дуртай морио барьж унана. Оройд тэнгэрийн байдлыг харж дуртай зүгтээ адуугаа гилнэ. “Багачуул” “дундчуул”-д ямар морь унуулахыг зохицуулна. Хаа нэг хонь гаргахад эрүү, шийрхэнээс аль хэдийн мултарч дал дөрвөн өндөр биш юмаа гэхэд сүүж, шаант чөмөг хавьцаа очсон байсым. Гэхдээ би яагаад ч юм “багачуул”-ын эгнээнд байснаа санадаг тул доод насныхантайгаа их ойрхон байдаг байлаа.
Оройд унагаа тавихдаа бүгдэнд нь нэг нэгийг оноож эх рүү нь уралдуулах, юм юмхан хийгээд яваа хэн нэгэн “бага”-ыг бусдад нь мэдэгдэхээр магтаж толгойг нь илчих жишээтэй. Энэ үйлдэл тэр хүүхдэд бараг бүтэн зуны урам болдогийг би мэднэ. Хүүхэд гэдэг “урмын цэцэг” байдаг. Урамшуулах тусам нусаа татаад л урамшаад байдаг юм. Яагаад гэвэл би тийм “багачуул”-ын нэг байсан. Одоо өдий насандаа ч гэсэн би хаа нэгтэйгээс ямар нэгэн урам авахдаа дуртай.
За тэгээд тэр зун ирээд өөрийгөө цээжний эхэнд гараад ирсэнийг мэдэв. Миний дээд талын нэг ах цэрэгт, нэг эгч хойшоо сургуульд явчихсан байлаа. Намайг ирэхэд адуу малнаас авхуулаад бүх юм зуун задгай. Өвөө эмээ хоёр “миний хүү ямар оройтож ирээв” гээд л хошуу дэвсээд л... Би чинь том амьтан чөдөр тушаанаас авхуулаад зэл гадсаа бүртгээд л, өвөө маань өдөр судар харж байгаад л

- Уг нь нохой өдөр бол зүгээрсэн гэхдээ бар нохой хоёр ивээл жил, маргааш бар өдөр гүүгээ барьчих гэхээр нь гэрээсээ холгүй хуурайвтар, ялаа шумуул багатай гэж судгаас жаахан зайнд зэлээ шааж гүүгээ бариад л ...
Тэр зун Дамба ахынх манайтай цуг зуссан юм. Тэднийх морь уяна. Дамба ахын эхнэр Бадмаа эгч гүүгээ саана. Би унага татна. Урд нь зүгээр л байдагсан тэр жил эмэгтэй хүнийг арай өөрөөр сайхан муухайгаар нь ялгаж хардаг болчихсон байв. Унага татахдаа жаахан залхуу талдаа байсан чинь тэр жил юм л бол саамандаа гарах болоогүй юм байхдаа гэж бодогдоод байх. Гүү саах тэрүүхэн хооронд гүүн зэлэн дээр хөөрхөн хөөрхөн юм ярьж Бадмаа эгчийг инээлгэчих санаатай. Цээжнийхээ цаад гүндээ бол ангийнхаа нэг охиныг хадгалчихсан гэж байгаа. Хааяа хааяа Бадмаа эгчийн оронд нөгөө охиноо орлуулан бодно. Ер нь л элдвийг дүрслэн бодож мөрөөднө. “Хааяа бүр нөгөө охиных гэр бүлээрээ машинтай үүгээр явж байгаад машин нь эвдэрч хөдөө гэрийнхээ гадаа хэд хонуулж өөрийгөө хэн болохоо харуулахсан” гэж бодно.
Наадам дөхсөөр байлаа. Гэтэл нэг өдөр Дамба ахынх энэ жил нилээд хэдэн нас нэмж уясан тул наадамд явахад нь туслах хүн хэрэгтэй сураг гарлаа. Би ч дотроо “хэрвээ манайхаас хүн явах болвол намайг явуулах нь гарцаагүй” гэж бодно. Тэгтэл ч их сунгааны орой өнөө яриа сэдрээд явчихлаа. Дамба ах л өвөөтэй ярьж байгаад
- Булгааг авч явъя даа. Арай том нь юм. Тэгээд ч юм юманд гярхай. Угаасаа хотын наана хоноглоход тус нэмэр болох байх гэх нааштай үгс сонсогдлоо.
- Тэгдээ тэг. Хэдхэн хоног юм чинь арын ажлаа бид аялууламз гэж өвөө хэлэх нь тэр. Бага байхад баярлах юм зөндөө л байсан гэхдээ тэрэн шиг их баярлаж үзээгүй юм шиг. Наадам, түүнийг нүдээр үзэх гэдэг бол хамгийн сайхан. Гэхдээ миний дотор наадмаас наана давхар нэг бодол хургаад байгаа. Тэр нь юу вэ? гэвэл цээжинд яваа охиных зусланд гардаг. Тэр зуслан нь яг бидний явах замд байдгийг би мэднэ. Би эрх мэдлийнхээ хүрээнд Хулгар хээрийгээ барьж хоёр хоног уяж шивхрүүллээ. Хулгар хээр бол том өндөр биетэй, манай адуун дотроо л хөнгөн хөлтэй, эртэй цогтой адуу. Гэтэл Дамба ах намайг ойлгосон бололтой
- Булгаа миний дүү Хулгар хээрийг унаад яахав дээ. Хулан хулыг уна гэнэ. Дотор харанхуйлж сэтгэлээр унав. Хулан хул гэдэг нь манай тэрэгний морь. Богинохон бахим биетэй намхан адуу. Гүймэн хар алхаа, ергөө хатираа гэх юм байхгүй, өөвөгнөтөл цогихоос өөр шидгүй, оломны цагаан үс дээгүүр нь зурайсан цүндийсэн гэдэстэй, том толгойтой, шингэн сүүлтэй харахад хавар цагийн хулан шиг тул түүнийг Хулан хул гэж нэрийдсэн. Би ч морио голоод гол харлаад болох биш. Дамба ах л намайг мэдрээд байгаа бололтой маасайтал инээж
- Хол замд ганц тэрэгний морьтой явж болохгүй ээ. Юмыг яаж мэдэхэв гээд Хулан хулыг авч явах гэсэн санаа. Хөтөлгөө морьд олонтой тул өөр морь авах гэхээр бас л нэг толгойны нэмэр. Яахав чи ахыгаа бууж суух хооронд ахынхаа Сартай хонгорыг унаад наадмын талбай тойроод байж болно шүү дээ гэж намайг аргалахыг оролдоно. Би түүнд итгэсэнгүй. Тэр Сартай хонгорыг Дамба ахаас өөр хүн унаж байхыг би л лав хараагүй. Намайг л хуурч байгаа юм. Гэсэн ч багаасаа эрэмбэтэй өсөж ах зах хүний үгийг зөрж болдоггүйг мэдэхийн хувьд юм хэлж чадсангүй. Хэдийгээр би тэр зун “том” болсон ч “бүр том”-ын хажууд “бага” хэвээрээ байгаагаа мэдэрлээ.
За тэгээд хүсэн хүлээсэн өглөө болж өглөө үүрээр бид ачааллан Бадмаа эгч морь тэргээ, Дамба ах азрагаа хоёр гүүтэй нь, би арай том тул дөрвөн нас дараалуулан, морь унах хүү маань даага шүдлэнгээ хөтлөөд, хоёр унага эхийгээ даган гэлдэрч, дөрвөн нүдэт Банхар тэрэг даган шогшиж бидний бяцхан хөсөг хөдөллөө.
Хоолтын давааг давж, Дэнгийн ам өгсөөд, Хадат ухааг ороож, Хойд, Урд Баянгийн дундуур гарч салхи сөрөн хойшилсоор байлаа. Би гэж нэг их том амьтан эмээл дээрээ хөндлөн сууж, хөтөлж явсан дөрвөн морьдоо хартал, морьд бие биенээсээ толгой толгой зайтай цувралдан нэгэн хэмийн алхаанд жигдэрч, хаа нэг тургилан суулээ шарван товор товорхийнэ. Би ч өөрийнхөө морийг жаахан голсхийхээс бусдаар бол ёстой л эрийн хийморь сэргэнэ гээч нь л болж яваа. Санаагаар болдог бол дөрвөн морио хөтлөн, дөрөөн дээрээ босож хормойгоо дарцаглуулан дэрийтэл давхисаар тэдний зуслан дээр давхиж очоод л ... Тээр тэнд сагсны шийдэн дээр тоглож байсан хүүхдүүд тоглоомоо түр орхин намайг хараад л ... хэмээн мөрөөднө. Даана ч тэгж ширүүн явж болохгүй.
Манай хөсөг Хонхор сууринг дайран Баянзүрх, Туулын сав газар луу орж ирлээ. Бидний баруун талд Богд уул сунайн хэвтэнэ. Бид явсаар Хүрэл тогоотыг өнгөрч, Хүрхрээтийн амруу ортол хотын зуслангийн айлуудын эхэн харагдаж эхэллээ. Бид Хүрхрээтийн амыг өнгөрч Зуун мод хэмээх хэсэгхэн модтой амны доод руу ирж морьдынхоо амыг татлаа. Нар ч хэн нэгний шүлгэнд байдаг шиг цавьдар өнгөөр туяаран баруунаа ташина. Бид явсаар Яармагийн дэнж орж болох байсан авч, Дамба ах

- Олон хөлийн газар яаран очоод яахав эндээ хоноод өглөө эртлэн орно гэлээ. Бидний буусан газраас цаашлаад Зүүн богинын амыг өнгөрөхөд л Залаатын ам гарч ирэх ёстой. Тэнд л тэдний зуслан байдаг. Өнгөрсөн хавраас эхлэн тэр охин миний харааг татаж, хааяа нэг цаг дээр цуг суух зэргээр аль болох түүнд ойрхон явах болсон юм. Тэгээд энэ тэрхэнийг ярьсаар тэднийхийг энэ зусланд гардагийг мэдэж авсан гэж байгаа. Майханаа босгоод морьдоо янзлаж аргамжих нэгиийг нь аргамжихад миний хөдөлгөөн мөн чиг хурдан байлаа. Бүх юмаа дуусгаад Дамба ахаас гуйлаадаа
- Энүүхэнд манай ангийн хүүхдийнх гардаг юм. Би нэг уулзаад ирье гээд л ...
- За чи болох бүтэхгүй юманд орооцолдов гэсээр хоцорлоо. Бодвол эрэгтэй хүүхэд гэж бодсон байх. Би Сартай хонгорыг нь гуйх гэснээ арай л зүрх хүрсэнгүй. Хулан хулыгаа голон голон явлаа. Явах замдаа яг очихдоо яасхийж очихоо төсөөлөн бодно. Ийм морьтой ямар ч байгаад нэмэргүй мэт. “Хулан хул байхдаа яахав дээ. Цүндгэр хул, Идэмхий хул гэж өөрийнхөө дургүй бүхнээр нэрлэж эцэст нь Мэлхий хул гэвэл таарна” гэж дотроо жаахан онгойлгов. Хул морь даанч мэдэж байгаа шинж алга. Яарсандаа хул морио байдгаар нь ороолгож цогиулсаар Залаатын аманд ирлээ. Тэр олон нэгэн хэвийн байшингуудын алийг нь мэдэхгүй тул жаал өгсөж байгаад өөрийн үеийн болов уу гэмээр нэгэн охиноос очиж асуулаа. Тэгтэл намайг дагуулан явсаар нэг байшингийн гадна ирж орсноо тун удалгүй гараад ирэв. Араас нь өнөөх охин маань гараад ирлээ. Миний зүрх дэлсээд болох биш. Хий дэмий л эмээл дээрээ янз янзаар сууж үзэв. Би ч бодвол морь мал, ташуур, дээл бүс болсон амьтан байсан байлгүй. Өнөөх маань гарч ирээд нэг хэсэг харж байснаа
- Хүүеээ чи юү гээд л ... Би ч ярс гээд л инээгээд л ... Царай маань хар хүрэн болчихсон болохоор шүд гэж хашин цагаан л харагдсан байхдаа. Нөгөө дуудсан охин удсан ч үгүй явлаа. Тэр охинтой би амьдралдаа хоёр л удаа дахиж таарсан. Тэгэхдээ яагаад ч юм харанхуйд жижигхэн бамбар барин замыг минь гэрэлтүүлж өгсөн ачтан шиг санан сэтгэлдээ түүнийг хүндэлдэг байж билээ.
Бид хоёр ч нилээн байцгаасны эцэст тайвширч баахан ярилцав. Бодвол аян замын хөлс шороогоо мартчихсан тууж явсан юм байгаа биз надад гар нүүрээ угаахад ус хийж өгөөд л ...хачиан хачин.
Охиндоо морио унуулаад л ... Хоёул сундалж тэр хавийн уулаар баахан зугаалав. Энэ бүхэнд ямар ч хүчин чармайлт шаардахгүйгээр түүндээ би хүрч, шүргэж байлаа. Ийм аз жаргал гэж байхуу даа. Тэгэхэд харин Хулан хултайгаа очсондоо баярлаж билээ. Хөөрхий минь буруу зөвгүй номхон. Сүүлд нь бодохноо хотын охин ямар морины сайхан муухайг ялгах бишдээ. Хулгар хээртэйгээ ирсэн бол юун хүүхэд унуулахтай манатай. Надад хоол унд өгөөд л... Надад бол ер өлсөж цангасан юм байгаагүй юм. Зөвхөн түүнтэй хамт байгаа нь л хэмжээлшгүй сайхан байлаа. Удалгүй одод түгж, сар гараад, чөдөртэй морь ойрхон өвс шир шир хазлаад л ... Бид хоёр чухам юу ярьсийм бүү мэд яриад л ... яриад л ...
Би ч голдуу л ном голдуу л яриа боловуу. Бас хажуугаар нь хошигнож маазрахаа мартаагүй. Хэдийгээр харанхуй ч гэсэн тэр яагаад ч юм гүйгээд орчихоогүй. Харин ч бүр харуй бүрийд намайг урд байгаагүйгээр анхааран харж, бас ч үгүй намайг нилээн тоож байгааг би мэдэрч байлаа. Үүнийг нь далимдуулж хааяа нэг халуун гарыг нь атгаж чадсан шүү би. Зуны шөнө богинохныг хэлэхүү төдхөн тэнгэрийн хаяанаа гэгээ татах янз ороход сая гэнэтхэн ухаан орцгоож “би орохгүй бол болохгүй, би ч явахгүй бол болохгүй” болцгоов.
Морио эмээллээ. Яг явах болоход яагаад ч юм, юунд ч юм сатааран түр зогслоо. Нэг мэдэхэд би түүний хоёр гарыг атгачихсан байсан. Тэгээд би нэгэн номноос санаа авч, нэг одруу харж

