Monday, March 30, 2009

Үнэнээр явбал.

Гомбосүрэнгийн Галбадрах.


Үнэн гэдэг маргаашийн сайн сайхны төлөөх тэмцэл юм.


Үнэн гэдэг ойлголтыг хүмүүс янз бүрээр ойлгож, тайлбарладаг. "Харьцангуй үнэн гэж байхаас туйлын үнэн гэж байхгүй" хэмээн ШУ -ны үүднээс нотолдог. "Хүн төрөх, үхэх нь үнэн" гэдэг хэллэгийн дунд "татвар төлөх нь үнэн" гэж хавчуулсан байх жишээтэй. "Бусдад худал хэлж, хулгай хийхгүйгээр, зөв сайн бодолтой, алив зүйлд үнэн шударгаар хандаж явбал ажил үйлс тань аяндаа бүтдэг юм шүү" гэж эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ захиж сургана. "Би шударга үнэний төлөө тэмцэж байна" хэмээн зарим нэгэн хүмүүс цээжээ дэлдэн өөрийгөө дөвийлгөнө.
Туйлын үнэн гэж байхгүй хэдий ч, энэ ертөнцөд хамтдаа амьдарч байгаа хүмүүс бидний нийтээр дагаж мөрдөх хууль, дүрэм журам, хэм хэмжээг хүн төрөлхтөн зохиож, мөрдөж, мөрдүүлж иржээ. Энд болох, болохгүйн зөвшөөрөл ба хориг, түүнийг зөрчсөний төлөөх муу нөлөө ба хохирлыг хэрхэн шийдэхийг ч заасан байдаг.
Хууль дүрэм, журамгүйгээр хүн болгон өөрийн хүссэн бүхнээ хийж, дур зоргоор авирлаад эхэлбэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Тийм болохоор " тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна" гэдэг хэллэг гарсан биз.
Түүнчлэн хүн төрөөд, өсч бие хүн болох хүртлээ өөрийн эцэг эх, найз нөхөд, орчин тойрон, шашин, уншиж суралцаж, мэдэж сурсан бүхнээсээ амьдралыг үзэх үзэл болон өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоодог. Энэ итгэл үнэмшлээ "үнэн" гэж тооцож, үүнийгээ хатуу баримтлах нь бас бий.
Ингээд бодохоор үнэн гэдэг олон ойлголтуудаас бүрдэх ажээ. Харин өөрийн "үнэн" гэж бодсон зүйлээ зөрчигдөх болон эсрэг хандлагад хүмүүс наш ихээр дургүйцэн бухимдаж бас шанална.
"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ"
...Монголын үндэсний их баяр наадмын сондгой даваануудад хүчит бөхийн цолыг дуудан, ам авсныг зарлахдаа:
Үнэн хүчийг үзэж
Барин авч барилдая гэв ээ хэмээн уянгалуулдаг. Үнэн хүчээ үзэн барилдах гэсэн нэгнийг " За чи энэ даваанд тэр бөхөд унаад өгчих. Чамд их мөнгө өгье. Чамд мөнгө, тэр залууд цол хэрэгтэй" хэмээн дарамтлах. Хэрэв эр зориг гарган татгалзвал " За яахав өөрөө л мэд. Чи бид 2 аль нэгэн даваанд учрах байлгүй" гэж заналхийлнэ.Аргагүйн эрхэн үнэн хүчийг үзэж биш, хууран мэхлэлтийг үзүүлэн худлаа унан жүжиглэнэ. Монгол бөхийн ертөнцөд орж ирэн хөгжсөн энэхүү цолны төлөөх " найраа", "бизнес", бүлэглэсэн дарамтаас залхахдаа, ард түмний хайрлан биширч, хүндэлдэг байсан "аварга" А.Сүхбат барилдахаас татгалзан "зодог тайлжээ".
Үнэн гэдэг заримдаа "мөнгө, хуйвалдааны өмнө" бүдэрдэг ажээ.
