Monday, May 31, 2010

Цагаан зээр, Монгол бүсгүй хоёр эх нутагтаа эзэн болно

Харьд буй Монгол бүсгүйчүүддээ
Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л ява
а

Бурхан, бүсгүй хүнийг бүтээхдээ хад мэт хатууг зөөлрүүл хэмээн ус шиг зөөлөн аашийг, харааг булаан сэтгэл баясга хэмээн цэцэгс мэт гоо үзэсгэлэнг, жаргал зовлонг тэнцүүл хэмээн нар мэт хайр халамжийг цогцлоожээ.

Нээрээ бодох ахул бүсгүй хүнгүй ертөнц гэгч, хатуу харгисын харгалдаан, хайр өршөөлгүй цэвдэг сэтгэл, харанхуй шөнө мэт хүйтэн, зэврүүн аж. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд хөөрхөн. Учир нь тэд бүгдээрээ хэн нэгэнд таалагдаж, дурлуулж, эхнэр нь болдог.


Эр хүний зүрхийг уярааж, өөрийнх нь төлөө бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүллийг бүсгүй хүнээс өөр хэн өгч чадах. Дурласан бүсгүйдээ өгөх цэцгийн баглаагаа түүнтэй адил гоё сайхныг сонгож, өгөх бэлгээ түүндээ тааруулж, таацуулахыг хичээх сэтгэлийг тэд л төрүүлж чаддаг.


Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд ямар ч саад бэрхшээлээс үл ажрах эрч хүчийг бүсгүйчүүд л эр хүнд өгдөг аж. Хайрлан дурлаж, амталсан аз жаргалаасаа хацар нь туяарах бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээс илүү сайхан нь юу билээ.


Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд гайхамшигтай. Үхэл амьдралын зааг дээр өөрийн биеэ хэсэглэн байж, өвдөж уйлахын гаслант мөчийг тэвчин байж үрээ төрүүлдэг нь бүсгүй хүний нэгэн гайхамшиг. Өөрийн мах цуснаас тасран унасан бяцхан үрээ хайрлан энхрийлсэн харц, хөхөө үлгэн өмөлзөх төрхийг нь өхөөрдөн хайрлах сэтгэл, зүрхэнд нь урсан урсах хайр энэрлийг юутай ч зүйрлэшгүй.


Урсан урсах амьдралын үргэлжлэл, удам залгах үр хүүхдийг нь төрүүлж өсгөдөг гайхамшиг бүсгүй хүнээс өөр хэнд заяасан гэх. Хайртай үрээ тэврэн бүүвэйлэх бүсгүй хүний сэтгэл шиг хайлган нь хаа билээ. Энэ ертөнцийн бүх бүсгүйчүүд ааштай. "Өө архичин минь энэ амьдралаа хараач" гэж үгэлж байвч, шарыг нь тайлах гэж бантан хийж байдаг. "Өөдгүй арчаагүй чи бусдыг хараач" гэж зэмэлж байвч сэтгэлдээ өмөөрч байдаг.


"Чи минь мундаг шүү" гэж магтаж байвч, атаархал бүсгүйчүүд минь олон ааштай. Ханилсан ханиа, эр нөхрөө хатуу бүхний өмнө сөхөрч бүү унаасай гэж, халуурхан онгирч бүдэрч бүү сөхрөөсэй гэж гаргах олон ааш аяг нь амьдралынхаа сайн сайхны төлөө л байдаг. Ханилсан ханиа хатгаж хурцлан, юуг ч хийлгэж чадах бүсгүй хүний зүйргүй билээ.


Харьд буй Монгол бүсгүйчүүддээ

Ороо бусгаа цагийн энэ шуурганд олон олон монгол бүсгүйчүүд харьд ажиллаж, амьдарч яваа. Амар хялбар жаргах гэж бус амьдралын хүнд ачааг нуруундаа үүрэн сувдан зүүлтний төлөө бус, алдагдаж мэдэх, нурж магад амьдралынхаа төлөө зүтгэж л яваа.


