Saturday, September 20, 2008

Монгол орны "Үсрэнгүй хөгжилд" хэрэгтэй "үнэ цэнэтэй" хүмүүс

Монгол орны "Үсрэнгүй хөгжилд" хэрэгтэй "үнэ цэнэтэй" хүмүүс. Бусад орны хүмүүс яадгийг би сайн мэдэхгүй. Харин гадаадад байгаа монголчууд яг л "гүйгүүл морь" шиг эх нутаг руугаа тэмүүлдэг.-Монгол руугаа буцах уу?-Буцмаар л байна. Очоод яаж амьдарх вэ? гэдэг хүнд асуудал байнаа.-Буцмаар санагдаад монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ ярихаар "Ирж яах юм бэ? Энд бүр л хэцүү байна шүү дээ" гэх юм Ийм л байдлаар эргэлзэж тээнэгэлзсэн олон монголчууд. Монгол руугаа буцна гэж ярьсан хэн нэгнийхээ "тэнэг"-ийг гайхах найз нөхөд. Харь газар олон жил ажиллаж амьдарч, амьдралын хэв жаягт нь дассан олон монголчуудын Монголдоо очиж, бэтгэрч санасан сэтгэлээ дэвтээж, хазайж хагасалсан амьдралаа тэгшлэх хүслийг нь "очоод би энд байдаг шигээ ажиллаж амьдарч чадахгүй шүү дээ"гэх болгоомжлол эргэлзээнд оруулж, мухардуулна. Түр хугацааны визтэй гадаад оронд гараад буцаж ирээгүй олон монголчуудын хувьд, ажил хийж олох мөнгөнөөс илүү үнэтэй олон зүйл байдгийг тэр болгон хүмүүс анзаардаггүй. Энэ бол тухайн орондоо айх айдасгүй, дарамтгүй тайван амьдрал, хууль болон түүний бодит хэрэгжилт, хүмүүс хоорондын эелдэг найрсаг харьцаа, нийгмийн зүгээс иргэддээ үзүүлж байгаа сэтгэлд таатай халамж үйлчилгээ юм. Ийм орчинд хүмүүс өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөрт байгаа боломжоо сайтар ашиглан сайхан амьдрах боломжинд талархдаг. Ийм амьдралын хэмнэлд тэд өөрсдийгөө хөгжүүлж, өөрийгөө 'үнэт баялаг" болгон хувиргаж чаддаг юм даа. Гадаадад байгаа монголчуудын үнэ цэнэ. 1. Тэд ажил хөдөлмөр хийж сурцгаасан.-Ажил хийнэ гэдэг нь цагаа бүртгүүлээд ажил дээрээ сонин уншиж, улс төр хов жив ярьж, компьютер тоглон цаг нөхцөөж суух хэлбэр биш, хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж амжихын тулд зогсолтгүй хөдөлмөрлөн, цаг хугацаатай уралдан ажиллах ёстой гэдгийг сайн мэднэ. "Зогсвол зоос, хөдөлбөл хөлс" гэдэгчлэн хөдөлмөрийн хөлс зөвхөн цагаар үнэлэгддэг учраас цаг хугацаа тэдний хувь "мөнгө" бас "алт'. Би бага цаг ажиллавал бага мөнгө авна, их цаг ажиллавал их мөнгө авна гэдгийг мэддэг болохоор тэд цаг хугацааг шүтэж, үр бүтээл болгоноо мөнгө болгон хувиргахыг хичээдэг.-Чанаргүй хийсэн ажил, үйлчилгээ нь захиалгчдад таалагдахгүй бол тэд мөнгө төлөх, үйлчлүүлэхээс татгалздаг учраас өчүүхэн ч алдаа гаргах, чанаргүй зүйл хийхээс бас татгалздаг. Чанаргүй хийсэн ажил цаг хугацаа. хөдөлмөр, мөнгийг үргүй зардал болгон хохирол авчирдаг учраас ажилдаа хамгийн хариуцлагатай хандахаас өөр гарц үгүй. Захиалагч үйлчлүүлэгч тэдэнд мөнгө төлж, ажлаар хангаж байгаа учраас тэд бол тэдний хувьд "хаан" төдийгүй бүх зүйл тэдний хүсэл сонирхолд яг таарч байх учиртай. Хэн ч дэмий зүйлд мөнгөө үрэхийг хүсдэггүй.