Saturday, July 25, 2009

Харь нутгийн сайн санаат хүмүүс

Монголчууд бид, нэг нэгэндээ тус болох сөхөөгүй урдах амьдралдаа түүртээд явж байхад, харь нутгийн сайн санаат хүмүүс ийм сайхан аян зохиож, биднээс илүүтэй Монголын минь ирээдүйн үр хүүхэд, улсын маань хөгжилд санаа тавьж байгаад үнэхээр их баярлаж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэн түгэх болтугай!



Английн Go Help хүмүүнлэгийн байгууллагаас зохион явуулдаг "Mongolia Charity Rally" нь жил болгон явагддаг бөгөөд, Англи болон бусад бүх улсаас оролцох хүсэлтэй хүмүүсийг энэ төсөлд хамруулах боломжтой байдаг байна. MongolResponse-ын залуус маань энэ үйл ажиллагааны зөвхөн нэг баг нь бөгөөд цаана нь энэ багтай адилхан ойролцоогоор 30-аад баг байна билээ. Эхлээд та бүхэндээ энэхүү үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэсэн дээр байх аа.


Mongolia Charity Rally нь цэвэр хүмүүнлэгийн үйл ажиллагаа бөгөөд эндээс олсон бүх хандив, тусламж, машин, тоног төхөөрөмжүүд Save The Children, CAMDA, Go Help зэрэг байгууллагуудад очдог байна.

Ингээд энэ байгуулагуудын туслалцаатайгааар Монголын хүүхэд залуусын ирээдүй, эх орны маань алс бөглүү газрын хөгжил цэцэглэлтэнд дээрхи төслөөс хуримтлагдсан мөнгө, хөрөнгө зориулагддаг байх юм.

Энэ аялал Лондон - Улаанбаатар гэсэн үндсэн маршруттай бөгөөд Энэ жилийн ээлжит аялал нь 7 сарын 11-нд буюу Лондонд болсон Англи дахь Монголчуудын Наадмаар албан ёсоор гараагаа эхэлсэн байна.

Энэхүү аялалд оролцохыг хүссэн хүмүүс доод тал нь 1000£ буюу ойролцоогоор 1643$-н хандив цуглуулсан байх бөгөөд мөн аялалд явах өөрийн унаагаа бэлдсэн байх гэсэн үндсэн нөхцөлтэй. Оролцож байгаа багуудын машинууд дунд нэлээд хэдэн Түргэн тусламжийн тэрэг харагдсан.

Тэгээд эцсийн цэг болох Улаанбаатар, Сүхбаатарын талбайд ирээд аялалын оролцогчид маань өөрсдийн унаж ирсэн машин болон, тоног төхөөрөмжүүдээ Save The Children, CAMDA, Go Help зэрэг байгуулагуудын Монгол дахь төлөөгчидөд гардуулах ёстой юм байна.

MongolResponse-ын 2 залуу маань Монголчуудад түргэн тусламжийн тэрэг бэлэглэхээр явж байгаа бөгөөд яг өнөөдрийн байдлаар Greece-т явж байгаа сурагтай. Та эдгээр залуусын шинэ мэдээллийг авахыг хүсвэл твиттер лүү нь орж аваарай.



Энэхүү хүмүүнлэгийн аялалын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл албан есны сайт болох charityrallies.org-орж үзээрэй. Энэ төслийг хэрэгжүүлэгч Go Help-ийн талаар мэдээлэл авахыг хүсвэл www.gohelp.org.uk энэ сайруу ороорой. Мөн та бүхэндээ сонирхуулах үүднээс энэ аялалын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан видео, Лондонд болсон 7 сарын 11-ний гарааны бичлэг, мөн 2008 онд зохиогдсон аялалын бичлэгүүд зэргийг хавсарган орууллаа. Бүх багуудын зургын цомгийг энд дараад орж үзээрэй.

Эцэст нь хэлэхэд энэ сайхан аянг зохион байгуулж байгаа Go Help болон энэ аялалд оролцож байгаа бүх багууддаа үнэхээр их талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй. Тэдний маань алтан шар зам нь өлзийтэй байх болтугай!



www.tsegmee.com