Эрдэмтэд shark буюу акул аварга загас нь туйлын эрүүл, ямар нэг халдварт өвчин тусдаггүй, биен дээрх шарх нь маш хурдан эдгэрдгийг нэлээн дээрээс ажиглажээ. Тэгээд үүний учир юунд байна гэж судалж, shark ийм атаархмаар эрүүл байдгийн учир нь цусанд нь их хэмжээний антител буюу эсрэг биет агуулагдаж байдаг явдал гэж үзжээ.
Эрдэмтэд эмнэл зүйн үүднээс зөвхөн shark биш далайн бусад амьтад ургамлыг сонирхож байна. Учир нь өнөөдөр газар дээрх ургамал, амьтад нэлээн сайн судлагдсан байна.Тэднээс шинээр онцгой юм нээнэ гэдэг найдвар тун бага болжээ. Шинэ төрлийн эмийн бэлдмэлүүдийг зөвхөн нийлэгжүүлэх замаар гаргаж авах боломж үлдсэн гэхэд хилсдэхгүй гэнэ. Гэвч энүүнд урт хугацаа, маш их зардал шаардлагатай тул далайн гүний янз бүрийн биетийн баялаг эх булагт анхаарлаа хандуулах шаардлага гарчээ. Тэнд амьдрагч 5ОО,ООО орчим амьд биетээс зөвхөн зургаахан хувь нь сайн судлагдсан байна. Карибийн тэнгис дахь шүрний эд эсээс простогландины хэдэн төрлийг тохиолдлоор илрүүлж гарган авчээ. Түүнийг багтраа, харшил гээд маш олон өвчнийг эмчлэхэд ашиглах боломжтой ажээ.Түүнээс гадна шархыг түргэн эдгээх, дотоод цус алдалтыг зогсоох, мэдэрлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй юм байна. Простогландин нь өвчнийг эмчлээд зогсохгүй урьдчилан сэргийлж чаддаг гэнэ. Далай тэнгисийн амьд биетээс гаргаж авсан эм нь нийлэгжүүлж бий болгосон бэлдмэлээс 2О дахин хямд зардалтай.
Мөн тэнгисийн өргөст хэмх эмчилгээнд их үр дүнтэй нь тогтоогджээ.Түүнээс гаргаж авсан бэлдмэл нь хүний биеийг сульдаасан хүнд өвчний дараа хүч тамирыг сэргээхэд сайн төдийгүй,цусны даралтыг тогтмолжуулах, зүрхний булчинг амраах, бодисын солилцоог идэвхжүүлдэг ажээ. Бас тэнгисийн мөөгнөөс эмийн хаан гэж хэлж болох пенициллинээс илүү үр дүнтэй антибиотик олдсон гэнэ.
Нялцгай биетнээс гаргаж авсан цусны эргэлтийг сайжруулах бэлдмэл нитроглицеринээс мянга дахин давуу төдийгүй үйлчилгээ нь бие махбодид олон цагаар үргэлжилж чадах ажээ.
Наймаалж, медуз зэргийн зөөлөн эд эсээс бүхэл бүтэн амин хүчил, амин дэм, глюкозын иж бүрдэл илэрчээ. Тэд тархи мэдэрлийн хэт ачаалал, хүчтэй шуугианаас ядаргаанд орсон хүмүүсийг онцгой тайвшруулах үйлчилгээтэй нь тодорчээ.