Sunday, June 1, 2008

Money money - Honey honey



Гомбосүрэнгийн Галбадрах


Мөнгө аз жаргалын түлхүүр ээ
Заяатай хүний боол мөнгө
Залхуу хүний хаан мөнгө
Гартаа "төгрөг" хэмээх мөнгөн тэмдэгт барьж, ямар нэгэн зүйл худалдан авч байсан Монголчууд "үнэт' хэмээх тодотголтой өнгөт цаасны "үнэ цэнэ"-ийг сайн ойлгоогүйгээс хямдхан арилжихдаа төдийлэн харамссангүй. Харин энэ талаар ард иргэддээ санаатай буюу санамсаргүйгээр тайлбарлаж ойлгуулахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс, учраа олж ядан байгаа тэдний гараас уг цааснуудыг хямдхан худалдан авч, мөнгөний үнэ цэнэ гэж юу байдгийг жинхэнэ харуулж эхэллээ.
Тэд баяжицгааж алив зүйлийг мөнгөөр хэмжиж, мөнгөөр үнэлж, мөнгөөр арилжиж, мөнгө нэртэй цаасыг хааны сэнтийд залж орхив.
Мөнгөнд дургүй хэн ч байхгүй
Мөнгөгүй бүтэх юм хаа ч байхгүй
Нүдний нь өмнө баяжиж, төрөл арилжсан мэт өөрчлөгдөж, лусын хаан мэт амьдрах болсон тэднийг бусад нь гэнэтхэн харж, гайхсандаа "юу болоод өнгөрчихвөө" гэж дуу алдацгаана.

Учрыг нь хагас дутуу ойлгосон нэг хэсэг нь атаархаж хорссондоо хөмхийгөө зуун мөнгөний эрэлд гарцгааж эгээ л үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай бужигналдаж эхэллээ

Тэд мөнгө олохын тулд наймаа арилжаа хийж бас "шатаж', хулгай луйвар хийн шоронд орж, "нинжа' нэртэй болон алт, жонш ухацгааж, биеэ үнэлэн сэтгэл зүрхээ "зэрэмдэглэн", авилга хахууль авч бас өгөлцөж "шударга ёс"-ыг уландаа гишгэлнэ.
" Чадаж байгаа юманд арга байхгүй" гэдэг хэллэг бүх л уриа лоозонг орлон, чадах чадахгүй, болох болохгүйг ч үл хайхран, гагцхүү мөнгө олох ганц хүслээр бүхнийг умартан, өрөөл бусадтай барьцан зүтгэнэ.
Мөнгө: Улаан нүдээр тосвол шувуу шиг нисээд ирнэ
Дургүй нь хэрвээ хүрвэл шувуу шиг үргээд ниснэ
Мөнгө олж байгаа зарим нь мөнгөний үнэрт мансууран улам улам улайран шунана.
Мөнгө... Зөвхөн мөнгө... Мөнгө бүхний хаан. Яг л архичин хар тамхичин шиг л мансууран донтоно. "За яахав бохир аргаар ч хамаагүй мөнгөтэй л болъё. Их мөнгөтэй болж байгаад энэ бүхнийг больж цэвэр ариун сайхан амьдарнаа. Одоо мөнгө их мөнгө олох хэрэгтэй" гэж өөртөө хэлж амандаа үглэнэ.
Мөнгө: Эв нь хэрвээ олдвол бороо шиг намираад ирнэЭгдүү нь хэрвээ хүрвэл шороо шиг шуураад одно
Бид чинь юу л болж байна даа.

"Мөнгөөр юуг худалдаж авч болдоггүй вэ?"
Социализмын торноос гарсан Монголчууд мөнгөний амт үнэр , үнэ цэнийг мэдрэх гэж гадаадад гарч ажиллацгаав. Бидний оюуны чадамж мэдлэг боловсролын үнэ цэнэ даанч хямдхан, бүр харь орны аяга таваг, шал угаагчаас хямдхан болохыг мэдэрч хүссэн ч эс хүссэн ч үүнтэй эвлэрч, мөнгөний төлөө ажиллаж бас амьдарна.
Олон жил өнгөрч гадаадад амьдарч байсан монголчуудын түрүүч нь Монгол нутаг руугаа буцаж эхэллээ. Эгээ л түүчээ тогоруу аятай. Бид мөнгөний хойноос улайрсаар мөнгөөр үнэлэхийн аргагүй, ямар их үнэ цэнэтэй зүйлээ алдсаар байгааг ухаарч эхэллээ. Тийм ээ. Мөнгөөр олон зүйлийг худалдаж авч болдог хэдий ч мөнгөөр хэзээ ч худалдагдаггүй, түүнээс ч үнэ цэнэтэй олон зүйл байдаг ажээ.

