Tuesday, October 21, 2008

Канадын тухай

Канад улс хүн ардынхаа эрх тэгш байдлыг баталгаажуулах, олон үндэстний хэл, шашин, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэх бодлого барьдаг. Канадчууд дэлхийн өнцөг булан бүрээс цагаачлан ирж нэгэн улсыг бүтээж буй хүмүүс. Энэ улс хууль журмаа чанд сахин мөрдөж, хүндэтгэдэг, эмх замбараагүй байдал, шударга бус явдалтай ил тод, хатуу тэмцдэг. Улс төрийн хэд хэдэн намтай ч Либераль, Консерватив намууд гол үүрэг гүйцэтгэдэг.
Канадчууд соёлын нөлөөнд орохоос болгоомжлонгуй байдаг. НҮБ-ын Соёлын ялгавартай байдлыг хамгаалан дэмжих конвенцийг хэрэгжүүлэх бодлого баримталдаг. Тухайлбал, Канадын дэлгэцэнд гаргаж байгаа киноны 95 хувь нь Hollywood–ийн кино байдагт эднийхэн шүүмжлэлтэй хандаж байна. Олон нийтийн телевизээр хүчирхийлэл, садар самуунтай кино, сурталчилгаа хийхийг хуулиар хориглодог. Мөн согтууруулах ундааны сурталчилгаа хориотой бололтой.
Канадын төрийн байгуулалт:
Канадын Төрийн тэргүүн нь Их Британийн Хатан хаан бөгөөд түүний бие төлөөлөгч бол Канадын Амбан захирагч. Амбан захирагч Канадын тусгаар тогтнол, үндэсний нэгдмэл байдлын илэрхийлэл. Тэрбээр төрийн дээд шагнал олгох, гадаад орны элч, төлөөлөгчдийг хүлээн авах, гадаадын улс оронд төрийн тэргүүний хувиар айлчлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Хууль тогтоох дээд байгууллага нь Сенат, Нийтийн танхимаас бүрдэнэ. Сенат нь бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй. Тэднийг Ерөнхий сайдын зөвлөмжөөр Амбан захирагч томилно. Нэг томилогдвол тэд 75 нас хүртлээ Сенатын гишүүн байх эрхтэй. Энэ утгаар нь дэлхий дээрх хамгийн сайхан албан тушаал бол Канадын Сенатын гишүүн гэж зарим хүн хэлэх нь бий.
Нийтийн танхим нь 305 суудалтай. Гишүүд нь 5 жилийн хугацаатай сонгогдоно. Спикерээ гишүүд дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Энэ хүний гол ажил нь хурал даргалах. Канадын парламентын спикерүүд албан тушаалын ахлалын хувьд Ерөнхий сайдын дараа орно. Канад өргөн уудам нутагтай хэдий ч парламентын гишүүд нь нэгдсэн болон байнгын хороодын хуралдаантай өдрүүдэд Оттавад ирж хуралдаа суугаад долоо хоногийн эх болон сүүлээр орон нутагтаа гол төлөв ажилладаг. Тэдний гэр нь сонгогдсон муж, тойрогтоо байдаг онцлогтой бөгөөд Оттавад байхдаа тусгай нийтийн байранд суудаг гэсэн.
Аливаа хуулийн төслийг хоёр танхим хоёулаа баталснаар хүчин төгөлдөр болдог журамтай.
Сонгуульд ялсан улс төрийн нам Засгийн газраа эмхлэн байгуулна. Амбан захирагч Ерөнхий сайдыг томилох буюу сонгуульд ялсан намын тэргүүнийг засгийн газраа эмхлэн байгуулахыг санал болгоно. Ерөнхий сайд ихэвчлэн Нийтийн Танхимын гишүүн байдаг. Ерөнхий сайдын санал болгосон кабинетын гишүүдийг Парламент хэлэлцэж батална.
Канадын одоогийн Засгийн газрыг 2006 оны эхээр болсон парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан Консерватив нам тэргүүлэн ажиллаж байна. Ерөнхий сайд Стивэн Харпер бол тус намын дарга хүн. Канадын нэг онцлог гэмээр зүйл нь салбарын яам бүр Парламентын нарийн бичгийн даргатай. Тэднийг парламентын гишүүд дотроос Ерөнхий сайд томилдог.
Канадын Дээд шүүх нь Ерөнхий шүүгч, 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Шүүгчдийг Ерөнхий сайд санал оруулж, Амбан захирагч томилдог уламжлалтай.
Канадын гадаад бодлого:
Канадын гадаад бодлогод улс орныхоо хөгжилд таатай орчин бүрдүүлэх, аюулгүй байдлаа хангах, эрх чөлөө, ардчилал, хүний эрхийг баталгаажуулах, хуулийг дээдлэх зэрэг үндсэн зарчмууд мөрдөгддөг.
Одоогийн Засгийн газрын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд Америк тивийн орнуудтай харилцаагаа эрчимжүүлэх, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагааг нэр хүндтэй авч явах, Хятад, Энэтхэг зэрэг оронтой түлхүү харилцах зэрэг асуудал орж байна.
Канадын гадаад бодлогод хөрш АНУ-тай харилцах асуудал үргэлж эн тэргүүнд байсаар ирсэн. Өнөөдөр энэ хоёр улсын харилцаанд ноцтой маргаант асуудал бараг байхгүй боловч эдийн засаг, соёлын хүрээнд Америкийн эрхшээл, нөлөөнд хэт орохоос ихээхэн болгоомжилдог. Канадын боловсруулах болон уул уурхайн үйлдвэрүүдийн гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь, экспортын 75 хувь нь АНУ-д ногддог. Америкийн хөрөнгө оруулалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, кино, урлагийн салбарт эрс нэмэгдэж байгаад Канад мөн болгоомжтой хандаж байна. АНУ-аас Канадын экспортын зарим гол бараанд хэт өндөр татвар ногдуулах, заримдаа бүр хориг тавих явдал гардаг.
Хүний эрхийн асуудлаар Хятадтай “аядуу” арга барилаар ажиллаж байсан бол сүүлийн үед илүү ил тод, нээлттэй байдлаар хандаж байна. Өнгөрсөн 10 дугаар сард Ерөнхий сайд С. Харпер Далай ламыг хятадын талын эсэргүүцэлтэй тулгарсан ч хүлээн авч уулзсан. Канадын гадаад бодлого бол аль нэг улсад “ая тал засах” бус улс орныхоо эрх ашгийн төлөө олон улсын хэмжээнд бусадтай хамтран ажиллахад оршино гэж Засгийн газрын өндөр албаны хүн мэдэгдэж байсан.
Канад Улсын Азийн орнуудтай тогтоосон харилцааны талаар:
Азийн орнуудын эдийн засаг бүхэлдээ хурдацтай өсч байна. Канад Улс АНУ, Европын уламжлалт зах зээлээс гадна шинэ зах зээлд гарахыг эрмэлзэж, идэвхтэй ажиллаж байна. Хятад, Япон, БНСУ Канадын Ази дахь худалдааны гол түншүүд.
Хятад, Энэтхэгтэй явуулах харилцааг бүр гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд оруулсан тухай өмнө дурдсан. Тухайлбал, Хятадтай 2010 он гэхэд худалдаагаа 30 тэрбум канад долларт хүргэнэ гэж 2005 онд төлөвлөж байсан бол энэ нь 2007 он гэхэд хэрэгжчихээд байна. Хятадтай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна. Энэтхэгтэй өнгөрсөн жил хийсэн худалдааны хэмжээ 3,6 тэрбум канад доллар байсныг 2012 онд 20 тэрбумд, хөрөнгө оруулалтаа 5 тэрбум долларт тус тус хүргэхээр зорьж байна.
Канад Филиппин, Тайландтай чөлөөт худалдааны хэлэлцээртэй. Өмнөд Солонгостой мөн ийм хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
Канад, Хойд Америкийн орнуудын харилцааны талаар:
Хойд Америкийн гурван орон АНУ, Канад, Мексик нь чөлөөт худалдааны хэлэлцээр (НАФТА)-ийн хүрээнд хамтран ажилладаг. Үүний үр дүнд сүүлийн 15 жилд Канад болон АНУ-ын хоорондын худалдаа гурав дахин нэмэгдсэн. Өнөөдөр минут тутам Хойд Америкийн авто болон төмөр замаар 1,7 сая ам. долларын ачаа тээвэрлэлт хийгддэг гэсэн тооцоо байна.
Гэвч бүх зүйл дардан замаар явахгүй нь мэдээж. Канад шиг нээлттэй, жижгэвтэр эдийн засагтай орны хувьд хамгаалалтын арга хэмжээ авах шаардлага байнга гардаг бололтой.
НАФТА-г бий болгосноор гурван орны хооронд экспорт болон хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч түүний бодит үр дүнгийн талаар санал зөрөлдөөнтэй зүйлүүд бий. 1989 онд уг хэлэлцээрийг байгуулснаас хойших хугацаанд Канадын хүн амын чинээлэг 20 хувийн орлого 12% нэмэгдсэн бол бага болон дунд орлоготой хэсгийнх 5-10 хувь буурсан гэсэн судалгаа байна.
Канадын хэрэглэгчид эрчим хүчний үнэ өндөр байгааг энэ хэлэлцээртэй холбон тайлбарладаг. Үүнээс гадна гишүүн гурван орны иргэд нийгэм, соёлын интеграцчилалд ороход хэлэлцээр төдийлөн ач холбогдлоо өгөхгүй байгаа талаар шүүмжлэл байна. Сүүлийн үед АНУ-ын зүгээс хилийн аюулгүй байдалдаа анхаарч арга хэмжээ авах болсон, түүнчлэн Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хил гаалиар шалгалтгүй нэвтрүүлэх журмаа өөрчилсөн зэрэг нь НАФТА-гийн цаашдын өсөлт дэвшилтэд саад болж болзошгүй байгаа юм.
