Friday, January 23, 2009

Улаанбаатарын утаанаас Хархорум хүртэл.

Гомбосүрэнгийн Галбадрах.
-Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.


Сүүлийн жилүүдэд өвөл болж хүйтрэх цагаас л Улаанбаатарын утааны талаар таагүй зүйл олонтаа яригдах авч гамшигийн байдалд хүрсэн гэдэгтэй нэг л эвлэрч өгөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл санаанд минь сайн буухгүй байсан хэрэг. Саяхан Монголоос ирсэн танилуудын яриа болон интернет мэдээллээс сонсож үзэж, бага зэрэг төсөөлөх боллоо. Хотын дээгүүр нүүгэлтэх хар утаа орчныг бохирдуулаад зогсохгүй, энэ хотод амьдран суугаа, монгол орны бараг тал нь шахам иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгаа гэнэ.
Сүүлийн үед Улаанбаатар хотын утаа болон агаарын бохирдлыг багасгах төслийн хүрээнд нилээд их мөнгө зарцуулах, гадны зээл тусламжийг энэ зорилгод ашиглах талаар багагүй бичигдэж яригдах болжээ. Ямарваа зүйлийг хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхлых төлөө бодлого, төлөвлөлт, хяналтгүй хийчихээд үүнийхээ муу үр дагаварыг, их мөнгөөр залруулан засч шийддэг муу зуршил тогтох болж дээ Монгол оронд минь.Харин үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн хачирхмаар үзэгдэл. Хэн ч хариуцлага хүлээдэггүй энэ шударга бус тогтолцоо л монгол оронд шийдвэр гаргах мэдэл бүхий улстөрийн албан тушаалыг бизнес, авилгал хээл хахуулын уурхай болгож байна бус уу?
Улаанбаатарын утааг ийм хэмжээнд хүргэж байгаа олон шалтагуудыг би мэдэхгүй л дээ. Гэхдээ босгосон багагүй овоог гадарлаж байна. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, эмх цэгц, замбараагүй олгосон газрын зөвшөөрөл, утаа тортог ихтэй хуучирсан авто машинууд, ядуурлаас үүдэлтэй, түлшний оронд түлж буй хог хаягдлууд энэ бүхэнд багагүй нөлөөлж байгаа гэдэг нь харах нүднээ ил. Ийм байдалд хүргэсний төлөө хэн буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх тухай юунд эс ярилцана вэ?
Улаанбаатар хотыг олон жил удирдаж байхдаа, газрын зөвшөөрлийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулын сүлжээгээр баяжсан хэмээн яригддаг одоогийн засгийн газрын шадар сайд М.Энхбөлд, засгийн газрын гишүүн ХХААҮ-ийн сайд Бадамжунай нарын нүд нь энэ утаанд хорсож, цээж нь давчдахгүй байгаа юм байхдаа. Энэ л нүүгэлтсэн утаан дундаа ард иргэд ч таднийг олж харахгүй байгаа юм байхдаа. Утаанаас үүдэлтэй, эмх замбараагүй, муу үр дагавартай олон зүйлд хариуцлага тооцож эхлэхийн наад захын жишээ энэ. С.Баярын тэргүүлсэн эв нэгдлийн засгийн газраас бид үүнийг хүсээд байгаа юм шүү дээ.
Зөвхөн утаа гэж үү?
Өдгөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бодлого төлөвлөлт , хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсаны улмаас хөгжих нь бүү хэл өөрийн ачааллаа даахаа больж байна. Яг л хуучирч муудсан барилга мэт.
-Өнөө цагийн хөгжлийн цар хүрээ, хурдцыг урьдчилан тооцоогүйгээр тавигдсан авто замууд ачааллаа даахгүйд хүрч, хааш хаашаа 50 км талбайд оршиж буй Улаанбаатар хотод авто замын түгжрэл, аваар осол хэрээс хэтэрч ард иргэдийг бухимдуулах болжээ.
-Хуучнаар төлөвлөж барьж байсан газруудын сул зайнд хууль бусаар олгогдсон газарт баригдсан барилгуудын уршгаар хот төлөвлөлт, эмх цэгц нь алдагдаж замбараагүй овоолго мэт болжээ. Энд орон сууцны цогцолбор хэмээх ойлголт огт үгүй болж хүмүүс 4 хананы дунд амьдрах болсон нь иргэдийн бухимдлын нэгэн шалтгаан болж байна.
