Tuesday, December 2, 2008

Хичээл Зүтгэлийг бурхан шагнадаг

- Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд маань Алтантүрүүг андахаүй мэддэг болжээ. Алтантүрүү маань Монголын мянга мянган эгэл жирийн залуусын л нэг Гэхдээ хүн бүхэн сайн муу аль алингаар нь хэлдэг байх. Миний хувьд түүний хүнлэг чанар хэнтэй ч зүйрлэмгүй. Хичээл зүтгэлийг бурхан шагнадаг юм шүү гэж хэлмээр байна.
Алтантүрүү...
Ингээд түүний час халуун хөөрөлдөөнийг танд толилууляа

MN-25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё”, “10000″, “Амьдралаа гэж”, “Команд” зэрэг нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан сэтгүүлч Г.Алтантүрүүг уншигчид маань андахгүй биз ээ. Тэрбээр өнгөрсөн жил хоёр хүүтэйгээ хамт амьдардаг Тунгалаг бүсгүйн гэрт зочилсон нэвтрүүлгээрээ олны анхаарлыг ихэд татсан билээ.

Хүнд өвчнөө огоорон, балчир үрсийнхээ төлөө хагуу бүхнийг сөрсөн эгэлхэн бүсгүйн амьдрал үзэгчдэд ихийг бодогдуулсан гэдэг. Ийнхүү ухаарал хайрласан талийгаач бүсгүйн дүрийг дэлгэцэнд мөнхлөхөөр шийдсэн сэтгүүлч Г.Алтантүрүү “Мазаалай фильм” студийн уран бүтээлчидтэй хамтран “Зүүдний үргэлжлэл” нэртэй уран сайхны кино бүтээжээ. Уг киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бөгөөд уран бүтээлчид энэ сарын дундуур нээлтээ хийхээр төлөвлөсөн гэнэ. Ингээд сэтгүүлч Г.Алтантүрүүтэй уулзаж ярилцлаа.

-Тунгалаг бүсгүйн бодит амьдралаас сэдэвлэсэн гэхээр та киноны зохиолд багагүй зүйлийг нэмэрлэсэн байх?
-Тиймээ, би зөвлөхөөр нь ажилласан. Гэхдээ уран сайхны кино учраас бага сага зүйлийг өөрчилсөн ч гэлээ, Тунгалаг бүсгүйн бодит амьдралыг харуулахыг хичээсэн. Энэ ч утгаараа, нэвтрүүлгээсээ огт өөр. “Танайд хоноё” нэвтрүүлэгт Тунгалаг бүсгүйн нэг өдрийн амьдралыг л харуулдаг. Харин тэр нэвтрүүлгээс өмнө ямархуу амьдралтай, юу хүсч мөрөндөж явсныг, хоёр хүү нь ээжээсээ нулимсаа нуун байж цаасан шувуу хийсгэхдээ чухам юуг тэгтлээ их боддог байсныг л гаргах гэсэн юм. Тэгээд ч би энэ гэр бүлийн амьдралыг хэнээс ч илүү мэднэ. Тунгалаг эхэндээ “Танайд хоноё” нэвтрүүлгийн баатар байлаа шүү дээ. Дараа нь бид хоёр сайн найзууд болсон учраас түүнийг хувь хүн талаас нь тодорхой харуулахыг хичээж, зохиолч найруулагчтайгаа сайтар ярилцсан. Талийгаачийн амьдралаас сэдэвлэсэн кино хийх саналыг их олон хүн тавьсан л даа. Хэвлэл мэдээллийнхэн болон бусад хүмүүс Тунгалаг бүсгүй, түүний хүүхдүүд, цуглуулсан мөнгөнийх нь талаар надаас их асуудаг. Энэ бүхнийг цэглэнэ гэхэд хаашаа юм, ямар нэгэн хариулт өгөх хэрэгтэй болсон учир киногоо бэлтгэсэн. “Мазаалай фильм” студийнхэн “Тунгалаг бүсгүй телевизэд баатар болж чадсан.