-Алс газар одсон үрхүүхдийнхээ төлөө сүү цайны дээжээ өргөж, "хүүхдүүдийн минь санасан хүсэл нь сэтгэлчлэн бүтэг" гэж залбиран ерөөнө. Хааяа нэг ирэх харь мөнгөний дээжийг нь бурхандаа тавьж, хэсэг жаахныг нь "сайн яваасай" гэсэн ерөөлөөр хийдэд ном хуруулж сэтгэлээ тайвшруулна. Бэтгэртлээ санаж, нойр юугаа хулжаан, эмтрэх сэтгэлээ "муу хүүхдүүд минь их мөнгөтэй болж сайхан амьдраг дээ" гэж аргадна. Бие нь муу байхдаа хүртэл "байг дээ миний хүүхдүүд ирчихвэл буцаж чадахгүй хэцүүднэ. Миний бие гайгүй ээ, муу хүүгээ хулээж дөнгөнө" гэж бусдыг аргадна. Хүүхдүүдээ санаж шаналсан сэтгэлээ, тэдний минь амьдрал элбэг хангалуун сайхан болно гэсэн мөрөөдөлтэйгээ хамт тээсээр "гэгээн алсад" одоцгооно. Толгойгоо түшүүлнэ гэж төрүүлсэн хүүхдүүдийнхээ төөргийг нь түшиж гэгээн алсад одохдоо тэр л зүрх нь гомдоо болов уу? тайвшраа болов уу?
Байхгүй болсон аав ээжийнхээ жаазтай зургийн өмнө зул асааж, баярлуулж чадаагүйн харамслаа, гунигийн нулимстайгаа хамтад нь залгиж, харь газрын хатуу хуулиар өвдөх ч таслах ч эрхгүй ажилдаа явна. Өдөр шөнөгүй, эцэж цуцатлаа, хүссэн хүсээгүй хөдөлмөрлөж олсон тэр мөнгө, төрүүлж өсгөж, гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн аав ээжийг минь орлож чадна гэж үү?

-Гадаадад хууль ёсоор болон хараар ажиллаж ам7дарч байгаа Монголчуудын илгээсэн мөнгөөр олон айл өрх, орчин үейин тохилог орон сууцтай болж байгааг төр засаг ч түмэн олон ч магтан бахархана. Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь энэ л зорилгоор шүд зуун зүтгэцгээж байгаа. Нөхөр нь эсвэл эхнэр нь харьд хөдөлмөрлөж, олж илгээсэн мөнгөөр нь үлдэж хоцорсон нь шинэ орон сууц худалдаж орон гоёмсог тавилгаар тохижуулна. Байртай болохын тулд дор хаяж 3 түүнээс дээш жил хөдөлмөрлөнө. Энэ л хугацаанд "бие ньхолдохоор сэтгэл нь холдоно" гэдэгчлэн хичнээн хичээгээд ч заримынх нь амьдрал холдоно. Харь газар ганцаардаж шаналсан сэтгэл, халамж, нөмөр нөөлгөө "хамтран амьдрагчаар" орлуулж нөхнө. Хааяа шаналж ичингүйрсэн сэтгэлээ "хаа газар бүгд л адилхан байгаа шүү дээ" гэсэн хачраар дарна. Ийм л гунигт хувь заяагаар олон олон гэр бүл салж, олон олон хайртай хосуудын зүрх шархалж шанална. Хоосон дутуу байхдаа халуунаар дүрэлзэн асч асан хайр сэтгэл нь гоёмсог тавилгатай саруулхан тасалгаанд бие биеэ хайн "бүдчинэ". Буцаж ирсэн заримынх нь санаж хүлээсэн сэтгэл "танихгүй" ертөнцөд төөрч, бүлээхэн энхрийхэн. дүүрэн байсан хайраа үгүйлнэ. Илгээгээд байгаа мөнгөөр нь хөгжөөд байгаа төр засаг алдагдаад байгаа энэ л гашуун амьдралыг ямар нүдээр харж байгаа юм бол.
Үнэтэй машин, гоёмсог тавилга, тансаг сууцнууд, өвлийн хүйтэн цасан дороос сайхан сарнай цэцгийг ч ургуулж асан тэр их дэврүүн хайрыг эргүүлж өгч чадна гэж үү?