-Дэд бүтэц бүхий суурин газрыг бараадах гэсэн их нүүдлийн зохицуулалт үгүйгээс, хөдөөнөөс нүүж ирэгсэд, дуртай газраа буух болсноос эрчим хүч болон ус,нийтийн тээврийн хангамж нь алдагдаж, зохицуул;ах арага үгүй болжээ. Тэр ч бүү хэл зарим айлууд шарилын газар хашаа хатгаж, хүндлэх цээрлэх ёс заншил ч үгүй болох нээ.
-Ийм эмх замбараагүй, бодлого зохицуулалт үгүй тархмал байдлын уршгаар өнөөгийн улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж байгаа ТЭЦ-үүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Аль социализмын үейин байгууламжууд болох газар дээрх болон газар доорх хуучирсан шугамуудын гэмтэл, түүнийг засах гэж зам талбайгаа эвдэлж бутаргах нь ард иргэдийн бухимдлын нэг шалтгаан болно.
-Монгол улсын нийт хүн амын тал хувь нь бөөгнөрөн, эмх замбараагүй суурьшсан энэ хотод сургууль. эмнэлэг, цагдаагийн гэх төрийн олон байгууллагууд тэр болгон хүрч чадахгүй бас ачааллаа даахгүйд хүрч энэ нь иргэдийн бухимдлын нэгэн шалтаг болсоор.
Өдрөөс өдөрт, жилээс жилд хуучирч хоцрогдсон барилга, зам, талбайгаа өнгөлөн далдалсан төдий засвар хийж, шинээр баригдаж байгаа барилгууд нь тэр болгон шаардлага хангахгүй байгаагаас нийслэл хотын минь ирээдүй нэг л бүрхэг янзтай.
Нэгэн цагт "Азийн цагаан дагина" гэж өхөөрдүүлж, өдгөө цагт дорно дахины эрээн мяраан маягийн хот болж байгаа Улаанбаатар хот зундаа шороотой, өвөлдөө утаатай, иргэд нь ямагт бухимдалтай ийм хэвээр байгаад байж болно гэж үү?
Ийм л дөр төрхтэй улсын нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний мөнгө зарцуулж өөрчлөн сайжруулах гэж оролдох нь "нүглийн нүдийг гурилаар хуурах" төдийгүй их л үрлэг зарлагын үүд болох янзтай.
Монгол улсын нийслэлийг Хархорумд шилжүүлье.
Эзэн Чингис хааны их түүхээс улбаатай, эртний Монголын нийслэл Хархорумын тухай дэлхий нийтийн түүх мэднэ. Энэ л хотод тэр цагийн дэлхийн гайхамшигт урчууд бүтээлээ хийж, дэлхийн хэмжээний бдолго яригдаж, дэлхийн бүх шашин , сүм хийдүүд зэрэгцэн оршиж, дэлхийн хэмжээнд худалдаа арилжаа, элч солилцоо, их аян дайны бэлтгэл хийгдэж байсныг түүх нотолдог. Тийм болохоор тэр л цагт Хархорум Монголын төдийгүй дэлхийн нийслэл байсан гэж үздэг ажээ.
Энэ шинэ зуунд хөгжингүй Монголын шинэ нийслэл Хархорумыг цогцлоох түүхэн боломж бүрдэж буй мэт.
-Хархорум хот дэлхийд танигдсан брэнд. Хүчирхэг Монголын нийслэл, нэгэн цагт дэлхийн харилцааны том төв байсан гэдгээр нь дэлхий нийт сонирхоно.
-Монгол орны газар нутгийн одоогийн байршлаас нь үзэхэд Монгол орны төв цэгийг Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг гэж үздэг. Эн байршлаас баримжаалахад Хархорум хот монгол улсын бүх хязгаараас рөв цэгт байрлалтай байх боломжтой.
-Хархорумын одоогийн нутаг нь төдийлэн хавчигдмал бус зөв цогцлоож, сайн төлөвлөвөөс хааш хаашаа тэлэх уудам талбайтай.
