Thursday, August 11, 2011

Яг над шиг бүсгүйд -2

Болорхон
Яльгүй гэнэн харцтай хонгор бүсгүй
Яагаад надтай адилхан харагдана
Чиний уруул, тас хархан нүд
Чилтэл хэн нэгнийг хүлээдэг чинь надтай адил юм
Сайхан хар гэзэг, хаш цагаан шүд
Санаа алдах чинь, инээх чинь хүртэл би өөрийгөө харах шиг
Үзэсгэлэн гоо, залуу нас, бардам зангаараа гоёсон
Үе тэнгийн чамайг бурхан надтай
Үйлийн үргүй адилхан зурж дээ
Үзтэл бидний ялгаа юу вэ?
Миний нүдээр чи хорвоог харж чадах уу?
Мөнгө, өнгө, амьдралыг ялгаж таних уу?
Миний зүрхээр чи бусдыг хайрлаж бас уучилж чадах уу?
Маргаашийг, өнөөдөр бас өчигдөртэй нь ялгаж харах уу?
Үзэсгэлэн гоогийн цаана өр өвдөх сэтгэл байна уу?
Өрөөлийн төлөө өөрийгөө мартчих минийхтэй адил "тэнэглэл" байна уу?
Хамаг орчлонг гэрэлтүүлэх хэрэг гарваас
Хайран залуу насаа өргөчихөөд холоо одчих
Хатан зориг чамд байна уу?
Чиний ялдам харцаар хорвоог би харж чадаагүй ээ
Чи бид хоёр дэндүү өөр юм билээ
Үзэсгэлэн гоогийн ард нуусан зүрх
Үнэндээ бидний ялгаа юм билээ
Зүрх өвдөлт, зөөлхөн мэгшилт
Цөхрөл, цөхрөлийн дундах инээмсэглэл
Болжморыг хайрлах сэтгэл бас энэрэл
Өөрт минь байгаа нигүүсэл байхгүй чамтай
Үнэндээ би огтхон ч адилгүй ээ...