- Бид хоёрыг хараад байна гээд түүнийгээ дээшээ харахад нь ухасхийгээд үнсчихэж билээ. Тэгээд л мэдэхгүй ээ. Нэг л тийм цочсон, айсан, уурссан нүд зэрвэсхэн үзэгдээд л, нэг л мэдэхэд мориндоо мордчихсон газрын уруу нилээн ширүүн бууж явсансан. Яах аргагүй л хүүхэд байж дээ.
Явсаар майхныхаа гадаа ирж, морьдоо эрт уях ёстой байсан тул бүгдийг нь барьж уячихаад л тэргэн доогуур ороод унтчихсан. Дамба ахын дуудсанаар сэртэл нар ч хөөрөх янзтай. Бид хөдөлсөөр Залаатын зуслангийн айлуудын доогуур туул голын хөвөөгөөр Яармагийн зүг явлаа. Тэдний доогуур явж байхдаа түүнийг намайг харж зогсох болов уу гэж урд шөнийн сууж байсан жижигхэн хадруу харц гүйгээд болдоггүй.
Бага зэрэг зузаавтар зөөлхөн бүлээхэн уруул, үргэсэн зээрийнх шиг дэрхийсэн хоёр нүд үе үе харагдаад байх. Өөрт хичнээн сайхан байвч, “гомдоогоод уурлуулчихсан боловуу” гэсэн бодол давхар бодогдоод санааг маань зовоосоор ...
Тэр жилийн наадам хэрхэн яаж өнгөрсөн, хэн түрүүлж, хэний морь магнайлсаныг би мэдээгүй. Тэр байтугай Дамба ахын морьд хэдээр давхисныг ч анзаарсангүй. Гагцхүү тэр охин, түүний уруул л санаанаас гараагүй. Ном зохиолд хүний уруул гашуун байдаг тухай бичсэн байдаг ч би мэдээгүй. Буцах замдаа ёстой дөрвөн морио хөтлөөд давхиад очих боломж байсан ч би чадаагүй ...
Наадмаас хойш хөдөө гэрийн маань амьдрал нэг л хачин санагдаж эхэллээ. Би болж өгвөл ганцаараа л баймаар байдаг байлаа. Даан ч тийм цаг ховор. Гүүнд гарах, унага татах сонирхол төрдөггүй. Хувингаа сугавчлан урд алхах Бадмаа эгч надад одоо зүгээр л айлын ээж харагдах болов. Харин ч бүр хааяа хааяа дуугай дүмбэгэр болсныг эрээ цээргүй асуугаад ч байх шиг. Эв нь таарвал “дундчуул”-ын ажлыг булааж хонинд явмаар. Айраг хүртэл амтгүй. Ашгүй хадлангийн цаг эхэлж би тэнд л өдөржин ганцаар байдаг байлаа. Тэгж байхдаа “томчуул” сүүлрүүгээ нэг л их хачин болчихдогийг бүүр түүрхэн ойлгох шиг.
Энэ бүх хугацаанд тэр охины яриа дуу хоолой, бяцхан халуун гар, үл ялиг зуларсан зөөлөн уруул, цочиж дэргэсэн хоёр нүд санаанаас үл гарна. Жилийн жилд сургууль эхлэх өдөр ойртох тусам дотор харанхуйлж, хөдөө гэртээ хоргодон байдагсан. Харин тэр жилийн зун намар даан ч нэг удаан өнгөрсийм даа...
Одоо тэр уруулыг хорин тав дахь жилдээ үнсэж байгаа ч би тэр уруулнаас уйдаагүй. Улам бүр хайрласаар байгаа.
Гэхдээ арван долоотой зуных шиг тэр уруулыг дахиж би мэдрээгүй ....

Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана” номноос

Monday, August 11, 2008

Борцтой шөл

Наймдугаар сарын аагим халуун өдөр байлаа. Дорнодын нүд алдам талыг зүссэн дардан зам улайстлаа халсан мэт. Замын хажуугаар ургасан сахлаг ногоон тэр уудам талыг хамба хилэнгээр битүү хучсан мэт халиуран харагдаж байв. Атар онгон нутгийн ногооны анхилам үнэр юутай тансаг вэ. Каграманов тэрэгнийхээ салхивч шилийг нээн, бүхээгнийхээ ирмэг дээр тохойлдоод, жолоогоо чанга барин хацар илэх зөөлөн салхи сөрж, хаазаа гишгэн «шидэж» байлаа.

