Sunday, April 13, 2008

Эх шувуу



Тэнгэрт бодлоо зурах моддын
Тэвэрт үүрээ зассан шувуу
Улаан цурав үрсийнхээ, дуунд уяатай эргэлдэж
Ухаангүй нэхлийнх нь эрэлд, далиа сульдааж өнжинө
Огторгуй зүсэж явсан бардамхан эрх чөлөө нь
Орчлонгын жам, амьдын тойрогт хумигдахад
Үүрэндээ зуу эргэж, үрдээ мянга энэлж
Үдшийн жавраас ч харамлан далавчаараа хучиж хононо
Үрсийнхээ эмзэг зулайг эрүү сунган нөмөрлөхдөө
Үхэл, амьдралын тухай уяран боддог болов уу?
Будант жилүүдийн гэрээс, гэрэлт халуун дурсамжыг
Буудайн чинээхэн зүрхэндээ хадгалж явдаг болов уу?
Хайрлам, эх шувууг харцаараа илбэж суухдаа
Хоолой зангирах бодлоор ижийгээ санаж эмтэрлээ
Үрийнхээ төлөө амьдардаг эгэлгүй хутгыг нь биширч
Үүлгэр орчлонг цочтол таныгаа дуудмаар санагдлаа
Он цагийн салхи, газар дээр таныг минь элээдэг ч
Олон сайхан дурсамжтайгаа та сэтгэлийн минь гүн рүү нүүдэллэдэг
Бүтэн явахын жаргалыг таныг л бодохдоо мэдэрдэг
Бүтэж үхмээр орчлонг, налгар дүр тань уужруулдаг
Таниасаа холд элээсэн он жилүүдийн урсгалд
Тахих бурхан,цэрвэх чөтгөрөө таньсан ч
Сүү урсдаг цээжинд тань мөнх нялхаараа
Сүнсээ тэнгэрт морилтол ээжийгээ л дуулна аа