...Саяхан Монгол улсын ерөнхийлэгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, зохиолын дууны ертөнцөд орж ирээд удаагүй, хийж бүтээсэн зүйл нь төдий л ихгүй залуу дуучин Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ нарт "Монгол улсын гавьяат жүжигчин" гэдэг эрхэм цолыг олгосон нь багагүй шуугиан дэгдээж, олон нийтийн бухимдлыг хөөргөж орхисон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн бичсэнчлэн, Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайтай болж, эх орныхоо нэрийг монголдоо төдийгүй дэлхийд дуурсгаж яваа, олон гайхамшигт дуучидтай харьцуулахад бас ч харамсмаар. Сүүлийн үед "гавьяат", болон "ардын' цолыг үнэн хөдөлмөр, авьяас чадвар, хийж бүтээсэнд бус "нутгийн зөвлөл" гэгчийн лобби, сонгуулийн сурталчилгаа, их мөнгөөр олгодог болжээ гэх хардлага, шагналын нэр хүндийн уналт, хүмүүсийг ихээр бухимдуулж буй.
Үнэн гэдэг заримдаа "хоосон алдар, гавьяагүй шагналын" өмнө бүдэрдэг ажээ.
... Өнгөрсөн жил болж өнгөрсөн УЙХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр, сонгуульд нэр дэвшиж, улс орноо "диваажин" мэт хөгжүүлж, ард иргэдээ "лусын хаан" мэт амьдруулна хэмээн амалж байж сонгогдсон олон эрхмүүдийг бид мэднэ.
Өдрөөс өдөрт ард иргэдийн амьдрал ядуурч, улс орон маань доройтон хямарч байхад, өдгөө тэд, өдрөөс өдөрт өнгө орон гялалзаж, өөрсдөө "лусын хаан" мэт баяжиж, "диваажинд буй" мэт жаргацгаана. Амьдралаа босгохын төлөө, алд биейин алжаалыг умартан, эх орондоо төдийгүй харь оронд ч хатуу хөдөлмөр хийж, хэцүү бэрхийг даван туулж яваа, олон олон залуусын дэргэд тэд " хэн?" билээ. Алд биеэ алжаалгахгүйгээр амар аргаар амьдран, худал хэлж, хууран мэхэлж буй тэд, нэгэн цагт бүдэрч унах "ангал" аа өөрсдийн өмнө ухаж буйгаа анзаарахгүй.
Үнэн гэдэг заримдаа "эрх мэдэл, заль луйврын өмнө" бүдэрдэг ажээ.
..."Хадгаламжийн" нэртэй банкны тооцоог хариуцаж байхдаа, уг банкнаас хууль бусаар 14 тэрбүм төгрөгийг авч БНСУ-ын казинод тоглоод үрсэн гэх Чимэдцэрэн, амьдрахын эрхээр, өлсөхийн балагаар, арчаа муутайдаа хууль зөрчөөд хоригдож буй олон иргэдтэй адил ял эдэлж буй. Ард иргэдийн хадгаламжийн 14 тэрбүм төгрөгийг, хэн нэгний халаасны 140,000 төгрөгтэй адилтгаж болно гэж үү? Гаалийн байгууллагыг удирдаж байхдаа, олон зуун сая төгрөг авилгал хахуулаар, авч ашигласан гэх Баатар өнөөдөр ялаа эдэлсэн хэмээн суллагдаад, эрх чөлөөтэй явж байна. Санамсар болгоомжгүйгээс хэрэгт холбогдож, өдгөө зүрх сэтгэлийн шаналал, харамсалдаа "нулимс унаган" ялаа эдэлж суугаа олон залуус Баатараас дор гэж үү? Хууль гууль болж, хуйвалдаан өс хонзонгийн хэрэгслэл болж буй энэ үзэгдэл, "хуулийн өмнө хүн бүр тэгш байх" хуудуугүй зарчмыг хөсөрдүүлж буй.
Үнэн гэдэг заримдаа " худал болсон үнэн, хуулийн хуудууны өмнө" бүдэрдэг ажээ.
