Thursday, November 6, 2008

Чимээгүй тахал

Элэгний хорт хавдар хүнийг чимээгүй үхүүлдэг аюултай өвчин юм.Элэгний хорт хавдар эхний шатандаа онцгой шинж тэмдэг гэхээр зүйл байдаггүй.Иймээс гол төлөв нэлээд хүндэрсэн үедээ эмчид ханддаг. Манайханы арван хүн тутамийн гурван элэгний ямар нэг вирус тээж яваа байдал нь өнөөдөр чимээгүй нүүрлэсэн тахал болж байна.

Элэгний анхдагч хорт хавдрын шинж тэмдэг нь олон янз. Гол төлөв илэрдэг шинж тэмдэг нь сульдаж ядрах нь нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, адинами буюу хүнд өвчний улмаас хөдөлгөөний идэвх алдагдах, бие махбодь бүхэлдээ сульдах, цөөнгүй тохиолдолд дотор муухайрч, бөөлжүүлдэг. Тухайлбал биеийн байдал нь эрчимтэй муудах, элэгний орчим өвдөх нь нэмэгдэх, асцит үүсэх буюу хэвлийн хөндийд ус хуримтлагдах, шарлах, хүчтэй халуурах, хамраас ойр ойр цус гарах, цөөнгүй тохиолдолд арьсны хялгасан судаснууд хөхөвтөр улаан толбо үүсгэн жигд бус томрох нь ажиглагддаг байна. Элэгний анхдагч хорт хавдрын зарим тохиолдолд эмчилгээнд дарагдахгүй өндөр халуурдаг бөгөөд ийм тохиолдолд элэг гэмтсэний шинж тэмдэг нь арай хожуу илэрдэг. Шинж тэмдэг султай элэгний анхдагч хавдар нь хорт хавдрын үед илэрдэг байнгын бөгөөд илэрхий шинж тэмдэггүйгээр архаг гепатитын хэлбэрээр өрнөх нь олонтаа.
Элэгний хорт хавдрын үсэрхийлэл нь дийлэнх тохиолдолд элгэн дотроо илэрдэг. Бусад эрхтэнүүдээс уушиг, хэвлийн хөндий, бөөр, нойр булчирхай, ясанд үсэрхийлдэг.

Архи, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байх. Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ, нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх нь элэгний хорт хавдраас сэргийлэх, эмчилж болох эхний шатанд нь илрүүлэх боломж юм. Манайхан аливаад хайнга ханддаг байдлаасаа болж өвчнөө хүндрүүлж орхидог. Элэгний хорт хавдар нь дотроо олон янз байдаг аж. Элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепатохолангиоцеллюляр /холимог/ хорт хавдар үүсдэг. Хучуур бус эдээс гемангиоэндотелиом. Элэгний хорт хавдрыг анхдагч ба хоёрдогч буюу өөр эрхтэнээс ургаж, үсэрхийлсэн гэж ялгаж ангилдаг. Элэгний анхдагч хорт хавдар нь тодорхой зааггүй, цайвардуу өнгийн олон тооны, эсвэл ганцаарчилсан нягт үүсмэл хэлбэртэй байдаг. Хавдар нь богино хугацаанд судсанд нэвчиж үсэрхийлэл үүсгэн элгээр тархдаг. Элэгний циррозтой үед үүссэн хорт хавдрын үед хавдар нь зангилаа үүсгэлгүйгээр нэвчсэн хэлбэртэй байх нь цөөнгүй. Үсэрхийлсэн буюу элэгний хоёрдогч өмөн нь өөр эрхтэнд анхлан үүссэн үед үсэрхийлэх байдлаар үүсдэг аж.

Одоогоор элэгний анхдагч хорт хавдрыг хослуулсан аргаар эмчилдэг байна. Эдгээрээс мэс заслын аргыг ба хими эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд нь л байдаг. Мөн тусгай эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгахыг хамгийн ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байна.