Monday, March 30, 2009

Нэрээр минь дуудсаар

Зүрхэнд цогшсон хайрын дөл чинь
Зүггүй салхинд бөхийхийн цагт
Зангидаж өгсөн итгэлийн торгон алчуур минь
Зуурхан шуурганд алдуурахын цагт
Өвдгийг минь дэрлээд шивнэсэн үг чинь
Өвсний толгойд шүүдэр болон бөнжигнөхийн цагт

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын гашуун амтыг бүү мэдрүүлээрэй

Нүгэлийн тамгаггүй тэгш заяа гэж байдаггүй юм
Намрын гэгээгүй бүлээн харц гэж байдаггүй юм
Цэн цэнгээр гэмширэх нулимсаа
Цээжний нөмөрт минь ирж асгаарай
Уйлахын дайтай гэмшил чамд минь байгаа бол
Уучлахын дайтай уяхан сэтгэл надад байдаг юм
Уулын үзүүрт уяатай бардам харц чинь
Урсах нулимстайгаа хамт хайранд минь багтдаг юм шүү
Гэмшилийн нулимс нүдэнд чинь зохидог болохоор
Уучлашгүй гэм гэж чамд минь үгүй
Гэгээн аялгуу зүрхийг минь аргаддаг болохоор
Марташгүй шарх надад үгүй ээ

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй

Намрын шувуу

Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу

Шүлэг үлдээн алхалсаар ...

Хөсөр унасан хадаг шиг гуниг минь шүлэг нөмрөөд
Хагдрах хорвоогийн өнгөнд гундах сэтгэлийг түшин
Шартах мэт гашуун шаргал амьдрал дундуур
Ширтэх араатан мэт шунал хүсэлээс дайжин алхана

Нарны туяа залгилж цагийн урсгал сөрөн
Нэлхийтэл унах гэгээн мөчүүдэд хайлсаар
Ижилгүй өнчин сэтгэл минь нялхарч
Ирэх гэгээн аялгууг амраг мэт тосно

Сэтгэл гуниг хоёр минь бие бие ээ түшин
Сэрүүн зүүд шиг амьдралын утгыг эрэн
Сүүдэр үгүй гэрлийн зүг
Шүлэг үлдээн алхалсаар ......

Үнэнээр явбал.

Гомбосүрэнгийн Галбадрах.


Үнэн гэдэг маргаашийн сайн сайхны төлөөх тэмцэл юм.


Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. "Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй" хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. "Хүн төрөх, үхэх нь үнэн" гэдэг хэллэгийн дунд "татвар төлөх нь үнэн" гэж хавчуулсан байх жишээтэй. "Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү" гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. "Би шударга үнэний төлөө тэмцэж байна" хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.
Туйлын үнэн гэж байхгүй хэдий ч, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа хүмүүс бидний нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журам, хэм хэмжээг хүн төрөлхтөн зохиож, мөрдөж, мөрдүүлж иржээ. Энд болох, болохгүйн зөвшөөрөл ба хориг, түүнийг зөрчсөний төлөөх муу нөлөө ба хохирлыг хэрхэн шийдэхийг ч заасан байдаг.
Хууль дүрэм, журамгүйгээр хүн болгон өөрийн хүссэн бүхнээ хийж, дур зоргоор авирлаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор " тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна" гэдэг хэллэг гарсан биз.
Түүнчлэн хүн төрөөд, өсч бие хүн болох хүртлээ өөрийн эцэг эх, найз нөхөд, орчин тойрон, шашин, уншиж суралцаж, мэдэж сурсан бүхнээсээ амьдралыг үзэх үзэл болон өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоодог. Энэ итгэл үнэмшлээ "үнэн" гэж тооцож, үүнийгээ хатуу баримтлах нь бас бий.
Ингээд бодохоор үнэн гэдэг олон ойлголтуудаас бүрдэх ажээ. Харин өөрийн "үнэн" гэж бодсон зүйлээ зөрчигдөх болон эсрэг хандлагад хүмүүс наш ихээр дургүйцэн бухимдаж бас шанална.
"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"
...Монголын үндэсний их баяр наадмын сондгой даваануудад хүчит бөхийн цолыг дуудан, ам авсныг зарлахдаа:
Үнэн хүчийг үзэж
Барин авч барилдая гэв ээ хэмээн уянгалуулдаг. Үнэн хүчээ үзэн барилдах гэсэн нэгнийг " За чи энэ даваанд тэр бөхөд унаад өгчих. Чамд их мөнгө өгье. Чамд мөнгө, тэр залууд цол хэрэгтэй" хэмээн дарамтлах. Хэрэв эр зориг гарган татгалзвал " За яахав өөрөө л мэд. Чи бид 2 аль нэгэн даваанд учрах байлгүй" гэж заналхийлнэ.Аргагүйн эрхэн үнэн хүчийг үзэж биш, хууран мэхлэлтийг үзүүлэн худлаа унан жүжиглэнэ. Монгол бөхийн ертөнцөд орж ирэн хөгжсөн энэхүү цолны төлөөх " найраа", "бизнес", бүлэглэсэн дарамтаас залхахдаа, ард түмний хайрлан биширч, хүндэлдэг байсан "аварга" А.Сүхбат барилдахаас татгалзан "зодог тайлжээ".
Үнэн гэдэг заримдаа "мөнгө, хуйвалдааны өмнө" бүдэрдэг ажээ.
...Саяхан Монгол улсын ерөнхийлэгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, зохиолын дууны ертөнцөд орж ирээд удаагүй, хийж бүтээсэн зүйл нь төдий л ихгүй залуу дуучин Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ нарт "Монгол улсын гавьяат жүжигчин" гэдэг эрхэм цолыг олгосон нь багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн бухимдлыг хөөргөж орхисон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнчлэн, Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайтай болж, эх орныхоо нэрийг монголдоо төдийгүй дэлхийд дуурсгаж яваа, олон гайхамшигт дуучидтай харьцуулахад бас ч харамсмаар. Сүүлийн үед "гавьяат", болон "ардын' цолыг үнэн хөдөлмөр, авьяас чадвар, хийж бүтээсэнд бус "нутгийн зөвлөл" гэгчийн лобби, сонгуулийн сурталчилгаа, их мөнгөөр олгодог болжээ гэх хардлага, шагналын нэр хүндийн уналт, хүмүүсийг ихээр бухимдуулж буй.
Үнэн гэдэг заримдаа "хоосон алдар, гавьяагүй шагналын" өмнө бүдэрдэг ажээ.
... Өнгөрсөн жил болж өнгөрсөн УЙХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр, сонгуульд нэр дэвшиж, улс орноо "диваажин" мэт хөгжүүлж, ард иргэдээ "лусын хаан" мэт амьдруулна хэмээн амалж байж сонгогдсон олон эрхмүүдийг бид мэднэ.