Харин бид түүнд зориулж кино дэлгэцнээ хөшөө босгоё” гэсэн нь надад их таалагдсан учраас саналыг нь хүлээж авсан. Хариуд нь би хоёр болзол тавьсан шүү, тэдэнд. “Киноны орлогоос хоёр хүүхдэд нь хэдэн төгрөг өгч, 18 нас хүртэл нь данс нээх хэрэгтэй. Хамгийн гол нь чанартай сайн кино хийгээрэй” гэж. Сайн кино хийж чадвал нэвтрүүлгээсээ илүү хүмүүст хүрнэ. Ар гэрийнхэн, дүү нар, хүүхдүүд нь байгаа учраас муу зүйл хийж хэрхэвч болохгүй.
-Нэвтрүүлгийнхээ баатартай анх хэрхэн уулзаж байв. Тухайн үед төрсөн сэтгэгдэл тань хожим нь анд нөхөд бололцсон хойно ч хэвээр үлдэж чадсан болов уу?
-Тунгалаг маань бурхан болоод яг нэг жил болох нь. Өнгөрсөн жилийн тавдугаар сард билүү дээ, Шар хадны гэр хороололд амьдардаг их давгүй айлд хонохоор болсон юм. Гэвч тав дахь өдрийн орой намайг хонуулахгүй гэдэг байгаа. Бүтэн сайн өдөр гаргах ёстой эфирээ тасалбал цалингийн 25 хувь “будаа” болох учир өмнөх өдөр нь оператораа дагуулаад гудамжаар явлаа. Тэгтэл хоёр хүүхдээ хөтөлсөн бүсгүй таармагц шууд л “Танайд хоноё” гэж гуйтал Тунгалаг “Ээ, манайх хэн хүн хонохоор айл биш шүү дээ” гэсэн. Бага хүүгээс нь “Ах чинь болоод хоночихоё” гэхэд “Тэг, тэг” гээд л их уриалгахан байж билээ.
Шалгаасаар байгаад тэднийд очиж хоноод бүтэн сайн өдрийн өглөө нь монтажилж гаргасан нэвтрүүлэг шүү дээ. Түүх нь гэвэл, ердөө л ийм. Тунгалагийн гэр бүл төдийгүй хөтлөгч би, үзэгчид маань ч их азтай. Тэр гэр булд олдсон мннгө, хайр итгэлээс илүү өр нимгэн монголчуудаа нэгтгэж, нийгмийг сэрээж чадсан нь бахархал. Нэвтрүүлгийн маргааш өглөө ажил дээрээ ирэхэд Улаанбаатар хот тэр чигээрээ Тунгалагаар найгаж байсан.
Бөөн хүмүүс ирчихсэн, мөнгө төгрөг байгаа бүхнээ сарвайж зогсохыг нь хараад л түүний гэр бүл, үзэгчдийн хооронд би нэвтрүүлгээрээ дамжуулж гүүр нь болох ёстой юм байна гэдгээ мэдэрсэн. Гуравхан цагийн дотор арван сая төгрөг цуглуулсан анхны нэвтрүүлэг “Танайд хоноё” болсон гэж би боддог юм.
Тэр өдөр мөнгө төгрөг, түлээ мод, цахилгаан хэрэгсэл, гар утас, шинэ дугаар гээд л хувь хүн, албан байгууллагаас боломжийнхоо хэрээр тусалж дэмжсэн. “Би мөнгө өгч чадахгүй л дээ. Ядаж гэр нь дулаахан байг” гээд “Портер” машин дүүрэн мод ачсан залуу, илүү хөргөгчөө тэврээд ирсэн хос гээд л хүн бүгд гараа сунгасан даа. Ажил маань Бөмбөгөрийн хажууханд байдаг болохоор архи уудаг хэцүү нөхөд олон бий. Намайг өдөр болгон 500 зуун төгрөгөөр торгодог өнөөх хэдэн “найзууд” маань хүртэл зуун төгрөг бариад ирчихсэн “Ахын дүү сэтгэлээр унахгүй шүү” гээд уйлаад өгч байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.
