Хүний төрөл бүрийн мэдрэмжийг илэрхийлсэн, зүрх сэтгэлийг уяраасан хөгжмийн төрлийг олон зууны тэртээгээс эмчилгээнд ашиглаж иржээ. Өнөө үед бие болон сэтгэлийн өвчтэй хүмүүсийн эмчилгээнд хөгжмийг оруулах тухай судалж байна. Энэ талаар хийсэн судалгаанаас үзэхэд хөгжим нь сэтгэлийн дарамт, хорт хавдар, даралт ихдэх, зүрхний өвчин, оюун ухааны өвчнийг анагааж нойрсуулах, тайвшруулах зэрэг олон төрлийн эмчилгээнд ач холбогдолтойг тогтоожээ.
Хөгжим: Хайр энэрэл
Бид эхийн хэвлийд байгаа хүүхэд бүхнийг сонсож, мэдэрч, нөлөөлдгийг мэднэ шүү дээ. Нью-Йоркийн Странгийн хорт хавдраас сэргийлэх төвийн Митчелл Л. Гайпор хөг аялгууны хүчийн талаар дараах зүйлийг хэлж байна. “Маш олон эмч нар хүний эрүүл мэнд болон аялгуу сайхан хөгжмийн хооронд уялдаа холбоо байгааг харж байна. Хэрэв хүн тохирсон чичиргээ, аялгуу сайхан дуу чимээ бүхий орчинд өөрийгөө сайн байгааг мэдэрдэг. Тухайлбал би хүний амьдралыг бүх талаар нь сайжруулж, өөрчилдөг хөгжмөөс өөр зүйл мэдэхгүй” гэжээ. Судлаачид Моцарт, Вивальдийн хөгжмөөс сонсгоход үр хөврөлийн зүрхний цохилт удааширч, тархины долгион намдаж, ёврох нь багасаж буйг ажиглажээ. Харин рок, поп хөгжим сонсгоход тавгүйтэн ёврох нь нэмэгдсэн байна.
Дуу чимээ нь хүний эс, эрхтэн бүрт нөлөөлөх чадвартай. Торонтогийн их сургуулийн Анагаах Ухааны Факультетийн Проф. Док. Кейт Мур “Хүний үр хөврөл” номдоо юуны өмнө сонсох (чих) эрхтэн, дараа нь харах эрхтэн (нүд), тэгээд мэдрэх, ойлгох, тархины эрхтэн (зүрх, тархи) бий болдог тухай бичжээ.
Хөгжим: Анагаах ухаан
Хөгжим нь ядаргааны даавар болох кортизолуны ялгаралтыг 25%-иар бууруулж, биеийн булчин сулруулагч ендорфинийг ихэсгэх, мэс заслын дараах өвдөлтийг багасган, ингэснээр тайвшруулах, өвчин намдаах эмний хэрэгцээг багасгаж, мэс засалд орсон өвчтөнийг илүү түргэн, хялбар аргаар эдгээн, дархлааны системийн эсэргүүцэгч бодис гемоглобин А-г 14%-д хүргэн, эм хэрэглэхгүйгээр төрөх зэрэг олон сайн талтай юм. Түүнээс гадна дутуу төрсөн хүүхдийн өсөлтөнд нөлөөлж, хүүхдийн тархины мэдрэлийн холбоог цочроон, эргэн тойрондоо болж буй зүйлсийг мэдрэх чадварыг нь ихэсгэн цусны даралтыг 5 нэгжээр бууруулж, зүрхний цохилтыг багасган, зүрхний цусан хангамжийг зохицуулж, шөрмөс татсаныг сулруулж, эм хэрэглэлгүйгээр өвчин намдаах, тавгүй байдлыг арилгах чадвартай гэж нотолсон байна.