-Удирдлага болон эзнээ шүүмжилж, тэдний ажлыг сонжиж, ажиллаж буй газрынхаа дотоод бусад ажлыг сонирхоод байх хэрэг огт үгүй. Тэр хүн анх чамайг ажилд авахдаа ямар ажил хийлгэхийг хүссэн, түүнийг нь тун сайн хийж, тэдэнд таалагдаж байх учиртай. Шалтгаан нь тэр хүн энэ ажлыг хийсний төлөө танд мөнгө төлж байгаад байгаа юм. Бүх ажил бие биесээ хамааралтай байдаг болохоор та өөр зүйл сонирхоод шүүмжилж заагаад байх цаг ч боломж ч үгүй.-Тогтмол цалин гэж үгүй, бүх ажлын хөлс цагаар хэмжигддэг учраас тэд мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Шаардлагатай үед өөрт хэрэгтэй мөнгөө олохын тулд, 2 ажил хийж, үүний төлөө өглөө 4 цагт босч, дамжин шөнийн 24 цаг хүртэл ажиллах тохиолдол ч бий. "Хүссэн хэмжээгээрээ ажиллаж, хийснийхээ хэрээр авдаг" энэ нийгэмд "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үгийн утгыг жинхэнэ ойлгож мэдэрдэг. 2.Тэд боловсрол, мэдлэгийн үнэ цэнийг ойлгож мэдэрцгээсэн.-Суралцаж, сайн боловсрол эзэмшихийн тулд их мөнгө төлдөг болохоор өөртөө хэрэг болох зайлшгүй мэргэжлээ сонгох хэрэгтэй болдог. Аав ээж нь малаа нядалж, эсвэл ямаагаа самнаж ноолуураа заран сургалтын төлбөр төлөх аргагүй болохоор тэд сонголтдоо бодитой хандан илүү анхаарал тавина. Сургууль чанартай тусмаа өндөр үнэтэй, бас шалгуур нь хатуу болдог болохоор хэн ч зовж олсон мөнгөө алт шиг цаг хугацаатай "дэмий үрэх"-ийг хүсэх билээ.-Зөвхөн хүнд үзүүлэх "диплом"-ын төлөө бус цаашдын ирээдүй, амьдралын сайн баталгаагаа хангахын тулд суралцах учиртайг тэд сайн мэднэ. "Диплом" бол тэр сургуульд юу судалсныг тодорхойлж буй баримт. Харин таныг мэргэжлээрээ ажиллахыг хүсвэл, ажилд авах гэж байгууллага тань таны мэргэжлийн мэдлэг чадвар, ажил гүйцэтгэх чадвар, хамт олноор буюу багаар ажиллах чадварыг илүүтэй сонирхоно. Тийм болохоор та дүн авахын тулд бус чадвар эзэмшихийн тулд сурах ёстой болдог. Тэгээд ч өндөр боловсрол мэргэжилтэй хүнд цаашид хөгжих, илүү амжилтад хүрэх боломж олдоно.-Өөрийн боломжоо тооцон, мөнгөө төлж, ирээдүйгээ сонгосон болохоор та зав гарахаар ангийнхантайгаа "шоудаж", хэн нэгний төрсөн өдөр бүрийг тэмдэглэж бэлэг сэлт өгч, наргиж цэнгээд байх хэрэг төдий л байхгүй. Та сонголтоо хийж, мөнгөө төлсөн, хариуд нь танд хүссэнээ сурах бүх боломжийг олголоо, одоо бүх зүйл гагцхүү танаас шалтгаална гэдэг зарчимтай боловсролын тогтолцоо. Харин сургуулиуд нь танд бүх боломжийг олгосон байдагт "ид шид" нь оршино. Та хуульчийн диплом олж авчихаад аль нэгэн хорооллын дэлгүүрт худалдагч хийж суухыг хүсэхгүй биз дээ?-Хэрэв та үнэхээр сурч чадахгүй бол бусдыг дуурайж, хэн нэгэнд гайхуулах гэж суралцах хэрэггүй биз дээ? Түүнд орвол эртхэн ажил хийж сурч их мөнгө олж амьдралаа бодсон нь дээр гэдгийг тэд сайн ойлгодог. Тийм болохоор тэд сургалтын төлбөрөө төлөхийн тулд ажил хийж, бас олон арга замыг эрж хайн олж сонгодог.