Нэгдүгээр үндэслэл. Хүн анх дорнод Африкт үүсэж, Арабын хойгоор дамжин Төв Ази руу нүүж, тэгээд бусад зүг рүү тарсан нь бараг нотлогдсон юм билээ. Анхны хүн жижигхэн байж. Этиопийн ЛЮСИ хүн нэг метр орчим өндөртэй, 40 орчим насалдаг аж. Босоо хүн (homo erectus) Төв Азид ирсэнээр оюун ухаант хүн (homo sapiens) болсон байна. Нomo erectus нь Төв Азид л homo sapiens болсон энэ үндэслэл онцгой чухал гэдгийг онцлон тэмдэглэе. Төв Азийн эрс тэс уур амьсгал, сэрүүн бүсийн дөрвөн улирал нь хүний оюун хөгжих нэн таатай нөхцөл болсон бөгөөд болсоор ч байна.
Энэ тухайд үндэслэлийг "Монголчууд оюуны чадавхиараа дэлхийд тэргүүлэх боломжтой" бүтээлийн 92 дугаар талд буй "Yндэстний оюуны чадавхид газар зүйн бүс, цаг агаарын нөхцөл нөлөөлдөг тухай" хэсгээс үзнэ үү. Монгол хүний оюун, Монголын тал нутаг хоёр амь нэг. Сэвэлзсэн салхитай сэрүүн өдөр хүний уураг тархи илүү сайн ажилладгийг монгол хүн та бид сайн мэднэ. Өдөр шөнөгүй 30 хэм халбал хэцүү дээ. Өдөржин ажилласан уураг тархи шөнө амарна. Тархи 10 хэмээс доош сэрүүвтэр нөхцөлд илүү амардаг аж. Тархи судлаачид дэлхийн хойт ба өмнөд өргөргийн дөрвөн улиралтай сэрүүн бүс нутгийг оюун тархины жинхэнэ эко орчин гэж тогтоожээ. Монгол Улс тэрхүү бүсийн яг голд нь оршдог.Тэгэхээр Монголын тал нутаг бол та бидний оюун ухааныг тэтгэх хамгийн шимт хөрс мөн бөлгөө. Ийм байгалийн онцгой хөрснөөс ургасан оюун ухааны илтгэцүүр өндөр байх нь жам. Би монгол хүн сүрхий тулдаа өндөр IQ-тэй болсон гэж хэлэхээсээ өмнө,... Монголын тал нутаг та биднийг тийм төрөлхийн өндөр IQ-тэй болгон төрүүлжээ гэж үндэслэж байна.
Хоёрдугаар үндэслэл. Монголчууд бидний өвөг мал адгуулж ирсэн нүүдэлчид билээ. Мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчдийн оюун ухаан газар тариалан эрхэлдэг суурьшмал иргэдийнхээс илүү байх үндэслэлийг нэрт түүхч А.Ж.Тойнби тэмдэглэсэн нь "Хэрэв нүүдлийн иргэншлийг газар тариалангийн иргэншилтэй зэрэгцүүлж үзвэл номадизмд тодорхой давуу тал байгааг ажиж болно. ... Амьтан тэжээж гаршуулах нь ургамал тарьж ургуулахаас илүү ур чадвар шаардана. Яагаад гэвэл энэ бол дуулгавар муутай амьтныг хүний оюун ухаан, хүсэл зориг ялж буй хэрэг. Өөр үгээр хэлбэл, малчин бол тариаланчаас илүү дадамгай чадмаг билээ. ...Мал адгуулж, тал хээрийн өвс ургамал ингэж ашиглах нь хүний оюун хүсэл зориг дэвжиж хөгжихийн үндэс суурь болдог. Христийн шашин нүүдлийн иргэншлийн өдөр тутмын амьдралыг христийн суртлын эрхэм дээд хүслэнгийн бэлгэ тэмдэг (сайхан сэтгэлт малчны) гэж үзсэн нь учиртай ". (А.Ж.Тойнби,. Түүх судлал,. Мон Судар,. 2007 он. 143-р талд.)