Станфорд их сургуулийн анагаах ухааны факультетэд сэтгэлийн дарамтыг багасгах талаар хийсэн судалгаагаар өвчтөн өөрөө буюу асрагч нь сонгосон хөгжмийг сонсоод дарамттай байдал нь багасаж буй нь харагджээ. Ямар ч хөгжим сонсгоогүй өөр нэг бүлэгт 8 долоо хоногийн турш ямар ч өөрчлөлт мэдэгдсэнгүй. Хувь хүний биеийн байдлаас хамаарч зарим төрлийн хөгжим нь хөнгөн дасгал хийхэд тус болдог. Мөн Паркинсоны өвчтөнгүүдийн оюун ухаан, хөдөлгөөний чадвар сайжирч, кемо-эмчилгээ хийж буй өвчтөнгүүдийн гэдэс эвгүйрхэх нь багасдаг байна.
Хөгжим нь өвчтөний сэтгэл санааны байдлыг сайжруулж, эргэн тойрондоо харилцан мэдрэмжтэй болгож, амжилтанд хүргэж, өөрийгөө илүү хянаж, өөрийгөө илэрхийлж, оюун ухаан нь хөгжихөд тусалдаг. Хөгжмийн эмчилгээ нь гэр бүлийнхэн, асрагч нар нь өвчтөнтэй сайнаар харилцахад нь дэм болдог.
Нью-Йоркийн их сургуулийн Нордофф-Роббинсийн хөгжмөөр эмчлэх төвийн Док. Клив Роббинс төрөлхийн согогтой хүүхдийн биеийг тэнцвэржүүлж, гар хөлийн хөдөлгөөнийг хэрхэн хэвийн болгож, харилцаа сургахын тулд хөгжим ашиглан амжилтанд хүрчээ. Роббинс ингэж хэлжээ: “Хүний тархин дахь мэдрэлийн судал, булчингийн үйл ажиллагаанд хөгжим болон аялгуут чимээ нөлөө үзүүлдэг.
Нам гүм орчинд хөгжим сонсоход ухааныг сэргээж, анхаарлыг төвлөрүүлж, биеийн зарим үйл ажиллагааг зохицуулахад тусалдаг”. Йале их сургуулийн анагаах ухааны факультетэд явуулсан судалгаагаар мэс заслын үеэр нойрсуулсан өвчтөнд дуртай хөгжмийг нь сонсгоход хөгжим сонсоогүй хүмүүсийг бодвол тайвшруулах болон өвчин намдаагч бага хэрэглэж байжээ. Хөгжим судлаачид үргэлжилсэн ая, анхаарал сарниулсан хэмнэл нь мэс заслын дараах өвдөлт, зүрхний өвчин үүсгэдэг тавгүй байдлыг үгүй болгодог.
Луизвиллийн их сургуулийн сувилагчийн сургуульд хийсэн судалгаагаар нойргүйдэх өвчтэй 25 хүний 24 нь сонгодог болон орчин үеийн хөгжим сонсон илүү хурдан унтаж, удаан нойрсож, сэрсэн ч ахин унтаж байгаа нь харагджээ. Унтахдаа сонсох хөгжим нь зөөлөн хэмнэлтэй байх ёстой. Энэ эмчилгээний үр дүнг үзэхийн тулд хүн өөрийг нь ядраадаг, анхаарлыг нь сарниулдаг зарим зүйлээс хол байх хэрэгтэй.
“Моцартын нөлөө” нэртэй ном зохиосон Дон Кемпбелл тархинд нь үхэлд хүргэх цус нөжирсөн байгааг мэджээ. Тэрээр өдөрт 3-4 минутын турш 7 удаа амандаа дуртай дуугаа аялсан байна. Эцэст нь судсан дахь нөж нь 4см-ээс 3мм болж багассан гэнэ. Дахин тархины шинжилгээнд орохоосоо өмнө 3 долоо хоногийн турш үүнийгээ үргэлжлүүлжээ. Кемпбелл номондоо хөгжмийн талаар ингэж бичжээ: “Хөгжим хүний сэтгэл санаанд үнэхээр нөлөөлдөг. Эхийн хэвлийд байхаасаа эхлэн дуу чимээ, хөгжим, аялгуут чичиргээг сонсож байх нь хүний эрүүл мэнд, сурах чадвар, зан аашинд сайнаар нөлөөлдөг” гэжээ.