Sunday, September 28, 2008

"Монголын үнэртэй" Тангадын Галсан гуай.

Энэ 9 сарын 12 нд Монгол Соёлын төвийн ээлжит лекцэд, Монголын их яруу найрагч, үндэсний хэл, бичиг соёлоо хамгаалан тэмцэгч, судлаач, билэг танхай уран бүтээлч Тангадын Галсан гуай оролцлоо. Монголчууд олноороо амьдран суудаг Арлингтоны River Rlase дахь уулзалтын танхимд цөөнгүй монголчууд цугларч, Т.Галсан гуайтай билэгт сайхан ерөөлийн үгс хэлэлцэж, сургаал сонсож, санал бодлоо солилцож өнгөрөөлөө.
Хааяа хааяа шингэн сахлаа илбэн, цэцэн бас еж үгээр бодол ухаанаа бусдад илч болгон илгээх Т.Галсан гуайг ажих ахул, хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх сургах үгтэй, хэцүү бэрхийг давсан ухааралтай хүн үнэхээр бардам, сайхан харагдаж байлаа. Хэлж буй үг болгон нь, сануулж буй санаа болгон нь эртний гайхамшигт түүх, заншил, бичиг соелын гайхамшигт өв уламжлалтай Монгол үндэстнийхээ бахархлыг илтгэх нь аргаггүй л "монголын үнэртэй" ухаант өвгөдийн жишиг байв.
-Хөдөө талдаа зоргоор өсч, тэртээ нэгэн цагт төрийн зарлигаар "тэмээ хариулж" явсанТ.Галсан гуай Монгол орон гэж юу болох ямархан үнэ цэнэтэй гэдгийг дэндүү сайн мэднэ. МОНГОЛ ОРОН
Хүйтэн халууны завсар дахь сэрүүн орон
Хүсэл хяслын дундах Бурхан багшийн лаврин
Үнэн худлын хоорондох Эрлийн луужин
Өнө эртний монгол-миний ЭХ ОРОН
ЗАЯАНЫ ЗАРЛИГ
Аргамжааныхаа морийг чононд алдаж ч болно
Алтан бугуйвчаа хулгайд алдаж ч мэднэ
Амраг ханиа бусдад булаагдаж болно
Алгахан газраа ч харьд алдаж болохгүй ээ
-Өдрөөс өдөрт биднээс алсран холдож байгаа монгол ёс заншил, монголын үнэт зүйлүүд, монгол хүний гайхамшигт чанарууд Т.Галсан гуай төдийгүй олон хүмүүсийн сэтгэл зүрхийг шаналаасаар байна.
МОНГОЛ ЗАНШИЛ
Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг
Үр ачаан нэхийд өлгийддөг
Номыг харин торгоор баринтагладаг
Монгол түмний минь заншил гайхамшиг
МАЛЧИН ХОВОРДСОНЫ НУУЦ
Дээлээн даахуйцаа болсоны нь сургууль аваад явчих юмаа
Дээврээн даахуйцаа болсоны нь цэрэгт татаад явчих юмаа
Тэмээ адуу дутаасны нь шүүх авчих юмаа
Дээхнэ үейин малчид диваажинд залагдаад одсон юмаа
УХААНЫ ЦАРАА
Ходоод ухаант хоолны хийц цай сүүнд бодол нэрнэ
Хоногийн ухаант ховрын бараа хаврын борц бодно
Хожуу ухаант насны намар нөхрийн нөмөр бодно
Холын ухаант эх орныхоо заяг бясалгана
-Т.Галсан гуайн өдгөө хүртэл тэмцэж уриалж байгаа зүйл нь босоо монгол бичиг, соёл ажээ. МИНИЙ УРИА
Цээлхэн дотортой ард түмэн минь эртний түүхээ сөхөцгөө
Цэцэн ухаан агуу билгээр элэнцийнхээ бичээсийг сурцгаа
Чингэс Богдын тал нь босоо бичгээрээ жигүүрэлцгээ
Цэдэнпилийн тал нь хэвтээ үсэгтэйгээ тийчилцгээ
УРТЫН ДУУ
Уудам саруулхнаараа яг л монголын дорнод тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хүнлэгээрээ яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу
-Монголчууд аугаа өвөг дээдсийн сургаалиасаа ухаан өвлөж үлддэг хэмээн сургах Т.Галсан гуайн хэлж буй үг болгон нь ухаарал байлаа.
УХААНТ БУУРЛЫН АСУУЛТ
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвүүнийг эр гэдэг юм уу?
ҮР АЧ ӨСЧ ТОРНИХЫН НУУЦ
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал бялхаатай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг
-Уулзалтын төгсгөлд Т.Галсан гуай хэд хэдэн шүлгээ уншиж уулзалтад оролцогсдыг хөгжөөсөн юм. Ямар ч шүлгийг зохиосон хүнээс нь илүү сайхнаар уншина гэж байхгүй юм даа гэж бодогдож байлаа.
ЧИ БИДЭН ХОЁР
Хяруу цэвцийсэн үүрээр
Хялганы толгойд молцоглох
Хоёр сувдан шүүдэр шиг
Хос алаг нүд билээ хө
Нэг нүд нь уйлж байхад
Нөгөө нүд нь инээх үү?
-Үгүй үгүй инээхгүй
Өрөөсөн нүд инээхгүй
Уйлбал хоюуланд нь
Усан болор гялалзана
Инээвэл хоёуланд нь
Итгэлийн дөл бадамлана
...Ийнхүү нэгэн орой холын Америкт байгаа монголчуудын нэг хэсэг нь монголын үнэр үнэрлэж, монгол ухаант буурлын сургаал сонсон оюуны алжаалаа тайллаа.
Уулзал;тыг зохион байгуулсан Монгол Соёлын төвийн тэргүүн Саруул-Эрдэнэ их гүүшийн бичгийн их далайг шүүрдэх буйзаа. Соёлын төвийн та нарт их баярлалаа.
Ямагт монголынхоо сайн сайхны төлөө бодлоо чилээж, үгээ хэлж, бусдад ухаарал хайрлаж яваа, амьдарлын аль ч нугачаан дор ноён нуруу, итгэлээ хугалаагүй ухаант буурал Т.Галсан гуай танд их баярлалаа.
ТА УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ.

Галбадрах.