Tuesday, October 21, 2008

Kanada

Нутаг дэвсгэр: Канад Улс 10 сая орчим хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог. Атлантын болон Номхон далай, Хойд мөсөн далайгаар хүрээлэгддэг бөгөөд АНУ-тай Их нууруудаас гадна нийт 6000 км хуурай газраар хиллэдэг.
Цаг агаар: Далайн эрэг орчмоор зундаа харьцангуй хуурай, сэрүүвтэр, өвөлдөө чийглэг, зөөлөн уур амьсгалтай. Нутгийн төв хэсгээр өвөлдөө цас их унадаг, зундаа халуун. Төвийн нутгийн баруун хэсгээр буюу Хадат нуруу (Rocky Mountains)-наас Их Нууруудын хооронд эх газрын уур амьсгалтай, өвөл нь хүйтэн, урт, зун нь дулаан, богино. Хойд мөсөн далай болон Хадсоны булан орчмын нутагт хүйтэн, урт өвөл болдог. Хамгийн хүйтэн хот Елоунайф-д -32 орчим хэм (нэгдүгээр сар), хамгийн халуун хот Торонтод +26 орчим хэм (долдугаар сар) хүрдэг. Китиматын ойролцоо хамгийн их цас ордог бөгөөд жилд 1071 см цас орж байсан удаатай ажээ.
Хүн ам: Канад нь 31,1 сая орчим хүн амтай. 1 хавтгай дөрвөлжин км-т 2,9 хүн ногддог. Хүн амын жилийн дундаж өсөлт 1,3%. Албан ёсны хэл нь англи, франц. Англиар 19 сая, францаар 4 сая, англи болон францаар 4,5 сая хүн ярьдаг, албан ёсны 2 хэлний алинаар нь ч ярьдаггүй 500 мянга орчим хүн байдаг аж. Хүн амын 45,7% католик, 36,2% протестант, 1,4% үнэн алдартан, 1,2% жүүд, 0,9% лал, 0,6% хиндү, 0.6% бурханы шашинтан, 0,7% нь бусад шашны жижиг урсгалд хамрагддаг, 12,5% шашингүй ажээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа голдуу Герман, Итали, Голланд болон зүүн Европоос цагаачид ирж суурьшсан. 1970-аад оны сүүлчээс Хонг Конг, Энэтхэг, Филиппин зэрэг орноос ирэх цагаачдын тоо эрс өссөн. Эдүгээ Африк, Өмнөд болон Төв Америкаас ирж буй цагаачид нэмэгдэж байгаа аж.
Түүх: Түүхчдийн үзэж байгаагаар одоогоос 30 мянган жилийн тэртээ Канадын нутагт хүн суурьшиж эхэлсэн байна. Канадын уугуул иргэд индианчууд болон инуитууд Азийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд Сибирь, Аляскаар дамжин Хойд Канадад ирж суурьшсан гэж үздэг. Францчууд 16 дугаар зууны эхээр Канадад суурьшиж эхэлсэн. Тэд нутгийн уугуул иргэдтэй үслэг эдлэлийн наймаа хийдэг байж. 17 дугаар зууны эхээр англичууд Хадсоны буланд суурьшиж, францчуудтай өрсөлдөж эхэлсэн. 18 дугаар зуунд Англи, Франц хоёр Хойд Америкт дайтаж, 1763 онд англичууд ялж Канадыг эзэлжээ. 1867 онд 4 муж нэгдэн тусгаар тогтнолоо зарласнаар Канад өөрийн Засгийн газраа сонгох эрхтэй болсон байна. Ийнхүү шинэ муж улсууд байгуулагдахын зэрэгцээ цагаачид олноор нүүдэллэн ирж өнөөгийн Канад Улсын дүр төрх бүрэлдэн бий болжээ. Канад нь Их Британийн хамтын нийгэмлэгт багтдаг.
Засаглал: Канад Улс нь Парламентын ардчилал бүхий Хаант засагтай. Нийт 10 муж (Бритиш Колумби, Алберта, Принц Эдвард Айлэнд, Манитоба, Онтарио, Нова Скошиа, Нью Брансвик, Кэбек, Саскачеван, Ньюфаундлэнд) болон бие даасан Нунавит, Юкон, Баруун хойд хязгаар нутгаас бүрдсэн Холбооны улс юм. Канад нь Амбан захирагч (GovernorGeneral), Парламент, Засгийн газартай бөгөөд олон намын тогтолцоотой. Парламент нь дээд, доод хоёр танхимтай. Сенатын гишүүдийг томилдог. Нийтийн танхимыг сонгодог.