-Хаашаа, юунд, ямар хугацаагаар явж байгааг нь ч төсөөлөхгүй инээж баясан, жижигхэн булцгар гараараа даллаж, бүлээхэн хөөрхөн хацраа үнсүүлж үлдсэн балчир жаахан үрс нь өсөж том болжээ. Аав ээжийнхээ явуулсан мөнгөөр дуталдах зүйлгүй өсч, бас ч залуу хүний чамирхаж болох бүхнээр гангарсан залуус бохь зажилж бааранд пиво шимж сууна. Мөнгө хэмээх ид шидтэний буянгаар дуртай сургуульдаа суралцаж, хүссэн дүнгээ авна. Эхэндээ ирэхийг нь хүлээж, санаж бэтгэрэх шахсан сэтгэлийг нь цаг хугацаа элээж нэг л мэдэхэд алсад байгаа аав ээжийн төрх харь мөнгөний дэвсгэрт дээр байгаа үл таних хүний дүрснээс нэг их ялгаагүй санагдана. Аав ээжийнхээ гараас зүүгдэн дэвхцэж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаацан, ажлаасаа ирээд гэртээ өнжих аав ээжийнхээ энгэрт нь наалдан эрхэлж хамаг бүхнээ тоочин шулганах, санамсар болгоомжгүйгээс буруу зүйл хийчихээд аав ээжээсээ эмээн гэртээ орж чадахгүй зогсох тэр л хайр зэмлэлээс хол өссөн тэднийг буруутган зэмлэж яаж болох билээ. Өсөх насандаа амсах байсан хайр энхрийлэл, халамж анхаарал, магтаал зэмлэлийг орлож байгаа "мөнгө" тэдний оюун санааг ч буруу тийш хөтөлж, алив зүйлд хайнга хайхарамжгүй, бас хэнэггүй хандах хандлагыг төлөвшүүлж байгаа бус уу? Балчир ахуйд нь ус агаар лугаа хэрэгтэй хайр халамжаар дутааж, ганцаардуулж, өөрөө л өөрийнхөө зөнгөөр өсч төлөвшсөн тэдний сэтгэлийн дутуу дундуурыг бид ямар үнээр дүүргэх бол. Ээж ааваасаа гэрэвшиж холдсон тэдний сэтгэлийг харь газар хөдөлмөрлөж олсон мөнгө эргүүлж өгч чадна гэж үү?
''Мөнгө бол зүгээр л хэрэгцээ''
Хүн хүссэнээрээ тайван амьдрахад тийм их мөнгө хэрэгтэй юу? Мэдээж сайхан тохилог орон сууц, сайхан машин, өмсөх хувцас, хэрэгтэй үедээ зарцуулж болох мөнгө. Харин бид бараг бүгдээрээ Билл Гэйтс шиг болохыг хүсэцгээдэг. Ийм боломж үгүй л дээ. Хүн бүрд л өөр өөрийн боломж, чадвар байдаг. Монголчууд бид арай л туйлшрамтгай. Өөрийн боломж хэрэгцээгээ тооцож бодолгүй мөнгө олохын төлөө улайран зүтгээд байдаг. Үргэлж хэн нэгэнтэй барьцана. Тэднийх тийм юм авчихаж, манайх түүнээс илүүг авах ёстой гэж л сэтгэнэ. Арай илүү амьдарч байгаа нэгэндээ атаархаж хорсоно. Нэг бол бүгдээрээ баян эс тэгвэл бүгдээрээ ядуу байхыг хүснэ. Одоо юмыг арай л өөрөөр харах цаг болжээ. Нэгэн цагт нилээд мөнгөтэй болж бас ч хангалуун амьдарч байсан нэг танил маань энэ тухай харамсан ярьж байсан юм.
Миний эргэн тойронд бүх юм зөвхөн мөнгө болж хувирах л хамгийн аймшиг. Ажил дээр ч гэртээ ч зөвхөн мөнгөний тухай л ярина. Бүх хүмүүс намайг хүн биш зөвхөн мөнгө болгож хараад ирэхээр жинхэнэ найз нөхөд, сайхан сэтгэл, чин сэтгэлээсээ тавих анхаарал халамж алга болно. Хуурамч засдаг зан, зусар зулгуй харьцаа, яаж ийгээд аргалах гэсэн оролдлогууд ухаантай хүнийг залхааж, тэнэг хүнийг яг л сармагчин шиг болгодог юм. Эцэст нь хэн ч намайг чин сэтгэлээсээ өрөвдөж хайрлахгүй, хэн ч миний зовлон жаргалыг үнэнээр нь ойлгохгүй. Энэ л хамгийн аймшигтай гэж ярьж байсан сан.
Хүмүүс бид энэ ертөнцөд ирэхдээ нүцгэн ирсэн, буцахдаа ч нүцгэн л буцна. Хэмжээ хязгааргүй мөнгө цуглуулаад ч аваад явахгүйгээс хойш ингэтлээ өөрийгөө зовоох хэрэг байгаа юм уу гэж заримдаа бодогдох. Өнөөдрийг хүртэл бид үнэхээр дутуу дулимаг бас ядуу амьдарч ирсэн болохоор хүн бүр л өөр өөрийн амьдралаа босгох гэж хичээж буй.
Жил сар хоног өнгөрч ажил амьдралын элдэв асуудалд үүртэж ядарч явахад, яруу найрагч Ц. Хулангийн "Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах сан" гэсэн мөр толгойд эргэлдэж, зүрх шаналгана.
Хүн сайн хань, сайхан үр хүүхэд, сайхан найз нөхөд, дуртай ажил, чин сэтгэлээсээ ойлголцож, хэрэгтэй үед бие биедээ туслаж дэмждэг ах дүүстэй байхдаа л аз жаргалыг илүү мэдэрдэг. Тийм ээ! Мөнгө бол амьдралын утга учир, туйлын зорилго биш, ердийн л хэрэгцээ. Мөнгөнөөс илүү үнэтэй нандин сайхан зүйл Монголчууд бидэнд бий.