Гэхдээ би Тунгалагтай нөхөрлөж байх хугацаандаа уйлж байхыг нь огт хараагүй. Сэхээн амьдруулах тасгийн орон дээр хэвтэж байхдаа хүртэл уйлаагүй хүн шүү дээ. “Хүнд үхэх шалтгаан олон бий. Би энэ өвчнөөр үхэхийг хүсэхгүй байна” гээд л… Хүн болгон уйлаад тэвэрч байхад өөдөөс нь инээд алдаад угтдаг тийм л бүсгүй. Найзууд болсны дараахан бид хоёр их юм ярьдаг байлаа. “Над шиг мянга мянган Тунгалагууд байгаа. Эмнэлэг бараадаж, эмч нарыг хэрхэн царай алдах ямар хэцүүг би мэднэ ээ. Тиймээс хоёулаа хавдартай хүмүүст туслах төрийн бус байгууллага байгуулья. Надад мөнгө байна, үүгээрээ сан байгуулья” гэж их ярина. Юу ч хийж амжилгүй явсан даа, гэнэт л өнгөрчихсөн.
Одоо бодоход их харамсалтай санагддаг. Сэхээн амьдруулах тасагт байхдаа над руу мессеж бичсэн юм. “Би сэхээн амьдруулах өрөөнөөс гарчихлаа. Дахиж би тэр өрөө рүү хэзээ ч орохгүй. Надад чамтай уулзах хэрэг байна, ажил төрлөө ярья” гэхэд нь зөвшөөрч, хоёр хоногийн дараа уулзахаар тохирсон. Гэвч тэр өглөө эгч маань надад түүнийг өнгөрсөн гэж хэлсэн… Гэхдээ надтай юу ярих гэж байсан юм бол доо гэж би одоо хүртэл өөрөөсөө асуудаг юм. Энэ киноноос би ямар ч мөнгө аваагүй, зүгээр л буян болъё гэж бодсон.
-Багагүй мөнгө цуглуулсан учраас “Алтантүрүү мөнгө олох гэж шоу хийлээ” гэж хардах хүн олон байсан?
-Шар сониныхон гашуудлын нулимс нь хатаж амжаагүй ар гэрийнхнээс нь мөнгө нэхэж байсан. Яг л ял асууж байгаа юм шиг. Тэр болгонд би хариулахыг ч хүсээгүй. Тунгалаг “Надад зөндөө гар утас, зурагт байна. Чи ядаж нэгийг нь авчих л даа. Би чамд баярласнаа яаж илэрхийлэх юм бэ” гэхэд нь би татгалзсан. Телевизийн сэтгүүлчийнхээ хувьд сайн нэвтрүүлэг хийсэн маань надад амжилт. Тэгж хардаж байсан хүмүүс одоо л ойлгох биз. Үрдээ зовнисон өвчтэй бүсгүйн амь нас, өнчирч хоцрох гэж байгаа балчир хүүхдүүдийн амьдралаар тоглох сэтгэл надад байхгүй.
-Нэг хэсэг хоёр хүүхэдтэй нь холбоо барьж чадаагүй гэсэн. Олсон уу?
-Тунгалаг хүүхдүүдээ асрамжийн газарт өгнө гэж байсан шүү дээ. “Бусдын хүүхдүүд болж л байна. Миний хүүхдүүд ядаж өөрийнхөөрөө өсөг дээ, тэнд” гэж. Дороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй хүн байсан. Хэрвээ эгч маань өнгөрчихвөл би хүүхдүүдийг нь асрамжийн газарт өгч яасан ч чадахгүй. Цусан төрлөө юу гэж хаях билээ гэж байсан. Тиймээс хоёр хүү нь одоо дүү нартай нь хамт байгаа. Тухайн үед надад байсан ганц хаягаар нь очиж, шинэ жилийн бэлэг өгөх гээд чадаагүй ч дүү нь над руу ярьсан. “Бид нар нүүчихсэн. Тэр хоёр дажгүй байгаа, хүссэн үедээ уулзаж болно” гээд. Гэвч би очихоосоо жаахан зүрхшээгээд байна. Хоёр хүүг нь тэврээд явж байхдаа “Ээж нь эдгэрээд бүх зүйл сайхан болно” гэж байсан болохоор одоо тэр бүхнийг санавал яана. Би яаралтай Америк руу явах болчихоод буяны ажилд нь оролцож чадаагүй л дээ. Гэхдээ хоёр дүүтэйгээ удахгүй уулзана аа. Одоо зургаа, найман настай болсон байх.
