Monday, September 1, 2008

Хазара Монголчууд гэж хэн бэ?

Хазара гэж би урьд нь мэддэг, сонсож л байсан л даа, гэхдээ нэг их анхаарч сонирхолгүй л явж. Харин хоёр жилийн өмнө ажил дээр болсон нэгэн явдал надад Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь заяатай хүмүүсийн талаар илүүтэйгээр сонирхох эрмэлзлэл төрүүлсэн юм. Би нэгэн компанд шинээр ажилд орж, надтай хамт зэрэг шахуу бас нэгэн Афганистан гаралтай залуу ч тус компанд ажилд оров. 14 настайдаа дайн дажинтай Афган орноос гэр бүлийн хамт дайжин гарч Америкт ирж суурьшсан энэ залууг Даууд (Daoud) гэх бөгөөд 1.86 см орчим өндөртэй, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон "сүрлэг" эр байв. Дауудын аав нь 70-80 оны Афганистаны засгийн газрын нэгэн сайд байж байгаад Зөвлөлтийн Цэрэг Афганистанд орох үед Америкт дүрвэн гарч ирсэн гэнэ. Афганистаны хүн амын ихэнхийг эзэлдэг гэх Пүштүн (Pushtun, Pashtun, Pakhtun гэж өөр өөрөөр дууддаг аж) гаралтай энэ эр надтай танилцаад: "Өө, чи бол яг л Хазара байна" гээд, ер нь Хазар болон Монголчууд бол нэг л хүмүүс шүү дээ гэж надад ойлгуулахыг хичээж байсан юм. Хазара болон Монголчуудын гарал үүслийн талаар түүний хэлсэн нь үнэхээр тийм ч хол зөрөөтэй үг биш бололтой.

Хачирхалтай нь, тэр намайг Монгол гэж мэдсэнээсээ хойш надтай нэг л үл тоомсорлосон шинжтэй харьцаад байх шиг надад санагдаад байв. Мэдээж түүний энэ хандлага миний сониуч занг зүй ёсоор татаж байв. Хазара хүмүүсийн талаархи мэдэх бага зэрэг мэдлэгтээ түшиглэн, би түүнтэй зарим үед яриа дэлгэж бага багаар Пүштүн Хазар гэх хоёр өөр үндэстнүүдийн зөрчлийг яриулж аль болох их зүйлийг мэдэхийг оролддог байв. Гэсэн хэдий ч хувийн харьцааны хувьд бид хоёр бие биендээ төдий л сайнгүй байв. Уг нь нэг их сүртэй биш л дээ, "чи өнөөдөр яасан их гангараа вэ" ч гэх юмуу, тийм нэг ажлын байранд үл зохицолдох зүйл хэлэх, эсвэл асуусан асуултанд үл тоомсорлосон маягаар хандах хандлага гаргадаг байсан юм. Ер нь иймэрхүү үл шалих асуудлыг тэгэсгээд тоомсорлолгүй өнгөрөөж болох л доо. Хамгийн гол нь түүний зүгээс надад хандах иймэрхүү харьцааны үндэс шалтгаан нь ердөө л би Монгол (Хазара) хүн байсанд л байсан юм. Чухам энэ л асуудал надад нэг жаахан "юм" бодогдуулаад байв.














Ажилд ороод удалгүй зохион байгуулалтын өөрчлөлт орж ажил үүргийн хувьд Даууд надаас зарим талаар хамааралтай болов. Мань хүн үнэндээ ажил мэргэжлийн хувьд тийм ч гаргууд нэгэн байсангүй, тиймээс ч манай босс түүний ажлыг ихэд голдог байв. Хэдийгээр би хүнд муугаар хандья гэж бододгүй түгээмэл, Монгол "тэнэгдүү" зантай нэгэн боловч, энэ удаа би түүний тэр үл тоомсорлох гэсэн өчүүхэн оролдлогыг нь дарахаар шийдэж надааар дамжиж ирсэн Дауудын ажлуудыг шалтаг олон голж буцаан босс-доо давхар мэдэгдэж и-мэйл явуулдаг болов. Мань хүн ч даргаас хэд хэдэн удаа банга хүртэж эвгүй байдалд орсон бөгөөд би далим гаргаж түүний өрөөнд нь нэг удаа орж хаалгыг нь хааж байгаад "Чи жаахан аятайхан байгаарай" гэж хэлээд ажил төрлийнх нь талаар ч, бас хувийн харьцааных нь талаар ч түүнд сануулга өгсөн юм. Үүнээс хойш Даууд байдлыг ойлгож надтай маш эеэлдэгээр харьцдаг болсон юм.

