Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ
Миний гуниг
Өндөр уулын оройгоос булаглан гарч
Өргөн тал руу хөөсрөн буудаг
Миний гуниг
Өвсний үзүүрийг илбэн хатирч
Өнчин хайлаасыг аргадан үдэлдэг
Миний гуниг
Цагийн харгуйтай орооцолдон хөвөрч
Цаашлах ертөнцийг нэхэн хөөдөг
Миний гуниг
Мэдэхгүйн зовлонгоор тэжээгдэн ундарч
Мэдрэхүйн үндсийг услан тэтгэдэг
Миний гуниг
Зуны цэцэгсийн өнгийг биширч
Нарны зовлонг ойлгон бөхийдөг
Миний гуниг
Намрын шувуудын дуунд сатаарч
Наашлах,эргэн учрахын дуу гэж ухаардаг
Миний гуниг
Намайг хүн болгон зогсоох гэж
Насны хэмжээтэй хорвоод намрын навч шиг шатдаг
Миний гуниг
Наснаас минь эрт намайг ухааруулж
Найраг шүлгийн онгодыг дууддаг
Өдөр шөнө ээлжилдэг хорвоод төрсөн учраас
Өвөл зун ээлжилдэг эх оронтой учраас
Өвсний толгойд шүүдэр тогтож шим хураадгийн учраас
Өөрийнхөө амьдралыг гуниг зовлонгүйгээр яахан төсөөлөх билээ
Гунигаа би цэцэг болгон ургуулчихаад юугаа бодож суух вэ
Гунигаа би шувуу болгон нисгэчихээд юугаа хүлээж суух вэ
Гунигаа би аянга болгон буулгачихаад юундаа итгэж суух вэ
Гунигаа би амьжиргаа болгон хувиргачихаад юугаараа тэжээгдэж явах вэ
ГУНИГАА би шүлэг болгон үлдээнэ
ГУНИГАА би хүсэл болгон асаана
ГУНИГАА би уучлал болгон дэвсэнэ
ГУНИГАА би ухаарал болгон ургуулна
ГУНИГАА би....................................
Бүлээн