-Нэвтрүүлгийнхээ бичлэгийг өгсөн үү?
-Дүү нарт нь бүх бичлэг байгаа. Надад ч гэсэн илүү бичлэг бий. Хэдийгээр халширмаар ч гэсэн, хааяа би зориуд үздэг юм.
-Киноны гол дүрийн сонголтыг хэн хийсэн юм бэ. Нэг хэсэг топ модель Д.Пүрэвсүрэнг тоглоно гэж шуугиад байсан?
-Жүжигчин н.Насанзул тоглож байгаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Хулан хатны дүрд тоглож байсан бүсгүй. Их олон бүсгүй пробонд орсон ч сонгож чадаагүй. Харин “Мазаалай фильм”-ийн уран бүтээлчид явцын дунд сонгосон хүнээ танилцуулахад нь би юу ч хэлээгүй. Царай зүс, дуу хоолой нь хүртэл Тунгалагтай их адилхан юм билээ. Бага хүүгийнх нь дүрд Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагч, том хүүд нь Хөгжим бүжгийн коллежийн сурагч тоглохоор болсон. Жүжиглэлтийн хувьд, үнэхээр сайн юм билээ. Нэлээд уянгын талдаа бүтээл болж байгаа учраас киног маань найман настай балчраас наян настай буурал хүртэл үзэх боломжтой. Хэрэв Тунгалаг маань харж байгаа бол баярлах нь лав. Яагаад ч юм бэ, тэдний тухай удаан бодохоор л би уйлчих гээд байдаг юм. Миний хувьд, их нандин зүйл л дээ. Иймээс түүнийг эвгүйцэж юмуу зэвүүцэж ярьсан хүнд их дургүй.
-Нэвтрүүлгийн дараа иймэрхүү амьдралтай хүмүүс олноор хандсан уу?
-Маш их хандсан. Би бас нэг бүсгүйд туслах гэж оролдсон шүү дээ. Тунгалаг өөрөө их гайхамшигтай бүсгүй. Бодол санаагаа илэрхийлж, өөрийнхөөрөө байдаг нь хайр татмаар. Нэг ч мөнгө нэхээгүй, амьдралын төлөө гэсэн яриа нь хүмүүст хамгийн их таалагдсан. Би дараа нь шоолж байсан л даа. “Чи намайг бодвол агуу илтгэгч хүн” гээд л…
-Алтантүрүүд хонож үзээгүй газар гэж алга аа?
-Би хоёр жилийн хугацаанд 112 айлд хоносон байна лээ. Ерөнхий сайдаас эхлээд л хөдөө хээр, траншей гээд л яваагүй газар алга. Эргээд бодоход их дурсамжтай байдаг юм. Гэхдээ миний их зорилгын хажууд энэ бүхэн өчүүхэн зүйл. Цаашид шонхор шиг улам дээшээ тэмүүлэхийг хүсч байна. Нэг айлд хононо гэдэг нэг сайн ном, гэр бүлийн хөрөг уншсантай адилхан гэж боддог. Бусдын амьдралаас сургамж авч, өөрөө туулаагүй хэрнээ туулсан юм шиг амьдарна гэдэг сайхан.
-Нэг үе сонгуулийн нэвтрүүлэг хийж үзэгчдээ залхаасан гэлцэж байсан?
-Тиймээ, үнэн. Манайх арилжааны телевиз учраас явахаас өөр арга байгаагүй. Үүнийг үзэгчдээсээ нуугаагүй л дээ. Гэхдээ би айлд хонохдоо хэдэн төгрөг авч, телевизийнхээ санд оруулсан ч гэлээ, нэг ч удаа тухайн нэр дэвшигчийг дэмжсэн асуулт тавиагүй. Байгаагаараа л байсан. Ямар нэг байдлаар долигонох юмуу хэцүү асуултаар шантаажилж халаасандаа нэг ч төгрөг хийгээгүй.
