Saturday, October 11, 2008

Цаг хугацааны огтлолцол

Хоёр хүн гаднаас орж ирлээ. Нэг нь 40 гаран насны эр бөгөөд тэрээр жүжигчин нөгөөх нь 30 хүрч яваа болов уу гэмээр залуу байх бөгөөд түүнийг найруулагчаа гэж дуудах нь түүний юу хийдгийг тодорхойлно. Тэд хамтран өнгөрсөн зууны 70-аад оны үйл явдалыг харуулсан кино хийж байгаа бөгөөд өрөөний доторхыг тэр үеийн байдлаар янзлан ор,ширээ,сандал,номын тавиур,нугастай толь төдийхөн тавьсан нь их л энгийн харагдана.

Ширээн дээр нэгэн хар өнгийн эрэгддэг утас тавьсан байлаа.
Найруулагч залуу энэ киноны үйл явдал нь таны хүүхэд насны үеийг харуулах тул танд тоглоход арай хялбар байх болов уу гэв.
Жүжигчин эр тиймээ би арван хэдтэй л жаал байж бага насны минь олон сайхан дурсамжтай холбоотой үеийг харуулсан кинонд тоглох гэж байгаадаа баяртай байна гэлээ.
Найруулагч за даа тэр үед ч амар байж дээ компютер,гар утас,интернэт энэ тэр гэж байхгүй зурагт нь хүртэл Монгол,Орос гэсэн хоёр л сувагтай гээд…. одоо ч их өөр болж дээ хэмээгээд инээмсэглэв.
Жүжигчин эр…. хэлээд яахав ээ цаг үеэ дагаад хүмүүс ч их өөр болж гэлээ.
Найруулагч залуу… за би яваад нөгөөдүүлийг чинь аваад ирэе.
Тэдний зураг авалт дуусч байгаа байх гээд та энэ хооронд дүрээ давтаад сууж байхгүй юу гээд гарч одов.


Жүжигчин эр үлдээд нээрэн би тухайн цагт хүүхэд байж дээ өвөл нь ангийхантайгаа сургуулын арын мөсөн гулгуурын талбайд цүнхнүүдээ овоолж хаалга хийж байгаад л хөлдүү төмс өшиглөн гүйлдэж хоккей ч юм уу хөл бөмбөгийн алин нь мэдэгдэхгүй тоглоомыг хичээл тараад хэдэн цагаар ч хамаагүй тоглодогсон. Удалгүй төмс нь 3-ын бөмбөг болж солигдон арай л дэвшилттэй болж билээ. Зун нь өдөржингөө Туулын эрэг дээр усанд шумбаж өнжөөд орой нь өлсөж үхэхээ дөхсөн ядарсан амьтан гэртээ арай л гэж нэг юм ирдэгсэн хэмээн өөрөө өөртөө өгүүлэв.

Тэрээр цааш нь хараач эрэгддэг утас гээд манайх ч нэг иймэрхүү утастай байж билээ за байз утасны дугаар маань хэд байлаа даа ….
аан тийм тэр үеийн утаснууд 5-н оронтой тоотой байсан.
Манай тэр хавийнхан чинь 4-өөр эхэлдэг тэгээд дараагын тоонууд нь миний төрсөн сар,өдөртэй адилхан байсан шүү дээ.
Тэгэхээр 4-11-20 гээд л залгадаг байж дээ гээд одоо тэр дугаар луу залгавал урдаас ийм дугаар ашиглалтанд байхгүй тул та дугаараа оруулаад дахин залгана уу гэх байх даа гээд дугаарыг яагаад ч юм бэ эрэгдэв.
Гэтэл утас дуудах чимээ сонсогдов....дийд...дийд....дийд.

Жүжигчин эр дуудаж байх юм гэж бодов.
Гэтэл удалгүй нэгэн эмэгтэй авч байна уу? гэхэд саахь эр ихэд цочсон нь олон жилийн өмнө хорвоог орхисон ээжийнх нь хоолойтой тун адилхан байсанд нэг хэсэгтээ л алмайран хэзээ,хаана байгаагаа ч түрхэн зуур мартах шиг болов.