Харь эрийн шүлэнгэтсэн харцнаас гоо үзэсгэлэнгээ нууж ядан, хатуу ажлын ул мөр хагарч эвэршсэн гараа харж ядан хүнд үйлдвэр, цэвэрлэгээ угаалга, халуун хоол, хөгшид асрах ажил хийнэ. Харин тэд ингэж олсон мөнгөөрөө өөрийгөө бус үр хүүхэд, үлдсэн амьдралаа босгох гэж хичээж байгаа. Зарим нь мэдлэг, авьяас чадвараа гайхуулж, дэлхийд нэртэй банк, загварын агентлаг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, урлагийн тайз, спортын тавцан, бусад олон газар амжилт гаргаж явна.


Ажилсаг авхаалжтай, халамжтай бас ухаантай монгол эхнэрээрээ гоёж, гайхуулан бардамнаж яваа олон харь эрчүүд бий. Хаа нэгтээ тааралдах, харь эрсийн боол болсон харц доогуур, сэтгэл гундуу харь газрын олон бүсгүйчүүдээс омог бардам, толгой дээгүүр явдаг монгол бүсгүйчүүдээрээ бахархдаг шүү. Хатуу хүнд ажилд хагарч эвэршсэн гарын чинь тэртээд, эвдэрч хувираагүй сэтгэл тань бий гэдэгт итгэдэг. Өнөөдөр ядарч зүдэрч байвч, маргааш өөдрөг сайхан амьдрах тавиланд тань итгэдэг. Хүнд бэрх цагт босоо амьдралын төлөө зүтгэсэн зүтгэл тань, хожмын нэгэн өдөр монгол орны хөгжилд нэмэр болно гэдэгт итгэдэг.


Цагаан зээр, монгол бүсгүйчүүд эх нутагтаа эзэн болох цаг айсуй. Гуньж ядарсан сэтгэлээ сархадаар бүү даруулаарай, сэтгэл уйлдаг юм. Омог бардам сэтгэлээ өөдрөг сэтгэлээр хөглөөрэй, сэтгэл хөнгөрдөг юм. Энэ нэгэн үдэш, эх орон ард үлдсэн амьдралаа гэрэлтэй сайхнаар дурсаарай,

итгэл батиждаг юм.


Г.Галбадрах

I understand that to be loved by others is great joy.

MOMENTOlS from Nuno Rocha on Vimeo.

Saturday, May 22, 2010

I love living life. I'am happy Nick Vujicic

Та өөрийгөөн сайханд итгэ, өөрийгөөн үнэ цэнэтэйд итгэ, хэн нэгэний амьдралын нэгэн хэсэг гэдэгтээн итгэ. Та хайртай гэдэг үгийг хэзээ ч битгий хэн нэгнээс бүү харамла!
Хайр гэдэг өөрөө гайхамшигт увьдасыг агуулсан агуу хүч юм.

Хайртай гэдэг үгэнд зөвхөн хайр дуралалыг тусгаагүй бөгөөд найз нөхөд, гэр бүл, сэтгэлдээн нандин гэсэн бүхнийг чинь хамааруулж хэлсэн юм шүү

Надад хэдийгээр бусдын адил 2 гар, 2 хөл байхгүй ч би бол өөдрөг үзэлтэй энгийн л хүн. Хүмүүс намайг хараад гайхаж цочирдох явдал байдаг. Энэ бол асуудал биш. Хүн өөрт байхгүй зүйлээн хүсэж мөрөөддөг, байхгүй зүйлээрээн байсан бол тэгнэ, ингэнэ гэж төсөөлдөг... Харин өөртөөн юу байгааг бодож, юуг хийж, бүтээж чадхаан тэр бүр бодоод байдаггүй. Би 8 настайдаан бодож байлаа : Би хэзээч ажил хийж амьдрал толгойлж эхнэр авч чадахгүй. Ямар бүсгүй надтай гэрлэж, би ямар хүнд сайн хань болж чадах билээ...? Амьдрал гэдэг төгс байдаггүй юм байна.