Өдрөөс өдөрт ард иргэдийн амьдрал ядуурч, улс орон маань доройтон хямарч байхад, өдгөө тэд, өдрөөс өдөрт өнгө орон гялалзаж, өөрсдөө "лусын хаан" мэт баяжиж, "диваажинд буй" мэт жаргацгаана. Амьдралаа босгохын төлөө, алд биейин алжаалыг умартан, эх орондоо төдийгүй харь оронд ч хатуу хөдөлмөр хийж, хэцүү бэрхийг даван туулж яваа, олон олон залуусын дэргэд тэд " хэн?" билээ. Алд биеэ алжаалгахгүйгээр амар аргаар амьдран, худал хэлж, хууран мэхэлж буй тэд, нэгэн цагт бүдэрч унах "ангал" аа өөрсдийн өмнө ухаж буйгаа анзаарахгүй.
Үнэн гэдэг заримдаа "эрх мэдэл, заль луйврын өмнө" бүдэрдэг ажээ.
..."Хадгаламжийн" нэртэй банкны тооцоог хариуцаж байхдаа, уг банкнаас хууль бусаар 14 тэрбүм төгрөгийг авч БНСУ-ын казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр, өлсөхийн балагаар, арчаа муутайдаа хууль зөрчөөд хоригдож буй олон иргэдтэй адил ял эдэлж буй. Ард иргэдийн хадгаламжийн 14 тэрбүм төгрөгийг, хэн нэгний халаасны 140,000 төгрөгтэй адилтгаж болно гэж үү? Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа, олон зуун сая төгрөг авилгал хахуулаар, авч ашигласан гэх Баатар өнөөдөр ялаа эдэлсэн хэмээн суллагдаад, эрх чөлөөтэй явж байна. Санамсар болгоомжгүйгээс хэрэгт холбогдож, өдгөө зүрх сэтгэлийн шаналал, харамсалдаа "нулимс унаган" ялаа эдэлж суугаа олон залуус Баатараас дор гэж үү? Хууль гууль болж, хуйвалдаан өс хонзонгийн хэрэгслэл болж буй энэ үзэгдэл, "хуулийн өмнө хүн бүр тэгш байх" хуудуугүй зарчмыг хөсөрдүүлж буй.
Үнэн гэдэг заримдаа " худал болсон үнэн, хуулийн хуудууны өмнө" бүдэрдэг ажээ.
..."Миний хүү хичээж сайн суралцаарай. Сайн сурсан эрдэм, эзэн нь болж чадсан мэргэжил гэдэг л сайхан амьдралыг чамд авчирч өгнө" гэсэн ерөөлөөр үр хүүхдээ эрдмийн аянд үднэ. Хичээж сайн сурч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажил олохгүй. Ажил хэрэгч, өндөр чадвар, мэдлэгтэй хүн ажиллах орон тоон дээр нь хэн нэгэн эрх мэдэлтний "татаас" ны нэртэй "толгойгүй " эрхэм суучихаад өөрөө ч хөгждөггүй, улс орноо ч хөгжүүлдэггүй, яг л " зэлтэрийн гацаа" гэдэг шиг л болно. Аргаа барахдаа зарим нь амьдралаа авч явахын тулд "хувийн бизнес" хийж, арчаатай зарим нь гадаад оронд мэргэжлийнхээ ажлыг хийн өөрийгөө хөгжүүлнэ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээ өөрийн эх орондоо зориулж чадаагүйн бяцхан харуусал бий.
Үнэн гэдэг заримдаа "худал дүр эсгэгч, хоосон дагалдагчийн өмнө" бүдэрдэг ажээ.
1960-1970 аад оны үед Монгол орны төр засгийг хослон барьж байсан МАХН, "сэхээтний төөрөгдөл" нэрийн дор олон сайхан залуусыг буруутган, амьдаар нь яллаж, амьдралаар нь тоглосон юм. Тэр үеэс монголчууд айдасаа зүрхэндээ нууж, үнэннийг "шивнэж" ярьдаг болжээ.
-Энэ ч үнэн үгтэй шударга нөхөр юм. Гэхдээ хол явахгүй ээ, хөөрхий
-Уг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ л ...
"Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг" гэдэг гунигтай хэллэг тэр цагт дэлгэрсэн гэдэг. Туулайг гүйцдэг асан үнэний үхэр тэрэг алгуурхан сажилна. Үхэр тэрэгний дугуйн хяхнах дуу, олон олон хүмүүсийн сэтгэлд айдас хургаана.
1990 оны ардчилсан хувьсгал чухамдаа "үнэн" -ий төлөөх тэмцэл байлаа. Үнэн үг, шударга ёс гэдэг бол хүмүүсийн мөрөөдөл байсан юм. Ардчилал ялснаас хойш, зарим тохиолдолд арай хэтрүүлж байсан хэдий ч, хүмүүс алив зүйлд арай л бодитой хандаж, шударга байдал тогтож, үнэнийг ярьж эхэлцгээв.