Энэ хооронд эмэгтэй дахин ...байна уу? гээд дуугарахгүй болохоор хүүхдүүд л утсаар тоглоод байх шиг байна гээд утсаа тавихыг завдав.
Жүжигчин эр сандрангуйгаар ...байна уу?...байна уу? эгчээ...уучлаарай...сайн байна уу? гэж давхцуулан хэллээ.
Урдаас нь эмэгтэй сайн,сайн байна уу? хэнтэй ярих уу? гэлээ.
Би, би хэнтэй ч ярих гээгүй олон жилийн өмнө гэрийнх минь байсан утасны дугаар луугаа санамсаргүй залгатал та авчихлаа уучлаарай гэв.
Урдаас нь эмэгтэй танай дугаар хэд байсан юм сонин л юм манайх сая шинээр энэ дугаарыг авсан юм урьд нь өөр айлынх байсан байж таараахгүй дээ гэснээ үгүй чи чинь миний хүү ээжийгээ дамшиглаад ээжээрээ тоглоом хийх нь үү дээ би хүүгийнхээ дууг 30-н жил сонсоогүй байгаад сонссон ч танилгүй яахав дээ гээд инээв.
Үгүй та намайг хэн гэж бодоов гэж жүжигчин эрийг асуухад эмэгтэй
чи Онон л байна шүү дээ гэж хэлээд бас хоолойгоо бүдүүн болгоод том хүн шиг дуугарах санаатай гээд тас тас хөхрөв.
Энэ үед Онон ээж минь...ээж минь мөн байна….мөн байна гэж сэтгэлдээ хэлсэн ч үгүй ийм байх ёсгүй яагаад ч ийм юм байж таарахгүй энэ чинь би зүгээр биз дээ арай халуурч бүлээрээгүй биз дээ солиорч,зүүдлээгүй байгаа даа гэж өөрөөсөө асуув.
Онон ээжээ....үгүй ээ эгчээ гэж давхцуулан хэлээд таниас нэг юм асууя та намайг 10-н нас хүрэхэд төрсөн өдрөөр минь ямар бэлэг өгсөн бэ? гэж яагаад ч юм санаанд орсоноо л асуухын хамтаар би чинь яаж байнаа ямар ч байх боломжгүй зүйлд итгээд байна уу даа гэсэн бодол зурвасхан орж ирсэн ч хариултыг чимээгүй хүлээн суув.