Канадын эдийн засгийн талаар:
Канад Улс аж үйлдвэр, хөдөө аж ахуй өндөр хөгжсөн орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг нь гадаад худалдаа эзэлдэг. Аж үйлдвэрийн хөгжлийн хувьд Канад нь дэлхийн тэргүүлэх 7 орны нэг бөгөөд харилцаа холбоо, тээвэр, машин тоног төхөөрөмж, барилгын үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой барьж байгуулах, аж үйлдвэрийн суурийг тавихад америкийн хөрөнгө оруулалт онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.
Канадын эдийн засгийн хөгжлийн суурь нь байгалийн баялаг, оюуны баялаг, газарзүйн байршил, түүний дотор дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байдагт оршиж байна.
Канадын татвар, бараа бүтээгдэхүүний үнийн талаар:
Канадын татвар харьцангуй өндөр. Канад Улсын нэгдсэн төсвийн орлогын 40 гаруй хувь татвараас бүрддэг. 2006 оны татварын орлого 582 тэрбум канад доллар болсон байх жишээтэй.
Саяхан Канадын Засгийн газар ойрын жилүүдэд баримтлах татварын бодлогоо тодорхойлсон. Тухайлбал, ирэх 6 жилд татварыг нийт 60 тэрбум доллараар, түүний дотор хүн амын орлогын албан татварыг 10,8 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 14,4 тэрбум, бараа, үйлчилгээний татварыг 34,2 тэрбум доллараар тус тус бууруулахаар төлөвлөжээ. Үүнийг сүүлийн 50 жил дэх татварын хамгийн их бууралт болно гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа.
Канадын муж, хязгаар нутгуудад бараа, үйлчилгээний татвар харилцан адилгүй, 5-8 хувьтай байдаг. Бүр татваргүй муж ч байна. Үүнээс гадна муж бүр өөрийн худалдааны татвар ногдуулдаг. Энэ татварын хэмжээ дунджаар 8 хувь байдаг.
Канад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өндөр ногдуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд 11 дүгээрт, үйлчилгээний татвар ногдуулалтаар 6 дугаарт орж байна. 2000 онд 43 хувь байсан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өнөөдөр 34 хувь болсон ч өндөрт тооцогдсоор байна.
Канадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ АНУ-ынхаас дунджаар 24 хувиар өндөр байдаг гэсэн судалгаа бий. Олон хүчин зүйл байдаг юм байна. Заримаас нь сонирхуулбал, Канадад цалин хөлс, түрээс, цахилгааны өртөг, татвар өндөр. Бизнесийн зардал нь илүү, хэрэглэгчийн зах зээл нь АНУ-д 10 дахин их багтаамжтай, Канадын газар нутаг уудам, хүн ам цөөн тул тээврийн зардал өндөр, бүх бичиг баримтыг албан ёсны хоёр хэл дээр (англи, франц ) хийх шаардлагатай гэх мэт.
Канадчуудын амьдралын талаар:
Эдийн засаг нь хөгжиж, канад долларын ханш чангарч байгаа нь канадчуудын амьдралд янз бүрээр тусч байна. Юуны өмнө экспортын өрсөлдөх чадвар нь буурч байна. 2002 оноос хойш аж үйлдвэрийн салбарт 280 мянган хүн ажлын байраа алдсан гэсэн тоо бий. Гадны хөрөнгө оруулалттай хамтарсан компаниуд өөр улсад байршлаа шилжүүлэх явдал нэмэгдэж байна.
Валютын ханшны өөрчлөлт америк доллараар санхүүждэг манай ЭСЯ-нд ч хүнд тусч байна. Өнгөрсөн таван жилд канад долларын ханш 60 орчим хувиар чангарлаа. Өөрөөр хэлбэл, 2002 онд 100 америк доллар солиход 160 канад доллар болж байсан бол өнөөдөр 95-96 канад доллар авч байна. Үүний хажуугаар өргөн хэрэглээний барааны үнэ мөн хугацаанд 30-40% өссөн. Эдгээр байдал хавсарч бидний хувьд гэхэд 2002 онд хоёр талх авч байсан мөнгөөр одоо нэгийг л авах жишээтэй байгаа.
Америкт өргөн хэрэгцээний барааны үнэ Канадаас хямд, нөгөө талаас канад доллар чангарсан тул сүүлийн үед канадчууд АНУ-д очиж худалдаа хийх явдал эрс нэмэгдсэн нь дотоодын борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа бололтой.
Элчин сайдын яам.