Би намрын тэнгэрт хоригдон амьдарсан шувуу
Биелэшгүй бүхнээр хүсэл болгон амьдарч
Билгийн гэгээг дотроосоо тэмтчин бэтгэрч
Бүүдгэр тэнгэрийн хоосоноос өөрийгөө хайсан шувуу
Би намрын тэнгэрт хорогдон амьдарсан шувуу
Нуурын мандалд дэлбээлсэн цэцгийн гэгээнд сатаарч
Нууцхан эгшиглэх гунигт аялгуунд уярч
Шаналал үл танигдах өнгийн орныг зорилгүй
Шүүдрэн уянгат шаргал тэнгэрт хорогдон амьдрах шувуу
Би намрын тэнгэрт дүүлж амьдрах шувуу
Бүлээхэн бодлоор жихүүн жаврыг үргээж
Буйдхан эргэх аниргүй хорвоог
Битүүхэн жиргээгээр хөглөж
Бэлгүй тойрох цагийн салхитай наадсаар
Би намрын тэнгэрт бардам халих шувуу
Ц.Бямбажаргал