Monday, October 20, 2008

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА.., ХҮМҮҮСЭЭ

АМЬДДАА БИЕ БИЕЭ ХАЙРЛА.., ХҮМҮҮСЭЭ (сонсох)

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Аливаа сайхан бүхнээ бусдаас битгий харамла.
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх.

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг.
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла.
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү.

Бидний амдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг л янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг л янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог.
Бүсгүйн доголон унлимсыг асуулгүйгээр арчиж өг.
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад.

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах нь дуулна,
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла.
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй.

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном.

1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он