Мал зантай, тэр тусмаа морь бол тун хэцүү, морь тэмээг уналга ачлаганд сургаж ашиглахад оюун ухаан заавал шаардана, ...тэнэгдүү хүн эмнэг сургаж, морь уралдуулж чадахгүй. Гэтэл ургамалд ямар зан байхав?, Арчилгаа дутвал ургалт нь мууддаг, өнгө нь бүүдийдэг. ...Системийн онолын хэлээр бол амьтны буцах холбоо нь ургамлынхаас хавьгүй өндөр гэсэн үг. Ботгоо голсон ингэний хүзүүнд хуур зүүж, хоолойн аялгуутайгаа хослуулан байж уйлуулж уяруулж чаддаг малчин хүн хэрмэн хашаан доторх манжин луувангаа арчлагч хотын иргэн хүнээс IQ-н хувьд илүү байх тухайд ийм үндэслэл байгаа ажгуу.
Гуравдугаар үндэслэл. Эдүгээ Зүүн хойд Азийн үндэстнүүд оюуны чадавхи IQ-рээ дэлхийд тэргүүлж байгааг профессор Ричард Лунн (University of Ulster, Coleraine, Nortern Ireland), профессор Тату Ванханен (University of Tempere,Finland, тэрээр одоогийн Финландын Ерөнхий сайд Матти Ванханений эцэг нь юм) нар хөдөлшгүй баримтаар нотолж, улмаар монголчууд үндэстнийхээ IQ-гээр 2002 оны үед дэлхийд 21-д, үүнээс дөрвөн жилийн дараа 2006 онд есөд орсныг тооцож судалгааны том хэмжээний бүтээлүүд туурвисан байна. Хамтарч болон ганцаараа бичсэн IQ and Wealth of Nations,. Praeger. Westport, Connecticut. London., 2002., IQ & Global Inequality,. Washington Summit Publishers Augusta, Georgi. (WSPA.GA) 2006,. Race Differences in Intelligence,An Evolutionary Ansalysis WSPA.GA, 2006. The Global Bell Curve. (Race, IQ, and Inequality Worldwide), WS PA. GA. 2008 зэрэг бүтээлийг Монгол Улсын оюуны чадварын IQ төв дээр нарийвчлан судалж байгаа болно. Сонирхсон, эргэлзсэн хүмүүс ирж гараараа барин үзэж, "адис авч" болно. Эдгээр бүтээлийг, ялангуяа эхний хоёрыг нь эдийн засгийн ухаанаар НОБЕЛ-ийн шагнал авах шаардлагад бүрэн нийцсэн гэж олон их сургуулийн нэрт судлаачид үнэлжээ. ...Яваандаа Ричард Лунн, Тату Ванханен нар Нобелийн шагнал хүртэх нь тодорхой байна. Дэлхийн IQ-гийн уралдаанд Хонконг, Сингапур, Солонгос, Тайвань, Япон, Хятад, Итали зэрэг улс таримал оюунаа давхар ашиглаж (боловсролын давуу тал, тусгайлсан бэлтгэл гэхчилэн) бидний урд гишгэлээ. Харин монгол хүн төрмөл оюунаараа түрж есөд оров. Хэрвээ та бид төрмөлөө тарималтай хосолбол гарцаагүй АЛТ. Алт гэснээс манай олимпийн алтнууд чинь үнэндээ оюуных байсан шүү, ...2.6 сая хүнээс хоёр алт, хоёр мөнгө гарна гэж тооцвол 1.3 тэрбум хүнээс 1000 алт, 1000 мөнгө гарах ёстой бус уу?. Оюуны чанар-төрөлхийн өндөр IQ гэж энэ.