Үнэний үхэр тэрэг сажлахаа больж цовоо гэгчээр хурдлана. Дугуйны хяхтнах дуу ч гайгүй болоо юу даа. Гэтэл... Яагаад ч юм бэ үнэний үхэр тэрэг бас л "эцэж" эхлэх юм. 2008 оны 07 сарын 01 нээс хойш улам бүр сульдах мэт. Хүмүүсийн сэтгэлд хургасан "уулын чинээ хар" айдас дунд, худал хуурмаг бүхэн үржиж, эцэстээ энэ бүхнийг "байх л зүйл мэт" хүлээж авах орчин бүрдэх нээ. Хүмүүс дахиад л үнэнийг "шивнэн" ярьж эхэллээ. Гэхдээ тэртээ нэгэн цагийнх шиг айдастай бус, бухимдаж, зэвүүцэн ярьж байна.
"Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ"
-Oдоо цагт үнэнээр яваад хэрэг байгаа юм уу?
-Аль зальтай, эрээ цээргүй, ичих булчирхайгүй нь сайхан амьдраад байна шүү дээ?
-Үнэн шударга явж байгаа нь хохирч байна шүү дээ
гэж хүмүүс бие биеэсээ асууцгаана. Хэрэв тэгж бодоцгоож байгаа бол бид бүгдээрээ л худал хуурмаг, муу муухай бүхнийг хийцгээх гэж үү?
Үнэн явдал, шударга үйлс өнөө ч, хэзээ хойно ч заавал ялдаг жамтай. Худал хуурмагаар, заль мэхээр, өнгө мөнгөөр өнөө бөх зүйл бүтэж, сайн сайхан болж буй мэт харагдавч, маргаашийн өдөр энэ бүхэн даан ч өчүүхэн, үнэ цэнэгүй зүйл болон хувирдагийг бид энэ амьдрал олонтаа харцгааж байгаа. Цаг цагийн эргэлтэд, хуучин шинийн харгалдаанд, ухаарч мэдрээгүйн эргэлзээнд өнөөгийн Монгол оронд минь "уулын чинээ хар" нүүрлэж буй нь үнэн. Тэвчээр, ухаарал, зориг тэмцлээр "туулайн чинээ цагаан" гүйцэх цаг ирнээ. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээн, тунгаах цаг болж буй.
...Амар хялбар, аль муу аргаар сайн сайхан амьдралд хүрч байгаа мэт харагдавч алсдаа энэ бүхэн үнс болон хийсч, адаг сүүлд нь сэтгэлийн зовлон шаналалд унан харамсах болдог. Биеэ үнэлж, хулгай хийж, бусдыг залилан луйвардаж өнөө сайхан яваа мэт харагдавч, сэтгэл амар амгалан, тайван амьдарч чадна гэж үү?
Үнэн гэдэг бусдаас, амьдралаас авах ухаарал юм.
...Өөрийн боломж хүч чадлаар бус, өрөөл бусдын татаас дэмжлэгээр өнөө болж буй мэт боловч, маргааш энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болж орхино. Өнөөдөр чамайг ашиглан өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх нэгэн, маргааш чамайг өчүүхэн ч өрөвдөлгүй хаяж одох бөгөөд, нөгөөдөр өөрөө өндрөөс няц унах тавилан буй.
Үнэн гэдэг өөртөө итгэх итгэл, бас найдвар юм.
...Бүх нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм гэгч, бидний хандах зүг, хэм хэмжээ, баримтлах чиглэл маань юм. Дагаж мөрдөөд, сахиж сануулаад тайван амьдрахын оронд зөрчиж, зөрүүдлээд бие болоод сэтгэлээ чилээх хэрэг юун. Хүн бүр л өөрийнхөөрөө тайван амьдрахыг хүсч буй. Үүний баталгаа нь энэ хууль дүрэм юм.
Үнэн гэдэг бие биеэ хүндлэх, дагаж мөрдөх хууль, дүрэм юм.
... Бусдын үйлдэж буй шударга бус явдал, луйвар, хууль бус үйлдэл өнөө эс гэхэд маргааш та бидэнд муугаар нөлөөлөх болдог. Өөрт хамаагүй хэмээн "нүдэн балай, чихэн дүлий" өнгөрөхөд нэгэн цагт таниг бухимдуулах шалтаг болно. Өөрсдөө бид тэвчдэг юм аа гэхэд үр хүүхэд минь бас л энэ "хар үзэгдэл" дунд амьдрах болно. Ганц нэгээрээ бус, атгасан гар шиг нэгдэж, үнэний төлөө тэмцэх цаг ирдэг.
Үнэн гэдэг маргаашийн сайн саихны төлөөх тэмцэл юм.
...Өөртөө бий болгосон таны итгэл үнэмшил, үзэл бодол, хүмүүжил тан; өөрийн тань хувьд "туйлын үнэн" юм. Өөртөө итгэлтэй, хатуу чанга зорилготой байж, өөрийнхөөрөө зөв амьдрах гэдэг юутай сайхан. Энэ "үнэн" тань таныг гэрэлтүүлж, амьдралыг тань утга учиртай, бас баяр баясгалантай болгоно.
Үнэн гэдэг амьдралын эрч хүч, баяр баясгалан юм.
Үнэн гэдэг амьдралын талх юм. Та буруу зүйл хийхгүй, бусдыг баярлуулж, бас сайн сайхнаар нөлөөлж, тэр хэмжээгээрээ бусдаас хариу талархал, сайн энерги авч байдагт л үнэний ид шид оршино.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж, уулын чинээ хар сүүдрийг туулайн чинээ цагаан гүйцэж, амьдралыг яг л нар мэт гэрэлтүүлдэг гэнэм.
Шударга үнэн хэзээд ялах болно.