Тэрээр монгол нутагт очсон дороо Хэрлэнгийн түр зогсоолоос Халх голд хүргэх галт хэрэгсэл ачаад, ачааны хэдэн тэрэгний дунд цуваагаар явж байгаа нь энэ ажээ. ~Ачаа саатуулж болохгүй. Тэнд байлдаж яваа цэргүүд сумаар дутаж магадгүй. Замдаа аюулаас болгоомжилж яв. Дайсны онгоцны дайралттай тохиолдвол тэрэгнүүд салж таран, цаашлах замдаа цуваандаа нийлэх хэрэгтэй гэсэн тушаал авснаа тэрээр санаж явлаа. Хүчээ авсан ЗИС тэрэгний моторын хүнгэнэх дуун жолооч цэргийн давхих урмыг сэргээх нь бас зугаатай ажээ.
Каграманов хажуудаа суулгасан хүнгүй, урдаа яваа тэрэгний тоос шорооноос зайлсхийн зайгаа алсхан аваад жигдхэн хурдалж байв. Холын замд ийнхүү ганцаараа яваа хүний сэтгэлд бодогдох юм юутай олон байх вэ. Тэрээр цэрэгт татагдан мордохоос хэдхэн сарын өмнө хайр сэтгэлээ илэрхийлсэн захидлаар харилцан, амьдралаа нэгтгэхээр тохиролцсон хонгор бүсгүйгээ юу юунаас түрүүн санаж:
~Чи минь нээлттэй цонхоороо миний явсан зүгийг ширтээд зогсож байгаа болов уу. Эндээс зургаан цагийн зөрөөтэй болохоор манай тэнд ч оройн сэрүүн ороод, охид хөвгүүд нимгэн хөнгөн хувцсаа дэрвүүлэн цэцэрлэг дунд зугаацан яваа бий. Тэд хөгжилтэй байгаа даа хэмээн ганцаараа шивэгнэн ярьж, алтан шаргал үстэй, цэнхэр нүдэн бүсгүй юугаа мөрөөдөн санаж явлаа. Бас хар, хор ч бодогдолгүй яахав. Тэдний цэцэрлэгийн хашаа руу тэрэгчний хүү Сергей очих дуртай байсан даа» гэх шиг юм санаанд нь үе үе харван орж ирж байлаа.
Каграмонов нээлттэй салхивчаараа цээжээ гарган дуу аялж, исгэрэн явав. Нар баруунаа гудайн тэрэгний сүүдэр үлэмж томорч ирэв. Тал нутгийн захад хүрэх ягаа ч үгүй мэт, тэнгэрийн хаяа тэртээ алсад цэлийн харагдана. Цувааны даргын шийдвэрээр бүх тэрэг ногоон тал дээр бөөгнөрөн зогсож амраад, шатахуунаа сэлбэн саваа дүүргэж аваад хөдлөв. Харамсалтай нь гал тогооны хэрэгсэлгүйд хавчигдан энд бөөнөөрөө байж хооллох боломж гарсангүй.
За нөхөд минь бид саадгүй давхиад байвал өглөөний нартай уралдаад анги дээрээ хүрч очно. Тэнд сайхан амттай хоол бий. Битгий хоцроорой. Тэрэг шөнө саатвал гэрлээ гурав дахин асааж, унтраан дохио өгөх хэрэгтэй. За бушуу хөдлөе гэж цувааны дарга хэлээд машиндаа суулаа. Анаа л хязгааргүй цэлийх ногоон тал дундуур хүнгэнэн давхиж эхэллээ.
Нар тэртээ тэнгэрийн баруун хаяанд дөхөж очсон харагдав. Тэрэг саадгүй хүнгэнсээр урагш зогсолтгүй довтолгож байлаа. Гэнэт урд яваа тэрэгний жолооч улаан дарцаг өргөн хойш дамжуулж түгшүүр зарлаад «бушуу таралт хий» гэсэн дохио өглөө. Каграманов яаран бас дарцаг өргөж уг дохиог хойш нь дамжуулангаа байдлыг ажиглавал зүүн урдаас дайсны гурван онгоц агаар зүсэн гарч ирж үзэгдсэн дороо юу юун тухандгүй дээр нь тулаад орж ирэв. Цэрэг жолооч хамаг хүчээр жолоогоо баруун гар руугаа залаад замаа орхиж дайсны онгоцыг сөрөн хурдаллаа. Олныг бодох зав чөлөө түүнд байсангүй. Урд нь явсан тэрэгний тус газар бөмбөг дэлбэрч сонсогдов. Хаа юу ч болж, цувааны хэдэн тэрэгнээс аль нь дайсны бөмбөгөнд өртөн сүйрч байгааг Каграманов ажиж мэдэх сөхөөгүй л зам буруулан давхисаар байв. Агаарт ноёлж байгаа Японы дугуй наран тэмдэгтэй онгоцны нэг нь түүнийг дагаж хөөн, урд нь түрүүлж гараа замд нь бөмбөг хаяж байгааг тэрээр харсан дороо бас жолоогоо эргүүлэн залж зайлсхийн довтолголоо. Дэлбэрсэн бөмбөгийн хар утаа тэрэгний хажуу хоншоор дор харанхуйлан манарч, жигтэй их нүргэлсэн дуу чихийг нь дүлийртүүлэв. Барьж яваа тэрэг нь хааз гишгэсэн хүчээр хурдалж байгааг тэрээр мэдэрч байлаа. Онгоц хойно, урд нь гарч ярдаг хэдгэнэ адил ээрэн дагаад дээрээс нь буудаж эхлэв бололтой байн байн тас няс хийн сум исгэрэх нь бас сонсогдов. Каграманов жолоогоо баруун, зүүн гар руугаа огцом эргүүлэн дарж зам муруйлган дайсны сумнаас зайлж давхив. Онгоц дээгүүр нь ээрч ёрын муухай дуугаран дагаж буудсаар билээ.
Цэрэг жолоочид «Би үхэх байгаа. Яадаг билээ?» гэж бодох завгүй, тал тал тийшээ займчин сэлж давхихдаа «Дээр ачаатай яваа сум, гранат дэлбэрвэл галын шугаман дээр байгаа өөрийн цэрэгт аваачиж өгөх юмгүй болно. Яаж ийж байгаад ачаагаа дэлбэлүүлж орхихгүй юмсан» гэдэг ганц бодол хамаг оюун санааг нь юутай ч хуваалцалгүйгээр эзэгнэсэн байлаа. Онгоц ээрэн дагаж буудсаар, бүр хажуу хавирганд нь шороо манасхийлгэн тас няс буулгасаар билээ. Каграманов хаашаа яаж өөрөө явж байгаа, нөхөд нь юу болж байгааг ажиж мэдэх сэхээ авч чадахгүй, мурилзуулан эргэж, ташиж сэлэн давхисаар явав. Yлэмж хол зайд дайсны сумнаас бултан давхижээ тэр. Замд ганга жалга, эрэг гуу тохиолдохгүй, засаж тэгшилсэн мэт тал хөндийд давхиж байгаа нь түүнийг сүйрлээс аварч байсан нь мэдээж.
Каграманов онгоцны дуу намжихаар сэхээ аваад байдлыг ажвал нэгэнт үдэш болж орчинд бараан сүүдэр сүүмийн тулж ирээд алсын бараа тасарсан байлаа. Тэрээр тэрэгнийхээ хурдыг жаахан хасан огторгуйг шинжвэл японы ногоон саарал онгоц тэнгэрт хар цэг адил төдий бараатай болж гонгинон улисаар өөрөөс нь салж цааш агаарын уудамд алга болж замхарлаа.
Жолооч хүү сая цээж дүүрэн амьсгалаад тормос гишгэн тэргээ зогсоон дороо яаран бууж ачаагаа тойрч гүйн ажив. Хаягдан гээгдсэн зүйлгүй, харин татлага нь нэлээн суларч, зарим хайрцагтай юмны булан задарч сум сул асгарсан байлаа. Тэрэгний нь өрөөсөн шаврын хаалт цоо буудуулан, гэрлийн нэг том шил хагарчээ. Нам гүн чимээгүйн дотор тэр бүхнээ янзалж засах ажилд Каграманов ороод биеэ ажвал хамаг хувцас нь хөлсөндөө нэвтрэн зүсэр бороонд цохиулсан адил болжээ. Тэрээр татлагаа чангалаад тамхи асаан гүн сорж сэтгэлээ жаахан амраагаад сэхээ авч хөдлөх болов. Сандран давхисандаа болоод зүгээ алдаж, хаашаа чиглэн явахаа төсөөлж мэдэх аргагүй болжээ. Тэрэгнийхээ тоолборыг харвал өдөр амарч зогссоноосоо хойш нэг зуу гаруй км явсан байна.
Шөнийн нэвсгэр харанхуй нөмрөн орж ирээд алсын бараа харагдахаар бүр байлаа. Нөхдөө хаа явааг мэдэх баримжаа алга. Гэрэл асааж дохио өгье гэхэд дайсанд ойр очсон бол аюулд орох болно. Тэнгэрийн одыг хараад тэрээр баруун, зүүнээ олж мэдлээ. Гэлээ ч чухам хаашаа явж замаа олохыг мэдэх баримжаа даанч алга.
Каграманов уулархаг нутагт төрж өссөн болохоороо мэлийсэн талд орж ирээд баахан давхиж орхисон, бас шөнийн харанхуйг хэлэх үү, урьд нь огт явж үзээгүй нутагт хаашаа явна гэх вэ. Шийдэж хөдлөхөд тун ч хэцүү боллоо. Тэрээр тэрэгнийхээ хажууд зогсоод дэмий тал тал тийшээ харж гайхан баахан ажлаа. Зүг бүхнээс аюумшигт харанхуйд хучигдсан хавтгай тал нутаг сүүмийж харагдахаас өөр торойх юм даанч алгаа. Шумуул хөгжимдөхөөс өөр ямар ч чимээ анир сонсогдохгүй байв. Гайхахдаа тэрээр тэрэгнийхээ гэрлийг гурав асаан унтрааж, дүүрсэн хэрэг гэсэн шиг хий хашгирснаа:
~ Энэ ч болдоггүй хэрэг дээ. Нөгөө самуурай нь гэнэт нөмрөөд орж ирвэл би ганцаараа явж ч чадахгүй, сайндаа хоёр гурван япон сүлбэж алаад л баригдах хэрэг болох байгаа. Тийм дээр хүрвэл ч үзэлцэх л болно доо гэж Каграманов ганцаараа ярьж тэрэгний бүхээгт байгаа винтовоо авч сумлан, дайнд бэлэн болгоод хажуудаа тавьсан дороо, машинаа асаагаад барагцаалан бодож байгаа зүг рүүгээ хөдөлөө. Нүдэнд торох юм даанч алгаа.
Ямар их уудам хачин нутаг вэ, энэ. Энд хот суурин тарианы газар огт алга. Хамаг хүн амьтан нь дайн дажны хөлөөс зугтаагаад нүүж орхисон юмуу? Тэгсэн бол хоосон ч гэсэн орон байр, буурь суурь нь баймаар юм даа хэмээн тэрээр бас ганцаараа ярьж явав. Тэрээр нэлээн зайтай газар ганцаараа давхижээ. Сахлаг ногоо ургасан тун ч өөгүй тэгш газар урд нь харагдан дээгүүр нь цардмал замаар бөмбөрч байгаа адил дүнгэнүүлсээр байлаа. Каграманов ногоогоор битүү хучигдсан тэр газрын хөрсөн дээр юу байгааг нарийн ажиж явах боломжгүй байв. Тэрэгнийхээ хурдыг жаал нэмэн, хотоос маягийн хонхордуу газраар давхиж явтал гэнэт тэрэгний нь дугуйг хүчтэй чангаан ус шал палхийн дуугарч, урдах шилэн дээр нь шавар үсэрчээ. Мань эр тоормосоо гишгэсэн ч үгүй урагшаа жаахан дөхтөл тэрэг нь шаварт шигдэн суулаа. Эргэн гарах санаатай хэд холхиултал дугуй дороо хий эргэн ус шавар цацалж пижигнэн тэрэгний гол далд ортол шигдэх нь тэрээ. Яах ч арга алга. Каграманов тэрэгнээсээ буун харайгаад өвдгөөр хатсан шалбааг дунд үсрэн буунгуутаа сая сахлаг ногоогоор хучигдсан намагт орж шигдсэнээ мэдэв. Тэрээр баахан ноцолдсоноо тэрэгний дугуй дор хийх мод, чулуу эрж нааш цаашаа гүйлээ. Нүдэнд торж, гарт нь баригдах юм огт дайралдсангүй.
Адаглаад хад чулуу нь хүртэл дайжаад алга болдоггүй баймаар гэж жолооч гасалснаа эргэж тэргээ тойрон ажихад ганц хүн яаж ч ноцолдоод түүнийг шавраас гаргах нөхцөл алгаа. ~ За байз яах вэ? Өглөөний нарнаас өмнө намагнаас гарахгүй бол нөгөө японы онгоц ирж салам бөмбөгдөөд хавтгайлж орхих байгаа. Тэгээд би яах вэ? гэж тэрээр өөрөөсөө асуувал дотор нь хий цухалдан, аймшигтай олон юм бодогдож эхэллээ. Хоргодож гарсан сарны сүүн цагаан гэгээ сая ертөнцийг гийгүүлж, ойрын юмны бараа харагдахтай болов. Гэвч нүдэнд нь торойх хүн амьтан, мал юмны бараа даанч алга. Каграманов өвдөг тулсан шавар дундуур таваргаж тэргэндээ ороод винтов буугаа, дайзтай сумтайгаа хамт аваад:
~ Зүгээр зогсоод ч яахав дээ, юм эрье гэж амандаа гүвнэн шалбааг усны эх өөд сөрөх маягаар баруун гараа бариад алхаллаа. Чимээ аниргүй, нүдэнд торойх ч юмгүй хэвээр. Эргээд харахад тэрэгний нь бараа харагдахаа байлаа. Зэгсэн хол явжээ. Урд нь ухаа толгой маягийн газар дайралдав. Түүн өөд авирсаар яваад дээр нь гарав бололтой. Түр саатаж тамхи асаан ~ Хайчдаг юм билээ? Эргээд явбал тэргээ олохоо больдог хэрэг арай болохгүй байгаа? гэсэн юм бодогдож байв. Каграманов гайхаш барагдахдаа өндөр дуугаар хэд хашгираад хариу чимээ чагнав. Тэртээ баруун гарт нь нохой хуцах шиг боллоо.
Байз, санаа дагав уу? Yнэхээр нохой хуцав уу? гэж тэрээр ганцаараа яриад нөгөө чимээ гарсан зүг өөд яаран алхаллаа. Нэг готос гатлан бас нэг гүвээн дээр гараад мань эр дахин хоёр хашгирч чимээ өглөө. Yнэхээр нохой хуцаж хариу сонсогдов. Тэр зүг рүү яаран алхах замдаа «За байз? Би юун дээр яваад очиж орхих гэж байгаа бол? Дайсан энд арай ч байхгүй байхаа. Дарга маань өдөр ярихдаа нэг зуун наяад км яваад фронтын шугамд ойртож очно гэж байв. Түүнээс хойш би зуун км-ээс илүү хол яваагүй» хэмээн жолооч эр бодон ямар ч болсон цэргийн хүн бэлэн байх ёстойг санаж буугаа сумлаж бариуд урагшаа зоримгоор алхлаа. Нохой хуцах чимээ ч ойртон цаана нь мэдэхгүй хэлээр хүн ярилцаж сонсогдов.
За нэг учир ургалаа. Япон л лав биш байх. Дайсан байгаа бол ингэж ярьж байхынхаа оронд намайг бүсэлж аваад барих гэж оролдох ёстой гэж тэрээр амандаа ярисаар дөхөж очвол урдаас нь гурван нохой боорлон харваж орж ирлээ. Араас нь монгол хүн нохойгоо дуудан хорихоор бас угтав. Сарны цагаан гэрэлд тэд бие биеэ харж хэн болохоо танилцав бололтой. Каграманов шавар шавхайтай хутгалдаад хүн аймаар хачин юм болсон байлаа. Гэвч угтаж учирсан монгол хүн түүнээс айж сэжиглэсэн янзгүй байв. Тэрээр монгол улсын хилийг анх давж орж ирэхдээ нөхдөөрөө заалгасан «Сайн байна уу?, Улаан цэрэг» гэдэг хоёрхон үг монголоор хэлж мэдэх билээ. Гэлээ ч гэсэн нэгэнт хань ижлээ таньсан хойно яагаад ч ярьж болно гэж мань эр бодож байв.
- Сайн байна уу? я /би/ улаан цэрэг
- Өө, СССР гэж Каграманов анхны уулзсан монгол хүнтэйгээ ярилцаж учрав. Дээл өмссөн өвгөжөөр насны монгол эр цэрэг жолоочийг эелдэглэн угтаад гэртээ орууллаа. Энд гурван гэр айл маргааш нүүхээр юмаа бэлтгэн цөөвтөр үхэр, хонио хотондоо хураасан байжээ. Мэдээжийн тэд дайны хөл үймээнээс зайлан ар тийшээ нүүж яваа нь илт. Бас сэргэмжтэй, шөнө орой болсон ч гэсэн унтаагүй байжээ. Каграманов гэрт оронгуутаа бас л:
- Сайн байна уу? Я улаан цэрэг гэж бөхийн мэндлээд яаран шанага авч хувинтай уснаас хутгаад уух гэтэл гэрийн эзэгтэй авгай ухасхийн шанагыг шүүрэн авч:
- Хар усаар яах нь вэ? муу ёс гэж хэлээд монголчууд хоорондоо хэдэн үг ярилцсанаа галлаж цай чанаж эхэллээ. Тэдний юу ярьж байгааг улаан цэрэг юугаа мэдэх билээ. Гэхдээ «Надад эд нар муу санаалж байгаагүй нь лавтай» хэмээн бодож байв. Хот айлынхаа энэ гэрт бөөгнөрөн Каграмановыг сонирхож хоорондоо ярилцан:
- Энэ ганцаараа яаж яваа хүн юм бол? Нөхдөөсөө төөрсөн юм уу? Оргодол л лав бишээ янз нь. Манайхаар хааяа ирдэг СССР цэргийн ижил л байна.
- Ам нь л их анаж цангасан бололтой. Гутал хувцас нь шавар шавхай болсныг харахад их яарч, намайг шалбааг дундуур хамаагүй гүйсэн эр юм.