Хүн болгон заавал дээд боловсролтой байх албагүй. Харин өөртөө итгэлтэй, бас чадвартай бол ийм замыг сонгодог. 3. Тэд амьдрах арга ухаанд сайн суралцсан.-Мэдээж амьдралын өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор, хөдөлмөрлөж олсон мөнгөө бодитой тооцож зөв зарцуулж сурцгаадаг. Мөнгөгүй болмогцоо ах дүү, анд нөхдөөсөө эсвэл ломбард болон ХЗХ -оос мөнгө зээлэх боломж үгүй болохоор өөртөө байгаа боломжоо зөв тооцоолон мөнгөө зарцуулна.-Бусдын амьдралын хэв маягаас санаа авч, ямар байранд амьдрах, ямар машин унах, ямар хоол хүнс хэрэглэхээ өөрсдийн боломжиндоо тааруулан шийдэж, "хөнжлийн хэрээр хөлөө жийнэ". Алив зүйлийг худалдан авахдаа хөршдөө болон найз нөхөддөө "гайхуулах"гэж бус "хэрэгцээ" гээ бодолцон сонгоно.-Их мөнгө олж сайхан амьдархын үндэс нь эрүүл байх явдал гэдгийг сайтар ойлгосон тэд өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнддээ сайн анхаарал тавина. Тийм болохоор ажил амралтаа зөв зохцуулж сурцгаадаг. Амралтын өдрүүдээр хэн нэгэнтэй "тасартлаа уух"-ыг тэр болгон хүсдэггүй. Ядахнаа өглөө эрт босч ажилдаа явах хэрэгтэй. Үүний тулд эрт унтаж сайхан амрахыг хүснэ. 4.Тэд хууль дүрмийг сахин биелүүлж, олон нийттэй харилцаж сурцгаасан.-Машин бариад дүрэм зөрчих, ямар нэгэн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн төлөө хэн нэгэнтэй "найрах" шаардлага үгүй. Үүнийх нь төлөө "хориг арга хэмжээ" авдаг мэдээллийн өрчин үейин маш сайн сүлжээний тогтолцоо байдаг болохоор хүссэн хүсээгүй хууль дүрмээ сахих хэрэгтэй болно. Энэчлэнгээр тэд хууль гэж юу болох , түүнийг хэрхэн дагаж мөрдөх учиртай талаар маш сайн мэддэг.-Даатгалын зөв тогтолцоонд хамрагдаж байж, алив нэгэн болзошгүй тохиолдлын улмаас өөрт ирж болох дарамт, шаналалаас бага ч атугай ангижирч болдог. Санамсар болгоомжгүйгээс хүний машинтай мөргөлдсөний төлөө бие биеэ хараан зүхэж заамдалцаад байх шаардлага үгүй. Хэн буруутай нэгний даатгалын ханш өсч, хохирлыг даатгалын газар хүнд сурталгүйгээр барагдийлж өгнө. Харин таны даатгалын хэмжээ өсөх бүрд та "найдвар муутай" этгээдийн тоонд бүртгэгдэнэ.-Алив нэгэн асуудлаар төрийн аль ч байгууллагад хандахад, үйлчилгээний ажилтан нь тантай эелдгээр инээмсэглэн харьцаж, асуудлыг аль болох хурдан шуурхай шийдвэрлэж өгөх буюу хэрэв боломжгүй бол яах хэрэгтэй тухай шаардлагатай мэдээлэл буюу зөвлөлгөө хэлж өгч тусална. Энэ бол таны төлсөн татвараар цалинжиж буй тэдний хийх ёстой үндсэн ажил нь. Тийм болохоор та хэн нэгнийг гуйж царайчлах, удаан хүлээж залхах, эсвэл "гарыг нь цайлгах" хэрэг огт үгүй. Урдаас тань инээмсэглэж эелдэг харьцаж байгаа тэдний өөдөөс хөмсгөө зангидан, уур бухимдлаа илэрхийлэх хэрэг бүр ч үгүй. Ядахнаа тайвширсан сэтгэлээ инээмсэглэлээр илэрхийлж талархалаа илэрхийлэх хэрэгтэй болно доо.