Thursday, July 24, 2008

Ээждээ

Нүгэл буян хоёр зөрөлдөж тогтох хэрнээ
Нүд нүдээ харахгүй сөргөлзөж явах орчлонд
Үхэл ирэхийг мартах үйлийг минь тээсэн ижий минь
Бээцэгнэнхэн байж хоёрхон алхах үрээ
Бүтэн тойрсон чинээ баясах
Бүдэрч унахдаа өвдгөө шалбалсан чулууг
Бүлээн байгаасай гэхдээ сэтгэл нь эмзэглэх
Цээжиндээ хүн тээсэн
Цагаан сүүндээ амь даасан ижий минь ээ
Өлгий амилуулж
Өрцнөөс чинь унасан хэрнээ
Өвчиж төрсөн зүсийн чинь сайхныг
Өрөөлийнхтэй жишихдээ гомдож яахан чадлаа
Саваагүй явсан зан минь
Санчиганд чинь буурал суулгасан юм биш байгаа
Дундуурхан явсан ухаан минь
Духанд чинь гурвуу гартал ороолгосон юм биш байгаа
Хайрлаж таныгаа чадлаа ч
Ханзарсныг минь нөхсөнтэй тэнцэх билүү
Харамлаж бас чадлаа ч
Хорвоогийн тамаас хагацаах билүү
Нойрыг нь мартуулж бүүвэй аялуулсан
Нойтон өлгий илбүүлж лайгаа эдлүүлсэн намайг
Тэргэл саран тооноор минь шагайхдаа
Тойлох болов уу даа гэж санаа алдсан ч юм билүү
Дээлний тань хормойноос дэм авч өндийн
Дэлхий цоохорлосон намайг
Туулаад өнгөрсөн тэр л он жилүүд
Түшиж явахыг минь харах гэж хоргодсон юм билүү
Улаан махнаас тань амь болон тасрахад
Унагасан нулимстай тань хүртэл өр минь яваадаа ээжээ
Үрчлээ бүхэн тань татсан холд
Үрийн чинь ухаанаас нэхэлтэй яваадаа ээжээ