Өнгөц харахад бид хоёрын харьцааны энэ асуудал ажил дээрээ таардаггүй хоёр нөхөрийн зөрчилдөөн мэт боловч үнэндээ тийм биш, нэлээд гүн гүнзгий агуулгатай, Пүштүн Хазара хэмээх хоёр үндэстний гүнзгий зөрчилдөөний нэг хувилбар байсныг би тэхэд мэдэж билээ.

1890 он орчмоос Хазара үндэстнүүд Афганистаны засгийн эрхийг барих Пүштүнүүдэд бүх эрх мэдлээ алдан боолчлогдсон бөгөөд, өнөөг хүртэлх 110 гаруй жилийн турш дарлал доромжлол, харгислалын дор хоморголон устгах аймшигт бодлогод өртсөөр иржээ. 21 зуун, 2008 он гэх өнөө үед ч ихэнх Хазара нарын хувьд өнөөгийн нийгмийн “боолын” гэж болох хөдөлмөр эрхлэн амь зогоох нь сонголтгүй, ганцхан хувь заяа байсаар ирсэн юм. Тиймээс ч Пүштүн Хазара нарын хооронд зөвхөн “эзэн, албат” - ын харьцаа л байдаг аж. Ингээд бодохоор Афганистан дахь Хазара нарын бодит байдал ямар байгаа бол гэж бодогддог байв.

Хэдийгээр Америкт багаасаа өсч боловсрол олсон боловч Даууд яг л тэр Афган сэтэгэхүйнийхээ өнгө аясыг энд Монгол хүнд гаргах гэсэн нь үнэхээр тэнэгдүү оролдлго бөгөөд үүнийг тэдний зүгээс Хазара хүмүүсийг хэрхэн үздэгийн илрэл гэж үзэж болно. Бодвол тэдний хувьд Хазара (Монгол) хүн л харах юм бол ингэж үл тоомсорлон харьцах нь зүгээр л "сураар боож болдгүй сурсан зан" байсан байх л даа. Харин энэ удаа Дауудын аз дутахад, түүнтэй таарсан Хазара нь нэн зөрүүд мугуйд нэгэн Монгол байсан ба үл хүндэлсэн асуудлыг зүгээр нэг анзаараагүй мэтээр өнгөрөөдгүй байх нь гэдгийг тэр ойлгосон юм.

Ингээд би энэ нийтлэлийнхээ үндсэн агуулга болох Хазара хэмээх өвөрмөц бас өрөвдөлтэй хувь заяатай ард түмний талаар товчхон өгүүлье.

Олны дундах түгээмэл ойлголтоор бол Афганы төвөөр нутагтай Хазара хэмээх энэхүү Ази төрхтэй хүмүүс нь манай эзэн Чингэс хааны байлдан дагуулалтын үеэр дундад Ази, Перст (Иран) үлдсэн Монгол гаралтай хүмүүс ажээ..

Эдгээр хүмүүсийн талаар барууны эрдэмтэд 19-р зууны дундаас бага зэрэг судалж байсныг эс тооцвол дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд энэ нь харьцангуй цөөн тоотой, улс төр эдийн засгийн хувьд нэн хавчигдмал оршин тогтож буй эдгээр хүмүүсийг үл хайхрах, тэднийг бусдын нүднээс далд байлгах, түүх гарал үүслийг нь мартагнуулах гэсэн эрх зүй эдийн засаг, уламжлалын сонирхол бүхий Афганистаны засгийн газар, эрх баригчидын цэгц нягт, төлөвлөгөөт бодлогын хэрэгжүүлэлт юм.