-Таны ажил амьдрал өөр хэнээс ч биш зөвхөн танаас хамаардаг болоод ирэхээр аль нэгэн нам эвслийн гишүүн болж, цуглаанд оролцон "чулуу шидэх", эсвэл хэн нэгэн рүү "нулимах' хэрэг үгүй. Ийм оронд сонгуулиар бодлогын чанартай бага сага асуудал өөрчлөгдөхөөс биш төрийн тогтолцоо ганхдаггүй болохоор сонгуульд тэгтлээ ач холбогдол өгч нэр дэвшигчийн "сүр жавхланг" биширч магтан дуулах шаардлага бас үгүй. Харин та өөрийн амьдралдаа илүү санаа тавих боломжтой болноо. 5. Тэд юм үзэж нүд тайлж, өөрийгөө хөгжүүлсэн.-Амьдарч байгаа орныхоо ярьдаг хэлээр нь их бага хэмжээгээр ярьж ойлгож сурцгаадаг. "Хэлтэй бол хөлтэй" гэдэгчлэн хэлний дамжаанд мөнгө төлөхгүй , бас албадлагагүйгээр амьдрал дээр хэл сурдаг тэдэнд энэ нь их боломжийг нээж өгдөг.-Тэд хааяa олдох амралтын үеэрээ тэр л оронд жуулчдыг татдаг олон гайхамшигийг үзэж сэтгэлийн таашаал авна. Тэрчлэн урлагийн тоглолт, спортын тэмцээн, музей, үзэсгэлэн, зоопарк үзэж "нүд тайлцгаана".-Тэд чөлөөт цагаараа интенетээр аялан өөрт хэрэгтэй олон мэдээллүүдийг авч өөрийгөө хөгжүүлнэ. Тэд энэ хэрээр олон зүйлийг харьцуулж, оюун дүгнэлтээ хийж бодол санаагаа илэрхийлж сурна. Гадаадад байгаа монголчууд ийм боломжийг ашиглан өөрсдийн үнэ цэнээ бий болгож, өөрийгөө 'үнэт баялаг" болгон хувирлаж байна. Очсон орон бүхнийхээ хөгжил дэвшил ийм олон боломжуудыг харж эдэлж, мэдрэх бүрдээ "Монгол оронд минь ийм байж яагаад болохгүй гэж?" хэмээн заавал боддог. Тийм ээ! Монгол орон минь ийм болж яагаад болохгүй гэж? Үүнийг хийх тийм хэцүү гэж үү? Бид юу хүсч байна вэ? Саяхан Монгол улсын ерөнхий сайдаар улиран сонгогдсон С.Баярын гадаадад байгаа монголчуудад илгээсэн захидлыг уншлаа. Энэ захидлыг уншаад уярч уйлж, уурлаж басамжлаад яах вэ? Түүхэндээ анх удаа Монголын түр гадаадад байгаа монголчуудад хандсаны төлөө бид талархах учиртай. Бид үүнийг хүсэхгүй байсан гэж үү? Хүн болгон сэтгэл зүрхэндээ хүсч байсан. Харин одоо "Хүссэн юм хүзүүгээр татсан"-ы төлөө "Баярласан хэрээ бархираад " байж бас боломгүй. Бид юу хүсч байна вэ?-Гадаад оронд ажил хийж хөдөлмөрийн амт, цаг хугацааны үнэ цэнэ, чанар гэж юу болохыг мэдэж сурсан энэ л чадвараараа ийм л орчинд ажиллаж, амьдралдаа хөрэлцэхүйц цалин авахыг хөсч байна. Өнөөдөр монгол оронд дүүрээд байгаа хятад, солонгос болон бусад орны "хар ажилчдаас" гадаадад ажиллаж сурсан монголчууд хол илүү. Ядахнаа тогтмол цалингаа халж ажлын бүх хөлсийг цаг болон чанараар тооцдог болохоос эхлэх хэрэгтэй байна даа.-Айх аюул элдэв дарамт үгүйгээр Монгол орондоо элэг бүтэн, тайван амьдрахыг хүсч байна.