Thursday, August 7, 2008

БИ- МОНГОЛ



Өнөөдөр би
Далайн тэртээх уулсаас
Эх нутгаа мөрөөдөнө.
Өнхөрч
Хөлбөрч өссөн бууцаа
Үнэрлэхийг хүснэ.
Хундаганд мэлтэлзэх
Хорвоогийн тансаг
Дарсыг бус
Худгийнхаа уснаас
Ховоо дүүргэн
Залгилахыг хүснэ.
Нарны гэрэл шуурсан
Тэнгэрийн салхинд
Туугдаж
Нартын жаргал зовлонгоос
Дэндүү холд
Даслаа.
Навчсын үнэр ханхалсан
Цэцэрлэг дундуур
Алхахдаа
Намрын таана анхилсан
Нутгаа санаж
Дууллаа.
Намуун шөнийн бүрэнхийд
Дэнлүүний гэрэлд
Ханьсаж
Навчис зайчсан нууранд
Шувууд гунганахыг
Сонсоод
Нар сэмэрсэн толгодоор нь
Хуурын эгшиг
Дамнасан
Мандалын цэнхэр говьдоо
Очмоор санагдаж
Уйллаа.
Олон аавын хүвүүдтэй
Наргиж цэнгэж
Дарвивч
Онгод эгшиг хөгжсөн
Найрын ширээнд
Ганцаардаж
Омог аашаар түргэндүүч
Цаанаа л уужим
Сэтгэлтэй
Онгон талын ардуудаар
Цангаж дутаж
Явлаа.
Үүлс зангирсан
Хөх тэнгэрийг
Тулж
Туульс хангинасан
Цаст уулсыг
Тэлж
Зүүдний минь ертөнцөд
Цайлалзан харагдах
Шаргал тал минь ээ
Зүрхний минь угт
Цанхайтал бодогдох
Эх орон минь ээ
Заримдаг орчлонгийн бартаанд
Сөгдөж гундаад
Очвол
Заяаны минь үр юм даа гэх
Ээж шиг минь
Тосож
Хоёр нүдний нулимсыг
Аясын салхиараа
Сэврээн
Холын цэнхэр уулс минь
Аргадаж угтахгүй
Гэх үү.
Галын халуун дөл шиг
Эрвэж дэрвэх
Насандаа
Газрын холд дурлаж
Үүрээ орхиод
Нисэхэд минь
Гаансаа шившин дүнсийх
Эцэг шиг минь
Сэмхэн
Гандуу шаргал тал минь
Мэгшээд хоцордоггүй
Гэх үү.
Үймрэх зүүдний ертөнцөөс
Гуурст хөлөг
Үүрсэж
Үдшийн уулсыг доргион
Гунан хуур
Хүнгэнэж
Өндөр сэрвээт хангай минь
Үүлэн хэвнэгээ
Задлахад
Өр зүрхний минь дуулал
Бадрангүй байхгүй
Яах вэ
Жаахан шаргын шуранхайт
Мөнгөн оддыг
Шаргиулж
Жавартай тэнгэр нь шуугин
Мөсөн сондороо
Шилгээж
Дорнын уудам талд
Монгол удам
Мэндлэхэд
Догшин улаан гал шиг
Дүрэлзтэл хайлахгүй
Яах вэ.
Хасын царайд дэлбээлсэн
Улаан сарнай шиг
Уруулаар
Халх найрагчийн зүрхэнд
Онгодын хур
Ивэлгэж
Хар мойл шиг нүдэн
Учир ургуулж
Зэрвэлзэхэд
Хайрын дуугаар зүрх минь
Халууцан чинэрэхгүй
Яах вэ.
Тэнгэрийн долоон бурхдаа
Онгон талдаа
Мандуулж
Тэртээх дээдсээс өвөлсөн
Омог, захиасыг
Хадгалж
Тэвчээр ихт Монгол минь
Орчлонгийн зулайд
Гэрэлтэх цагт
Тэнгэрлэг дуугаа хүү чинь
Аялж л явахгүй
Хаачих вэ.
Уртын дууны эгшгээ
Салхит талаасаа
Мэдэрдэг
Ургаа хад шиг бөхчүүдээ
Сахиус бурхад шиг
Дээдэлдэг
Уралдаж давхих соёолонгийн
Тоосонд даруулж
Баясдаг
Учрыг Та
Монголд төрж
Мэднээ.
Төрсөн газрынхаа шороонд
Очиж хөлбөрөөд
Эдгэрдэг
Төгөлдөр уулсынхаа оройд
Овоо тойроод
Сэргэдэг
Түмэн жил өнгөрөвч
Эзэн Чингэсээ
Дээдэлдэг
Түүний чухам учрыг
Монгол байж л
Мэдэрнээ.
Уудам огторгуйн хязгааргүйд
Яруу туяагаа
Сацлан
Усан мандал нь мэлтэрэх
Цэнхэр гаригийн
Цээжинд
Унасан морьтойгоо мөнхөрсөн
Бардам удамыг
Залгаж
Уулс, талынхаа дунд
Ургасан заяа
Би-МОНГОЛ.
Dorj