- Хөөрхий дээ, аль газрын хүний үр ингэж манийгаа өмгөөлөн аврах гэж шавар шавхайтай хутгалдан харанхуй шөнөөр ганцаараа гүйж яваа бол хэмээн орж ирсэн эмгэд хөгшдийн ярьж байгааг Каграманов огт ойлгохгүй, хэсэг зуур ангайж амьтны ам харж сууснаа машин шаварт суусан, япон бөмбөгдөж хөөсөн гэдгээ монголчуудад ойлгуулах гэж амаараа дүнгэнэн онгоц, машин болж гараараа элдэвлэн заагаад дохиогоор ярьж эхэллээ. Хүмүүс түүнийг гайхан харж янз янзаар тааварлаж ярьж эхлэв. Цай боллоо. Өрөм хөвүүлсэн сайхан шар цай том мөнгөн аяганд хийгээд зочиндоо барив.
- Юутай сайхан амттай вэ? гэр дэх хүмүүс улаан цэргийн яриаг ойлгож ядан:
- Машины жолооч хүн гэж энэ тань өөрийгөө заагаад байна. Тэрэг нь эвдэрсэн юм уу, шавар усанд сууж орхисноос зайлахгүй гэсэн яриа гэрт болж байлаа.
Каграманов цай ууж тэнхээ ороод, гэрийн эзнийг надтай хамт явж тэргээ гаргалцаж өгөөч гэж гуйгаад, винтов буугаа авч явахыг заавал эзэгтэй суу гэж ярьж саатуулан, удаж төдөлгүй аяга овоолон будаатай халуун шөл хийж өглөө. Ямар сайхан амттай яасан сонин үнэртэй хоол вэ. Улаан цэрэг маань өнгөрсөн шөнөөс хойш хоол идээгүй болохоор тэр борцтой шөл орчлон дээр нэн ховор тохиолдох хамгийн сайхан амттай зоог байлаа.
Яасан сайхан хоол вэ, энэ юуны мах вэ? гэж улаан цэргийг асуухад ойлгож хариу өгөх хүн алга. Гэрийн эзэн сайн гэж л толгой дохин эрхий хуруугаа гозойлгоно. Тэр борцтой шөлийг Каграманов ууж, будаа идээд хамаг бие нь тавигдан амарч, усанд орсон адил хөлсөндөө нэвтрэн цээжээ яран сэвэхдээ «Энэ яасан сонин хоол вэ? хуурай махаар ийм лут амттай чанарлаг хоол хийдэг газар монголоос өөр орон байдаггүй байхаа. Яаж энэ сайхан хоолыг ийм хурдан хийж чаддаг юм бол? » хэмээн гайхшран боджээ.
Улаан цэрэг гэрийн эзэгтэйд хандаж баярласнаа илэрхийлэн мэхийн ёслоод, явахыг яаран гэрээс гарангуут айлын гадаа байгаа үхэр рүү зааж хоёр хуруугаа гозойлгоод, дээс авч цээжиндээ углан, чирч урагшаа зүтгэх байдал үзүүлж, амаараа тэрэг болж дуугарав. Хүмүүс гайхан:
- Юу гээд байгаа юм бол? гэж хоорондоо баахан ярилцаж байснаа улаан цэргийн дохионы үгийг сая ойлгон:
- Та минь. Наад хүү тань машин тэргээ тэртээх Бөөрөлжүүтийн шаварт суулгаж орхиод үхрээр татаж өгөөч гээд байх шиг байна
- За, за ойлголоо. Нээрээ тийм байна шүү. Цэргийн хэрэгсэл ачсан тэрэг байх даа. Хоёр шараар татвал дийлдэг болов уу? эрэгтэйчүүд хамт явахаас биш горьгүй гэсэн яриа хот айлын хүмүүсийн дотор болоход Каграманов тэр бүх нарийн явдлыг ойлгоогүй боловч «Эд надад туслахаар шийдэв бололтой» хэмээн таамаглаад үлэмж баясан:
- Да, да, Хорошо, гэж хариу өгүүлэн, баясгалантайгаар инээв.
Чигээ олсон нь
Yүрийн гэгээнээр үхэр хөтөлж олс татлага, шилэвч, буулгавч барьсан хэдэн хүн шаварт налчийтлаа суусан, дүүрэн ачаатай тэргэн дээр ирлээ.
- Тэгнээ тэр. Лав ингэж ядарсан амьтан аргаа бараад явж байгаа хэрэг байн
- Энэ нөхөр ганцаараа яах гэж үүгээр давхиа юм бол
- Газар мэдэхгүй төөрөө байлгүй дээ
- Энэ ачаатай, ногоон модон хайрцагтай юм нь юу байгаа бол? Дайнд хэрэглэх л зүйл бизээ.
- Тэр хараач, хараач. Ханзарсан хайрцагны булангаар бууны сум гоожсон байна.
- Аргагүй чухаг зүйл авч яваа эр юмаа. За бушуулж л үзье
- Муусайн япон цэргийн толгой руу буулгах полиосон мөндөр авч яваа нөхөр байна шүү, энэ тань
- Энэ муу галзуурсан дээрэмчин самуурай нарын ховдог хомхой хоншоорыг тас цохин, нарим буулгаад өгөх цаг одоо холгүй болоо бий. Энэ дайчин ах нар хүрээд ирчихсэн болохоор «Их наран улсын» цэрэг оодроод юу шалив гэж дээ гэсэн яриа монголчуудын дунд болж байв.
Каграманов хүрз барин шавар ухаж, монголчууд чулуу хормойлон гүйж тэргээ дээш гаргах ажилд оржээ. Манан бүрхсэн тэнгэрийн хаяанаас өглөөний том улаан нар урган гарч ирэх нь тал нутагт ойрхон харагддаг учир яг дэргэдээс нь гараад ирэх шиг Каграмановт санагдан гоц сонин байлаа.
- Танай нутаг нартай айл байдаг юмаа? гэж тэрээр хошигноод тэргэндээ орж суугаад асаалаа.
- Хөж, гэж монголчууд хашгиран, тэрэг татахаар хөллөсөн үхрээ гуядав. Ачаатай машин хамаг нийлсэн хүчинд татагдан сэвсхийн намгаас гарч ирээд дүнгэнэтэл ассаар байлаа. Цэрэг жолооч баярласандаа тэрэгнээсээ буун харайж ирээд дэргэдээ байгаа монгол нөхдөө тэврэн авч талархал илэрхийлэн:
- Одоо би хаашаа явбал замд нийлэх бэ? гэж гараараа умард, өмнөд, дорныг заан асуув. Монголчууд түүний асуусан зүйлийг ойлгож ядан гайхшрахад Каграманов толгойгоо хуруугаараа зааж гараа дугуйлан хий эргүүлэнгээ:
- Наад хүн чинь төөрсөн юм байна. Замаа асуугаад байгаа бололтой гэж хэдэн монгол эр хоорондоо ярьж байснаа нэг өвгөжөөр насны эр нь эелдэгхэн инээгээд:
- Би тантай хамт явж замчлахгүй бол улаан цэрэг их хол байгаа. Та намайг дараа нь гэрт хүргэж өгнө шүү гэж хоёр биеэ зааж дохиогоор ярилаа. Каграманов «Би хамт явж зам зааж өгье» гэдэг үгийг таамаглан ойлгож:
- Очень хорошо гэж хэлээд хоёул бүхээгтээ орж суухдаа үлдсэн хүмүүст талархал илэрхийлээд зүүн зүгийг барин дүнгэнүүлж эхлэв.
Каграмановт олон сонин зүйл бодогдож байлаа. «Би яасан сонин учралаар монгол хүнтэй анх удаагаа уулзав аа. Яасан их тусч, ямар их сонин цагаан сэтгэлтэй, хүнд итгэмтгий ард түмэн бэ. Монгол хүн яг л энэ хязгааргүй тал нутаг шигээ уудам саруул сэтгэлтэй юм байна. Харанхуй шөнө намайг хэн гэж бодон сүүтэй цай чанаж, хоол хийж өгөв өө. Хоол нь яасан сайхан амттай вэ. хонины хатаасан мах юутай ч зүйрлэмгүй сайхан юм. Тэр цай хоол намайг лут их тэнхрүүллээ шүү. Энэ миний дэргэд сууж яваа өвгөн маань бас л тэр их тусч сайхан санаат анд нөхдийн нэг төлөөлөгч байна. Би одоо энэ хүнийг хээр явгалан орхиж болохгүй. Яасан ч болохгүй» гэхчлэн зүйлийг цэрэг жолооч бодон давхиж байлаа.
Өвгөн хааяа инээмсэглэсэн нүдээр улаан цэргийн нүүр өөд хараад, гараараа чиг заан эелдэглэж элдвийг ярихыг хичээнэ. Тэр хоёрт ярих зүйл мөн их байсан боловч даанч хэл мэдэлцэхгүй нь хясаж байв. Гэлээ ч ам дуугүй явсангүй. Энэ өвгөний байдал Каграмановт аавын нь төрхийг санагдуулж байв.
- Самурай японы халдаад ирсэн цэрийг түргэн устгах ёстой. Бусдын нутагт усанд шунаж ирсэн тэдний дээрмийн үйл хэрэг сөнөх тавилантай гэж өвгөнийг хэлэхэд жолооч эр энэ хүн японы эзлэгчдийг занаж байна хэмээн ойлгон:
- Монгол цэрэг, улаан цэрэг хоёр нийлээд японы довтлон орж ирсэн дайчдыг устгана хэмээн гар зангидан зангаж, омог сүрээ бадраах мэт явах нь өвгөний сэтгэлд Зөвлөлт улаан цэрэг ч үнэхээр ялагдашгүй хүчтэй дээ. Японы далайн усаар явдаг цэрэг ч манай энэ хуурай, тал нутагт ирээд сайнаа үзэхгүй нь лав биз. Харин хэр зэрэг удаан хугацаанд түйвэргэдэг юм бол? Улаан цэрэг ингэж бууныхаа сум хэрэгслийг нааш нь татаж байгааг бодоход мөд удахгүй тэр самурайн толгойн дээр мөндөр буулгаж хаях нь гарцаагүй болоо бий. Болж, муусайн новшнуудыг бушуухан л тонилгон амьтныг амар заяагий нь үзүүлээсэй билээ. Тэр барамнууд хаваржин, зунжин элдэв муухай явдал дэгдээж түйвэргээд нутаг ус ч шилүүлэн явуулахаа байлаа. Саваагүй, шунахайдаа зүгээр байж чаддаггүй барамнуудыг дахиад наашаа санаархах ухаангүй болтол нь нармийлгаад буцаагаасай билээ» гэсэн бодол төрүүлж билээ.
Тэд өдөржин хоёулаа давхилаа. Каграманов бөмбөгдүүлээд, зам буруулан давхихдаа явж байсан замаасаа бараг буцаж зүүн урагшаа чиглэн довтолгосоор мэдэхгүй хүн яаж ч яваад олохгүйгээр холдсон байжээ. Замч өвгөн цэрэг жолоочийн энэ бүх байдлыг дохио ярианы эцэст бүрэн ойлгож авлаа. Оройн нар хэлбийх үед тал нутгийн зүсэн дорныг зорьсон дардан замд тэд оров. Нааш цааш холхилдон давхиж яваа машин, их буу, цэрэг ачсан тэрэгний цуваа ч тэр замаар тоос манарган үргэлжлэн давхисаар байна. Бүх хүн, машин, хамаг юмны толгой зүүн зүг рүү чиглэжээ. Тэр бүхнийг ширтэн харж яваа газарч өвгөн маань гайхшран толгой сэгсрээд:
- Пээ, яасан олон цэрэг, машин буу явж байна вэ. энэ бүгд цөмөөрөө японтой байлдах гээд давхиж яваа хэрэг бий. Манай муу довтолж ирсэн дайсан ч энэ их хүчний өөдөөс яаж ч байлдах юм билээ. Юу ч үлдэхгүй болтлоо хиар цохиулах нь гарцаагүй болоо шив хэмээн амандаа үглэн ярьж явлаа. Замын хажууд гараад эгнэн зогсож байгаа ачааны арваад машиныг Каграманов харсан дороо инээд алдан, нүдээ том болгоод:
- Энэ манайхан байна хэмээн дуу алдан, тэрэгнийхээ жолоог тэр зүг рүү залав.
Каграманов сайн малчны тусламжтайгаар цуваагаа гүйцэж иржээ. Жолооч байлдагч цувааны даргад орчиж ёслон эсэн мэнд ирснээ илтгэж, бусад нөхөд нь түүнийг найрсагаар угтан тэврэн авч хөгжилдөж байхыг замч өвгөн тэрэгний бүхээг дотроос хараад «Эд нар хоорондоо нэг аавын хүүхэд шиг ямар их элэгсэг дотно юм бэ. Энэ жолооч хүүг нөхөд нь үгүйлээд сүрхий санаж мөрөөдөж байж шүү» хэмээн бодож байв.
Каграманов гүйж ирээд тэргэндээ орж суунгуутаа цувааны хамт аяллаа цааш үргэлжлүүлэн, замчин нөхөртөө хандаж:
- Та ёстой сайн нөхөр байна. Одоохон бид цэргийн анги дээр очиж ачаагаа буулгаж өгөөд би тантай хамт буцаж таныг гэрт нь хүргээд, өөрөө бас ачаа зөөнө. Өчигдөр японы онгоцны бөмбөгдөлтөнд манайхаас нэг машин дайрагдан жолооч цэрэг нь шархдаж дээ. Бусад нь зүгээр гэж ярихад өвгөн «Энэ нөхөр маань надад муу юм яасан ч хэлэхгүй нь лавтай» хэмээн бодон, дэргэдэх нөхрийнхөө яриаг бүрэн ойлгож байгаа янзаар инээгээд:
- Зүйтэй сайн байна гэв.
Тэгтэл урд нь яваа тэрэг улаан дарцаг өргөн, түгшүүр зарлаж бас цуваанд таралт хийх тэмдэг өглөө. Каграманов энэ удаад огтхон сандарсангүй, замаас зайлсхийн тэрэгнийхээ хурдыг нэмлээ. Байдлыг ажиглавал аанай л «зүгийн муу» зүүн урдаас нь японы тэмдэгтэй гурван онгоц агаар цалгилуулан гарч ирж байгаа харагдав. Урд хойно нь яваа улаан цэргийн бусад цуваанаа ангиудаас дайсны онгоцыг угтан гал нээж пулемёт нажигнан, том буу ч пин хийн сонсогдлоо. Японы онгоц цувааны дээр арай ирж завдалгүй байтал тэр зэвхий онгоцны нэгнээс хар утаа манаран зам татуулсаар муухай дуугаран унаж эхэллээ. Нөгөө хоёр нь энд тэнд бөмбөг мултлан хаяж, дэлбэрэлтийн дуу нүргэлэн бөөн бөөн хар утаа баагиулаад эргэн зугтаж харагдав. Каграманов тэргээ тооромсоглон зогсоогоод:
Тэр, тэр хараач! Өчигдөр биднийг элэг бариад гайхуулж байсан чөтгөрийн муу заяатангууд өнөөдөр сөнөх чинь энэ дээ. Мөд та нар бүгдээрээ өехийгөө наранд ээх бий гээд, тун тайван байдлаар инээн, газарт унан тэртээд дэлбэрэн шатаж байгаа японы онгоцыг харж байв. Замч өвгөн бас сэтгэл тайван янзаар агаар ширтэн:
Хувхай сүүлээ хавчаад зугтаж байгаа чоно шиг самурайн энэ онгоц нэг морьтой хүн давхиж явсан ч хөөж буудаад байдаг муухай золиг гэнэ билээ. Та нараас ч ухаангүй айн зугтаж байх шив. Улаан цэрэг мундаг байна шүү гэж хэлээд Каграмановынхаа гарыг шүүрэн авч чанга атгажээ.
Бид Губагийн ногоон цэцэрлэг дундуур удаан явж зугаалахдаа Каграманов гуайн яриаг чагнан Халх голын тулалдааны талбарт байгаа юм шиг сэтгэл хөдөлсөн байв.
Би замчин өвгөнийгөө гэрт нь хүргэж өгөх далимаар Хэрлэнгээс дахиж нэг ачаа аваад, дараа нь фронтын шугаман дотор ангиудын хооронд юм зөөдөг боллоо. Өдөрт хэд хэдэн удаа японы онгоцны дайралттай учирдаг болохоор сүүлдээ агаарын довтолгооноос огтхон ч эмээхээ байж, харин тэдний урьдаас манай онгоц хөөрч тэнгэрт тулалдахыг л шохоорхон харах дуртай болов. Даан их удсан ч үгүй монгол улсын газар нутаг дээр цөмрөн орж ирсэн японы цэргийн тэр бүхэл бүтэн арми дээр манайхан ёстой л аянга буулгаж орхисон доо. Бид японыг алагдсан цэргийнхээ илжирсэн хүрийн халуун нарнаар элсэн дотроос малтаж аваад цааш нь зөөж хөгөө тарьж явахыг удахгүй харсан. Тэр бол тун зэвүүн, гутамшигтай хэрэг билээ гэж Каграманов яриад баахан бодолхийлж явснаа:
~ Тэр цагаас хойш гуч гаруй жил өнгөрлөө. Халх голд өнгөрүүлсэн намар миний сэтгэлд хоногшсон юм. Нэн их зочломтгой сайхан сэтгэлд нөгөө монгол айлд айлчин ёсоор очих гэж би боддог. Одоо удахгүй тэтгэвэртээ гараад завтай болно. Миний хүртэж байх сул цалинг хоёр удаа дайнд оролцсоныг харгалзан их дээгүүр тогтоогдсон. Би тэр мөнгийг барьж идэхгүй, хүүхдүүд минь бүгдээрээ биеэ даасан зэгсэн амьдралтай болсон. Би хөгшнөө дагуулаад Халх голд очиж шинэ алимны амт үзнээ. Миний нэг найзын шарил тэнд бий. Би түүнд бас цэцэг өргөнө гэж өвгөн жолооч маань хэлээд яриагаа төгсгөв.
Азербайжин нутгийн өтгөн хар хөмсөгтэй, цэцэрлэгч бүсгүйчүүд замд тохиолдон, гарт багтамгүй шахам том ягаан алим бидэнд авч ирж өгөөд:
- Зоогло! Зоогло! Бид энэ жил улсад тушаах усан үзмийн төлөвлөгөөгөө хорин мянган тонноор, алимаа түүнээс хол давуу хэмжээгээр илүү гарган тушааж байна гэж бахархал болгон ярьж, хөгжөөнт дуугаараа ая цэнгэцгээж байлаа.
Эд бүхэн жинхэнэ ах дүү хүмүүсийн чин сэтгэлийн угаас ундран гарсан хүсэл тэмүүллийн үр дүнд болсон үйл хэргүүд байлаа.

