Tuesday, May 13, 2008

Үгүй




Чиний зүгээс солонго татаж, чиний зүгээс бороо орно
Чиний зүгээс үүлс нүүж, чиний зүгээс салхи дэгдэнэ
Чи ирэхгүй
Үгийн гоёыг дэвсээд, болор гунигаа асгавч
Үгүй, надад итгэхгүй
Алдсан бүхэн минь дэндүү үнэтэй
Агшин хормууд, нүдэн балай явдлууд
Анзаараагүй өнгөрөөд эргэж харахдаа гайхсан
Алдаа минь хайраасаа илүү хүчтэй

Авралгүй юм гэж үгүй, мартана гэдэг тус болохгүй
Зөөлөн цас, сэрүүн үдшийн аль нэгэнд
Зөвхөн чамайг үгүйлдэг минь эдгэрэхгүй
Хавар эртийн бороо хайр даллаж намирахад
Харин ч надад гунигийг ерөөгөөд явсан
Үхэл үзсэн шиг тонгойж сүүлчийн хун шиг гансрахад
Үхчихгүй ээ, зүрх чинь цээжиндээ л байна гэсэн
Дууч зүрх минь урьдын адил жиргэсээр
Сүүж тоглох ч яамай, үргэлжийн эрэлд хадна
Урьд насандаа би наран тогоруу байсан ч
Үүлс давуулан ширтэж, тэнгисийн үнэрийг мөрөөднө
Цаг хугацаа харин үнэн дүрийг минь таниад
Цамц сэлтийг минь урж, олны өмнө нүцгэлэн
Буй төрх минь гансрангуй, мөрөөдлөө цэгцэлж амжиагүй
Булагдах шороо минь халуун, одоогийн шиг даарахгүй
Гэмт энэ орчлонд би гэнэн явж ханахгүй
Гэлээ гээд чиний харцанд хууртахгүй
Бэлдээ хүртэл нурсаар уул намсаж
Шалдаа буутал гуниад намайг чи дуудваас
Би очихгүй