Monday, March 30, 2009

Нэрээр минь дуудсаар

Зүрхэнд цогшсон хайрын дөл чинь
Зүггүй салхинд бөхийхийн цагт
Зангидаж өгсөн итгэлийн торгон алчуур минь
Зуурхан шуурганд алдуурахын цагт
Өвдгийг минь дэрлээд шивнэсэн үг чинь
Өвсний толгойд шүүдэр болон бөнжигнөхийн цагт

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын гашуун амтыг бүү мэдрүүлээрэй

Нүгэлийн тамгаггүй тэгш заяа гэж байдаггүй юм
Намрын гэгээгүй бүлээн харц гэж байдаггүй юм
Цэн цэнгээр гэмширэх нулимсаа
Цээжний нөмөрт минь ирж асгаарай
Уйлахын дайтай гэмшил чамд минь байгаа бол
Уучлахын дайтай уяхан сэтгэл надад байдаг юм
Уулын үзүүрт уяатай бардам харц чинь
Урсах нулимстайгаа хамт хайранд минь багтдаг юм шүү
Гэмшилийн нулимс нүдэнд чинь зохидог болохоор
Уучлашгүй гэм гэж чамд минь үгүй
Гэгээн аялгуу зүрхийг минь аргаддаг болохоор
Марташгүй шарх надад үгүй ээ

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирж байгаарай
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй