Sunday, November 16, 2008

Миний мэдэх "Орлоо" гийнхон.

Галбадрах.

Цахим мэдээллийн цахим хуудсыг эрхлэн гаргадаг цагаан цамц, зангиатай бас костюмтай залуус, гоёмсог албан тасалгааг төсөөлдөг байсан миний ойлголт, одоогоос жил хагасын өмнө, Тайван Ариунаа хоёртой гэрт нь уулзаж ярилцаж байсан тэр үед өөрчлөгдөж бас гайхаж бахархсанаа нуух юун.
"Орлоо ком"-ын нийтлэлүүд надад таалагддаг. Аливаа мэдээлэлд нэг талыг барьж туйлширдаггүй, бас түргэн шуурхай, хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь сайн сайхан гэгээлэг өнгө аяс хүргэх гэсэн оролдлогууд мэдрэгддэг.
Хааяадаа тэднийд очиж ярилцаж суухад, бусадтай л адил харь нутагт амьдралаа залгуулах гэж хөдөлмөрлөх, дэрсхэн төрсөн 2 охиноо өсгөх, зав чөлөөгөөр нь сайтынхаа мэдээллийг шинэчлэх, теле нэвтрүүлгээ бэлтгэх гээд зогсолтгүй ундрах их ажлуудыг үүртэж түүртэхгүй, уцаарлаж бухимдахгүй амжуулах нь бас л гайхал төрүүлнэ. Ариунаа түргэн шаламгай, хөдөлгөөнтэй хирнээ, зэрэгцэн уйлалдаж, юуг ч юм нэхэх 2 охиныхоо дуу чимээнд уцаарлах нь үгүй. "Өө ингэж л байдаг юм" гээд инээхэд хацрынх нь хонхорхой түүнийг улам ч хөөрхөн харагдуулна. Харин Тайван нэрэндээ таарсан тайван хүн. Хааяхандаа мушийн инээмсэглэнэ. Яарч тэвдэх нь ховор хэрнээ нэг л мэдэхэд хамаг ажлаа амжуулсан байдаг. Америкт хаана ямар атга хэмжээ болно тэр болгонд амжиж очин зураг авах түүний хамгийн нандин зүйл нь хөөрхөн эхнэр, хайртай 2 охиноос нь гадна, зургийн аппарат, видэө камер нь байдаг аж.
Их ажилтай хэрнээ хийж бүтээсэндээ, бас өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чаддаг өнөөгийн сайхан залуусын нийтлэг төрх.
3 жил гэдэг бага хугацаа биш. Охидууд шиг нь өсч өндийж, хөлд орж, бусдын хайр, өхөөрдлыг татах тэр л нас. Өдрөөс өдөрт, жилээс жилд яг л ид сайхнаараа ургаж цэцэглэж, илам ч сайхан үзэсгэлэнгээрээ бусдын хайр талархлыг татах тэдэнд бүр ч сайхан ирээдүй бий.
"Орлоо ком"-ын 3 жилийн ойн өдөрт нь чухам эдний тухай бусдад өгүүлэх нь, ойр дотно байж сэтгэлээ хуваалцаж байдаг миний үүрэг. Нэгэн орой бид 3 энэ сэдвээр жаахан ярилцаж суусан юм.
-"Орлоо" гэдэг нэрийн талаар эхлээд ярилцья.
-"Орлоо" гэдэг чинь олон үйлдлийн түгээмэл нэр л дээ. Хүмүүс Америкийн визинд орлоо", "Америкийн хилээр орлоо", "Сургуульд орлоо", "Цахим хуудас руу орлоо" гэхчилэнгээр ярилцдаг. Ажиглаад байхад энэ үг олон хүмүүсийн хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Тэгээд бид 2 ярилцаж байгаад энэ нэрийг сонгосон юм.
Харин энэ жил "Орлоо"гэдэг нэрээ АНУ-д албан ёсны брэнд болгон худалдаж авсан.Цаашид энэ нэрийн албан ёсны эзэд нь бид байх болно. Энэ брэндээ цаашид өргөжүүлж олон зүйл дээр ашиглах санаа байгаа.
-Одоо цахим мэдээлэл хөгжиж олон вэб сайтууд гарах болсон. Та нар яг юугаараа ялгагдаж чаддаг вэ?
-Олон бэд сайтууд гарч цахим ертөнц хөгжиж байгаа. Энэ сайн хэрэг. Харин бид "Орлоо"доо мэдээллийн бүх хэлбрийг бий болгохыг хичээдэг. Хэрэв ажигласан бол манай сайтад "уншууштай", 'сонсууштай", "үзүүштэй" булангууд байдаг. Хүн ер нь мэдээллийг уншиж, харж, сонсож авдаг. Энэ боломжуудыг нь бий болгохын тулд төрөл бүрийн бичлэгүүдээс гадна, аудио видео бичлэгүүдийг ашиглана. Одоогоор зарим нь эхлэл төдий байгаа ч цаашдаа өргөжин хөгжинөө.