Saturday, May 3, 2008

АМРАГИЙН ТЭНГЭР


Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн зогсож байлаа. Тэгсзн чинь Халиунаа эгч,

-Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ инээмсэглэхэд нь би бас инээмсэглзн,
-Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ.
-Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?
-Тэгээд, та яагаад зүв зүгээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм?
-Аан! Бас! Гярхай жаал байх нь! Овоо, овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа хажуугаар өнгөрчихнө шүү.
-Та, тэгээд юунд инээсэн юм бэ?
-Чи бас инээмээр байна уу?
-Аа, хаа.
-Бас хөөе! хар нялхаараа байж. Хөлийн чинь тавгийг жаахан гижигдэхэд л чамд болоо. Үхэтлээ хөхөрнө, чи. Аа харин инээхгүй.
-Инээхгүй ээ? Инээх хөхөрөх хоёр, хоёр өөр гэж үү?
Өөр байлгүй яах вэ. Инээд гэдэг чинь хүний дотроос гардаг юм. Түүнээс биш гаднаас нь мянга гижигдээд хүн хөхөрнө үү гэхээс инээхгүй. Одоо бол би гижигдсэн ч хөхрөхгүй байхаа.
-Яагаад хөхрөгүй гэж? Тэгвэл би таныг гижигдэе л дээ. Та хөхрөх нь үү, үгүй юү, үз.
-Ухай, бас дуртай юү. Эрийн хугархай гэсэндээ бас хөөрхөн зальтай амьтан байх нь. Битгий нэг бяруу болоогүй байж бухын явдлаар явах гээд байгаарай гээд царайгаа төв болгоход нь би дуугүй болж гутлынхаа хоншоорыг ширтэв. Халиунаа эгч инээд алдан,
-За, яасан? Гомдчихсон уу? За, за худлаа худлаа. Эгч нь тоглосон юм. Хөее! Би чамд ёстой нандин юмаа үзүүлэх үү гэхэд нь би баярлан,
-Тэг!
-Харин чи хэнд ч үг алдаж болохгүй шүү.
-Алдахгүй ээ.
Халиунаа эгч намайг дагуулан Чулуут голын нэгэн цүнхээлийн эрэг дээр очин ус уруу зааж,
-Тийшээ хар. Юу харагдаж байна гэлээ.
-Загас явж байна. Алгана юм уу даа.
-Үгүй, үгүй, загасны цаана юу харагдаж байна.
-Загасны цаана уу? Аа бас нэг загас. Цаана нь бас нэг!
-Хн! Чамд ямар ч авьяас алга.
-Ямар авьяас?
-Дурлах авьяас.
-Аа харлаа, харлаа. Нэг цагаан, цагираг юм байна.
-Тэр чинь.
-Юу юм бэ?
-Мөнгөн бөгж. Би эртээр зүүж ирээд ээжээс айгаад хийчихсэн юм. Хэн ч мэдэхгүй, хэн ч харахгүй, гоё газар хадгалсан байгаа биз дээ гээд өнөөх хачин сонин инээмсэглэлээрээ инээмсэглэв. Тэгэхэд л би анх удаа Халиунаа эгч ямар сайхан шүдтэй юм бэ гэж бодлоо.
-Энэ ямар учиртай бөгж гэж чи бодож байна?
-Мэдэхгүй.
-Би чамд ярьж өгөх үү.
-Тэг.
-Аа, болъё, болъё.Аягүй бол чи үе тэнгийнхээ банди нарт чалччихна.
-Үгүй дээ! Би хэнд ч хэлэхгүй. Би тэдэнтэй чинь барилдахаас өөр юү ч ярьдаггүй юм. -Нээрэн биз? -Нээрэн, нээрэн.
-Тэгвэл чи шанд нь маргааш үдээс хойш миний оронд хонь жаахан хариулж өгнө шүү.
-Тэгье. Өдөржин ч хариулсан чадна.
-Лав биз?
-Лав гээд толгой дохиход минь Халиунаа эгч сууж байсан чулууныхаа дэргэдэх том хар чулуун дээр хуруугаараа ямар нэгэн юм хий бичих зуураа,
-Би байнаа гээд үгээ эхлэснээ дуугүй болон мөнөөх хар чулуугаа ширтэн инээмсэглэж,
-Энэ бөгжийг надад нэг хүн өгсөн юм байхгүй юү. Хотод их сургуульд сурдаг юм. Одоо амралтаараа ирчихээд байгаа юм... Ямар гоё, гоё юм ярьдаг гэж санана. Биширмээр... Тэр өөрийнхөө зүүж явсан бөгжөө надад өгсөн юм... Чи мэдэхгүй л дээ. Бөгж өгнө гэдэг чинь цаанаа нарийн учиртай байдаг байхгүй юү. Чи дурлал гэж юу байдгийг мэдэх үү гээд миний өөдөөс харлаа. Нэг тиймэрхүү юмыг хэлдэг гэсэн там тум төсөөлөл надад байсан бөгөөд тэр зүйл надад нэг ч их сонирхолтой санагддаггүй байсан болоод ч тэр үү, аль эсвэл мэдэхгүй хүн болж Халиунаа эгчээр "нууц" юмыг нь яриулчихъя гэсэндээ ч тэр үү би толгой сэгсрэв.
-Ямар гоё юм байдаг гэж чи санана. Чамайг миний оронд хааяа хонь хариулж өгч байх юм бол чинь чамд ярьж өгч байнаа.
-Чадна. Би таны орноос хонины чинь ээлж бүхэнд явж өгч байсан ч чадна.
-Их сайн байна. Энэ янзаараа байгаад байвал чи, хүнээр гайгүй амьтан болно шүү. Гэхдээ ээлж болгондоо ч би чамайг хонинд явуулахгүй ээ. Тэгэх юм бол чи бид хоёр "баригдана". Хааяа, хааяа хагас өдрөөр, миний яв гэсэн үед л явж өгч байгаарай гэхэд нь би толгой дохиод,
-Танд энэ бөгжийг өгсөн хүнийг чинь. хэн гэдэг юм бэ?
-Бас! Даврах нь! Зүгээр л байж үзээрэй. Чи түүний нэрээр яах гэсэн юм?
-Зүгээр л... Сонирхсон юм.
-Хн! Их гоё нэртэй гээд л бодчих. Тийм нэр манай энэ хавьд л лав байхгүй, нээрэн шүү. Ертөнц дээр ч тийм сайхан нэртэй хүн ховор байх гээд дуугүй болон голын урсгал дагуулан алсыг ширтэв.
Энэ өдрөөс хойш ертөнц дээр дурлал гэж нэг их гоё юм байдаг, дурласан хүн Халиунаа эгч шиг сайхан инээмсэглэдэг, бас тэр дурлал гэдэг юмыг гүн усны цүнхээлд хадгалдаг гэдгийг мэдсэнээс хойш урьд өмнө сонирхогддог байсан юмс сонин биш болов. Тэр ч бүү хэл үе тэнгийн хүүхдүүдтэй барилдах ч, барилдаад дийлэх ч, загас жараахайтай хөөцөлдөх ч сонин биш болчихов. Харин юм бүхнийг гярхай ажиглан, тэр юманд дурлал байгаа эсэхийг мэдэх гэж эрмэлзэх боллоо. Инээж байгаа хүмүүсийг хармагцаа би инээж байна уу, хөхөрч байна уу гэдгийг нь ялгах гэж мэрийнэ. Ингэж ажиглаж яваад аав ч, ээж ч, Халиунаа эгчийн ээж ч Халиунаа эгч шиг инээдэггүй болохыг анзаарсанаас гадна ээж, Халиунаа эгчийн ээж хоёрт мөнгөн бөгж байхгүй, тэд зөвхөн алтан бөгжтэй болохыг нь мэдэж, тэдэнд дурлал байдаггүй юм байна гэж ухаарсан бөгөөд ерөөс манай хотонд дурлал гэдэг тэр сонин сайхан юмыг зөвхөн Халиунаа эгч бид хоёр л мэддэг, тэр гоё юм Чулуут голын цүнхээлд гялалзан харагдаж байдаг гэж бодохоос өөрийн эрхгүй баяр хөөр төрнө. Бас түүнээс гадна хүмүүс сайхан муухай нэртэй байдаг, ертөнц дээрх хамгийн сайхан нэр бол Халиунаа эгчийн нэр гэж бодогдон, хээр хөдөө хонь малын захад явахдаа "Халиунаа, Халиунаа" гэж өөртөө шивнэн, заримдаа унаж яваа мориныхоо чихийг сортосхийтэл нь чангаар "Халиунаа" хэмээн өгүүлдэг байлаа.
Хэд хоногийн дараа Халиунаа эгч намайг сэм дуудан, бусдаас зайдуу аваачаад,
-Өчигдөр ямар гоё юм болсон гэж чи санана. Одоо ч ул мөр нь надад байж л байгаа.
-Алив үзье.
-Над уруу сайн хар. Чи ч харахгүй л байхаа даа. Чиний нүд чинь нээгдээгүй байгаа. Одоохондоо чи бол өндөг.
-Тэр хавьцаа байгаа гээд та хэлээд өг л дөө. Тэгвэл чинь би харна.
-Энд. Уруул дээр... Юү харагдаж байна?
-Юу ч харагдахгүй байна.
-Харахгүй гэж би чамд хэлээгүй юү. Өндөг юм харж байхыг чи үзсэн үү?
-Юу байгаа юм бэ?
-Түүний уруулын мөр миний уруул дээр байгааг чи харахгүй байна уу... Өчигдөр намайг үнссэн. Ямар үнсдэг гэж чи санана гээд нүдээ анин хуруугаараа уруул дээгүүрээ ямар нэгэн юм тэмтрэн инээмсэглэхэд нь Халиунаа эгчийн өнөөх гоё танан цагаан шүд нь гэрэлтэй юм шиг яралзана. Халиунаа эгчийг би ийм гоё уруултай болохыг нь өдий болтол хараагүй явснаа бодохоор үнэхээр л би "өндөг" юм даа гэж өөрийгөө зэмлэн, хүний уруул дээр уруулын мөр байгаа эсэхийг нь ганц хараад л мэдчихдэг болъё гэж бодлоо. Тэр өдрийн маргааш өглөө Халиунаа эгч надаас,
-Урьд шөнө чи ямар зүүд зүүдлэв гэж асуулаа.
-Мэдэхгүй, зүүдлээгүй байхаа. Та зүүдлэсэн юм уу?
-Зүүдлэсэн. Чи намайг ямар сайхан зүүд зүүдлэсэн гэж санана. Сэрчихээд уруулаа хэлээрээ шилэмдэхэд амт нь амтагдах шиг санагдсан.
-Аа, мэдлээ! Та их гоё юм идэж зүүдлэсэн үү?
-Юун идэх юм! Тэрнээс чинь хамаагүй гоё.
-Тэгзэд, та ямар зүүд зүүдлэсэн юм бэ?
-Тийм зүүдийг хүнд ярьдаггүй юм.
-Яривал яадаг юм?
-Хэн нэгэн хүнд ярьчих юм бол чинь зүүдлэсэн зүүд чинь бүтдэггүй юм.
-Тэгвэл та надад битгий яриарай.
-Чи нээрэн овоо жаал шүү. Овоогий чинь бодвол ярьчихмаар л байна. Даанч болохгүй л дээ. Яагаад гэвэл би тэр зүүдийг бүтээсэй гэж бодоод байгаа юм.
Яах юм, яах юм гэсэн хэрнээ "ямар зүүд зүүдлэсэн юм бол. Яриад өгөөч гэвэл ярих л байсан даа" гэж бодохоор бяцхан харамсал төрж байсан боловч,
-Таны зүүд чинь бүтнээ гэж хэлэхэд Халиунаа эгч баярласан янзтай,
-Ерөөлөөр чинь болог гэлээ.
-Сайхан зүүд зүүдлэх үнэхээр сайхан уу?

