Saturday, November 22, 2008

"Сайн явна гэдэг санааных уу?"

Галбадрах.

Нэгэн уншигч надаас ийн асуусан юм. Тэгээд энэ тухай багагүй бодлоо. Хүмүүс "сайн яваа" хэн нэгний тухай зөндөө л ярилцдаг. Хүн энэ амьдралд сайн явна гэдгийг мэдэрдэг, хэмждэг хэмжүүр байдаг юм болов уу? Бас үүний эсрэг муу явна гэдгийг яаж тодорхойлдог юм бол гэсэн асуулт бас сонирхол татна.
Ажил үйлс . амьдрал нь нэг л бүтэмжгүй, санаснаар нь болж өгдөггүй, сэтгэл санаагаар гундуухан, архи дарс ууж, бусдын өмнө хэцүүхэн дүрээр, өрөөл бусдаар ч өөрөө өөрийгөө ч өрөвдүүлж явах нэгэн байх. Амьдарлын нэгдсэн жор байдаггүй болохоор хүн бүр өөрийн үнэ цэнэ, аз жаргалаа өөр өөрийнхөөрөө төсөөлдөг.
Зарим нь их мөнгөтэй байж, хүссэнээрээ амьдарч байгаагаа, зарим нь үр хүүхэдтэй болж тэднийхээ сайн сайхан өсч хөгжиж байгааг харж мэдэрч байхдаа, зарим нь нэр алдарт хүрч бусдын хараанд өртөж сонирхол татаж байгаагаа, зарим нь эрх мэдэлтэй байж бусдаас илүү гэдгээ мэдэрч байхдаа, зарим нь өөрийн авьяас чадвараараа бусдад сайнаар нөлөөлж байгаагаа "аз жаргал" хэмээн төсөөлдөг.
Юу юунаас илүү хүн гэдэг бодьгал энэ ертөнцөд хүн болж төрөөд өөрийнхөө тавилангаараа амьдарч байгаадаа л аз жаргалтай байдаг.
Мөнгөтэй баян нэгэнд ч мөнгөгүй ядуу нэгэнд ч баяр баясгалан, уйтгар гуниг ав адилхан учирдаг болохоор, эцсийн эцэст бүх л хүн энэ хорвоод ав адилхан ирээд буцдаг болохоор л энэ амьдрал утга учиртай бас сайн муу үйлдлээрээ баян байдаг ажээ.
"Санаа сайн бол заяа сайн"
Өнө эртнээс монголчууд алив атаархал хорслыг тэвчиж, алив зүйлд сайхан сэтгэлээр хандахыг ийнхүү чухалчлан сургадаг байжээ. Энэ бол сэтгэлийн амар амирлангуйн эхлэл юм.
-Та амар амгалан уу?
-Тавтай сайхан уу? хэмээх мэндчилгээний хэлц, "аштай юу даа" хэмээх уулга алдалт монголчуудын харилцаан дахь хэмнэл, сэтгэл урмын илэрхийлэл байж дээ.
-Тэр гуайнх хүүтэй болж гэнээ. Аштай юудаа үрийн мөрөөсөл болсон хүмүүс.
-Тэр гуайнх гүүгээ барих гэнэ. Миний хүү очоод туслалц.
-Тэр гуайн хүү хот газар сайн яваа гэнээ. Аштай юудаа нутаг усны минь нэр.
Бусдын сайн сайхан явааг сонсоод, өөрийн эрхгүй өөрөө л тийм яваа юм шиг чин сэтгэлээсээ баярлан, дэмжих энэ л сайхан сэтгэлийн илч гэгээ өдрөөс өдөрт, жилээс жилд биднээс алсран холдоод байх шиг. Хүссэн хүсээгүй бидний амьдрал бие биенээсээ хамааралтай. "Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэж хэлэлцдэг монголчууд бидний хэн нэгэндээ ерөөсөн, дэмжсэн сэтгэлийн сайхан илч гэгээний хариу хэзээ нэгэн цагт эзэндээ буцаж ирдэг хорвоо. Тохуутай юм шиг энэ л хорвоод уйлж суугаа нэгнийг тавлан инээж ахуйд, нөгөө нэг өдөр чамайг уйлж суух дор нөгөө нэгэнд нь инээх цаг ирдэг. Гайхамшигт яруу найрагч О.Дашбалбар асан энэ энгийн гүн ухааныг "Хүмүүсээ бие биеэ амьдад нь хайрла" шүлэгтээ бишрэм сайхнаар өгүүлэн үлдээсэн билээ.
Өнөөдөр энэ л цөвүүн цаг дор учраа олохгүй бужигнаж, энэ л сайхан заншлаа умартаж, хар хороор амьсгалан бачуурцгаана.