Төгсгөл

Хүн бүрт мөнгө хэрэгтэй. Тэр тусмаа өөрийн эх орондоо гэр бүл аав ээж, ах дүүс анд нөхөд бүгдийнхээ дэргэд өөрийн авъяас чадвар, мэдлэг боловсрол, шударга хөдөлмөрөөрөө хүссэн мөнгөө олж сэтгэл хангалуун тайван амьдрах эрхтэй. Одоогоор Монголд ажил хөдөлмөр эрхэлж өөрийн хүссэнээрээ амьдрах боломж муу байгаа талаар зарим хүмүүсийн бичиж байгааг уншиж байна. Тэгэхээр хэн нэгэн бидэнд ийм боломж олгохыг хүлээгээд, эсвэл аз таарч ямар нэгэн сугалаагаар их мөнгө хожихыг хүлээгээд суугаад байх уу? Саяхан УБ телевиз, "Капитал" групп хамтран "Global СЕО' нэвтрүүлэг хийсэн нь залуучуудад их санаа боломжийг харууллаа. Уул уурхай , улс төрөөс илүүтэй хувь хүний үнэлэмжийг өсгөх, Монгол орны үнэт капитал болсон монгол хүний сайхан амьдралын баталгааг хэрхэн бий болгох талаар хууль тогтоогчид болон эрх баригчдын анхаарлыг хандуулах цаг болжээ. Наад зах нь:

-Оюуны болон биейин хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах
-Бизнес шударгаар эрхлэх боломжийг хангах
-Монгол орон даяар хууль тогтоомж тэгш үйлчилдэг, шударга ёсыг тогтоох
-Ямарч хүн шударгаар хөдөлмөрлөж, хийсний хэрээр хөлсөө авч сайхан амьдрах боломжийг олгох
-Хүн бүр өөрийн хүсэл боломжоороо тайван амьдрах баталгааг бүрдүүлэх гэхчилэн
Үүний төлөө эвлэлдэн нэгдэж, бие биеэ дэмжиж, хамтран ажиллах, хүн бүр өөрийн боломж чадлаараа сайхан амьдралаа цогцлоохын төлөө санаа тавих цаг болжээ. Мөнгө бол хаан биш зөвхөн хэрэгцээ.
Та ч гэсэн элэг бүтэн аз жаргалтай амьдрах эрхтэй.