Харин нийтлэл мэдээллийн хувьд бид аль болохоор хов жив, бүдүүлэг эрээ цээргүй мэдээллээс зайлсхийдэг
Энэ цаг үед хүмүүст аль болохоор гэгээлэг сайхан зүйл урам өгөх хэрэгтэй байна шүү дээ. Хүн болгон бухимдалтай байхад нэмж бухимдуулаад баймааргүй байна.
-Америкт ажил хийгээд, хажуугаар нь цахим хуудас ажиллуулна гэдэг амаргүй. Эдийн засгийн хувьд ашигтай байдаг болов уу гэж зарйм нь боддог байх.
-Өнөөдөр ашгийн тухай ярих нь эрт байна. Бид залуу хүмүүс. Ирээдүйнхээ төлөө, ирээдүйд өөрийн бизнестэй бас ашигтай байхын төлөө энэ бүхнийг хийдэг юм. Бидний эхний зорилт нь энэхүү цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа бий болгох явдал. Өөрийн хамтрагчтай, дэмжигчидтэй, уншигчидтай болно гэдэг мөнгө ашгаас илүү чухал. Магадгүй олон жилийн дараа ашигтай ажиллаад, бүр хожим нь охидуудын маань өв хөрөнгө болж болох шүү дээ. Өнөөдрийн хувьд Тайван ресторанд ажиллаад, би 2 охиноо асраад, хажуугаар нь бага сага бизнес хийх гэж оролдоод явж байна. Хэрэв энэ сайт минь их ашиг олдог бол бид ингэтлээ ядарч зүдрэн зүтгэх хэрэг бий билүү.
-3 жилийн дараа "Орлоо" сайтаа эргээд харахад юу бодогдож байна?
-Анх бид Америк ирж байгаа монголчууддаа хэрэг болох мэдээ мэдээлэл тавьдаг байсан. Одоо бол нилээд өргөжсөн. "Орлоо" мэдээллийн сайт гарснаар олон мэдээллийн сайтууд дагаж гарч ирсэн. "Дэм дэмэндээ" гэгчээр бүгд л зохих түвшиндээ хөгжиж байна. Бид гэхэд өнөөдөр АНУ-д албан ёсны бүртгэлтэй, хуулийн дагуу татвараа төлөөд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Тайван фото сурвалжлагаа өөрөө хийдэг. Зөвхөн энэ гэдхэд л асар их түүхийн баримт, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэтэй болно. Анх бид 2 теле нэвтрүүлгийн талаар төсөөлж байгаагүй. Гэтэл өөрсдийн гэсэн "Манайд ирээрэй" нэвтрүүлэгтэй боллоо. Манай сайтад өөрийн бичлэгээ тавьдаг олон сайхан дэмжигч найз нөхөдтэй боллоо. Хамгийн гол нь бид 2 өөрсдөө энэ сайтаа дагаад хэгжиж байна. 3 жилийн өмхөнөөс "Орлоо" сайт ч , Тайван, Ариунаа ч хамтдаа л хөгжиж байна даа. 2006 онд Вашингтон орчмын монголчуудынх холбооны шилдэг бизнесмэнээр шалгарч байлаа.
"Ажил хийвэл ам тосдоно " гэдэг байсан бол өнөөдөр ажил хийвэл өөрөө ч хөгждөг болж байна даа.
-" Манайд ирээрэй" нэвтрүүлгийн хөтлөгч Ариунаа нэвтрүүлгээс нэвтрүүлэгт сайжрч хөгжиж байгаа нь мэдрэгдэж байгаа шүү.
-Анх эхлээд амаргүй байсан. Хүмүүс ч багагүй шүүмжилдэг байлаа. Аргагүй шүү дээ. Теле нэвтрүүлгийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан бид 2 зориглоод л хийж эхэлсэн. Алдаж онох зүйл байлгүй яахав. Хамгийн гол нь энэ нэвтрүүлгээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууд хэрхэн амьдарч, яаж хөгжиж, ямар үр дүнд хүрч байгааг бусдад санаа, урам зориг өгөхүйц байдлаар хүргэхийг зорьсон. Яваандаа бусад олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа энэ нэвтрүүлэгтээ хамруулах санаатай. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын зовлон жаргалын талаар тэр болгон ийм тодорхой мэдээлэл хүмүүст хүрэхгүй байна шүү дээ.
-Өдөрт танай вэб сайтаар хичнээн хүн зочилж байна вэ?
-"Орлоо kом","Найзууд ком", "Цахим нет"-эд ойролцоогоор 5000 орчим хүн зочилж байгаа.
-Өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадаж байна уу?