-Тэднийх машин авчихаж, манайх том машин авнаа.
-Тэднийх орон сууцанд орчихож, манайх хаус баринаа.
-Тэднийх хүүхдээ дээд сургуульд оруулжчихаж, манайх хүүхдээ гадаадад сурганаа.
Бид өөрсдийн "Хөнжлийн хэрээр хөлөө жийх"-ийн оронд амаараа савсах атаа хорслын утаандаа хахаж цацан багтарцгаана. Утга учир, зорилго боломжиндоо бус өнгө , мөнгөн дээр бүхнийг харах харалган бодол, атаархал, барьцаа өдгөө олон монголчуудыг галзууруулах шахам хийрхүүлж байна. Арга арчаагаа алдсан нэгэн атаархсан нэгнийхээ мууг үзэх гэж хов жив тарааж, гүжир гүтгэлэг зохиож, хараал жатга хийлгэнэ. Энэ бүхэн өөрийгөө зовоох зовлонгийн үндэс болж байна даа.
Бид энэ ертөнцөд өөр өөрийн тавилангаараа амьдарцгаадаг. Хүн болгон хэн нэгэн шиг баян, хэн нэгэн шиг авьяастай, хэн нэгэн шиг одтой байх албагүй ч өөрийнхөө хүслээр тайван амьдрах боломжтой. Бусдын сайн сайханд чин сэтгэлээсээ талархаж, өөрийн боломжоороо тусалж дэмжин, сайхан сэтгэлээр хандах нь тийм хэцүү гэж үү. Мөнгө шаардахгүйгээр хүн бүрийн хийж болох зүйл энэ аж.
Сайхан сэтгэлтэй хүний сэтгэлийн илч дулааныг мэдэрсэн хүн бүр тэр хүнд талархаж, хүндэлж бас хариу сайхныг илгээхийг хүсдэг. Тэр л сэтгэлийн илч гэгээндээ ямар ч хүн дулаахан тайван амьдарч чаддаг. Тийм хүмүүс бусдаас ямагт дэмжлэг авч ажил амьдрал нь бүтэмжтэй сайхан явдаг юм даа.
Тийм болохоор манай ухаант өвөг дээдэс "Санаа сайхан бол заяа сайхан" хэмээн дэмий нэг хэлээгүй байх.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ'
Хүнд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь амьдралын эрх чөлөө. Танд өнөөдөр хичнээн хүнд хэцүү зүйл тохиолдож, сэтгэл тань үүлтэй тэнгэр шиг харанхуйлж, харамслын нулимс тань аадар шиг асгарч байвч, гадаа нартай, тэр л илч гэгээнд хорвоо ертөнц өнгөлөг сайхан харагдаж, шувууд баясгалантайгаар шулганан жиргэж, тэртээд уулс сүрлэг сайхнаар цэнхэртэн харагдаж, модод цэцэгс үзэсгэлэнт сайхнаараа гайхуулж байхад, та өөрийгөө амьд, бас амьдрах гэдэг ямар сайхан болохыг мэдэрнэ. Та хүсвэл энэ сайхан цэцэгс моддын дундуур тааваар алхлан тэртээх алсын ууланд хүрч болно. Өндөр уулын оройгоос энэ ертөнцийн сайхныг тольдохдоо, хүн болж төрсөн хувь заяагаа, орших эс оршихуйн зааг дээрх өөрийн хүч чадал, үнэ цэнээ мэдрэх болно. Чехийн алдарт зохиолч Я.Хашекийн "Эрэлхэг цэрэг Швейк"-ийн "үхсэн хойноо энэ байгалийн сайхны дэргэд энэ муу хошууч юу юм бэ? нэг муу бага дэслэгч л гэсэн үг шүү дээ' гэсэн үг санаанаас гардаггүй юм.
Энэ эрх чөлөөний үнэ цэнийг алдсан алдаа, хийсэн буруу үйлдэл, өчүүхэн тэнэглэлийнхээ төлөө эрх чөлөөгөө хасуулан хорих газар хоригдож байгаа хүмүүс дэндүү сайн ойлгодог. "Тэр мөчид би жаахан тэвчсэн бол, амьдралд жаахан ч атугай хичээсэн бол..." хэмээх харуусал, цаг үргэлж шаналах шаналгаа тэднийг зовооно.
Улирч байгаа цаг хугацааг зогсоож, бас эргүүлж болдоггүйд л хамаг харамсал шингэнэ. Энэчлэн бид олон зүйлд харамсдаг. Хоолой давж гунигт муу үр дагаварт аваачсан хундага архи, бусдын сэтгэл зүрхийг хиртээж, өөрөөсөө холдуулсан муу үгс нь амьдралд хэзээ ч эргүүлж болохгүй алдаанд хүргэх нь цөөнгүй.