-Сайхнаар барах уу. Өдөржин сэтгэл өёг явна гээч. Зарим сайхан зүүд бүр хэдэн өдөр ч сэтгэл санаанаас гардаггүй юм. Ер нь орчлонд зүүд шиг сайхан юм хаа байна. Хүн зүүдэндээ жаргадаг шигээ жаргадаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ. Дамаан бусдын зүүдэнд орох!
-Бусдын зүүдэнд орох оо?
-Тийм. Тэр намайг хэдийн зүүдлэсэн гэсэн.
-Ямар гоё вэ! Таныг хүн зүүдлээд л...
-Чамайг ч гэсэн мөд зүүдлэнэ шүү дээ.
-Хэн?
-Хэн нэгэн хүн...
"Хэн нэгэн хүн" гэсэн нь надад хачин сонин санагдав. "Хэн намайг зүүдлэх юм бол?" гэж бодохоор өөрөөс нь өөр хүн эс олдоно. "Тэгвэл мөн гоёо. Их сайхнаар зүүдлэгдэх юмсан. Хэрэв намайг зүүдлэвэл, зүүдлэснээ надад хэлэх болов уу..." гэхчилэн элдвийг угсруулан бодсоор заримдаа би Халиунаа эгчид зүүдлэгдчихсэн юм шиг болж, хариуд нь өөрийг нь хэн ч зүүдлээгүй сайн сайхнаар зүүдлэх сэн гэж мөрөөдөн хэдэн шөнө дараалан зүүдлэх гээд чадсангүй. Халиунаа эгч зүүдэнд минь орж өгөхгүй байлаа. Магадгүй, өөр хүний зүүдэнд ороод байгаа болохоор ч тэр байж мэднэ.
Заримдаа "Та миний зүүдэнд орооч" гэж гуймаар санагдана. Тэгэж гуйж болохгүй гэдгийг зөнгөөрөө мэдэж байгаа хэрнээ харцаар гуйдаг байлаа. Төдөлгүй Халиунаа эгч нэг их сонин үгтэй дуу аялах болов.
-Та хаанаас ийм гоё дуу сураа вэ?
-Тэр надад зааж өгсөн юм.
-Та, тэгээд, яасан амархан сурдаг юм.

-Дуу сурах, ер юу байх вэ дээ. Харин мартах нь л хэцүү.
-Мартаж яах юм, дуулаад л байхгүй юу.
-Чи мөн ч нялхаараа байна даа. Хуучнаа мартахгүй бол яаж шинэ дуу сурах юм.
-Сурсан дуугаа мартах амархан уу?
-Гайгүй ээ. Зарим нь мартагдахгүй, зовоодог л юм гэснээ санаа алдаад "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гээд нэг л уйтгартай аялав.
-Та яагаад ийм их уйтгартай байгаа юм бэ?
-Учрах хагацах гэж үнэхээр айхтар юм байдаг юм байна даа гээд санаа алдан,
-Нөгөөдөр хот уруугаа явчихна. Шувуугаа дагаад явчихаж чаддагүй нуур шиг л мэлтийгээд хоцорно доо гээд харцаа надаас буруулав. Нүдэнд нь нулимс дүүрч ирэхийг зэрвэсхэн харсан болоод ч тэр үү, аль эсвэл нулимс унаган суугаа бүсгүй хүн аргадаж үзээгүйдээ ч тэр үү, яах ч учраа олж эс чадан дэмий л баахан дуугүй суув. Халиунаа эгч алчуур гаргаж нүдээ арчаад,
-Би чамд хэлээгүй байхаа даа, энэ алчуурыг тэр надад өгсөн юм гээд надад өгч үзүүлэв. Эргүүлж тойруулж үзэж байсан чинь нэг их содон үнэр гарах шиг болохоор нь үнэрттэл Халиунаа эгч миний гараас алчуураа булаах шахуу аваад,
-Үүнээс хойш, түүнээс цааш бүсгүй хүний алчуурыг битгий үнэрлэж байгаарай гэлээ.
Тэр өдрөөс хойш Халиунаа эгчийн нулимс мэлтэгнэсэн хар нүд хонь малд явсан ч, тооно ширтэн хэвтэж байсан ч нүдэнд минь харагддаг болчихов. Сэрүүн байхад нүд, шүд, дуу хоолой нь дэргэд юм шиг нүдэнд ийм тод томруун харагддаг хэрнээ огт зүүдлэгдэхгүй байгаад нь би гайхна. Халиунаа эгчийг зүүдэлж чадахгүй байгаа маань би өөрөө түүний зүүдэнд орж чадахгүй байгаатай л холбоотой юм шиг бодогдоно.

Алчуураа надад үзүүлсэн тэр өдрийн нөгөөдөр орой нь Халиунаа эгчээр нөгөө шинэ дууг нь заалгая гэж бодон, саах хонь буцааж явахад нь гүйж очлоо. Миний бараанаар Халиунаа эгч газар суун намайг хүлээж байлаа. Би гүйж очин дэргэд нь суугаад "Нөгөө дуугий чинь заалгая" гэж хэлэх санаатай түүний зүг хартал Халиунаа эгч хүзүүн дээрээ хүнд чимхүүлчихсэн харагдав. Тэгэхээр нь би,
-Эгчээ, таны хүзүүг хэн чимхчихээ вэ гэлээ. Халиунаа эгч,
-Юу?! гээд хүзүүгээ гараараа тэмтчихээр нь би гарыг нь өнөө чимхчихсэн сорви дээр аваачин,
-Энд. Бүр улаан сорвитой болтол нь чимхчихэж.
-Яанаа. Ээж харчихаагүй байгаа гээд хоолойныхоо товчийг товчлоод,
-Одоо харагдаж байна уу?
-Үгүй
-За, яамай. Ямар азаар чи харав аа гээд санаа алдан тонгойж,
-Яваад өгсөн шүү дээ гэж хоолой зангируулан хэлэв. Ийм үедээ надад дуу зааж өгөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн би хэлэх гэснээ хэлсэнгүй. Харин "яваад өгсөн шүү дээ" гэдэг үгийг сонссоноосоо хойш яагаад ч юм надад нэг их баяр хөөр төрж, түүнээ Халиунаа эгчээс нууж ядан суулаа. Хэрэв тэр үед миний нүүр өөд харсан сан бол урьд хожид үзэгдэж харагдаагүй инээмсэглэлийг минь ул мөрийг олж харах байх даа.
Чухам яг энэ өдөр би Халиунаа эгчид тэр нөгөө содон үнэртэй алчуур шиг нь алчуур авч өгье гэж бодсон билээ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд ааваас ном авна гэж хэдэн төгрөг аваад сумын төв орж бүх л дэлгүүр мухлагаар нь орсон боловч олсонгүй. Хожим хойно би тийм алчуурыг хаа ч худалддаггүй болохыг мэдсэн юм. Гоё нэртэй хүнээ явчихсанаас нь хойш Халиунаа эгч "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гэсэн сонин үгтэй дуугаа үргэлж шахуу аялаж явах болсон учраас би заалгах ч зовлонгүй, хар аяндаа сурчихав.Нэг өглөө үхэрчилж явтал Халиунаа эгч инээд алдан гүйж ирээд намайг тэвэрч хоёр хацрыг минь ээлжлэн үнсч, толгойг минь цээжиндээ удтал тэврэн,