Thursday, March 26, 2009

Bill - World Traveler

http://www.mynameisbill.com/

29 years old
SAN FRANCISCO, California
United States

Та бүхэндээ Америк залуугын нүдэээр өнөөдрийн Монгол орныг маш сонирхолтойгоор харуулсан бичлэгүүдыг үзэхийг санал болгож байн Гадны хүний нүдэнд юу нь сонин сонирхолтой содон байдагыг бид бас сайн мэдэхгүй гэхдээ энд Монгол орны өнөөгий хөгжлийн хамгийн хүнд асуудалыг гаргаж чадсан нь миний хувьд үнэхээр сонирхолтой санагдлаа ингээд та ч гэсэн элгэн халуун Эх ороноо Америк залуугын аялалаар сонирхоод нэг үзээрэй





Wednesday, March 25, 2009

Monday, March 23, 2009

Шувуу


Бүлээн

Би гуниг цалгисан нууранд ганцаараа хөвсөн хүн шувуу
Би гэмшил унган нисэхдээ гэрэл хайсан зөнч шувуу
Би итгэлийн халуун галыг эмзэгхэн далавчаараа сэвсэн галч шувуу
Би эргэн эргэн буухдаа элгээрээ илж нуураа аргадсан холын шувуу

Би өглөөний наранд уянга зүүж,учрал билэгдсэн
Би нарны шувуу
Би үдшийн сарны гэгээнд үнэний шигтгээ болж хөвсөн
Би гэрлийн шувуу
Би хайр хүсэн дэвэхдээ халуун насаа шатааж ниссэн
Би цаг хугацааны шувуу
Би хамгийн сүүлчийн удаа хагацал үлдээж нисэхдээ
Халуун үгсээ хань болгон үлдээх

Би шүлэгч шувуу

Friday, March 20, 2009

Хаврын улиралд элэг таны бие махбодийг бүхэлд нь удирддаг

их эмч Г.Цэнд-Аюуш

Хаврын улиралд элэг таны бие махбодийг бүхэлд нь удирддаг

Хүмүүс зүрхээ цохилдогоор нь, уушгиа амьсгалдагаар нь өлссөн үедээ ходоод гэдэсээ хоржигнон дуугарч байгаагаар нь төсөөлөн мэдэрдэг бол нам гүм чимээгүйхэн байдаг элгээ тэр болгон анзаардаггүй. Элэг хүний биеийн жингийн 2-3 хувийг эзэлдэг хамгийн том эрхтэнүүдийн нэг бөгөөд тархинаас ч хэмжээгээрээ томд тооцогддог. Байршлын хувьд хэвлийн баруун дээд хэсэгт хавирганы нумын харалдаа ард байрладаг. Баруун, зүүн гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд баруун нь зүүнээсээ зургаа дахин том, цул эрхтэн. Элэг артерийн судсаараа зүрхнээс хүчилтөрөгчөөр баяжигдсан цусыг, венийн судсаараа ходоод нарийн гэдэснээс хоол тэжээлийн шимт зүйлсийг агуулсан цусыг хүлээн авч “Цусыг агуулах” эрхтэн болдог. Элэгийг хүний биеийн “биохимийн лоборатори” ч гэж нэрлэгддэг.