Дундад ази, ойрх дорнодоор тархан суурьшсан өндөрдүү хамартай, бухан эрээн нүдтэй, үс сахал болсон нөхдүүдээс Монголжуу дүр төрхөөрөө эрс ялгарах Хазара нарын гарал үүслийн талаарх судалгаа нь үндсэндээ хоёр чигийг заадаг аж. Үүнд:

1. Хазара нар нь 13-р зууны эзэн Чингис хааны байлдан дагуулалтын үеэс үлдсэн цэргүүдийн удам. Хазара хэмээх үг нь Мянга гэсэн Перс үг бөгөөд энэ нь Монголын армиас тухайн үейин Хорезмийн нутагт үлдсэн Мянгат цэргийн нэгж гэж тайлбарлажээ. Ихэнх судлаачидын үзэж буйгаар Хазара нь Монгол Түрэг угсааны хүмүүс аж.

2. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө одоогийн Афганистаны нутагт Буддын шашинтай Ази дүр төрхтэй хүмүүсийн Кушан хэмээх гүрэн оршин тогтож байсан бөгөөд, эдгээр хүмүүсийн удам угсаа нь 13 зуунд Монголын байлдан дагуулагчидын эсрэг тулалдаж ялагдан улмаар Монголчуудтай холилдон Хазара үндэстнийг бий болгосон. Дашрамд дурдахад, 2001 онд Афганистаны Бамяьанд талибанууд 2000 жилийн настай гэгдэх дэлхийн хамгийн том Будда хөшөөг устгасан бөгөөд учир нь энэ хөшөө Хазара хүнтэй төстэй байснаас болсон гэдэг.















Юутай ч гэлээ өөрсдийн гарал угсаагаа заахдаа энэ онолыг баримтлах нь Хазара нарт эрх зүйн хувьд нэлээд ашигтай юм. Учир нь хүн амын ихэнхийг эзэлдэг Пүштүн, Тажик нарт "гадныхан" хэмээн хавчигддаг тэд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд гэж үзэх үндэслэл бий болгодог хэрэг. Сонирхолтой нь, Афганистаны түүхэнд Пүштүн үндэстнүүд нь бүүр сүүлд 18-р зуунаас эхлэн өмнөөс зүгээс, Пакистан, Энэтхэгийн нутгаас хойшоо нүүдэллэж одоогийн Афганистанд ирж суурьшсан аж.

Хазара Хэл

Хазара нар Хазаражи хэмээх хэлээр ярих ба энэ нь дари хэлний нэг аялга мэт бөгөөд, перс, Монгол, Турк үгсийн нөөцөөс бүрдсэн өвөрмөц хэл аж. Энд сонирхолтой нэгэн явдлыг дурдахад: Халимагын Үнэн сонинд мэдээлсэнээр ("Хальмг Yнн" № 66-67 (14286-14287), 03.04.2003) Зөвлөлт Афганы дайны үед Афганд цэргийн алба хааж байсан Халимаг эр Петр Кукудаев 1981 оны 10 сард нөхдийн хамт ууланд тагнуулаар яваад нэгэн Хазара сууринд ирсэн бөгөөд тэдэнтэй нутгийн ямар ч хэлээр яриад ойлголцоогүй атал эх Халимаг Монгол хэлээрээ ярьж харилцан ойлголцож байжээ. Ганцхан энэ жишээ ч бус, бас өөр нэгэн төс бүхий нийтлэл Оросын "Незавысимая Газета" сонинд гарсан байсныг би уншиж байсан. Хазара хэл нь хэл судлаачидын хувьд үнэлэшгүй олз бөгөөд, чухам Хазара хэлнээс л эртний Монгол хэл аялгыг сонсож болох боломж байж болох юм. Би Афганистанд амьдарч байсан нэгэн Америк хүнтэй захидлаар харьцдаг байсан бөгөөд түүний хэлж буйгаар 1990 оны эх хүртэл Афганистаны Херат уулын бэлээр яг Монгол хэлээр ярьдаг 60 орчим гэр бүл байсаар байсан гэж хэлж байсан. Миний бодлоор бол эдгээр хүмүүс одоо болтол байсаар байх боломтой бөгөөд, тэднийг олж 13 зуунаас хойш нэг их өөрчлөгдөлгүй үлдсэн байж болзошгүй тэр эртний Монгол хэл, соёлыг нь судлах нь нэн сонирхолтой бөгөөд чухал асуудал юм.