-Манай "Орлоо ком" -ын үндсэн зорилго нь "Дэлхий даяар тархан суугаа монголчуудын мэдээ мэдээллийн нэгдсэн төв" болох. Ази, Америк, Европ, Австрали тивүүдэд оршин суугаа олон монголчууд бидэнд ханддаг. Өөрийн хэрэглэгчиддээ нийтлэлийн бодлого, мэдээллийн хурдац, зар мэдээллийн сүлжээгээрээ тэргүүлэгч байхыг хичээж байгаа.
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна даа?
-Нэгэнт хөдөлмөрлөж бас хөгжиж байгаа болохоор сайн сайхнаар төсөөлнө шүү дээ. Компани, хувьцаа, телестуди, хэвлэлийн төв, пуб клуб гээд олон сайхан юм мөрөөднө. Мөрөөдөөд ч зогсохгүй мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэх болно Бид чинь АНУ-д ажиллаж амьдарч суралцаж байгаа залуусын жишиг. Тиймдээ ч дандаа л өөдрөг сайхан бүхнийг хүснэ.Бид зүгээр сууж байгаа биш болохоор яагаад сайн сайхан хүсэл мөрөөдлөө бий болгож чадахгүй гэж.
-Хэцүү бэрхшээлтэй зүйл байх уу?
-Бид 2 энэ вэб сайтыг ажиллуулахын тулд өөрсдөө л бүх зардлаа гаргана. Зардал багагүй шүү дээ. "Манайд ирээрэй" нэвтрүүлгээ хийхийн тулд Чикаго, Дэнвэр, Сан-Франциско хотууд руу охиноо аваад, зураглаачаа хөлслөөд бүх зардлаа өөрсдөө гаргана. Энд тэнд болж байгаа олон арга хэмжээнд Тайван аппарат хэрэгслэлээ аваад өөрийн зардлаараа л явна. "Үзүүштэй" булангаа сарын 5$ төлбөртэй болгосны төлөө бишгүй л доромж сонсоно. Ажил хийж байгаа хүнд алдаа ч зовлон ч их. Заримдаа хүмүүсийн "сэтгэгдэл" нэрээр бичиж байгаа доромжлолыг унших хэцүү л байдаг. Гээд яахав дээ. Одоо бол нэг их тоодоггүй. Гэхдээ л муу муухай үгс сэтгэл хэртүүлдэг шүү дээ. Бид 2 зорьсондоо хүрч яваа болохоор сэтгэл хангалуун жаргалтай байдаг шүү.
-Нэг албан ёсны ч гэх юм уу, жижүүрийн ч гэх юм уу "Уншигч хэрэглэгчиддээ хандаж юу хэлэх вэ?" гэдэг асуулт байдаг.
-"Орлоо ком" -ын 3 жилийн ойг тохиолдуулан, манай вэб сайтын бүх хэрэглэгчид, дэмжигчид, хамтран зүтгэгчид, бас найз нөхөддөө баярын мэнд хүргэж, та бүхэндээ маш их баярлаж талархаж явдаг шүү. Та бид хамтдаа сэтгэлийн амар амгалан баяр баяслыг эдэлж, Монгол орны хөгжлийн сайн сайхны төлөө их зүйл хийж чадна шүү гэж хэлье. Манай www.orloo.com таны өмнө хэзээд нээлттэй байж, та бүхний сэтгэлийн сайн сайхан галыг бадраахын төлөө их зүйл хийх болно гэдгээ амалж
байна.
-Та 2 тоо болон 2 сайхан охинд чинь эрүүл энх байж энэ хорвоогийн хамгийн сайхан баяр баяслыг эдэлж хүсэл мөрөөдлөө биелүүлж яваарай гэж ерөөе.
Хааяахандаа гэрт нь орох бүрийд бүлээн дулаахан уур амьсгал, халуун дотно хайр, эрхэлж нялхрах өхөөрдөм охидын дуунд "Орлоо ком"-шинэ мэдээллүүд төрдөг юм.
Тиймд ч энэ сайтад хүний сэтгэл хиртээн бухимдуулах зүйл огт байдаггүй юм.
Бусадтай адил харь нутагт ажиллаж амьдарч, бас өөрсдөө хөгжиж, бусдад сайн сайхан сэтгэлийн илч гэрэл түгээж яваа "Орлоо ком"-ын Тайван Ариунаа 2 ирээдүйдээ итгэж сайн сайхан бүхэн рүү тэмүүлж яваа монголын сайхан залуусын нэг л төлөөлөл. Ийм залуустай байхад Монгол орны ирээдүй ч өөдрөг сайхан харагдаж байна.
Уншигч та ч боломжтой үедээ www.orloo.com сайт руу орж энэ залуусынх хүсэл мөрөөдөл сэтгэл зүрхийг чагнаарай.