Элэг таны бие мах бодид ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?
-Бүх бие мах бодийг хоргүйжүүлнэ.
-Уургийн солилцоонд оролцоно.
-Нүүрс, усны солилцоонд оролцоно.
-Витамин эрдэс бодисын солилцоонд оролцож, витамин А, Д, төмөр, зэс, В-ийн төрлийн витаминууд болон ялангуяа В-12- ийн синтезэд идэвхитэй оролцож тэдгээрийг нөөцөлж авдаг.
-Булчингийн үйл ажиллагаанд оролцоно. Булчинлаг, шөрмөслөг харагдах нь таны элэгний үйл ажиллагаа сайн байгаагийн шинж.
-Бэлгийн гормоны үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.
-Бидний хэрэглэсэн эмийн бодисыг биед шингээх үйл ажиллагаанд оролцоно.
-Бидний оюун ухааныг саруул, тунгалаг байлгаж,сэтгэн бодох чадварыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглэснээс биед илүүдэл хэмжээний аммиак хуримтлагдахад хүрч, энэ нь оюун ухааны чадварыг бууруулж амархан мартамхай болгодог байна.
-Арьсны өнгийг хэвийн байлгаж,уян хатан чанарыг нь хадгалж байдаг.Таны арьс хэдий чинээ өнгөлөг сайхан харагдана элэг тань төдий чинээ эрүүл байна гэсэн үг.
Эртний Монгол-Түвдийн анагаах ухааны сударт “Элэг хаврын эхэн сарын шинийн нэгнээс далан хоёр хоногийн турш бие махбодийг удирдах ба дараах арван найман хоногт дэлүү удирдана” хэмээн бичсэн байдаг. Энэ нь хаврын гурван сарын турш элэг дэлүүний үйл ажиллагаа идэвхижиж ачаалал нь ихэсдэг гэж дурджээ. Мөн элэг, нүд хоёрын үйл ажиллагаа харилцан холбоотой хэмээн онцолсон байдаг. Тухайлбал элэгний “Цэцэг эрхтэн нь нүд” хэмээсэн байх бөгөөд элэгний өвчин, зовиурыг оношлохдоо нүдийг сайтар шинжих хэрэгтэй гэсэн байна. Нүд улайх, шарлах нь элэгний өвчнүүдийн үед гарах онцлог шинж тэмдэг бөгөөд нүдний хараа хүртэл мууддаг. Элэгний тухай энэ мэт Монгол-Түвдийн уламжлалт эмнэлэгийн онол нь эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг ба ялангуяа эмийн эмчилгээ нь гайхалтай үр дүн үзүүлж буйг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа баталсаар байгаа билээ. Хуучны мэргэд ,өвгөд дээдэс маань оточ эмч хүний өөрийн нүдээрээ “Ойн зин хийсэн”-Танин барьж өөрийн гараар хийсэн эм нь авралын рашаан болох нь мадаггүй хэмээн хэлцэн ярилцдаг байсан аж.Элэгийг ачаалал ихтэй ажиллах хаврын улиралд зөв тэжээллэг хоол унд хэрэглэж, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, амьдрал ахуйн дэглэмээ зөв зохицуулах нь элгэндээ тус болж, эрүүл мэндээ хайрлаж буй сайн хэрэг юм.Элэгний үйл ажиллагаа хямарч, өвчлөх нь хаврын улиралд элбэгшдэг.
Хэрвээ танд доорхи шинжүүд илэрвэл эмчид ззавал хандах хэрэгтэй. Үүнд:
-Биеийн жин хэт нэмэгдэх
-Гэдэс хэвлий дүүрэх
-Хоолны шингэц муудах
-Амархан ядрах
-Толгой байнга өвдөх
-Зан ааш өөрчлөгдөх
-Амнаас эвгүй үнэр гарах
-Хэлэнд цайвар,зузаан өнгөр тогтох
-Өтгөн байнга хатах
-Бие шарлах
-Биеийн дулаан өөрчлөгдөж ,хэт даарамхай эсвэл халуурах
-Холестрол ихдэх
-Цөс өвдөх
-Элэг өөхлөх
-Цусны даралт ихдэх
-Харшимтгай болох
-Бага хэмжээний архинд амархан согтох
-Огцом турах

Элэгний өвчний үед гарах онцлог шинжүүд:
-Амархан ядрах
-Баруун талын хавирганы нуман доогуур өвдөх
-Халуурах
-Томуу төст шинж тэмдгүүд илэрч-үе мөчөөр өвдөж хоолонд дургүй болох
-Бөөлжис цутгаж, арьс загатнах, арьс, нүд шарлах, улайх, толгой өвдөх
-Гэнэт ихээр турах
-Зан ааш өөрчлөгдөн уур уцаартай болох
-Гэдэс дүүрч, цардайх