Эмэгтэй миний хүүгийн дуу нэг л сандрангуй байх чинь яагаа вэ яагаад үүнийг асуугаад байгаа юм бэ? чи хаанаас яриад байна гэв.
Онон та миний асуултанд хариулаад өгөөч дээ гэж гуйхад эмэгтэй...
би чамд чернил соруулдаг улаан өнгөтэй гоё үзэг авч өгөхөд чи маргааш нь том ангийн хүүхэд булаагаад авчихлаа гэсээр уйлж орж ирсэнээ мартчихаа юу гэж хэлэхэд Онон миний ээжээ...миний ээжээ...миний ээж мөн байна гээд харилцуурийг алгаараа дараад мэгшин уйлав.
Утасны цаанаас эмэгтэй Онон миний хүү яав зүгээр биз яагаад дуугаа хураачихаваа юу болоод байнаа яагаад миний хүү ийм юм асуугаад байгаа юм бэ дуу хоолой чинь яагаад ийм сөөнгөдүү байгаа юм бэ гэж сандран асуув.
Онон ээжээ би хүү чинь байна гэхдээ таньд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна та бид хоёрын хооронд үнэхээр 30-н жилийн зай байна.
Ээжээ хүү нь 30-н жилийн дараа гэрийнхээ утас руу санамсаргүй залгатал таньтайгаа ярилаа би үүнд итгэж ядаж байвч та үнэхээр мөн байна. Би тоглоогүй ээ ээжээ утсаа харин битгий тавиараа намайг үргэлжлүүлэн сонсоорой таниасаа гуйя утсаа л битгий тавиараа.
Тиймээ би тэр үзгийг алга болгочихоод хүүхэд булаасан гэж танд худал хэлж билээ. Та гэтэл булаасан хүүхдийг олж уулзана гээд сургууль руу очтол ангийн багш нөгөө үзгийг минь ангид орхисныг олоод таньд өгч билээ.Та намайг худалч муу хүүхэд гэхэд би нэг их уйлсансан.
Харин та дараа нь надад дахиад битгий хаяарай гээд үзэг хийх сав оёж хүзүүнд зүүж өгөөд намайг үнсэж билээ.
Тиймээ би Онон байна гэхдээ 40-н настай хүү чинь байна.
Тэгтэл эмэгтэй юу вэ? Онон ороод ирлээ...цүнхээ барьчихсан тэгэхээр би хэнтэй яриад байна вэ? үнэхээр итгэж үнэмшихэд бэрх юм. Яах аргагүй хүүгийн минь дуу мөн байна...гэв.
Онон энэ үед....ээжээ битгий утсаа тавиараа.
Ийм боломж дахиад олдохгүй байж болно утсаа л битгий тавиараа гэж дахин дахин хэллээ.
Би ээжээ гэдэг үгийг хэлмээр байдаг үе олон байдаг.
Таныгаа үргэлж бодож зүүдэлж таныгаа санахдаа зүүдэндээ зөндөө уйлдаг юм.
Тэгвэл би чамайг 40-н нас хүртэл чинь хамт байж чадаагүй юм байжээ гэхэд Онон тиймээ ээжээ гэхдээ үүнийг өөрчилж болох боломж гарлаа шүү дээ. Одоо хэдэн он бэ? гэж асуув. 1976....гэхэд Онон та тэр нэгэн газар луу л 10-н жилийн дараа явахгүй байхад бүх зүйл өөрчлөгдөх нь ээжээ.
Үгүй энэ удаагын чи бид хоёрын яриа ийм зүйлд зориулагдаагүй байхаа гэж ээж нь бодож байна. Одоо бид юуг ч өөрчилж чадахгүй хэрэг ч үгүй чиний ээжийгээ гэсэн сэтгэлийг Бурхан сонсоод бид хоёрыг ярилцуулахаар шийдсэн байлгүй дээ.
Чи зүүдэндээ уйлдаг гэсэн сэрээд харахад дэр чинь хуурай байдаг биз? гэж асуухад Онон тиймээ би зөндөө их норсон байхдаа гэж бодоод дэрээ илж үзэхэд хув хуурай байдаг юм.
Би хүүгийнхээ зүүдийг манаж хонодог юм урсах нулимсыг чинь арчиж байдаг юм.Эх хүн хэзээ ч үрийнхээ төлөө байдаг урд нь ч ийм л байсан хэдэн мянган жил өнгөрсөн ч тийм л байх болно.
Ээжээ хоёулаа яриад л байя таныгаа бас охин дүүгээ харж хандаж таныхаа ачыг хариулж чадаагүй болохоор Бурхан надад таны оронд эднийг харж хандаарай гэж манайх гэдэг айлд дандаа охин хүүхдүүд өгсөн юм байлгүй дээ….гэж бодоод л тэднийхээ төлөө зүтгэж явна даа ээж минь.

Чамайгаа сайн явааг сонсоод баярлаж байна хүү минь.
Чиний ярихыг сонсоод л баймаар байна гэвч бид 2 мөнх ярьж болохгүй шүү дээ.
Нэгэн цагт энэ утас тасрах л болно тэгээд түүнийг тавих л болно. Миний хүү ойлгож байгаа биз дээ? Үүнтэй адил төрсөний эцэст үхнэ гэдэг хорвоогийн жам үүнийг хэн ч өөрчилж чадахгүй.
Чи үүнтэй одоо хүртэл эвлэрч чадахгүй байх шиг байна.
Миний хүү ээжийгээ явуул.

