Wednesday, January 28, 2009

Franz Peter Schubert -Шуберт

Австрийн суут хөгжмийн зохиолч Франц Шубертийн нэгээхэн сод туурвил бол "Серенада" юм аа. Сонсох тусам яруусаад... цээжин дотор уярал, гунилаар гэрэлтээд... уйлмаар болоод...
Цээжин дотуур тунгалаг долгисыг түрэн түрэн...
Чим чим... уянгалаг хөндүүр...
Чичирсэн аньсага Серенада дуулна...

Франц Шубертын тухай товчхон

/1797-1828/
Австрийн хөгжмийн зохиолч, романтизмын гол төлөөлөгч Франц Шуберт насан туршдаа ядуу амьдралтай өлөн зэлмүүн байж, өвчин эмгэгт ээрүүлж явжээ. Амьдралынх нь хамгийн хүнд үе нь эцэг нь түүнээс ургийн холбоогоо тасалж, сэтгэлтэй бүсгүйдээ ядуу зүдүү хэмээн гологдож ганцаардсан тэр он жилүүд байжээ. Гэсэн ч тэрбээр үл гуньж гутран зохиолуудаа бичсээр л байж. Гэвч гайхамшигт туурвилуудыг тухайн цагт нь таньж, худалдаж авах, тоглох газар олдохгүй байв. Ганцаардмал зүдэг гэвч гайхамшигтай суу билэгт Шуберт амьд ахуйгаа алдарт 9 симфонийнхоо зөвхөн нэгийг нь л сонссон гэдэг. Түүнийг нас нөгчихөд өөрийнх нь гэрээслэлийн нь дагуу суут хөгжмийн зохиолч Бетховенийг тавьсан газарт оршуулжээ. Вена хотын Веринг хэмээх оршуулгын газарт байх Шубертын булшны хөшөөн дээр "Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сан, эрхэм сайхан найрлага хоёроо оршуулсан юм" хэмээн сийлжээ.
Ф. Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр хүн төрөлхтөнд 1000 гаруй зохиолын өв санг үлдээжээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог байна. Хөгжмийн зохиолчийн системийн мэдлэг бүү хэл дунд сургуулийн боловсрол ч эзэмшээгүй Франц Шуберт бурхнаас заяасан авьяас билэг, нөр их хөдөлмөрийнхөө үрээр гайхамшигт бүтээлүүдээ туурвиж, суутны зэрэгт хүрчээ