..."Миний хүү хичээж сайн суралцаарай. Сайн сурсан эрдэм, эзэн нь болж чадсан мэргэжил гэдэг л сайхан амьдралыг чамд авчирч өгнө" гэсэн ерөөлөөр үр хүүхдээ эрдмийн аянд үднэ. Хичээж сайн сурч, эзэмшсэн мэргэжлээрээ эх орондоо ажил олохгүй. Ажил хэрэгч, өндөр чадвар, мэдлэгтэй хүн ажиллах орон тоон дээр нь хэн нэгэн эрх мэдэлтний "татаас" ны нэртэй "толгойгүй " эрхэм суучихаад өөрөө ч хөгждөггүй, улс орноо ч хөгжүүлдэггүй, яг л " зэлтэрийн гацаа" гэдэг шиг л болно. Аргаа барахдаа зарим нь амьдралаа авч явахын тулд "хувийн бизнес" хийж, арчаатай зарим нь гадаад оронд мэргэжлийнхээ ажлыг хийн өөрийгөө хөгжүүлнэ. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөрийн хүч чадал, авьяас, эрдэм мэдлэгээ өөрийн эх орондоо зориулж чадаагүйн бяцхан харуусал бий.
Үнэн гэдэг заримдаа "худал дүр эсгэгч, хоосон дагалдагчийн өмнө" бүдэрдэг ажээ.
1960-1970 аад оны үед Монгол орны төр засгийг хослон барьж байсан МАХН, "сэхээтний төөрөгдөл" нэрийн дор олон сайхан залуусыг буруутган, амьдаар нь яллаж, амьдралаар нь тоглосон юм. Тэр үеэс монголчууд айдасаа зүрхэндээ нууж, үнэннийг "шивнэж" ярьдаг болжээ.
-Энэ ч үнэн үгтэй шударга нөхөр юм. Гэхдээ хол явахгүй ээ, хөөрхий
-Уг нь ч үнэн л юм ярьж байна. Гэхдээ л ...
"Дааганаас унаж үхдэггүй, даравгараас болж үхдэг" гэдэг гунигтай хэллэг тэр цагт дэлгэрсэн гэдэг. Туулайг гүйцдэг асан үнэний үхэр тэрэг алгуурхан сажилна. Үхэр тэрэгний дугуйн хяхнах дуу, олон олон хүмүүсийн сэтгэлд айдас хургаана.
1990 оны ардчилсан хувьсгал чухамдаа "үнэн" -ий төлөөх тэмцэл байлаа. Үнэн үг, шударга ёс гэдэг бол хүмүүсийн мөрөөдөл байсан юм. Ардчилал ялснаас хойш, зарим тохиолдолд арай хэтрүүлж байсан хэдий ч, хүмүүс алив зүйлд арай л бодитой хандаж, шударга байдал тогтож, үнэнийг ярьж эхэлцгээв.
Үнэний үхэр тэрэг сажлахаа больж цовоо гэгчээр хурдлана. Дугуйны хяхтнах дуу ч гайгүй болоо юу даа. Гэтэл... Яагаад ч юм бэ үнэний үхэр тэрэг бас л "эцэж" эхлэх юм. 2008 оны 07 сарын 01 нээс хойш улам бүр сульдах мэт. Хүмүүсийн сэтгэлд хургасан "уулын чинээ хар" айдас дунд, худал хуурмаг бүхэн үржиж, эцэстээ энэ бүхнийг "байх л зүйл мэт" хүлээж авах орчин бүрдэх нээ. Хүмүүс дахиад л үнэнийг "шивнэн" ярьж эхэллээ. Гэхдээ тэртээ нэгэн цагийнх шиг айдастай бус, бухимдаж, зэвүүцэн ярьж байна.
"Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан гүйцнэ"
-Oдоо цагт үнэнээр яваад хэрэг байгаа юм уу?
-Аль зальтай, эрээ цээргүй, ичих булчирхайгүй нь сайхан амьдраад байна шүү дээ?
-Үнэн шударга явж байгаа нь хохирч байна шүү дээ
гэж хүмүүс бие биеэсээ асууцгаана. Хэрэв тэгж бодоцгоож байгаа бол бид бүгдээрээ л худал хуурмаг, муу муухай бүхнийг хийцгээх гэж үү?
