Monday, August 24, 2009

Мөөгөнцөр өвчнийг үл тоомсорлох нь маш аюултай


Бидний мөөгөнцөр хэмээн нэрлэдэг, албан ёсоор бол кандидоз хэмээх нэртэй энэ өвчин нилээд тааламжгүй өвчинд тооцогддог.

Кандидоз буюу мөөгөнцөр нь кандида /Candida/ төрлийн мөөгний хяналтгүй өсөлт юм. Хэрэв эмэгтэй хүн дархлаа сайн, өдөөгч хүчин зүйл байхгүй бол мөөг нь салст бүрхэвч дээр /тэр дундаа, үтрээнд/ тайван бөгөөд үл анзаарагдам байдалтай амьдарч чаддаг. Гэвч ямар нэгэн шалтгаан /цаг агаар өөрчлөгдөх, гормоны үйл ажиллагаа доголдох янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх гэх мэт/ бий болмогц мөөгнүүд өсч, үржиж эхэлдэг.

Мөөгөнцөр өвчний гадаад шинж:
Загатнах, улайх, аарцархуу ялгарал гарах. Хэдийгээр мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл эмийн санд чөлөөтэй худалддаг ч эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Гагцхүү мэргэжлийн эмч л өвчний шалтгааныг тодорхойдох боломжтой /зарим үед чихрийн шижин өвчин ч байх нь бий/. Сайн дураар янз бүрийн эм уух, өөрийгөө эмчлэх гэж оролдох нь мөөгөнцрийг архаг хэлбэрт оруулж болзошгүй.

Тэгвэл өвчний давталт жилд 2-4 удаа тохиох нь байдаг. Мөн кандида мөөг нь бэлгийн, ахуйн замаар халдварладгийг санууштай. Нийтийн халуун усны газар мөөгөнцөр авах нь элбэг байдаг тул хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатай.