Thursday, May 22, 2008

Мах & Айраг




Махны тухай: Мах бол тамир тэнхээ өгөх гол зүйл юм. Гэхдээ мах л бол мах гэж болохгүй. Хуурай газрын амьтны мах хөнгөн сэрүүн, ширүүн чанартай. Хий халуун ба бадгана халууныг арилгана. Хоёр нутагтны мах нь: амт чанар төгс, бадгана хий хавсарсан халуун, хүйтэн хий хавсарсан өвчин бүхнийг арилгахад туслана.

Хонины мах нь: Амтлаг, тослог, бүлээн чанартай, шингэхэд хялбар, тамирыг сэлбэх, хүчийг нэмэх, хий болон бадгана хий хавсарсан гэмийг арилгаж тамирыг үүсгэж, идэх дур сонирхлыг нээх чадалтай байдаг байна.

Үхрийн мах нь: амтлаг, тослог, сэрүүн чанартай, биеийг тэнхээжүүлэх, хижиг ханиад бөгөөд хий хавсарсан халууныг дардаг. Жил өнжсөн бол (борцолсон) хийг дарах үйлдлээр бүр сайн болдог байна.

Адууны мах нь: амтлаг, халуун болохоор илчийг үүсгэх, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах үйлдэлтэй.

Тэмээний мах нь: амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх үйлдэлтэй.

Шувууны мах нь: хүнд, тослог чанартай тул долоон тамирын хамгийн сүүлийн дуслыг арвижуулах, шархыг барилдуулах үйлдэлтэй.

Тарваганы мах нь: тослог, хүнд, бүлээн чанартай тул хүйтэн, хий, ходоодны өвчин, бөөр бэлхүүс, толгойн өвчнийг эмчлэх үйлдэлтэй. Энэ бүхнээс монгол хүнд монгол малын мах нь хамгаас илүү чухал болно. Харин цуснаас мах хүнд, махнаас өөх хүнд, өөхнөөс яс хүнд, яснаас чөмөг хүнд. Ерөнхийдөө гадар мах нь хөнгөн, дотор мах нь хүнд гэж ном сударт өгүүлсэн байдаг. Мах идэх шаардлагатай монголын эрс тэс цаг уурын онцлогийг мартаж болохгүй бөгөөд цагаан идээг махтайгаа хослон хэрэглэх нь бүр илүү сайн. Тосны ба цагаан идээний зүйлд шар тос, чөмөгний тос, өрөм, хурууд, бяслаг, ааруул ээзгий, уураг зэрэг орно. Тосны зүйлүүд нь хүнд сэрүүн чанартай хийг дарах үйлдэлтэй. Шар тос, хольсон тос бүхэн эрдэмтэй. Шар тосыг өглөө өлөн дээрээ хааяа идвэл хийн ханиадыг дарах, өвөл идвэл хүйтэнд тэсвэртэй болох, зун идвэл ам цангахаас сэргийлж чадна.

2. Ундааны тухай: Ундааны зүйл бол чухал бодис мөн. Түүнд төрөл бүрийн малын сүү, айраг, ус, цай, шөл зэрэг орно. Аль ч ундаа зөв зохистой хэрэглэж байвал өвчин бүхнийг арилгах увдистай, буруу хэрэглэвэл гэм бүхнийг үүсгэх уршигтай. Манай орны сүрэг мал нь уудам нутгийнхаа хөх тэнгэрийн дор, хөрст алтан дэлхий дээр гэж шүлэг зохиолд гардагчилан шүр сувд шиг таран бэлчээрлэж, түмэн өнгийн ургамал цэцгийг идэж, цэнгэг ус ундааг гол мөрнөөс шууд ундаалж, биеэрээ агаар мандлаас нь амьсгаалж явдгаараа онцлогтой. Энэ чанараараа байшин хашаанд жилийн бүх улиралд байж, техникээр бэлтгэсэн тэжээл ундыг бэлэнчлэн иддэг малаас олон зүйлээр давуу талтай ажээ. Бүх хоол ундаа өөрийн хүчээр байгалиас чадал заан иддэг малын ашиг шим нь арвин, өөх тос, үс ноос нь хүний бүх хэрэгцээг хангахад онцгой тохиромжтой.

