Friday, April 18, 2008

KidsHealth-Kids



Хүүхэд хэт бага, эсвэл их идэх, нойрондоо таруу уцаарлангуй болох зэргээр таагүй шинж тэмдэг илрэх нь эцэг, эхчүүдийг санааг багагүй зовоодогч заримдаа анхаарахгүй байх нь бий.Гэтэл хүүхдийн биеийн байдал,зан аашных нь өөрчлөлт нь ямар нэгэн өвчин тусах магадлал, эсвэл тухайн өвчний явц зэргийн талаар маш их зүйлийг өгүүлж байдаг юм.
Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг үзсэн төдийгөөр хэвийн бол бүх юм сайн, өндөр бол халуун буруулах эм өгөхөөс өөр арга хэмжээ авдаггүй. Гэтэл хүүхэд янз бүрээр халуурч болно. Жишээлэхэд, халуунтай байв ч гар нь мөс шиг хүйтэн байж болно. Энэ нь цусны захын судасны агшилтыг болсныг илтгэж байж болзошгүй. Эмчид үзүүлж зөвлөгөө авахад буруудах зүйлгүй.
Хүүхдийн гар байнга хүйтэн явах нь мэдрэлийн системийн хэт цочролд орсны шинж. Өөрөөр хэлбэл хүүхдийн мэдрэлийн систем нь хэт цочирсны улмаас биеийнх нь дулаан зохицуулалт алдагдсан гэсэн үг. Ер нь хүүхэд гүйж харайгаагүй ч алга байнга хөлрөх, дотуур хувцас нь хөлсөндөө норох зэрэг шинж илрэх нь мөн л мэдрэлийн зохицуулалтанд тодорхой хэмжээний алдаа гараад байгааг илтгэдэг.
Хүүхэд гартаа байнга гар хуруугаараа оролдох, хумсаа мэрэх, цочимтгой болох, ойр ойрхон норойндоо ярих зэрэг нь невроз буюу мэдрэл сульдалттай ойролцоо байдалд ороод байгаагийн шинж байж болзошгүй тул эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв хүүхэд байнга хэт хөөрлийн байдалтай байж, тоглоом тоглохгүй, тоглож эхэлвэл улайрч, болиулах гэхэд уурлаж, уйлах зэргээр элдэв араншин гаргаж эхлэх нь муухай ааштайнх нь бус харин гавлын дотоод даралт ихэдсэний шинж тэмдэг байж болох талтай. Иймд хүүхдээ загнах гэж яаралгүйгээр эмчид үзүүлж, зөвлөгөө аван зохих эмчилгээ хийлгэсэн нь зөв.
Бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарах нь мэдрэлийн системийг хэт цочромтгой байдалд хүргэх аюултай. Энэ үед хүүхдийн зүрхний цохилт хурдсахаас гадна нүд нь бага зэрэг бүлтийнэ. Энэ тохиолдолд дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө авна.
Хэлийг ходоод гэдэсний замын толь гэдэг. Хэрэв хэл байнгын шар, эсвэл цагаан өнгөртэй байдаг бол энэ нь ходоод ба гэдэсний үйл ажиллагааны алдагдлыг илэрхийлнэ. Хэлэн дээрх элдэв "хээ угалзууд" нь гэдэсний бичил орчин алдагдаж, ашигтай бактериудын дутагдлын үед үүсдэг бөгөөд антибиотикууд удаан хугацаагаар хэрэглэх үед ажиглагдана.
Хүүхдийн арьс нь бие махбодын байдлын тухай олныг өгүүлж болно. Гэдэсний хэвийн бичил орчин алдагдсан үед хуурайшиж, гуужин харшлын тууралт илрэх нь олонтаа.
Хэрэв уруул хатаж, хагарвал ходоод, гэдэсний үйл ажиллагаа доголдосны шинж байж болох талтай. Арьс цайж, арьсанд ойр байрлах жижиг венүүдийн зураглал тодрон үл мэдэг толботсон байх нь дотор эрхтний үйл ажиллагааг автоматаар зохицуулагч вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаанд доголдол гарсан байж болзошгүй. Энэ үед мөн амархан ядрах, цочромтгой болох, толгойн өвдөх зэрэг шинж илэрдэг.
Нүдэн дор хөхрөх нь хүүхдэд төмөр, эсвэл ямар нэгэн амин дэм дутагдасныг илтгэдэг. Доод зовхи унжих нь заавал бөөрний үйл ажиллагаатай холбоотой айх албагүй, зүгээр л арьсан доорхи эдийн жирийн онцлогоос үүдсэн байж болох талтай.
Өсвөр насанд хумс үйрч, цагаан судал татах нь биед кальци дутагдаж байгааг илтгэдэг. Кальцийн дутагдлыг хүүхдийн шүдний байдлаар мэдэж болдог. Хэрэв шүд их өвдөж, гэмтэж байгаа бол хүүхдийн яснууд ч ямар нэг асуудалтай байгааг харуулдаг.
Хоолны дуршил муудах нь хүүхдийн мэдрэлийн системийн ерөнхий байдал, тэнцвэр алдагдасныг харуулдаг. Мөн хүүхэд хэдий чинээ их энерги зарцуулан тоглож наадаж байна тэр хэмжээгээр их хоол идэж зарцуулсан эрч хүчээ нөхөн авч байх ёстой. Биеийн ачааллаас үл хамаараад үргэлж их идэж байгаа бол шимэгч хорхойн халдвар авсан байж болзошгүй тул эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хүүхэд хэт туранхай, нүдэн дор нь хөхөрсөн, ойр ойрхон ханиад тусч байвал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.Сүрьеэ туссан байж болох талтай.