Thursday, May 21, 2009

Нойр булчирхай - Pancreas

1960-аад онд анагаахын их сургуулийн оюутнуудад багш нь нойр булчирхай өвчний талаар хичээл заах гэтэл жишээ авах өвчтөн олддоггүй байжээ.

Хэтрүүлж хэлбэл энэ үед монгол хүн нойр булчирхайтай эсэхээ ч мэддэггүй байж. Өвдөж, зовоодоггүй байсан энэ эрхтэн сүүлийн жилүүдэд үрэвсч хавдан, бэтгэрч, цаашилбал, аминд нь ч хүрэх нь олширчээ.
-Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд нойр булчирхайн үрэвсэлт өвчин түгээмэл өвчний нэг болж.
-Нойр булчирхай хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог гол эрхтний нэг. Бүсэлхий нурууны нэг, хоёрдугаар нуглам, ходоодны арын хэсэгт байрладаг булчирхайлаг эрхтэн. Ходоод, 12 гэдэсний араар, хэвлийн дээд хэсэгт байрлаж. Нойр булчирхай их бие, толгой, сүүл хэсэг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Чухал эрхтний нэг боловч хүмүүс үл тоон хүйтэн, хурц, тослог, өөх тос ихтэй хайрч, хуурсан, түлсэн хоол идэж энэ эрхтнээ үрэвсүүлж байна. Тодруулбал, хоолны дэглэм сахиагүй, зөв хооллож чадаагүй хүмүүс өвчилдөг. Нөгөө талаар согтууруулах ундааны зүйл их хэрэглэх явдал өвчин үүсэх гол шалтгаан агаад ийм хэрэглээтэй хүний нойр булчирхай байнга үрэвсэлтэй байдаг. Мөн механик шалтгаан ч бий. Тодруулбал, цөсний чулуу, нугарал, ханын зузаарал, ходоодны архаг үрэвсэл, шарх зэрэгтэй хавсардаг. Өнөөдөр бидний уламжлалт хоол үгүй болж. Гадны орнуудын хүнсний хагас боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүнийг л ихээр хэрэглэх юм. Өвчтэй, эрүүл ялгаагүй ямар ч хүнд хүнд хоол таатай биш. Ийм учраас амархан боловсрох хоол болон жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээг тогтмол хэрэглэх ёстой.
Өвчлөлийн илэрдэг тэмдэг нь:
-Хэвлийн гол шугамаар, хүйсний дээд талд, зүүн аюулхайн нуман дор өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Эхний үед хөл, гарын үзүүр хөрөх, огиулж бөөлжих, үүнээс болж даралт унах зэргээр онцын зовиургүй илэрдгээс хүмүүс тоодоггүй. Хэрвээ эдгээр шинж танд илэрвэл аль болох эмчид хандах хэрэгтэй. Учир нь, нойр булчирхай дотроо хагарч бусад эд эрхтнээ гэмтээн шоконд оруулах аюултай юм. Нойр булчирхайн цочмог үрэвслийг оношлоход төвөгтэй байдаг байна. Хувирах хэлбэрийн хаван, цусархаг хэлбэр буюу үхжилт, өөрчлөлт зэргээр тодорхойлогддог. Уг өвчин үүсэх шалтгаан нь төрөл бүрийн халдвар үхжил үүсэх үйл явц юм. Харин хүүхдийн хувьд өмнө нь гахайн хавдраар өвчилсөн бол нойр булчирхайн үрэвсэл нь цусны урсгалаар дамжин үүсч болно. Биеийн хэвлийн дээд хэсгийн баруун талаар өвдвөл нойр булчирхайн толгойн хэсэг, хэвлийн доод хэсгээр өвдвөл их бие, зүүн талаар өвдвөл нойр булчирхайн сүүл хэсэг өвдсөнийг заадаг. Одоогоор дэлхий дахинд нойр булчирхайн толгойн хэсэгт мэс засалчид зориглож хүрээгүй байна.


-Дунд насны эрчүүд голдуу өвчилдөг байн энэ өвчнөөр. Учир нь, тэд архи илүүтэй хэрэглэдэгтэй холбоотой байх. Yүний зэрэгцээ жин ихтэй хүмүүсийн нойр булчирхайд өөхжилт үүсдэг тул үрэвсэлтэй байдаг байна.
-Зөв хооллон, эрүүл хүнс хэрэглэвэл нойр булчирхайгаар өвдөхгүй. Иймээс тухайн хүнээсээ хамааралтай өвчин юм. Түүнчлэн настай хүнд ихэвчлэн хүндэвтэр хэлбэртэй тохиолддог.

-Цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойр булчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг. Энэ үрэвслийн үед илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд турж, бие суларч, хүч тамираа алдах, бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг илэрдэг. Хамгийн гол нь нүүрс ус ихтэй хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай.

Энэ бүхэн бидний идэж буй хоол хүнстэй шууд холбоотой.Өвдсөн хойноо биш эрүүл байхдаа үзүүлж байх нь хамгийн чухал.