Хуучирч, ачааллаа даахаа больсон одоогийн нийслэл Улаанбаатар хотод асуудлаа шийдэх гэж их мөнгө зарцуулж, өнгөлөн далдлалт төдий өөрчлөлт хийснээс зоримог шийдвэр гарган монгол улсын нийслэлийг Хархорум хотод шилжүүлвээс ирээдүй рүү гээ харсан зөв алхам болноо. Ийм алхам хийх тухай нэгэн цагт АН-аас хөндөж, Ц.Элбэгдөрж нар өөрийн амьдрах байрны шав тавьж байсан нь шоу биш байлтай.
Зоримогоор хиисэн ийм алхамын нөлөөгөөр өнөөгийн Улаанбаатар хотын олон асуудлууд түүнчлэн утаа, агаарын бохирдол аяндаа шийдэгдэж, монголын хүн амын тархалт, дэд бүтцийн хөгжил зөв гольдрилдоо орох боломж бүрдэнэ. Мэдээж хөрөнгө мөнгө болон өөр олон шалтаг байж болох хэдий ч нэгэн цагт зоримог шийдвэр гарган улсын нийслэлээ Алма-Атагаас Астанад шилжүүлэн, богино хугацаанд ухаалаг төвхнөж чадсан Казакстаны туршлага байж байгаа.
-Ойрын үед баригдахаар төлөвлөгдөж байгаа Монголын парламентийн ордон, олон улсын нисэх онгоцны буудал, ТЭЦ-5 зэрэг томоохон байгууламжуудыг Улаанбаатар хотын хаана баривал зохимжтой талаар маргалдаж мэтгэлцэхийн оронд шууд Хархорум хотод барьж эхлэвээс их зөв шийдэл болох бизээ.
-Түүнчлэн Хархорумын хот байсан түүх , зураглалыг сайтар судлан сэргээж, үүн дээр тулгуурлан хот байгуулалтаа төлөвлөж дэлхий дахинд зарлаваас, өдгөө Улаанбаатар хот орчимд газар горилж буй Япон, Солонгос, Хятад, Орос, Герман, Америк загварын хотхонууд өөр өөрсдийн сонголтоор, өөр өөрсдийн хөрөнгөөр сүндэрлэн босох боломж бий.
-Монгол улсын хүн ам Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд, Өмнөгөвь, Хархорум зэрэг томоохон хотуудад тархам суурьшиж энэ хэмжээгээр бөсчилсэн хөгжлийн бодлого бодитой хэрэгжих боломж бүрдэнэ.
-АНУ-аас үзүүлж буй мянганы сорилын сангийн төсөл шиг ийм төслийн хүрээнд Улаанбаатар хотоос Хархорум хот хүртэл түүнээс цаашлаад баруун чиглэлийн төмөр зам тавигдаж дэд бүтэц хөгжвөөс Монгол орны хөгжил дэх нэгэн том алхам хурдан хугацаанд шийдэгдэх болно.
-Үсрэнгүй хөгжил шинэчлэлийн хүрээндээ Хархорум нийслэлийг анхнаас нь ирээдүйн их хөгжлийг баримжаалж, алсыг харсан, холч ухаанаар бий болгож хөгжүүлэх нь Монгол орны энэ зууны хөгжлийн бодит алхам болно. Ядахнаа л улсынхаа нийслэлийг үйлдвэржилтээс зайтай, жинхэнэ улстөр, соёл , шинжлэх ухааны төв болгон цогцлоох нь хэрэгтэй байна даа.
Алив хийх зүйлд "хүсэл байвал арга нь олддог, хүсэлгүй бол шалтаг нь олддог" үлгэрээр Монгол орны шинэчлэлд хэрэгтэй хийж болох олон боломжууд бидэнд байнаа. Алийн болгон улс орны ирээдүйн сайн сайхны төлөө хийж болох ажлуудаа хувийн болон тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолтой хутган завааруулах билээ. Бид өнөөдөр үүнийг хийхийг хүсэхгүй байвч маргааш үүнийг Монгол орны төлөө заавал хийх цаг үе ирнээ. Монгол орны голомт мандан бадраг.