-Би урьд шөнө цаадахыг чинь зүүдэлсэн. Одоо надад удахгүй захиа ирнэ, мэдэж байна уу чи, захиа гэж юу болохыг гэхэд нь би арай чүү шүлсээ залгин,
-Мэдэж байна. Та бас зүүдэнд нь орсон болоод л тэр гэж хэлэхдээ хатан аргасан хоолойныхоо хэрхэн чичирч байгааг мэдэрлээ. Аз болоход Халиунаа эгч анзаарсан ч янзгүй,
-Нээрэн, тийм байх шүү. Чи бас тэгэжээ байгаад эрийн хагархай юмаа хэмээн баярлан егүүлэв.
Тэгэхэд л би Халиунаа эгчийг ямар халуун, зөөлөн уруултай болохыг, түүний цээжинд толгойгоо наан зогсоход хамаг биеэр минь түүний биеийн халуун илч гүйж байсныг дахин дахин амтархан бодож, Халиунаа эгчтэй өвөрлөлдөөд унтах ямар сайхан бол гэж сэмхэн мөрөөснө.
Захиа ирэх хугацаа өнгөрч удах тусам Халиунаа эгч дуугаа хураан, нөгөө бөгж байгаа цүнхээлийнхээ эрэг дээр ганцаар суух нь ихэслээ. Бид хоёр нөгөө бөгжөө уурганы үзүүрээр гогдон авах гэж байгаад ёроолынх нь лаг шаварт шигтгэн алга болсгочихсноос хойш бүр ч гунигтай байдаг боллоо. Би хэдийгээр Халиунаа эгчийг инээлгэж, хөгжөөж чадахгүй байгаадаа гутрах авч дотроо захиа битгий ирээсэй гэж бодно.
Нэг өдөр Халиунаа эгчийг Чулуут голын эрэг дээр ганцаарханаа сууж байхад нь би очлоо. Халиунаа эгч уйлсан бололтой байв.
-Та яагаа вэ?
-Яагаа ч үгүй ээ.
-Тэгээд, та яагаад уйлсан юм? гэхэд Халиунаа эгч уртаар санаа алдан,
-Том болоод хүнд битгий сайн болоорой.
-Яагаад тэр вэ?
-Чамд юу ч байхгүй болох болно.
-Ямар юм байхгүй болно гэж? Зүүд үү?
-Ямар юм байхгүй болохыг нь чи эхлээд мэдэх ч үгүй. Харин байхгүй болсон хойно нь л чи юу байхгүй болсныг мэдэх болно.
-Байхгүй болчингуут нь хаа нэг газрас авчихүй юү.
-Чи ч үнэхээр нялх амьтан юм да, Буцаж олддог, хаа нэг газраас авчихаж болдог юм чинь байхгүй болдоггүй юм...
Энэ үгийнх нь учрыг би намар орой болж, манай хоёр өөр өөрийн өвөлжөө бууцыг бараадан хоёр тийшээ салж нүүх болоход мэдэв. Тэгэхэд би цүнхээлийн ёроолд алга болчихдог өнөөх мөнгөн бөгж шиг нь бөгж авч өгнө гэж өөртөө андгайлж билээ.
Сургууль цуглаж, хичээл эхлэв. Би ангийнхаа охидыг нэг бүрчлэн ажиглавч Халиунаа эгч шиг нүд шүдтэй, Халиунаа эгч шиг инээмсэглэдэг охин олж харсангүй. Бусад ангиудад ч, сумын төвийн хүүхнүүдийн дунд ч Халиунаа эгчтэй төстэй хүн байхгүй байлаа. Намрын сүүл сар гарч байх үед Халиунаа эгчийг хот уруу явчихсан сураг дуулдаад чимээ тасрав. Тэгмэгц нь би Мижид дарханаар мөнгөн бөгж цохиулна гэж цуглуулж байсан хэдэн төгрөгөө бүр олон болгож байгаад хот орж эрдэм сураад, Халиунаа эгчийг олж уулзан биширмээр гоё гоё юм ярина гэж шийдэн, аав ээж, ах эгчийн өгсөн мөнгийг элдэв аар саарханд үрэлгүй ширхэгчлэн хямгадсаар овоо ч хэдэн төгрөгтэй болж байтал байрны маань ахлах ангийн хүүхдүүд дээрэлхэн хайрцаг савыг минь нэгжиж байгаад бүгдийг нь олоод авчихав. Би багш, захиралд хэлье гэтэл "юун мөнгө, яах гэж энэ их мөнгийг хадгалж байсан юм" энэ тэр гэж байцаах л лав тул яаж ч чадалгүй өнгөрөв. Тэгэхэд л нулимс ямар шорвог гашуун байдгийг мэдэрч билээ.
Тэр цагаас хойш Халиунаа эгчийн барааг харалгүй бичнээн ч жил болж вэ дээ. Он жил улирах тусам Халиунаа эгч бид хоёрын нас улам ойртсоор бид хоёр чацуу болж, төдөлгүй би Халиунаас ах болж, жил өнгөрөх тусам Халиунаа бид хоёрын нас эргэж ойртохын аргагүй холдсоор л байнам.

Wednesday, April 23, 2008

Хөрөг



Гянгар өвгөний нас ная шахаж ааш зан нь тэр гэхийн тэмдэггүй болтлоо өөрчлөгджээ. Үргэлж л хэдэн зээтэйгээ аар саархан зүйлээр хэрүүл шуугиан хийж хүргэнийхээ аргыг барна. Зарим үед Насанбатын тэвчээр алдарч,
-Ер нь танай энэ зөнөсөн эцэг яах гээд хэдэн хүүхдийн минь тэвчээрийг барж байдаг юм. Яахаараа миний хэдэн хүүхэд өөрийнхөө гэр оронд эрх чөлөөтэй байж болдоггүй юм хэмээн эхнэртээ уурлана. Эхнэр нь харин,

-Чи миний муу эцгийг үргэлж л ад үзэж байдгаа боливол таарна. Нэртэйгээр нь шулуухан хөөгөөд гудамжинд гаргачихгүй юу. Яахав дээ, хөгшин хүн, хүүхэд хоёр адилхан юм хойно эд тэгэсгээд учраа ололцчихдог юм' Хөгшин хонины насгүй болсон амьтныг чи битгий ад үз. Өөрийнхөө эцгийг байсан бол чи яасан ч ингэхгүй дээ хэмээн дотроо бухимдаж, гадагшаа өмөөрнө. Нэгэн үдэш Гянгар өвгөн нөгөө л хэрүүлээ хийж сууна. -Хөөе, Мөнхөө? Чи наад сувгаа соль. Би мэдээ сонсмоор байна. Одоо л энэ бие ийм болж та нар муусайн нусгайнуудтай хэрүүл хийж суугаа болохоос өвөө нь цагтаа цалгиж явсан эр шүү. Намайг зүгээр улс орон гэх нь ч хаазшаа юм олон түмэн мэднэ гайгүй. Өтөлсөн болохоос үхээгүй байна. Аль тэр мэдээ гаргаад аль гэсээр зурагтын удирдлага салган 'авч сая амарлаа. Өвгөн зурагтын мэдээнээс үүдэн тэр оройжингоо хөөрцөглөлөө.

-Дээр үед миний зургийг зурж байсан охин цаана чинь үзэсгэлэнгээ гаргасан байна. Энд лав миний тэр зураг тавигдсан бий дээ. Маргааш очиж үздэг хэрэг. Та хоёр надтай хамт явах уу? гэж хүргэн, хүүхэн хоёроосоо асуув. Охин нь:
-За таны тэр зураг одоо байдаг ч юм уу, үгүй ч юм уу аав минь. Бид хоёрт таныг дагаж явах зав хаанаас байхав дээ гэхэд,
-Байж л таараа, байхгүй яадаг юм хэмээн уцаарлаад ёстой нэг сайхан зураг байдаг юм. Би бүр гуйгаад гуйгаад авч дийлээгүй юм. Бүр "урлагийн бүтээл" гээд өгөөгүй санагдаж байна. Нэг үзэх юмсан гэж бодоод л байх болсон юм. Тийм сайхан зургийг ч алга болгоно гэж байхгүй шүү. Та нар ч ер нь хөгшин хүнийг үхсэн хүн шиг л бодох юм даа. Ганцаараа л явахаас даа гэсээр чимээ намдав.
Үзэсгэлэнгийн танхим цаанаа л нэг аядуухан агаад нам гүм. Хүмүүс ганц хоёроороо зураг сонирхож үзэж шивэр авир хийнэ Энэ танхимд чанга ярьж. бүр хашгирч яагаад болохгүй гэж. Гэвч хэн ч тийм ааш авир гаргаагүйдээ л урлагийн ихэмсэг нандин чанар амин сүнс нь оршин байх шиг өвгөнд санагджээ. Гянгар амьсгаагаа дарж хэсэг зогсоод эргэн тойрноо ажиглав. Эгнүүлэн өлгөсөн тэр олон зурган дотор өөрийнх нь хөрөг зураг байгаа гэж итгэхэд бэрх. Байхгүй бол... гэсэн өөдгүй бодол зурсхийн орж ирээд тэр дорхноо замхран алга болов. Өвгөнийг анзаарсан ганц нэг хүн "Энэ хөгшин энд юу хийж явна" гэсэн байртай хөлөөс нь толгой хүртэл цоо ширтэнэ. Гянгарт энэ бүхнийг анхаарах сөхеө ч байсангүй, нөгөө зургаа хайж эхэллээ. Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, ваартай цэцэг, шанаагаа тулсан бүсгүй, эртний баатар, сүрэг чоно гээд ер байхгүй ч юм алга. Заримыг нь зурсан гэхэд ч итгэхэд бэрх тун сайхан урлажээ.
Өвгөн зураг бүхний өмнө очиж уулга алдан өөрийнхөө зургийг хайсаар байлаа. Гэтэл хоёр гараа энгэртээ зөрүүлэн хуйлаатай цаас барьсан дэгжин залуугийн шимтэн үзэж буй зургийг зэрэгцэн харвал ашгүй өөрийнх нь зураг яах аргагүй мөн байлаа. Өвгөн баярласандаа уулга алдаж,
-Миний зураг энд байна, яах аргагүй мөн байна гэж тодоос тод хэлээд зургийн дор бичсэн тайлбарыг уншихаар дөхөж очив. Хөрөг. гуаш гэсэн хоёр үгийг тодоор бичсэнээс Гянгар гэсэн нэр тэнд байсангүй өвгөн бүр гайхаж миний зурган доор яахаараа миний нэр байдаггүй билээ хэмээн хэн нэгнээс асуухаар эргэн тойрноо харвал түүнийг анзаарч байгаа хүн нэг ч алга. Харин ч бүр саяхан л энэ зургийг шимтэн үзэж зогссон залуу хархүү талийн оджээ. Өвгөнийг хэн ч тоогоогүйд бухимдаж тэр залуугийн араас очин,
-Хөөе муу нусгай минь. Саяны чиний нүдээ унагачих гээд үзээд байсан зургийн чинь эзэн би байна. Чи сайн хар. Цагтаа би чинь ийм сайхан залуу явлаа хэмээн хэлье гэсэн боловч хөл нь хөдөлж, ам нь эвлэж өгсөнгүй. Өвгөн зургаа харж баахан зогсоод бага зэрэг тайвширлаа. "Үнэхээр л би ийм залуу байсан даа. Үгүй тэр нүд хөмсөг, мөр цээжийг ээ. Миний нүднээс хүмүүс их айдаг байж билээ. Одоо даанч тэр үеийн Гянгараас өчүүхэн ч юм үлдсэнгүй шив дээ" хэмээн бодож хөнгөхөн шүүрс алдлаа.
Тэрээр цааш нь "Миний нэрийг яагаад тавьчихаагүй юм бол. Нэрийг маань мартсан байх. Аль эсвэл аль хэдийнэ үхсэн гэж бодсон хэрэг, тэрнээс зайлахгүй" гэж
өөрийнхөө бодлыг батлав. Ер нь энэ зураачийг олж нэрээ тавиулъя байз хэмээн бодож зургийнхаа хажуугаас холдлоо. Өвгөн тэртээ буланд зогсч буй охины дэргэд очиж,
-Хүүхээ, энэ зураач хаана байгаа бол гэвэл,
-Мандарваа багш нээлтнээс хойш ирээгүй. Үзэсгэлэнгээ буулгах үеэр л ирж магадгүй. Бие нь тааруухан байдаг юм хэмээн дуржигнуулав. Бие нь муу байгаа гэнээ, аргагүй дээ одоо бас л нас нь ахиа биз хэмээн өвгөн бодохдоо нэрээ тавиулах ч бүр өнгөрлөө хэмээн урам нь хугарав.
Өвгөн гадаа гарч хэсэг зогслоо. Намрын шаргал нар таатайяа ээж, урьхан хонгор салхи сэвэлзэн үлээгээд өвгөний сэтгэлийг сэргээх гэж оролдох мэт. Саяыи зураь наас үүдэн ид гялалзаж явсан залуу зандан үе нь гал цог нь буурсан ч гэлээ насандаа баймгүй хараа сайтай нүднийх нь өмнүур зурагт үзэх мэт харагдаад болсонгүй. Энэ бүхнийг бодох тусам өвгөний арга барагдаж байв.
Энэ хүүхдүүд намайг яаж танихав дээ. Харин таньдаг хүмүүстээ энэ зургийг үзүүлэх юмсан. Гэвч түүнийг таньдаг хүн маш олон ч одоо цөөрчээ. Заримынх нь сураг гаралгүй удаж байгаа болохоор байгаа гэж итгэхэд эрх Гэнэт өвгөний толгойд энүүхэн хажуу байранд Жавынх байгаа санагдав. Мань хүнийглагуулан ирж зургаа узүүлэхээр шийдаа.—Байрных нь гадаа ирээд сураглавал өөд болоод долоо ч хоноогүй байгаа гэнэ. Ахиад л өвгөний дотор давчдав.
Шууд харихаар шийдээд алхажявтал бүр эртний танил Борхүүхэний цонх нүдэнд нь туслаа. Хэдхэн хоногийн өмнө тэр хоёр баахан хуучилсан юмсанж. Тэднийхээр оров. Ойрноос түүний бие муудаад хүн танихаа байсан тухай хүүхдүүд нь ярив. Өвгөн тэднийд утга учиргүй орсон шигээ хурдхан гарлаа.
Одтой тэнгэрээс од шүүрч ч мэдэхээр омголон залуу Гянгарын тэртээ дөчөөд жилийн өмнө зуруулсан зургийг таних хүн бараг үгүй болжээ. Харин яхир ярдаг ааш зантай Гянгар өвөөг бол хэдэн хүн таних янзтай.
Тэр оройдоо өвгөний даралт ихэсч бие нь муудлаа. Ухаан санаа нь орж гарна. Зарим үед ухаан санаа нь цэлсхийн цэлмэхэд тэрээр насан туршдаа юунд тийм сэтгэл хангалуун амьдарснаа ердөө ч ойлгосонгүй.