Хүн төрөлхтнийг бишрүүлсэн гайхамшигт шидэт эм бол шимт малаас гардаг мөнх цагаан сүү билээ. Хүний ертөнцийн амь амьдралыг мянга мянган жилээр тэжээн тэтгэж, урт удаан наслуулж ирсэн сүүн далайг хэрэглэдэггүй амьд амьтан бараг байхгүй. Шимт малын энэ бүтээгдэхүүнийг ямар ч улиралд, ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Малын сүүг сүүгээр нь борлуулан ашиглахад чанар нь төдийлөн алдагддаггүй. Үүнд: Малын дотроос ингэ, гүү, үнээ ямааны сүүг зуны эхэн сард 7, 9, 14 хоногоор курс эмчилгээ болгон уухад ядаргаа, элдэв архаг өвчин, хордлого тайлагдаж дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна. Уухдаа газар дээр нь өглөө оройн цагаар нэг удаад 150 гр ууна. Сүүнд орох журмаар эмчилгээ хийж бас болно. Ямар ч малын сүүнд ялангуяа үнээний сүүнд тусгай жор найрлагаар орно. Нэг удаад 2-5 л сүүг биеийнхээ градусаас арай илүү халаагаад орно. Орохдоо хийг дээш нь хөөргөхгүйн тулд мөн сүүг дээдлэн хүндэх үүднээс 100 гр сүү ууж, толгойгоо хөнгөн угаана.

Алчуурыг (самбай) дал мөрөөрөө ороогоод өөр хэсэг алчуураар байнга сүүгээ сэлбэж шавшина. Ийм байдлаар нэг өнжөөд орох ба 3. 5. 7 хоногоор курс болгоно. Сүүнд 10. 15. 20. минутаас илүү орж болохгүй. Сүүнд ороод гармагц хөнжилдөө орж нэг аяга шөл ууж хэвтэнэ. Энэ нь биеийн алжаалыг тайлах, хордлого арилгах шилдэг эмчилгээ болох ба архаг хууч өвчин бүрийг эмчлэхэд онцгой нөлөөлнө. Асар их хүчтэй тул салхи цохиулах, гам алдахаас болгоомжлох хэрэгтэй байдаг. Эх хүний гал уурагтай зүйрлэм чадалтай гүүний сүүнд ч ийм маягтай орж болно.

Монгол адууны шимээс айраг нь дэлхийд ховор эм мөн. Айргийг ихээр хэтрүүлэн уухад зүрх, бөөр, давсагны системийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх нь ч бий. Хөдөлгөөн багатай хүний нэг өдрийн уух шингэний хэмжээ нь 1.5 л гэж шинжлэх ухаан тодорхойлсон байдаг. Хүн бүр өөртөө байгаа энерги, амин дэмийг зөв зарцуулж арга билиг, таван махбодын үүднээс дархлалаа хамгаалж явах хэрэгтэй юм. Хүний биед энерги, уураг, тосны хүчил дутагдах үед ганц нөхөж чадах зүйл нь гүүний айраг юм. Эрдэмтдийн тодорхойлсноор гүүний айргийн тосонд 14 зүйлийн хүчил байна. Монгол айраг бол физик-химийн найрлагаараа эмэгтэй хүний хөхний сүүтэй адилавтар бөгөөд бүрэлдэхүүнээрээ амин хүчлээр баялаг байдаг байна. Сүүнд А, В, В2, РР ба бусад амин дэмүүд элбэг ажээ. Биеэ эмчлэх журмаар уух гэж байгаа бол их уухад гол нь биш, хэмжээтэй, шаардлагатай эмээ даруулж ууж болно. Айргийг 7-р сарын 15-наас 9-р сарын 1-ийг хүртэл хугацанд тоггмол эмчилгээний журмаар уувал илүү сайн. Халуун чанарын өвчтэй бол сүү ууж болох боловч зөв исгэсэн, шинэхэн айраг шиг эм ховор бизээ.