Үнэн явдал, шударга үйлс өнөө ч, хэзээ хойно ч заавал ялдаг жамтай. Худал хуурмагаар, заль мэхээр, өнгө мөнгөөр өнөө бөх зүйл бүтэж, сайн сайхан болж буй мэт харагдавч, маргаашийн өдөр энэ бүхэн даан ч өчүүхэн, үнэ цэнэгүй зүйл болон хувирдагийг бид энэ амьдрал олонтаа харцгааж байгаа. Цаг цагийн эргэлтэд, хуучин шинийн харгалдаанд, ухаарч мэдрээгүйн эргэлзээнд өнөөгийн Монгол оронд минь "уулын чинээ хар" нүүрлэж буй нь үнэн. Тэвчээр, ухаарал, зориг тэмцлээр "туулайн чинээ цагаан" гүйцэх цаг ирнээ. Үүний төлөө монгол хүн бүр дор бүрнээ хичээн, тунгаах цаг болж буй.
...Амар хялбар, аль муу аргаар сайн сайхан амьдралд хүрч байгаа мэт харагдавч алсдаа энэ бүхэн үнс болон хийсч, адаг сүүлд нь сэтгэлийн зовлон шаналалд унан харамсах болдог. Биеэ үнэлж, хулгай хийж, бусдыг залилан луйвардаж өнөө сайхан яваа мэт харагдавч, сэтгэл амар амгалан, тайван амьдарч чадна гэж үү?
Үнэн гэдэг бусдаас, амьдралаас авах ухаарал юм.
...Өөрийн боломж хүч чадлаар бус, өрөөл бусдын татаас дэмжлэгээр өнөө болж буй мэт боловч, маргааш энэ бүхэн салхинд хийсэх мэт алга болж орхино. Өнөөдөр чамайг ашиглан өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх нэгэн, маргааш чамайг өчүүхэн ч өрөвдөлгүй хаяж одох бөгөөд, нөгөөдөр өөрөө өндрөөс няц унах тавилан буй.
Үнэн гэдэг өөртөө итгэх итгэл, бас найдвар юм.
...Бүх нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм гэгч, бидний хандах зүг, хэм хэмжээ, баримтлах чиглэл маань юм. Дагаж мөрдөөд, сахиж сануулаад тайван амьдрахын оронд зөрчиж, зөрүүдлээд бие болоод сэтгэлээ чилээх хэрэг юун. Хүн бүр л өөрийнхөөрөө тайван амьдрахыг хүсч буй. Үүний баталгаа нь энэ хууль дүрэм юм.
Үнэн гэдэг бие биеэ хүндлэх, дагаж мөрдөх хууль, дүрэм юм.
... Бусдын үйлдэж буй шударга бус явдал, луйвар, хууль бус үйлдэл өнөө эс гэхэд маргааш та бидэнд муугаар нөлөөлөх болдог. Өөрт хамаагүй хэмээн "нүдэн балай, чихэн дүлий" өнгөрөхөд нэгэн цагт таниг бухимдуулах шалтаг болно. Өөрсдөө бид тэвчдэг юм аа гэхэд үр хүүхэд минь бас л энэ "хар үзэгдэл" дунд амьдрах болно. Ганц нэгээрээ бус, атгасан гар шиг нэгдэж, үнэний төлөө тэмцэх цаг ирдэг.
Үнэн гэдэг маргаашийн сайн саихны төлөөх тэмцэл юм.
...Өөртөө бий болгосон таны итгэл үнэмшил, үзэл бодол, хүмүүжил тан; өөрийн тань хувьд "туйлын үнэн" юм. Өөртөө итгэлтэй, хатуу чанга зорилготой байж, өөрийнхөөрөө зөв амьдрах гэдэг юутай сайхан. Энэ "үнэн" тань таныг гэрэлтүүлж, амьдралыг тань утга учиртай, бас баяр баясгалантай болгоно.
Үнэн гэдэг амьдралын эрч хүч, баяр баясгалан юм.
Үнэн гэдэг амьдралын талх юм. Та буруу зүйл хийхгүй, бусдыг баярлуулж, бас сайн сайхнаар нөлөөлж, тэр хэмжээгээрээ бусдаас хариу талархал, сайн энерги авч байдагт л үнэний ид шид оршино.
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж, уулын чинээ хар сүүдрийг туулайн чинээ цагаан гүйцэж, амьдралыг яг л нар мэт гэрэлтүүлдэг гэнэм.
Шударга үнэн хэзээд ялах болно.