Амьдралд бага алдахын тулд хүн хичээх хэрэгтэй болдог. Хичээнэ гэдэг нь тэсвэр тэвчээрийн хязгаар юм уу даа.
-Амьдрал хэцүү байхад би уухгүй яах юм бэ?
-Улс орон даяараа ийм хэцүү байхад ууж байж л зовлонгоо жаахан мартдаг юм шүү дээ хэмээн хээв нэг тайлбарлах архи уугаачдын ярилцлагыг сүүлийн үед телевизээр их харуулах болж. Тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл гаргаагүйгээсээ муу зүйлд өртөгсөд алив үйлдлийн буруугаа өөрөөсөө бус өөр олон зүйлээс олж харан тайлбарладаг.
Ирээдүйд сайн сайхан амьдрахын тулд өнөөдөр наргиан наадам, зугаа цэнгэлээс татгалзан тэвчиж, хичээн суралцаж хөдөлмөрлөх нь сайн үр дүнд хүргэдэг гэдгийг өнөөгийн залууст ойлгуулахын оронд ийм муу зүйлсийг үзүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол. Тэсвэр тэвчээр гарган цаг заваа үр дүнтэй ашиглан, олон зүйлээс татгалзан хичээн хөдөлмөрлөж сайн суралцах эзэнд, хувь заяа нь нэгэн адил хичээж, хожим сайн сайхан, баяр баясгалантай, сэтгэл хангалуун өөдрөг амьдрал авч ирдэгийг энэ дэлхийн амжилтад хүрсэн олон гайхамшигт залуусын жишээ харуулж байна. Энэ л хичээл зүтгэл, тэвчээрийн хариуд өнөөдөр алдаж буй мэт санагдах олон зүйлс хожмоо хэд дахин, магадгүй насан туршид чинь танд оногдох болно.
Тэгээд ч манай ухаант өвөг дээдэс "эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээн зүгээр нэг сургаагүй байх.
"Сайн явна гэдэг санааных"
Сайн явна гэдэг мөнгөтэй, өнгөтэй, нэр алдартай, эрх мэдэлтэйн хэмжүүр огт бус, энэ амьдралдаа өөрийн боломж, хүч чадалдаа түшиглэн, өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрахын утга юм шиг. Таны эргэн тойронд байгаа амраг хань, ах дүүс, анд нөхөд тань таныг ойлгож, хүндэлж , талархаж байх нь хамгаас чухал юм. Үүний тулд та "эзэн хичээж", "санаа сайхан байж" "сайн явна". Өөрөөр хэлбэл бүх зүйл өөр хэнээс ч биш зөвхөн танаас л хамаарна.
-Та сэтгэл санаагаа ариун байлгаж, бусдад атаархан бухимдаж, өөрийгөө зовоолгүй, чадал боломжийнхоо хэрээр бусдад чин сэтгэлээсээ тус болж, баярлан талархаж явбаас хариу нь хэзээд, хожим хойно ч танд ирнэ гэдгийг бүү март.
-Та заавал их мөнгөтэй баян, гоц авьяастай алдартан болох албагүй ч өөрийн бодит чадал боломжиндоо "хичээн" амьдарвал таны амьдрал санаснаар тань өөдрөг сайхан байх болно. Их мөнгөтэй хэн нэгэнд ч их авьяастай алдартанд ч тантай адил зовлон жаргал тохиолддог. Харин учирч байгаа зовлон жаргалаа хэрхэн хүлээж авахаас л их зүйл хамаардаг юм даа.
-Энэ бүхнийг эргэцүүлээд бодохоор сайн явна, сайхан амьдарна гэдэг санааных ажээ. Өөр хэн ч биш зөвхөн та л энэ бүхнийг өөрийн хичээл зүтгэл, сайн санаа, өөдрөг тэмүүллээр бий болгож чадна. Та өөртөө итгэх хэрэгтэй.
Энэ ертөнцөд хүн болгон нүцгэн ирээд нүцгэн буцдаг. Тэгэхээр заавал бусдыг дуурайж, бусдад атаархаж, учиргүй тэвдэх хэрэг юун. Хүн болгон адил байх албагүйн адил ертөнцийг үзэх үзэл, амьдрах арга барил нь өөр өөр байдаг. Харин та өөрийн боломжиндоо л өөртөө сэтгэл хангалуун амьдрахыг хичээж, санаа сэтгэлээ өөдрөг сайхан байлгах нь, таны өөртөө хурааж хуримтлуулсан зовлонг тань нимгэлж, өөрийнхөөрөө сайхан амьдрах боломжийг тань олгоно.