АНУ-ын элэгний өвчин судлалын холбооноос гаргасан элэгний өвчнөөс сэргийлэх 12 шалгарсан зөвлөмж:
-Өөрийн биеэ чагна
-Өдөрт 8-10 аяга буцалсан ус байнга ууж бай.
-Гэнэт ихээр идэхгүй,сахар бага хэрэглэх
-Хүнсний зүйлсийн калорийг тооцож сурах
-Харшил өгдөг хүнсний зүйлээс татгалзах
-Ариун цэврийг сайн сахих
-Стресст орохоос сэргийлэх
-Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн “Органик” хоол тэжээлийг хэрэглэх
-Уургийг зөвхөн мах ,сүүнээс авахыг чухалчлалгүй ургамлын гаралтай уураглаг хүнс хэрэглэх
-Чанартай зөв хадгалсан буюу аль болох шинэ ургацын ногоо хүнсэндээ хэрэглэх
-Өтгөн хаталтаас үргэлж сэргийлэх
-Өөх тослог зүйлээс аль болох татгалзахМөн бохир заваан байх нь элэг өвчлөх шалтгаан болдог. Архи тамхи элэгний дайсан. Бэлгийн замбараагүй хавьталд орохоос сэрэмжлэх, хэрэв бэлгийн хамтрагч тань элэгний өвчтэйг мэдсэн бол даруй шинжилгээ хийлгэ. Эмийн бодисыг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэхээс татгалз, ялангуяа синтетик витаминууд. Янз бүрийн тураах бэлдмэлүүд, бэлгийн чадавхи сайжруулдаг эмүүд элэгний үйл ажиллагаанд хортой гаж нөлөө үзүүлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бнлаазалсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалз. Буруу хадгалсан, хугацаа дууссан хүнсний зүйл хэргэлэхгүй байх. Шарсан хуурсан зүйл бага хэрэглэ.Элэгний үйл ажиллагаанд сайн хүнсний бүтээгдэхүүнүүд:
Загас, тахиа, үхрийн мах
Сүү тараг, ямааны сүү, гүүний шинэхэн саам, шар буурцагны сүү (soy milk)
Шинэхэн хүнсний ногоо
Цагаан, хүрэн цэцгэн, далайн байцаа, сонгино, сармис, лууван, улаан, ногоон, шар чинжүү
Мөөг, өргөст хэмх, бүх төрлийн төмс
Бүх төрлийн будаанууд - цагаан, бор, хөц, шар гурвалжин
Вандуй болон бүх төрлийн шошнууд (бөөрөн,буурцган г.м)Хэрэв та элэгний өвчнөөр өвдвөл эмчийн хяналтанд орж эмчилгээний хоолны дэглэм барих нь чухал.Эцэст нь элэгээ хэрхэн зөв эрүүл байлгах нь танаас шалтгаална гэдгийг үргэлж санах хэрэгтэй

Monday, March 16, 2009

Sunday, March 15, 2009

Thursday, March 12, 2009

About Body Cleanse

Бие организмаа хоргүйжүүлэхийн тулд өдөр тутмын хоолны цэснээс өөх тостой, шарсан хоолыг хасах шаардлагатай. Яагаад гэвэл элгэнд хуримтлагдсан өөх тос нь бие махбодийг илүү ихээр хордуулдаг. Үүнээс гадна сахарын хэрэглээнээс татгалзахыг зөвлөе. Учир нь сахар нь гэдсэнд орсны дараа элдэв төрлийн бактер үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг. Үүний сөрөг үр дагавар нь таны бие махбодид уг бактеруудаас ялгарсан хорт бодисууд илүү ихээр хуримтлагдана гэсэн үг.
Өнөөдөр судлаачид өдөрт нэг литр цэвэр ус эсвэл нэг литр нимбэгтэй ус, сахаргүй хүйтэн цай уух хэрэгтэй хэмээн үзэж байна. Шар чинжүү, амтат гуа, тоор жимс нь хөгшрөлтийн процессыг удаашруулж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг бета-каротиныг хамгийн их хэмжээгээр агуулсан байдаг. Алим нь бие махбодийн холестерины түвшинг бууруулж, хүнд металлын ионуудыг шингээн гадагшлуулдаг онцлогтой.
Сармис цусыг цэвэрлэдэг тул өдөрт ядаж нэг хумсыг хэрэглэ. Бас фенхель буюу эмчилгээний гоньд нь хоол боловсруулах үйл ажиллагааг тогтворжуулна. Харин амтлагчаас имбирь буюу сүрэв гаа, кайенский перецийг түлхүү хэрэглэж байвал сайн. Энэ амтлагч нь хоол боловсруулах үйл ажиллагааг түргэсгэн биед хуримтлагдсан хорыг арьсаар дамжуулан гадагшлуулдаг бол хаин сонгино, сармис нь бие органимаас хүнд металлыг зайлуулах үйлчлэл үзүүлдэг баина. Хүрэн манжин хүчилтөрөгчийг баяжуулж, ходоодны үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Усан үзэм нь бөөр, элэгний үйл ажиллагааг сэргээдэг. Тарвас нь маш сайн шингэн хөөгч болдог. Эдгээр жимс ногоо нь бие организмаас илүүдэл шингэнийг туухын зэрэгцээ уг шингэнээр дамжуулан биед буй хорыг гадагшлуулна.