-Таныг ажлаасаа гарч байгаа гэж сонссон. “Танайд хоноё” нэвтрүүлэг өөр хөтлөгчтэй болох уу?
-Би “MN-25 дугаар суваг” телевизтэй ямар нэгэн мөнгөний асуудлаар холбогдоогүй. Гарахдаа ч мөн адил. Байгаа орчноороо өөрийгөө төсөөлөх хэрэггүй. Би залуу байна, илүү том орон зайд өрсөлдөхийг хүсч байна. Миний уриа бол “Алга ташуулах гэж улайрахаас илүү хүлээн зөвшөөрүүлэх нь чухал”. Энэ бол хамгийн том амжилт. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгт итгэж байгаа. Үүнийг мөрөөдөл гэхээсээ илүү зорилгоо болгож урагшилна.
Магадгүй хэзээ нэгэн цагт хүүхдүүдээс “Хэн болохыг хүсч байна вэ” гэж асуувал “Опра Уинпри ч юмуу Алтантүрүү шиг болно” гэж ярих ч юм билүү. “Танайд хоноё” өөр хөтлөгчтэй боллоо гээд өөрчлөгдөх зүйлгүй. Сайн ажиллаж чадвал өнгө аясаа алдахгүй биз. Үзэгчид маань намайг бүдүүлэг, энэ тэр гэж шүүмжилж байсан ч би нэг их тоогоогүй. Монгол санаа, монгол хандлагаар л нэвтрүүлгээ хийхийг хүссэн. Өглөө босч байгаа хүний үс гельдсэн мэт гоё байхгүй биз дээ.
Иймэрхүү илүү маяг, жүжиглэлт харуулж, үзэгчдээ хуурна гэдэг удаан наслахгүйн шинж. Нэвтрүүлэг маань бодитой байж л үзэгчдэд хүрсэн шүү дээ. Дуучин Т.Баясгалангийнд очиж хоносон талаар хүмүүс их ярьдаг юм билээ. Айл болгон өглөө болгон цайтай байх албагүй шүү дээ. Уран бүтээлч хүнийг заавал өглөө босч цай самруулан, дээж өргүүлэх гээд байх хэрэггүй. Тэр чинь ганц бие бүсгүй.
-Нэвтрүүлэгтээ урьсан айлуудаас чинь урьдаас бэлтгэж оролцдог хүн олон уу?
-Үнэнийг хэлэхэд, бүгд л байдаг чадлаараа хичээх гээд байдаг. Бууз чимхэж, сүүтэй цай чанаад л нэг их баяр болох гээд ч байгаа юм шиг эвгүй. Харин би гэрт нь ороод хамаагүй байдаг болохоор нэг их удахгүй бие нь тавираад гайгүй болчихно. Тэгээд ч сүүлийн үед байгаагаараа байх нь хамгийн гоё гэдгийг ойлгосон байна лээ.
-Цаашдаа юу хийе гэж бодож байна даа?
-Студи байгуулж, хөтлөгчийн курс ажиллуулдаг юм билүү. Гадуур байгаа хөтлөгчийн курст ямар ч цензур алга. Би тодорхой хэмжээний шалгаруулалт явуулж, шилдэг хүүхдүүдэд хичээл заана. Хүмүүс намайг багшилна гэхлээр гайхаж магадгүй л дээ. Гэхдээ би “Алтан шонхор-2007″ наадмын “Шилдэг хөтлөгч” шагнал авсан учраас багшилж чадах байх. Шавь нараа бэлтгээд телевизэд цаг авч нэвтрүүлэг хийх санаатай. Би одоо “Танайд хоноё”-гоос дор нэвтрүүлэг хийх эрхгүй болсон учраас илүү зүйл сэтгэнэ. Амьдралыг маск зүүгээд ч юмуу хар тенийн цаанаас хараад байвал утгагүй шүү дээ.

Р.Мөнгөнцэцэг