Зарим хүмүүс надаас асуудаг юм. Чи яаж ингэж их инээж, аз баяр баясалтай байж чадаж байнаа? Харин би тэдэнд энийг ярвал их урт түүх болноо гэхдээ бас маш хялбархан гэж хариулдаг. Заримдаа амьдралд инээд баясалтай байхад хүнд мөчүүд тохиолддог. Чиний мэдэхгүй, ойлгохгүй давж гархад хэцүү зүйлсүүд болдог. Яг л хүчтэй шуурга шиг. Шуурга хэзээ дуусах, хэр удаан үргэлжилэхийг мэдэхгүй байхтай адил. Гэвч үзэл бодол, зорилоготоон тууштай, тэвчээртэй байж чадвал чи давж гарна гэж би боддог. Тэвчээртэй байна гэдэг өөрөө маш хүнд зүйл. Хэдийгээр би эхнэрээн гараараан тэвэрч чадахгүй ч би эхнэртээн хэлж байсан : надад чамайг хайрлаж тэвэрхэд гар ч бай юу ч бай надад хэрэггүй ээ, би чамайг хайрлаж чадна...

Надад айдаг зүйл байдаг. Хүн өөрийгөөн хөсөрт хаяж хэн ч биш болгохоос би айдаг. Та өөрийгөөн сайханд итгэ, өөрийгөөн үнэ цэнэтэйд итгэ, хэн нэгэний амьдралын нэгэн хэсэг гэдэгтээн итгэ.





Thursday, May 20, 2010

Шүлэг болон цааснаа бууна

Урт урт өдрүүд уйтгар нэмэн зөрж
Уйланхай тэнгэр цас унган газар үнсэж
Уруул даваагүй үг сэтгэл даран хөндүүрлэхгүйд
Ухаарал сэрэхүйгээс тасарч навч шиг хийссэн гуниг минь

Шүлэг болон цааснаа бууна

Зүрх минь минийх биш ч миний төлөө цохилолж
Зүүд төөрсөн шөнүүдийг би биш цаг хугацаа залгиж
Зовлонт өдрүүдэд жаргал амрагийн дүрээр ирэхэд
Жаргал зовлонгийн завсараас хоосрол унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Хэмжиж үл болох сэтгэл амгалан хайн зүтгэхдээ
Хэлбэр хэмжээс,цаг мөчүүдийн чанадыг мэрж
Хэзээ гэдэг үг хүрэх гэдэгтэй нийлж утга алдарч
Хэн билээ би чинь гэж хорвоог гайхан харахад
Хэлхээтэй бодлын гинж тасарч алтаг гэгээ унахдаа

Шүлэг болон цааснаа бууна

Wednesday, May 5, 2010

Monday, May 3, 2010

ИЛҮҮ ГЭР

Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг хүүхэн.Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүүрэн намбайдаг эр. Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов. Нагнайг орж ирэхэд, ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа.Нагнай сэтгэлийн тэвчээр алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж инээмсэглэн "Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь" гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад, "Хэн хэнээ сэтгэлдээ санаж явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар ..." гэхэд урамшсан Нагнай, "Баадай мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу хань... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрэээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнайн зүрх мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод ..." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг, аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн. Цагаан сараас өмнө ирж аваарай" гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож, сэтгэлий нь таньсанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж , Тялайлаа, Бурмаа минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд өдрийн богины хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийгдөхүүлээд эвхэж ваадагнан илүү гэртээбарааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус, Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан дээлийг олж үзлээ. Түүний биед яав ч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд, Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд, өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь нүд од шиг гэрэлтэн сэтгэлий нь өдех шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг сэмхэн хүлээж илүү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа, эхнэртээ мэдэгдэлгүй ваагдагнасан дээлий нь бүслээд морджээ... Орой нь ... маргааш нь Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй...Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд хацры нь үнэрлэв.Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар тахилаа...Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ.Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод айл айлаар буун золгож явлаа.

Ж.Дашзэгвэ