Sunday, March 8, 2009

Миний Хайр




Энэ киног "Анхны хайр" гэж орчуулжээ Миний бодлоор "Миний хайр" гэж орчуулвал арай ойр дөхөм санагдаад миний хайр гэж блог дээрээ оруулж байгаад уучил хүсьеэ!

Хорвоо дээр хүн бүр давтагдашгүй өвөрмөц.

...Хавартай хамт ирсэн дурлалыг битгий буцаагаарай
Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц
Бурханаас зээлдэж авсан үзэсгэлэн гоо бүхнээ
Буцааж өгөхөөс л хойш харамлаад юугаа хийх вэ ...

Friday, March 6, 2009

Ээжтэй хүн эрхэлдэг юм.

Ээж минь

Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ.

Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй...

...Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шүүдрийг, нүцгэн хөлөөрөө үсчүүлэн гүйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бүлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хүний зүрх сэтгэлийн уянгыг хөглөж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.
Энэ сайхан ертөнцөд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хөхөөрөө хурайлж, бүүвэйн дуугаараа аргадан өсгөжээ. Өвдчих вий гэж үүлнээс хүтэл халхалж, өлсчих вий гэж бусдаас хүртэл харамлаж, зүрдэх вий гэж үйлээс хүртэл аргадаж, яг л өндгөө дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж өсгөж дээ ээж минь.
Хааяа зэмлэж үглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны өндөг нь хүртэл зөөлөн байдаг, "эвий үр минь " гэж тэвэрч үнсэхэд хүртэл, элэг зүрхний гүнээс хайр нь ундран байдаг сүү шигээ цав цагаахан сэтгэл эх хүнээс өөр нэгэнд бий билүү.
Хорвоогийн жаргал зовлонг хүүхдүүдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хүсэл мөрөөдлийнхээ сайхан биелэлийг хүүхдүүдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хүрэхгүйн шаналал, хүлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л үглэж аргаддаг, хоёргүй ховорхон сэтгэл эх хүнээс өөр хэн нэгэнд бий гэж үү.
Өнгөтэй, амттай, сайхан бүхнээ өөрөөсөө харамлан байж үрдээ л хадгалдаг, үүд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, өвдөж ядрах үед нь үгийн урмыг сүүн сэтгэлээр сүлэн эдгээдэг өгөөмөр ачтан, эх хүнээс өөр буй буюу.
Бид анзаардаггүй.
... Ээжинхээ сүүг татрахгүй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгүй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгүй юм шиг санах, омголон хөөрүү насандаа даан ч олон зүйлийг анзаарч ухаардаггүй юм даа бид.
-Өөриинх нь төлөө үглэж зэмлэх сэтгэлийг нь "өө ээж яршигтай юм" гэж тээршээнэ. Өмөлзөж, гомдох сэтгэлийг нь үүдээ хаяад гарахдаа үл анзаарч, хамтад нь хааж одох. Өөрийнхээ төлөө бус үрийнхээ төлөө л гэж үглэн дуулах "буруу ч", "тээртэй ч" энэ л үгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггүй.
-Хааяадаа ээждээ очихдоо "ээж сайн уу?" гэсэн хайхармжгүйхэн мэндийн хариуд "ээж нь сайн" гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хүртэл "за, яамай даа" хэмээн бодолдоо тайвшрана. Өөдөсхөн багадаа өвдөж халуурахад нь биедээ нааж өөртөө халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бүлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. 'Үр минь. өвчингүй эрүүл байвал, өтөл миний өвдөх ч яамай" гэж хайхрамжгүй хандах тэр л хандлагыг өөрөөсөө өмөөрөх сэтгэлийг бид анзаардаггүй.
-Хаа нэгтэй, харж үзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж өгөхдөө, "яахнав дээ хүүхдүүд минь, яасан ч их юм бэ?" гэж уулга алдахад нь төрүүлж өсгөсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Өгсөн жаахан юмыг тань өөртөө бус өрөөл бусдад "хүүхдүүд авчирч өгсөн юм" хэмээн хөөрцөглөн түгээх эхийн сэтгэлд өнгө мөнгө бус хайр халамж үгүйлэгдэж байдгийг бид анзаардаггүй.
-Энд тэнд элдэв тоглолт үзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шүлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа "шүүдрийн мөнгөн дуслаар" биш сүүгээр сүлсэн цай чанаж, шөл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггүй. Хийх гэсэн үйлдэл бүхний хариуд "юүхэв хүүхдүүд минь" гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хүсч л суудгийг бид анзаардаггүй.
-Ажил амьдралдаа үүртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. "Та минь давгүй юу?" гэх асуултын "давгүй хүүхдүүд минь, ээж нь алзахгүй, надад юунд санаа зовох вэ" гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, өгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Өтөлж ганцаардаж, өвдөж ядрахдаа хүйн холбоотой хүүхдээ л хүлээж суух эх хүний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггүй.
Энэ ертөнцөд бид өөрсдөө сонгодоггүй, сонгох ч эрхгүй хэдий ч эх хүнд үр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгүй байхын арга үгүй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхүү эх хүний сэтгэл юутай зүйрлэшгүй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хүн бидний үүрэг юм шүү дээ.
Ээжтэй хүн л эрхэлдэг.
... "Эвий үр минь" хошуу цорвойлгон, гар сунган, эрхлүүлэх эхийн сэтгэлийн гүнд юутай ч зүйрлэхийн аргагүй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа өөрөөсөө тасарч унасан үр хүүхдээ хайрлан эрхлүүлдэг агуу зөн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа үр хүүхдээ буруутгахаас илүүтэй, дотор сэтгэлдээ өөрийгөө л буруутгах хэрнээ өрөөл бусдаас ямагт өмөөрнө.
-Айлын хүүхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хүүхдээ "больж, чиний л буруу шүү дээ" хэмээн зандравч, "хөөрхий үр минь өвдөө болов уу" гэж дотор сэтгэлдээ "нулимс унагана".
-Тааруухан сурч буй хүүхдээ "байг миний хүү, малд нүдтэй, ажилд сайн юм чинь" хэмээн багшаас нь өмөөрч, дотор сэтгэлдээ "хэрэлдэнэ".
-Сархадад хөлчүүрч, савлаж орж ирэх хүүгээ "согтуу толгой чи " хэмээн зэмлэвч " маргааш толгой нь өвдөх байх даа " хэмээн дотор сэтгэлдээ "эмчилнэ".
-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хүүхдүүдээ "хүний үрийг зовоогоод чи" хэмээн зандравч, "хөөрхийс минь учраа олохгүй л байна даа" хэмээн дотор сэтгэлдээ "ярин шанaлна".
Эх хүний үр хүүхдээ өмөөрч, өөрт нь хир халдаахгүй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зөвөөр ойлгож. зөв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлүүлэхийн энэ л зааг дээр өдгөө олон хүмүүс амьдралд хөлөө олохгүй "хазгай гишгэж", "зовж зүдэрч", " хэлээ зажилж", "нялхарч" яваа нь нууц биш. Энэ бүхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггүй. Эх хүний үрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж үү? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь өмнө, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж үү?
Энэ хорвоод ээжтэй хүн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ.
Төгсгөл.
Тун удахгүй олон олон жил бидний тэмдэглэж заншсан, "мартын 8" хэмээн нэрлэдэг баяр болно.
Амьдралын эрхээр харьд ажиллаж амьдарч яваа олон монголчуудыг ээж нь хүлээж суугаа. "Ажил үйлс нь бүтэмжтэй байг" хэмээн аагтай цайныхаа дээжийг тэнгэт цацлан өргөж байгаа. Хаа нэгтээ илгээх харь мөнгөний дээжийг хэтэвчиндээ бус бурханыхаа өмнө тавьж, "эсэн мэнд явж, энх тунх байж. их мөнгө олж, элбэг сайхан ам;драг" хэмээн залбирч л суугаа. Элэг бүтэн. тайван амьдралыг, их мөнгөтэй давчуу амьдралаар сольж байгаа, энэ бусармаг цагийн жихүүн салхи удаан үлээхгэй ээ.
Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай
Хайр энхрийлэл дүүрэн дууг нь нэг сонсоорой
Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй
Санчигных нь буурал үсийг утасны цаанаас илбээрэй
Эх болсон, эх болж байгаа, эх болох гэж байгаа олон сайхан монгол бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, сэтгэл тань үргэлж сүү шиг цагаахан байж, ажил үйлс тань өөдрөг сайхан байж, амьдрал тань хайр энхрийллээр дүүрэн байхыг ерөөе.
Хайртай үрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бүрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа байгаа бүсгүй хүнээс илүү сайхан нь хорвоо ертөнцөд хаана байх билээ. Дээд тэнгэр та нарыг минь ивээг

Гомбосүрэнгийн Галбадрах.

Thursday, March 5, 2009

Cаран гоо бүсгүйчүүддээ

Орчлонгийн бүх ээжүүд хамгийн сайхан бүсгүйчүүл...

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе!

minii eej temeechin.mp3 -

Oseam


Synopsis

Based on a fairy tale by by Korean writer Jeong Chae-bong, this is a tale about orphan boy Gilson and his blind sister Gami, who are taken care of by Buddhist monks at a temple. The drama unfolds as Gilson follows a monk up to a mountainside temple to learn more about the soul's eye, so he can teach it to his sister so that she can see the world again with her own eyes.

энэ киног үзээд баахан уйлав. Ямартай ч та бүхэндээ заавал нэг үзээрэй гэж хэлий...

Monday, March 2, 2009