Үүний тулд төр төрийн албан хаагч хэмээх албархуу хүнд сурталтнуудаа төрийн үйлчилгээний ажилтан хэмээх найрсаг үйлчлэгчдээр солих цаг болжээ. Ядахнаа төрийн үйлчилгээний албанд царайлаг , өндөр нуруутай, гоё биетэй бус сайхан инээмсэглэдэг, найрсаг харилцаатай хүмүүсээ бэлтгэн ажиллуулахаас эх;эх хэрэгтэй байна даа.-Хуулийг төгс төгөлдөр болгож, хуулийг сахин мөрдөж биелүүлдэг тогтолцоо нь өндөр хөгжилтэй орнуудынх шиг байгаасай гэж хүсч байна. Иргэдээ цахим бүртгэлээр бүртгэж, нийгмийн аюулгүй дугаар бий болгож, үүгээр дамжуулан үйл хөдлөлийн түүхийг нь бүрдүүлж хяналт тавих боломж бэлэн байж байна. Хамгийн гол нь Монгол улсын хуулийн өмнө монгол иргэн бүхэн тэгш эрхтэй байх шударга ёсыг юу юунаас илүү хүсч байна даа.-Мал, газрын баялгаас илүүтэй монгол хүний үнэлэмжийг бий болгон хүнээ хөгжүүлэхийг хүсч байна. Баялгийг хуваарилж бус баялгийг бүтээж байж хөгжинөө. Олон авьяаслаг залуусыг гадаадын өндөр хөгжилтэй оронд төр засгийн дэмжлэгээр суралцуулан мэргэшүүлж, тэдний оюуны бүтээмжийг өндрөөр үнэлж хөгжүүлэх цаг нэгэнт болжээ. Түүнчлэн урлаг спортын олон гайхамшигт авьяастнууд өөр өөрийн "Холливиуд" бий болгон хөгжих боломж бий болж байна.-Монгол хүн өөрийн эх орондоо, хайртай газар нутагтаа хүссэнээрээ амьдарч баялгийг бүтээж, гадаад оронд "хар ажил хийж мөнгө олох " гэж бус аялаж , юм үзэх гэж явдаг болохыг хүсч байна. " Хийхийг хүсвэл арга нь олдоно, хийхийг хүсэхгүй бол шалтаг нь олдоно" гэдэг. Монголын төр засгийн шинэ удирдлагуудын нэрлэж байгаа "Их үсрэлт"-ийн гараанд "Их боломж" бас харагдаж байна. Төгсгөл. Олон жил гадаадад амьдарсан Монголчуудын түрүүч нь Монголдоо амьдрахаар очиж байна. Өөрийн зардал өөрийн боломжоор өөрийгөө хөгжүүлж чадсан тэд өнөөдөр хүнд суртал, авилга, хээл хахуулын хадан ханатай учирч байгаа. Шинэ санаа шинэ ажил сэдсэн тэднийг, гоёмсог костюм цамц зангиатай эрхэм хүнд сурталтан нэг гараараа дохиж занган "болохгүй", "бүтэхгүй"-г тоочиж , нөгөө гараараа авилгын мөнгө нэхэн сарвайж байгаа. Энэ л хадан ханыг бут цохих хэрэгтэй байнаа. Өөрийгөө "суут хүн", "ард түмний итгэл найдвар' гэж хошин дүрдээ итгэсэн, цус ойртон доройтож яваа парламентийн гишүүд, албан тасалгааны цонхоор "амьдрал сайхан байгаа", өөрийн дүрээ харан баясаж суугаа хүнд сурталд баглагдсан түшмэдүүдийг, өндөр хөгжилтэй оронд дэлхийн жишигтэй боловсрол мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлж, өөртөө итгэлтэй болсон залуусаар солих цаг болжээ. Чухам эндээс л "их үсрэлт" "их хөгжил' эхэлнээ. Байшин руу чулуу шидэхийн тулд бус шударга бус явдал, хүнд сурталын хадан ханыг нураахын тулд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна. Энэ захидлыг үнэн сэтгэлээсээ бичсэн бол бид ерөнхий сайд С.Баяр таныг талархан дэмжихэд бэлэн байна. Бүх зүйлийн шалгуур гагцхүү цаг хугацаа байдаг билээ.
Галбадрах