Таныгаа жаргаана ачыг тань хариулна гэж бодсоор явсан ч ганц ч баярлуулж чадаагүй хүүгээ уучлаарай. Хүн үргэлж л өнгөрсөн хойно нь ухаарах юм даа. Хэн нэгнийгээ амьдад нь мөнх л юм шиг санах юм даа.
Би хүмүүсийг дэлгүүрээс ижий минь настай шүд муутай юм зайлуул энэ сайхан зөөлөн боов байна гээд авч байхыг нь хараад атаархал төрдөг юм. Таныгаа хажууд байсан ч болоосой түүнээс аваад өгөх юмсан гэж боддог.
Миний хүү ээжийгээ жаргааж байгаагүй гэж юунд бодоо вэ?
Чи ээжийгээ жаргаасан хүү минь. Зовоож байх чинь хүртэл жаргал байсан. Хэрэв ээж нь чамгүй байсан бол хэнийхээ төлөө зовох байсан юм бэ. Хэвлийдээ тээсэн 10-н сар минь жаргал байсан,хөөрхөн чи минь хөхөө нэхэн уйлах нь жаргал байсаан,хөлд орох гэж баацганан байхыг чинь харах жаргал байсан. Балчирхан чамайгаа гараас хөтлөөд цэцэрлэгт,сургуульд хүргэж өгөх жаргал байсан хүү минь.
Хорвоод аз жаргалыг хүү минь чамаасаа л авч байсан.
Амьдралд алдах үед чинь аагтай цай ч хоолой давахгүй эвий хүү минь гэж чиний хойноос энэлэн суухдаа ч жаргах болноо миний хүү.
Ээжид нь хэлэх үг байна хүү минь насны эцэст чи туулсан амьдралаа эргэж нэг хараарай нарт хорвоод дэмий амьдраагүй л бол насан буурал ээжийгээ мөнх жаргаасан гэж бодоорой.
Ээжтэйгээ эргээд уулзана хүү минь хүн шиг амьдраад үргэлж зөвийг хийх юм бол эргээд л уулзана тиймээс би чамд баяртай гэж хэлэхгүй...ээжээ гээд эргээд уулзах чинь чамаас л хамаарна шүү хүү минь....дү....дү....дү....дүү..утас тасарч дүнгэнэн дуугарана.
Онон ээжээ..ээжээ...ээжээ….гэж дахин дахин дуудавч хариу үл дуугарна. Дахин дахин залгавч утас үл дуудна.
Онон таньдаа хайртай ч гэж хэлж чадсангүй таныгаа зовоож байсныг минь өршөөгөөрэй гээд ч хэлж амжсангүй гэж харамсан бодов...гэхдээ надад найдвар өгсөн таньдаа баярлалаа ижий минь.
Хүү нь хүн шиг амьдарнаа ээжээ.

Энэ үеэр найруулагч залуу орж ирээд Онон ахаа та яагаа вэ...нүүр царай чинь нэг л сонин байх чинь уйлсан ч юм шиг гэхэд....Онон дүү минь би сая энэ утсаар нэгэн эрхэм хүнтэйгээ яриад сэтгэл их хөдөлсөн байх тэгээд л чамд би тэгж сонин харагдаа байх гэвэл найруулагч залуу гайхангуйгаар таны энэ ярьсан гээд байгаа утас чинь ярих ямарч боломжгүй холболт энэ тэр ч байхгүй шүү дээ.
Та үүнийг хар зүгээр л энэ киноны зурганд хэрэглэх гэж хүнээс гуйж олж ирсэн юм гээд утасыг дээш өргөж харуулаад та ядарч байх шиг байна өнөөдөртөө харьж амардаа маргааш зураг авалтаа үргэлжлүүлэе гэв.
Онон тэгэе гээд дүү минь чамаас нэг зуйл гуйя ...надад энэ утсаа өгчихгүй юу?...дүр бүтээсний хөлс мөнгө гээд ч яахав харин үүнийг л надад өгчихвөл боллоо гэхэд найруулагч залуу юу гэсэн үг вэ мөнгө төгрөгийг чинь ярьж тохирсоноороо өгөлгүй яах вэ хэрэгтэй бол наад утсаа та авдаа би энэ утасны эзэнтэй тохирч болох байлгүй дээ гэхэд Онон баярлалаа гээд утсаа цээжиндээ тэвэрсээр зөв амьдрах шийдвэрийг ….ээжтэйгээ хэзээ нэгэн цагт хаа нэгэн газар эргэн уулзах найдварын хамт тээсээр тэндээс гарав.

Ц.Отгонбаяр-Чикаго хот.