Хазара Шашин

Хазара нарын ихэнх нь лалын шашны шиа урсгалыг шүтдэг бөгөөд, энэ нь Афганистаны бусад ихэнх үндэстнүүдийн шүтдэг Суни урсгалтай зарим талаар зөрөлддөг аж. Пүштүн нар Хазара нарыг аймаглан устгах бодлогоо хэрэгжүүлэхдээ Хазара нар буруу шашинтай "шиа" нар хэмээн шалтаглаж бусдыг турхирдаг аж.

Хазара Газар Нутаг

1880-аад оныг хүртэл Хазара нар Афганистаны нутгийн ихэнхийг эзлэн нутагладаг байсан боловч Пүштүнүүдэд газар нутгийнхаа ихэнхийг алдаж, өөрсдөө Афганистаны уулархаг үржил шим муутай газар луу шахагдан суурьшжээ. Тооны олноор түрий барих Пүштүн үндэстнүүдээс Хазара нарын газар нутгийг булаан авах явдал үргэлжилсээр байгаа ба яг өнөөдөрийн байдлаар Пүштүний Кучи (Kuchi, Koochi) овгийн нүүдэлчид Хазара Бэсүүд овгийн нутагт түрэн орж ирээд газар нутгийг нь булаалдан маргаан дэгдээж, зарим нэгэн хэсэгээр зэвсэгт мөргөлдөөн болсон байна.



















Хазара Хүн Ам

Хазара хүн амын тоо нь яг тодорхой бус бөгөөд, улс төрийн шалтгааны улмаас Афганистаны хүн амын 8-9% гэгддэг байсан боловч яг үнэндээ 16-25% хувь орчим буюу 4-7 сая хүн бий гэж үздэг аж. Үндсэндээ Афганистаны төв, баруун, хойд зах болох Кабул, Мазари Шариф, Хератаар тархан суурьшсан. Одоог болтол овгийн зохион байгуулалттай байдаг ба Монгол хэлэнд шууд ойлгогдож болох, Найман, Боржигон, Хэрэйд, Барлус, Жалайр, Бэсүүд гээд овгуудын нэр яг л хэвээрээ хэрэглэгддэг.

Хэл, угсаатны зүй судлаачидын хувьд маш сонирхолтой байж болох Дай Занги, Дай Чопан, Дай Кунди, Жагури (Цахар ч юм билүү:-) ) зэрэг олон овог аймгуудын талаар энд дурдаж болох боловч сонирхогчийн хэмжээнд үзэх миний мэдлэг хүрэхгүй нь харамсалтай.

Хазара гэж нэрлэгддэггүй боловч, Хазарануудтай нэг төрөл болох Аймаг (Aimaq), Найман (Naiman) хэмээх Монгол угсаатай хүмүүс бас байдаг аж. Энэ нь Хазара нарын үзэж буйгаар 1880-1890 ээд онуудад Пүштүн Хазара нарын дайнд Хазараг ялж засгийн эрхийг авсан Пүштүн нар Хазара нарын эв нэгдлийг сарниулахын тулд овог аймгуудыг бүгдийг нь Хазара гэж дуудахгүй харин өөр өөр нэрээр нь дуудах болсонтой холбоотой гэнэ.

Юутай ч гэлээ, судлаачидын үзэж буйгаар Афганистан дахь Хазара нар нь Перс дэх Ил хааны хэмээх, Толуйн хүү Хулэг хааны Монголчууд, мөн дундад Ази дахь Цагаадай хааны Монголчууд гэсэн хоёр хаант улсын Монголчуудаас бүрдсэн бололтой.

Үргэлжлэл бий!

Сонирхосон хүмүүс
“The Kite Runner” by Khaled Hosseini
“Kabul Express” by Kabir Khan
ном кинонуудыг үзэж сонирхвол Хазар хүмүүсийн амьдрал ахуйтай зарим нэгэн талаар илүүтэй танилцах болно.