Monday, April 14, 2008

Эх




Өхөөрдөм жаахан гар хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.Эх уйлсаар л байлаа. Хүүтэйгээ зэрэгцэн уйлж суугаа залуу эх ялгаатай нь дуу үл гаргана. Энэ зуур хаалга нээгдэн сувилагч орж ирэв. Бяцхан хүүг хуурайлан өлгийдөнгөө эхэд хандан,-Битгий уйл даа миний дүү, энэ хөөрхөн амьтныг харж байна уу? Бүр өлсчихөж. Хөхүүлэх хэрэгтэй гэж аргадах учирлахын завсар өгүүлэв. Сувилагчийн сарвайсан хүүг эх авсангүй. Нүүр буруулж, тэгснээ улам ихээр мэгшиж эхлэв. Сувилагч чарласаар байгаа хүүг аван гарч одлоо. Эх чинэрч хатуурсан хөхөө барилж үзсэнээ саах гэж оролдоно. Тийм ч амар биш аж. Цонхны тавцан дээр босгож тавьсан жижигхэн толинд өөрийгөө хараад сэгсийсэн үс, царай алдаж бэлцийсэн зовхи, хөлстэй духаа илж үзэв. Өөрийнх нь биш хүнийх юм шиг л галзуурмаар санагдана.Хайр халамж, гомдол, итгэл найдвар, эрч хүч өвөрлөн хүүгээ тээсэн. Өдөр, сар тоолон хүлээсэн. Гэтэл хоёр гар нь мэдээгүй. Хүү үүнийгээ мэдэхгүй уйлна, үнэгчилнэ. Оёдол хазгай дээлийг ханзлаад дахин шидэж болно. Бүр болохгүй бол хаячихна л биз. Харин мэдээгүй гартай төрсөн хүүг яах вэ?Эх хордлоготойн улмаас хоол хүнсээр тааруухан үдсэн хэдэн сарыг, өдөржин ажиллахаас аргагүйд хүргэдэг амьдралаа, хүүтэй болох гэж мөрөөдөж зүрхэлсэн сэтгэлээ үзэн ядаж байлаа. Эх баригч эмчийг бүр ч илүүтэй үзэн ядна. Хүүг нь амлуулахаар авч ирсэн сувилагчид хонзогноно. Уйлсаар бэлцийн унжсан зовхи, өмөлзөн чичигнэж байгаа уруулаа толинд хараад өөртэйгөө харц мөргөлдөхөөс зайлсхийв. Гашуудал харуусал, үзэн ядалт, арга ядсан цөхрөл, зүрхэнд нь багтахаа больсон зовлон хэзээ л бол хэзээ сархийн асгарахад бэлэн болжээ. Орноос өндийхтэй болмогцоо эмнэлгийн урт хонгилоор хашгиран гүйж, эмч, сувилагч нар руу дайран “Та нар миний хүүг ийм болголоо” гэж цамнан орилж байснаа бүүр түүрхэн санав. Тэгэхэд эх яахаас ч буцахгүй гүн хямарсан байсан. Нялх биетэй түүнийг ортой нь хүлэх шахан байж тайвшруулах тариа хийн унтуулжээ. Өглөө нь эмч эхтэй уулзаж, хүй нь цээжин биеэ хэд ороосны улмаас хүүгийн гар мэдээгүй болсныг тайлбарлаад “Гэхдээ өсөлт нь зогсоогүй, хэвийн байгаа, тиймээс удахгүй зүгээр болно гэдэгт найдаж болно” хэмээн учирлав. Өмнөөс нь харан суусан, ядарч цөхөрсөн царайтай эх мэлтийтэл ширтэж байснаа том том нулимс унаган, үг дуугүй мэлмэрүүлж эхлэв. “Юун найдвар, яагаад дахиад хүлээх ёстой гэж. Би тэр найдлагыг чинь есөн сар өвөрлөсөн. Тэгээд сайн сайхан болсон нь хаана байна” хэмээн зүрх сэтгэл нь цамнан цовхчиж байгаа боловч эх хэтэрхий цочирдсондоо дуугарч чадахгүйд хүрчээ. Сормуус нь чичирч, харц нь юухныг ч үл онон, утгагүйгээр мэлийнэ. Эх өдөржин уйлав. Хүүгээ авахаас татгалзжээ. Өлсч, орилсон хүүг сувилагч нар яаж ийн хооллож, шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байлаа. Эхийн өрөө оршуулгын газар шиг л нам гүм. Үе үе нусаа шурхийтэл татах, эхэр татан мэгших дуу сонсогдоно. -Та хоёр хоёулаа үхэж болох байсан. Хэн нэгнийг чинь алдаж ч бас болох байсан. Бид байж болох бүхнийг хийсэн. Хөөрхөн хүүтэй боллоо. Чи өөрөө эрүүл саруул сууж байна. Гэтэл эмч нарыг буруутгаж байдаг.Эмчийн учирлаж ухааруулж хэлсэн үг толгойд эргэлдэнэ. Үхэж болох байсан, үхэж болох байсан. Тийм ээ, үхсэн нь илүү дээр байсан юм. Оройхон сувилагч хүүг авчирч, орон дээр тавиад чимээгүйхэн гарлаа. Эх хүүг харахгүйг хичээв. Хажууд нь эмнэлгийн улаан цоохор өлгийтэй өчүүхэн нялх амьтан байгааг мартахыг хүслээ. Одоо өрөөнд өмнөхөөс ч нам гүм болов. Хүү бол байж боломгүй алдаа. Яагаад гэвэл тэр гаргүй. Гартай л даа. Гэхдээ энэ гар хэзээ ч хөдлөхгүй. Ээжтэйгээ аяга булаацалдаж сарвалзан дэвэхгүй. Эх мөнөөх алдааг нүднийхээ булангаар ажиглаж эхлэв. Жижигхэн шонтгор хамар, бүдэгхэн хөмсөг, сөрвийсөн үс. Унтаж байгаа хүү том нүдтэй бололтой. Сормуус нь хүүхэлдэйнийх шиг урт. Хүү шав шувхийн уруулаа хөхнө. Инээдтэй үрчилзэн ярвайж, өлгий дотроо мурчилзана. Мөөмөө хайж буй аж. Эх сандран энгэрээ хумьснаа босч цонхны дэргэд буруу харан зогслоо. Тэгснээ огцом эргэж, хүүгийн өлгийг тайлав. Хүү мурчилзахаа болиод тайван унтана. Өлгийний сүүлийн бүсийг тайлж, даавууг ярахад бяцхан хүүгийн турьхан бие ил гарлаа.х хөлөөс нь эхлээд шинжив. Таван хуруутай. Хумс нь зургийн хальс шиг нимгэхэн, алганд зэрэгцээд багтам хоёр жаахан хөл… чацархаг юм гээч. Хүү хоёр хөлөө дээш татан завилах мэт дугуйруулаад сэтгэл ханан суниав. Гарт нь хуруугаа хүргээд эх өөрөө цочив. Хүйтэн байх гэж бодсон нь үгүй аж. Халуухан хоёр гар. Хуруунуудыг нь барьж үзэв. Хариуд нь ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Эхийн амьсгаа дээрдэж, баруун гарыг нь огцом дээш өргөөд тавьлаа. Амьгүй мэт биеэ даган сулран унахыг хараад хүүгийн хоёр гарнаас шүүрэн барьж орилон уйллаа. Жаахан хүүг сэгсчин гарыг нь базаж, цохиж, өөрийн ухаангүй мэт уйлсаар л. Цочин сэрсэн хүү зэрэгцэн чарлана. Эр хонгор дуутай юм. Гарнаас бусад нь өөлөх юмгүй өхөөрдөм болохыг мэдсэн эх улам их харуусч, харуусах тусам хар нулимсаа сул асгана. Гаднаас гүйхээрээ орж ирсэн сувилагч өчүүхэн жаахан хүү дээр тэгнээд усан нүдэлж байгаа эхийг хойш татан холдуулаад, хөвгүүнийг яаран өлгийдлөө.Эх шөнө дунд сэржээ. “ Би хичээсэн, хичээсэн шүү дээ” гэсэн бодолтойгоо хамт нүдээ нээлээ. Хүү алга. Эх орон дээрээ өндийн суугаад хаалга руу ширтлээ. Цөхрөл нь үзэн ядалт, айдас нь аймшиг болон хувирчээ. Эмчийн өрөө эндээс гучаадхан алхам хол. Тийш хялбархаан хүрч болно. Тэгээд хүүг нь ийм болгосон эмчийг багалзуурдан алахыг юу юунаас илүү хүслээ. Тэр буруугүй байсан ч гэсэн гаргүй хүүг амьд үлдээснийхээ төлөө шийтгэл хүлээх ёстой. Эхийн нүд харанхуйд эрүүл бусаар гялалзана. Хажуугийн өрөөний эрүүл саруул, эрхтэн бүтэн хөөрхөн хүү тэвэрсэн эхийг бас үзэн ядаж байлаа. Урдаас харсан тасгийн хоёр ихэр охинтой залуу эхийг мөн л үгүй хийхийг тэсгэлгүй хүсч байгаагаа мэдэрлээ. Залуу эх охидоо дэндүү чанга дуугаар энхрийлснийхээ төлөө үхэх ёстой. Төрүүлсэн алдааг нь тэврэн бөөцийлж, сэтгэл үл өвдөн эрхлүүлдэг сувилагч хорсол төрүүлнэ. Эмийн үнэртэй өрөө нь, итгэл эрсдлээр дүүрэн өнгөрсөн есөн сар, хорвоо дэлхий бүхэлдээ хорслоор дүүрчээ. Толинд туссан өөрийнхөө царайг хараад сэтгэл нь гансран туйлдав. Ялимгүй царай муутай ч гэсэн нүдэнд дулаахан сэргэлэн төрх хэдийнэ үгүй болж, өмнөөс нь туйлдаж ядарсан хоосон харц ширтэнэ. Эх толийг авч хана мөргүүлээд хутга шиг гялалзах хамгийн том хагархайг гартаа атган хөдөллөө. Хаалгаа дуу гаргахгүйн тулд ялимгүй өргөж нээгээд хонгил руу харав. Нярайн өрөөнөөс бусад нь харанхуй. Урт нэлмэгэр шөнийн даашинз, нүцгэн хөлтэй тэрбээр, зөөлөн гэтсээр сувилагчийн өрөөг өнгөрөв. Эмчийн өрөөний үүдэнд түр саатаад, гэнэт зориглон шуудхан нярайн тасаг руу алхлаа. Өрөөнд тав зургаан өлгийтэй жаал шуухитнан унтана. Бодлоо өөрчилсөн эх хамгийн захад унтаж байсан өлгийтэй өсгөлүүн жаалыг шүүрэн аваад өрөө рүүгээ буцан гүйв. Яагаад хүний хүүхэд гартай төрж байхад миний үр гаргүй байх учиртай гэж. Нялх хүүхдийн гар ямар байх ёстой юм бэ?Бүгдээрээ адилхан гаргүй байг л дээ. Бурхан минь, чи үүнийг хүсээ юу? Хажуугийн өрөөний үүдээр гарахдаа хүүг нь хулгайлснаа мэдэгдэхгүйн тулд алхаагаа саан, сүүдэр мэт чимээ гаргалгүй гулсав. Сэтгэлийн хямралд автан тэр сохорчээ. Солиорсон ч байж болох. Өлгийнх нь бүсийг тайлж байхдаа юу ч бодсонгүй. Адгана, яарна. Нойрноос сэрж ядан яраглах хүүгийн баруун гарыг барьж авснаа толиныхоо хагархайг далайлаа.-Ээж чинь чамайг их эрхлүүлдэг бил үү, харин би хүүгээ харж ч чадахгүй байна. Яалаа гэж энэ вэ? Толины хагархай хүүгийн бугуйн тус газар хүрэх мөчид гялгар гадаргууд нь туссан танил царайг хараад эх гараа огцом татлаа. Шонтгор хамартай, бүдэгдүү хэрнээ хэлбэрлэг хөмсөг, сөрвийсөн шингэн даахь… Хүний биш өөрийнхөө хүүг хулгайлчихжээ. Учрыг ойлгомогцоо эх бахардан хашгирлаа. Тэгснээ хүүгээ тэврэн энгэртээ наагаад цурхиран уйлах нь тэр. Хоёр хоногийн турш хуримтлуулсан хайр, хорсол, итгэл сэтгэлээ асгаруулан уйлж байлаа. -Хүүгээ би алчих дөхлөө, алчих дөхлөө шүү дээ. Зүрх нь хайр энхрийллээр цохилно. Элгэнд өрөвдмөөр наалдсан арчаагүй жаахан хүүгийн хөл атиралдан тийчилж байснаа, бяцхан гараа сарвагануулан эхийнхээ сэгсийсэн үснээс зөнгөөрөө зуурав. Эх, хүүгийн гар хөдөлж байгааг ч мэдэлгүй уйлсаар.