Дөрөвдүгээр үндэслэл. Хүн төрмөл ба таримал гэх хоёр том чанартай. Иргэншсэн нийгэмд таримал чанар нь түлхүү илэрдэг. Иргэншсэн нийгэмд хүн байгаагаараа байж болохгүй, учир нь нийгмийн олонхи нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хүн бусдынхаа дунд хэт дураараа задгай байж болохгүй биз дээ. ...Ингээд хүн нь жинхэнэ хүн биш,зохиомол хүн болдог. Андерсоны жаал хүү "Хаан шалдан байна" гэж хашгирдаг нь төрмөл чанарын огцом илрэл байхгүй юу.Тэрхүү том болж хотын иргэн болсон хойноо тэгж хамаагүй хашгирахгүй, тэрээр байгаа болон байх ёстойг ялгадаг болж өснө. Энд би таримал чанар бүхий зохиомол хүнийг тэгтэл нь буруутгаагүй байна, ...Төрмөл чанартай ориг монголыгоо ч бас өмөөрөөгүй байна. ...Аль алинд нь авах гээх юмс бий гэж л хэлж байна. Хүн төрөлхтөнд оюуны төрмөл чанарыг олоход 120 орчим мянган жил шаардагдсан бол оршин амьдрахын таримал чанарыг эзэмшихэд нэг жил л хүрэлцээтэй. Японд нэг жил болоход бөхөлзөж сурахгүй гэж үү?. Ядах юм байхгүй.
Ард түмэн гэдэг хүүхэд лугаа. Тэр тусмаа Монголын ард түмэн бол ХYY мэт. ХYY-г өсгөх холч ухааныг монголчууд сайн мэднэ. Ард түмэн гэдэг шижир алт бөлгөө. Гагцхүү авах хүний хутгах сав л мэдэх хэрэг. Монголын ард түмэн хэмээх энэ ХYY төрөлхийн оюуны өндөр чадвартай ажээ. Мэдээж, энэ ХYY иргэншлээс хол өссөн, эрмэг зоримог, эр бяраа өмнөө барьдаг, энд тэнд очиж, элдвийн юманд орооцолдомхой л доо. Гэхдээ л сайн ХYY,.. сайхан ч ХYY. Яг л сумогийн ИХ АВАРГА,...юу нь муу байгаа хэрэг вэ?. Энэ ХYY заавал тэдэн шиг нялцгануур-долигнуур байх ёстой юм уу . Тодруулбаас, монгол өнгө, монгол төрх, монгол имиж гэж байх ёстой. Тэр тусмаа ЖИНХЭНЭ МОНГОЛ ИМИЖ. Яагаад хаа ч очсон монгол хүн тэндээ илүүрхээд байна вэ?, Өөрт нь мэдрэгдээд байхгүй юу?, ..Тэд ихэмсэг, ялангуяа америк-европчууд, ...тэгсэн атлаа өөдгүй ш дээ, ...хөгшин Европын хөг өнгөрсөөн. Америк ардчиллын алдаа тодорсоон, ... ёстой яршиг л байна. АНУ-д аялаад ирсэн ардын уран зохиолч Т.Галсан гуай "Вашингтонд амьдарч буй манай монголчуудын хүүхдүүд орсон сургуульдаа дандаа толгой цохидог юм байна, америкчууд бүр шүтэж гүйцжээ" гэж байна лээ. Энэ үнэн. Тэгдэг л байхгүй юу?. Монголчууд оюун ухааны зүг рүү эргэлт буцалтгүй эргэлээ. Оюун ухаан, IQ гэхээр цаанаа л нэг өөрийн юм шиг сонсогддог гэсэн. Дотоод мэдрэмж нь тэр. 2.6 сая Чингэс сэрж байна. Бидний цээж гэдгэр, харц дээгүүр явах цаг ирлээ. XXI зуун бол оюуны эрин, тэр тусмаа төрмөл оюуны эрин, ... энэ бол Монголын эрин-бидний эрин. Энэ бол ЖИНХЭНЭ МОНГОЛ ИМИЖ.
Доктор,профессор Ц.Дэмбэрэл